Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 11

ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе

Та сэтгэлээр унасан ч тууштай үйлчилж чадна

Та сэтгэлээр унасан ч тууштай үйлчилж чадна

«Та нар ... миний нэрийн төлөө ... няцаж цуцаагүй» (ИЛЧ. 2:3).

ГОЛ САНАА

Сэтгэлээр унагах юу ч тохиолдсон та Еховад тууштай үйлчилж чадна.

1. Еховагийн байгууллагад нэгдсэн бид ямар ивээл хүртдэг вэ?

 ЭЦСИЙН энэ хэцүү өдрүүдэд Еховагийн байгууллагад нэгдсэн маань үнэхээр завшаан билээ. Энэ ертөнц дэх амьдрал улам хэцүү болж байгаа ч Ехова тус дэм болох ах дүүсийг бидэнд өгсөн (Дуу. 133:1). Бас Еховагийн ачаар гэр бүлээрээ эв нэгдэлтэй байдаг (Эф. 5:33—6:1). Түүнчлэн ухаалаг, хэрсүү байхад тусалдаг учир бид жинхэнэ утгаар амар тайвныг мэдэрдэг.

2. Бид яах хэрэгтэй вэ? Яагаад?

2 Гэхдээ үнэнч байж Еховад тууштай үйлчлэхийн тулд маш их хичээх хэрэгтэй. Яагаад? Заримдаа бид бусдын хэлсэн үг, хийсэн үйлдэлд гомддог. Мөн өөрийнхөө сул талаас болж, ялангуяа нэг алдаагаа дахин дахин гаргахад сэтгэлээр унадаг. Тиймээс 1) итгэл нэгтэн тань гомдооход, 2) ханьдаа урам хугарахад, 3) өөрөөсөө болж сэтгэлээр унахад Еховад тууштай үйлчлэх хэрэгтэй. Энэ өгүүллээр дээрх 3 тохиолдлыг тус бүрд нь ярилцана. Бас Библийн үнэнч баатраас юу сурч болохыг мэдэж авна.

ИТГЭЛ НЭГТЭН ТАНЬ ГОМДООХОД

3. Еховагийн ард түмэнд ямар бэрхшээл тулгардаг вэ?

3 Бэрхшээл. Зарим итгэл нэгтнийхээ ааш зангаас болоод уур хүрэх үе байдаг. Өөр зарим нь биднийг сэтгэлээр унагах юм уу эвгүй зан гаргадаг. Ахлагчид ч алдаа гаргах нь бий. Эдгээрээс болоод зарим хүн Бурхны байгууллагад байгаа гэдэгтээ эргэлздэг. Тэд ах дүүстэйгээ «мөр зэрэгцэн» Еховад тууштай үйлчлэхийн оронд гомдоосон хүнтэйгээ харьцахаа больж, бүр цуглаанд ирэхээ больдог (Зеф. 3:9). Ингэх нь зөв үү? Ийм асуудалтай тулгарсан Библийн баатраас ямар сургамж авч болохыг бодоцгооё.

4. Паулд ямар ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

4 Библийн жишээ. Паул итгэл нэгтнүүдээ төгс бус гэдгийг ойлгодог байв. Жишээлбэл Иерусалим дахь хурлын зарим хүн түүнийг дагалдагч болсонд итгэхгүй эмээж байсан (Үйлс 9:26). Бас нэр хүндийг нь унагах гэж араар нь муулсан хүмүүс ч бий (2 Кор. 10:10). Мөн нэг ахлагч бусдыг бүдрүүлж болзошгүй буруу шийдвэр гаргасныг Паул харсан (Гал. 2:11, 12). Түүнчлэн дотнын хамтрагчдынх нь нэг Марк урмыг нь ихэд хугалсан (Үйлс 15:37, 38). Паул дээрх хүмүүстэй харьцаагаа тасалж болох л байв. Харин ах дүүсийнхээ талаар эерэг бодолтой байж, Еховад идэвх зүтгэлтэй үйлчлээд л байсан. Яагаад ийн тууштай үйлчилж чадсан бэ?

5. Паул ах дүүстэйгээ үргэлж дотно байсны учир юу вэ? (Колосай 3:13, 14). (Бас зургийг үзээрэй).

5 Паул итгэл нэгтнүүдээ хайрладаг байсан. Тэднийгээ гэсэн хайрандаа хөтлөгдөн сул талыг нь биш, сайхан зан чанарыг нь анхаардаг байв. Мөн тэрбээр Колосай 3:13, 14 бичсэнийхээ дагуу ах дүүсээ уучилдаг байсан (уншина). Жишээ нь Маркт хэрхэн хандсаныг бодъё. Миссионерын эхний аяллынх нь үеэр Марк өөрийг нь хаяж явахад тэрбээр уур гомдлоо хадгалаад байгаагүй. Хожим нь Колосай дахь хурлынханд халуун дулаан үгтэй захидал бичихдээ Маркийг үнэнч хамтрагч, өөрийг нь «асар ихээр тайвшруулсан» гэж магтжээ (Кол. 4:10, 11). Ромд хоригдож байхдаа өөртөө туслуулахаар Маркийг ирүүлээч гэж тусгайлан захисан (2 Тим. 4:11). Энэ бүхнээс үзэхэд Паул ах дүүсээ уучилж, тэдэнтэйгээ үргэлж дотно байжээ. Ямар сургамжтай вэ?

Барнаб Марк хоёртой Паул санал зөрөлдсөн ч уур гомдлоо тээгээд яваагүй. Хожим нь Марктай хамт баяр хөөртэй үйлчилсэн (5-р догол мөрийг үзээрэй)


6, 7. Итгэл нэгтнүүд маань төгс бус ч бид хайраа хэрхэн илэрхийлсээр байх вэ? (1 Ёохан 4:7).

6 Сургамж. Ехова биднийг итгэл нэгтнүүдээ үргэлж хайрлаасай гэж хүсдэг (1 Ёохан 4:7-г уншина). Хэрэв итгэл нэгтэн тань Христийн дагалдагч хүний ёсоор хандаагүй бол та түүнийг сайныг үйлдэхийг хичээж байгаа бөгөөд санамсаргүй л ингэчихлээ гэж бодоорой (Сур. 12:18). Төгс бус ч үнэнч үйлчлэгчдээ Ехова хайрладаг. Биднийг алдаа гаргалаа гэхэд нүүр буруулдаггүй, уурлаад ч байдаггүй (Дуу. 103:9). Бид ч тэнгэрийн Эцгээ дуурайж бусдыг уучилдаг байх нь хэчнээн чухал вэ! (Эф. 4:32—5:1).

7 Төгсгөл ойртох тусам ах дүүстэйгээ дотносох нь чухал гэдгийг санаарай. Хавчлага улам ширүүснэ. Итгэл үнэмшлээсээ болж шоронд ч орж магадгүй. Ийм юм болбол ах дүүсийн маань тус дэм хэзээ хэзээнээс илүү чухал (Сур. 17:17). Испанид ахлагчаар үйлчилдэг Жосепт a юу тохиолдсоныг бодъё. Төвийг сахиснаасаа болж тэрбээр өөр хэдэн Гэрчийн хамт шоронд оржээ. Жосеп: «Бид хамтдаа нэг өрөөнд амьдарч байсан учраас бухимдах үе гардаг байв. Тиймээс бие биедээ хүлээцтэй хандаж, дуртайяа уучлах хэрэгтэй байсан. Ийнхүү эв эеийг сахиж, бие биедээ санаа тавьдаг байлаа. Эргэн тойрны маань хоригдлууд Еховаг шүтдэггүй. Нэг удаа би гараа хугалаад гипсдүүлж, ойр зуурын юмаа ч хийж чадахаа больсон. Тэгэхэд нэг Гэрч хувцас хунарыг маань угаах зэрэг олон талаар тусалсан. Миний хувьд хамгийн хэрэгтэй үед би жинхэнэ хайрыг мэдэрсэн» гэжээ. Ах дүүстэйгээ холбоотой асуудлаа одоо л шийдэх нь үнэхээр чухал байгаа биз!

ХАНЬДАА УРАМ ХУГАРАХАД

8. Гэрлэсэн хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ?

8 Бэрхшээл. Бэрхшээлгүй гэр бүл гэж байхгүй. «Гэрлэхээр санаа зовох юм нэмэгдэнэ» гэж Библид шулуухан хэлжээ (1 Кор. 7:28). Яагаад? Учир нь зан ааш, хүсэл сонирхол нь ялгаатай, өөр ахуй соёлтой төгс бус 2 хүн нийлсэн. Хуримлахаас өмнө анзаарагдаж байгаагүй зарим шинж чанар дараа нь илэрч болох юм. Эдгээрээс болоод маргалдахад хүрдэг. Хэрүүл маргаан гарахад хэн хэн нь буруутайгаа хүлээн зөвшөөрч асуудлаа хамт шийдэхийн оронд нэг нэгнээ буруутгадаг. Цаашлаад тусдаа амьдрах юм уу салах нь зөв шийдэл гэж бодож болох юм. Гэхдээ энэ нь зөв үү? b Гэр бүлийн маш хэцүү бэрхшээлийг давахын тулд тууштай байсан Библийн нэг баатрын тухай ярилцаж сургамж авъя.

9. Абигаилын амьдралд ямар бэрхшээл байсан бэ?

9 Библийн жишээ. Абигаил бол Набалын эхнэр бөгөөд Библид нөхрийг нь зөрүүд, муухай зантай гэж бичжээ (1 Сам. 25:3). Ийм хүнтэй амьдрах хэцүү байсан нь ойлгомжтой. Түүнд нөхрөөсөө салах боломж байсан уу? Байсан. Израйлын ирээдүйн хаан Давид эрчүүдтэйгээ өөрсдийг нь доромжилсон Набалыг алахаар ирдэг (1 Сам. 25:9–13). Абигаил Давидыг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь саад болохгүйгээр зугтаад явчихаж болох л байв. Гэхдээ тэгээгүй. Тэрбээр хэрэг явдалд оролцож, Давидыг ятган нөхрийнхөө амийг аварсан (1 Сам. 25:23–27). Яагаад ингэсэн бэ?

10. Абигаил муу нөхөртэй байсан ч гэр бүлээ авч үлдэхийн тулд яагаад тууштай байсан бэ?

10 Абигаил Еховаг хайрладаг, гэрлэлтийн талаарх хэм хэмжээг нь хүндэлдэг байсан. Адам Ева хоёрыг гэр бүл болгоод Ехова юу гэж хэлснийг мэддэг байсан нь лавтай (Эх. 2:24). Мөн Ехова гэрлэлтийг ариун гэж үздэгийг ойлгож байв. Тэрбээр Бурханд таалагдахыг хүсдэг учраас гэрийнхнийгээ, түүний дотор нөхрөө ч аврахын тулд юу ч хийхэд бэлэн байсан. Цаг алдалгүй арга хэмжээ авч нөхрийг нь алах гэж байсан Давидыг зогсоосон. Өөрөө ямар ч буруу юм хийгээгүй ч уучлалт гуйдаг. Зоригтой, амиа боддоггүй энэ эмэгтэйг Ехова хайрласан нь ойлгомжтой. Эхнэр нөхрүүд Абигаилаас ямар сургамж авах вэ?

11. а) Ехова гэрлэсэн хосуудаас юу хүсдэг вэ? (Эфэс 5:33). б) Тууштай байж гэр бүлээ авч үлдэхийн төлөө хичээсэн Карменаас та юу ойлгож авсан бэ? (Бас зургийг үзээрэй).

11 Сургамж. Хамт амьдрахад хэцүү байсан ч, гэрлэлтэд хүндэтгэлтэй хандахыг Ехова эхнэр нөхрүүдэд заадаг. Гэрлэсэн хосууд асуудлаа шийдэхийн тулд маш их хичээж, нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрлан хүндлэхийг хараад Ехова баярладаг (Эфэс 5:33-ыг уншина). Кармены жишээг ярилцъя. Гэрлээд бараг 6 жил болсны дараа Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж, хожим нь баптисм хүртжээ. Тэрбээр: «Нөхөр минь их дургүйцсэн. Еховаг өөрөөс нь илүү хайрладаг гээд харддаг байв. Бас доромжилж, хаяж явна гэж айлгах нь энүүхэнд» гэжээ. Гэсэн ч Кармен гэр бүлээ авч үлдэхийн тулд тууштай байж, нөхрөө хайрлан хүндэлсээр 50 жилийн нүүрийг үзжээ. «Он жилүүд өнгөрөх тусам би илүү ухаалаг байж, нөхөртэйгөө эелдэг харьцаж сурсан. Ехова гэрлэлтийг ариун гэж үздэгийг мэддэг тул гэр бүлээ авч үлдэхийн төлөө чадах бүхнээ хийсэн. Би Еховаг хайрладаг учраас тууштай байж чадсан» гэж тэрбээр цааш нь ярьжээ. c Хэрэв танай гэр бүлд бэрхшээл тулгарвал тууштай байхад Ехова дэмжинэ, тусална гэдэгт итгээрэй.

Гэрийнхнийгээ аврахын тулд юу ч хийхэд бэлэн байсан Абигаилаас та ямар сургамж авсан бэ? (11-р догол мөрийг үзээрэй)


АЛДАА ДУТАГДЛААСАА БОЛЖ СЭТГЭЛЭЭР УНАХАД

12. Ноцтой нүгэл үйлдвэл ямар зовлонд унадаг вэ?

12 Бэрхшээл. Ноцтой нүгэл үйлдвэл сэтгэл маш их шаналдаг. Үүнийг Библид сэтгэл зүрх «эмтэрч», харуусдаг гэжээ (Дуу. 51:17). Роберт гэдэг Гэрч эрэгтэй туслах үйлчлэгчийн шаардлага хангахын тулд хэдэн жил хичээж мэрийсэн. Гэвч ноцтой нүгэл үйлдчихээд Еховагаас урваснаа ойлгожээ. Тэрбээр: «Тонн тоосго над дээр унах мэт мөс чанар минь их өвдсөн. Аягүй хэцүү санагдаж, уйлаад Еховад залбирсан. Намайг хэзээ ч сонсохгүй байх даа гэж бодож байснаа санаж байна. Яалаа ч гэж сонсох билээ дээ? Би түүнийг маш их гомдоосон» гэжээ. Ноцтой нүгэл үйлдэхээр сэтгэл зүрх шаналж Еховад хаягдсан, түүнд үйлчлэх нь утгагүй болсон мэт санагдаж болох юм (Дуу. 38:4). Хэрэв танд ийн санагдаж байгаа бол ноцтой нүгэл үйлдсэн ч Еховад тууштай үйлчилсэн Библийн үнэнч баатрын тухай бодоорой.

13. Элч Петр ямар ноцтой нүгэл үйлдсэн бэ? Үүнээс өмнө ямар алдаа гаргасан бэ?

13 Библийн жишээ. Есүсийг цаазлахын өмнөх шөнө элч Петр хэд хэдэн алдаа гаргаж, үүнээсээ болж ноцтой нүгэл үйлдсэн. Эхлээд, өөртөө хэтэрхий эрдэж, бусад элч Есүсийг хаяж явсан ч үнэнч байна гэж онгирсон (Марк 14:27–29). Дараа нь, Гетсеманийн цэцэрлэгт байхдаа нэг биш удаа сэрэмж алдан унтаад өгчихдөг (Марк 14:32, 37–41). Үүний дараа, Есүсийг барихаар илд, бороохой барьсан хүмүүсийг ирэхэд тэрбээр зугтдаг (Марк 14:50). Сүүлд нь, Есүсийг 3 удаа үгүйсгэж, бүр худал хэлээгүй гэж тангарагласан (Марк 14:66–71). Петр ноцтой нүгэл үйлдсэнээ ойлгоод яасан бэ? Маш их гутарч, цурхиран уйлсан (Марк 14:72). Хэдэн цагийн дараа анд найз Есүсийг нь цаазлахад түүнд хэр их хэцүү байсныг төсөөлөөрэй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодсон нь лавтай!

14. Петр ямар шалтгааны улмаас Еховад тууштай үйлчилсэн бэ? (Зургийг үзээрэй).

14 Петр хэд хэдэн шалтгааны улмаас Еховад тууштай үйлчилж чадсан. Тэрбээр зожгирохын оронд бусад дагалдагчийг олж уулзсан бөгөөд тэд ч түүнийг тайвшруулсан нь эргэлзээгүй (Лук 24:33). Мөн Есүс ч амилсныхаа дараа Петрт үзэгдэж, урам зориг хайрласан (Лук 24:34; 1 Кор. 15:5). Дараа нь, алдаа гаргасан гэж зэмлэх нь бүү хэл хариуцлагатай үүрэг хүлээлгэхээ хайрт шавьдаа хэлсэн (Ёох. 21:15–17). Петр ноцтой алдаа гаргаснаа мэдэж байсан ч бууж өгөөгүй. Яагаад? Учир нь Эзэн Есүс өөрийг нь хайрласаар байгаа гэдэгт итгэлтэй байв. Бас бусад нь ч түүнийг дэмжсээр байсан. Петрийн жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

Ёохан 21:15–17-д бичсэнийг үзвэл Есүс Петрийг хайрласаар байсан. Тиймээс Петр тууштай байх урам зоригтой болсон. (14-р догол мөрийг үзээрэй)


15. Ехова биднийг юунд итгэлтэй байгаасай гэж хүсдэг вэ? (Дуулал 86:5; Ром 8:38, 39). (Бас зургийг үзээрэй).

15 Сургамж. Ехова биднийг хайрладаг, уучилдагт нь итгээсэй гэж хүсдэг (Дуулал 86:5; Ром 8:38, 39-ийг уншина). Хүн нүгэл үйлдчихвэл гэм буруутайгаа мэдэрдэг. Энэ нь ч ойлгомжтой, бас зөв. Гэхдээ хайрлуулах, уучлуулах эрхгүй гэж бодох ёсгүй. Харин тэр даруй тусламж авах хэрэгтэй. Дээр дурдсан Роберт: «Би хорхой хүргэм зүйлтэй тэмцэхдээ өөртөө найдсан учир нүгэл үйлдсэн» гэжээ. Тэрбээр ахлагчдад хандах хэрэгтэйгээ ойлгов. Тэгээд «Тэдэнтэй ярилцаад Еховагийн хайр халамжийг, бас тэдний хайрыг мэдэрсэн. Ахлагчдын ачаар Ехова намайг орхиогүй гэдгийг ойлгосон» гэж хэлжээ. Хэрэв бид нүгэл үйлдсэндээ гэмшиж, тусламж хайж, алдаагаа давтахгүйг үнэн голоосоо хичээдэг бол Ехова биднийг маш их хайрладаг, уучилдаг гэдэгт итгэлтэй байж болно (1 Ёох. 1:8, 9). Ийнхүү итгэдэг бол алдаа гаргасан ч Еховадаа тууштай үйлчилнэ.

Ахлагчид хичээнгүйлэн тусалбал танд ямар санагдах вэ? (15-р догол мөрийг үзээрэй)


16. Та яагаад Еховад тууштай үйлчлэхээр шийдсэн бэ?

16 Өнөөгийн энэ хэцүү өдрүүдэд өөрт нь үйлчлэх гэж гаргаж буй хичээл зүтгэлийг маань Ехова өндөр үнэлдэг. Бид сэтгэлээр унасан ч түүний тусламжтайгаар тууштай үйлчилж чадна. Итгэл нэгтнүүд маань биднийг гомдоосон ч тэднийгээ улам бүр хайрлаж, уучилж сурах хэрэгтэй. Гэр бүлд гарсан асуудлаа шийдэхийн тулд чадах бүхнээ хийдэг бол Еховад хэчнээн их хайртайгаа болон гэрлэлт гэдэг арга хэмжээг нь гүнээ хүндэлдгээ харуулна. Хэрэв ноцтой нүгэл үйлдчихвэл Еховагаас тусламж эрж, бас таныг хайрлаж, уучилсанд нь итгэн тууштай үйлчлээд л байгаарай. Бид «шантрахгүйгээр сайныг үйлдвэл» арвин их ивээл хүртэнэ (Гал. 6:9).

... ХЭРХЭН ЕХОВАД ТУУШТАЙ ҮЙЛЧЛЭХ ВЭ?

  • Итгэл нэгтэн тань гомдооход

  • Ханьдаа урам хугарахад

  • Алдаа дутагдлаасаа болж сэтгэлээр унахад

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

a Зарим нэрийг өөрчлөв.

b Эхнэр нөхөр хоёр тусдаа амьдрахыг Бурхны Үг дэмждэггүй. Тусдаа амьдрахаар боллоо гэхэд хэн хэн нь өөр хүнтэй гэрлэх эрхгүйг тодорхой хэлдэг. Гэхдээ Христийн зарим дагалдагч ноцтой нөхцөл байдлаас болж тусдаа амьдрах талаар бодоход хүрдэг. Энэ талаар «Үүрд жаргалтай амьдраарай!» номын «Ханиасаа тусдаа амьдрах» гэсэн тайлбар 4-ийг үзээрэй.

c Өөр нэг гэр бүлийн тухай jw.org сайтад буй «Хуурамч амар тайванд бүү мэхлэгд!—Даррел Фрейзингер, Дебора Фрейзингер» гэсэн видеоноос үзээрэй.