Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 12

ДУУ 143 Харанхуй ертөнц дэх гэрэл

Харанхуйгаас хол явж, гэрэлд үргэлж бай

Харанхуйгаас хол явж, гэрэлд үргэлж бай

«Та нар харанхуй байсан ч ... одоо гэрэл юм» (ЭФ. 5:8).

ГОЛ САНАА

Эфэс 5-р бүлэгт гардаг харанхуй болон гэрлийн тухай зүйрлэлээс бид юу мэдэж авах вэ?

1, 2. а) Паул ямар нөхцөлд байхдаа, яагаад Эфэс дэх дагалдагчдад захидал бичсэн бэ? б) Ямар асуултуудыг ярилцах вэ?

 ЭЛЧ Паул Ромд гэрийн хорионд байхдаа итгэл нэгтнүүдээ урамшуулъя гэж боджээ. Биечлэн уулзах боломжгүй байсан учраас захидлууд бичсэн. МЭ 60 юм уу 61 оны үед бичсэн нэг захидлаа Эфэс дэх дагалдагчдад зориулжээ (Эф. 1:1; 4:1).

2 Паул арваад жилийн өмнө Эфэст байхдаа сайн мэдээ дэлгэрүүлж, заах ажилд багагүй цаг хугацааг зарцуулсан (Үйлс 19:1, 8–10; 20:20, 21). Ах дүүсээ маш их хайрладаг тэрбээр Еховад үргэлж үнэнч байхад нь туслахыг хүсжээ. Тэгвэл тослогдсон дагалдагчдад зориулсан тэрхүү захидалдаа яагаад харанхуй болон гэрлийн тухай бичсэн бэ? Христийн бүх дагалдагч зөвлөгөөнөөс нь юу мэдэж авах вэ? Эдгээр асуултын хариуг одоо мэдэж авъя.

ХАРАНХУЙГААС ГЭРЭЛД

3. Паул Эфэс дэх дагалдагчдад бичсэн захидалдаа ямар зүйрлэл ашигласан бэ?

3 Паул Эфэс дэх Христийн дагалдагчдад «Та нар харанхуй байсан ч ... одоо гэрэл юм» гэж бичжээ (Эф. 5:8). Тэднийг өмнөхөөсөө хэр их өөрчлөгдсөнийг тэрбээр харанхуйгаас гэрэлд гарахтай зүйрлэсэн. Эфэс дэх дагалдагчдыг «харанхуй байсан» гэж хэлсний учрыг одоо ярилцъя.

4. Эфэсчүүд шашин шүтлэгийн харанхуйд байсан гэж яагаад хэлэх вэ?

4 Шашин шүтлэгийн харанхуйд. Паулын захидлыг авсан Эфэс дэх Христийн дагалдагчид үнэнийг мэдэж, Бурхны үйлчлэгч болохоосоо өмнө хуурамч шашны сургаал, мухар сүсэгт автсан байжээ. Эфэс хотод дэлхийн 7 гайхамшгийн нэгд тооцогддог Артэмисийн алдарт сүм байв. Хүмүүс тэнд шүтээнд мөргөдөг бөгөөд тэр сүмийг дуурайлган жижиг баримал хийж, худалдаалж их ашиг олдог байсан (Үйлс 19:23–27). Түүнчлэн энэ хот ид шид үйлддэгээрээ алдартай байв (Үйлс 19:19).

5. Эфэсчүүд ямар утгаараа ёс суртахууны харанхуйд байсан бэ?

5 Ёс суртахууны харанхуйд. Эфэс хотынхон ёс суртахууны гажуудал болон эрээ цээргүй явдалд автсан байв. Шалиг завхай үг яриа театрын жүжигт, тэр байтугай шашны баяр наадмын үеэр ч их сонсогддог байсан (Эф. 5:3). Библид ихэнх оршин суугчдыг нь «ёс суртахуунаа уландаа гишгэсэн» гэжээ. Энэ үг хэллэгийг үгчилбэл «өвдөлтийг мэдрэхээ больсон» гэсэн утгатай (Эф. 4:17–19). Зөв буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээг мэддэггүй тэд буруу юм хийсэн ч сэтгэл нь өвддөггүй, юу ч хийсэн Еховад хамаагүй гэж боддог байв. Тийм учраас Паул тэдний талаар «Оюун ухаан нь харанхуй болсон бөгөөд Бурхны өгөх мөнх амийг авах найдваргүй» гэж бичжээ.

6. Паул яагаад Эфэс дэх дагалдагчдыг «одоо гэрэл» гэсэн бэ?

6 Гэхдээ зарим нь харанхуйгаас гарсан. Паул тэднийг «Эзнийх болсон учир одоо гэрэл юм» гэжээ (Эф. 5:8). Тэд Библийн үнэнийг хүлээж авсан буюу гэрэлд гарсан (Дуу. 119:105). Хуурамч шашны зан үйл, ёс суртахуунгүй явдлаа орхисон. «Бурхныг дуурайдаг» болж, түүнийг шүтэж, түүнд таалагдахын тулд чадах бүхнээ хийжээ (Эф. 5:1).

7. Бид Эфэс дэх Христийн дагалдагчидтай юугаараа төстэй вэ?

7 Бид ч гэсэн үнэнийг мэдэхээсээ өмнө шашин шүтлэгийн болон ёс суртахууны харанхуйд байсан. Зарим маань хуурамч шашны баяр ёслол тэмдэглэдэг, өөр зарим нь ёс суртахуунгүй амьдардаг байв. Харин зөв буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээг мэдээд өөрчлөгдсөн. Түүний шаардлагад нийцүүлэн амьдардаг болж олон ач тус хүртсэн (Ис. 48:17). Гэхдээ одоо ч бидэнд бэрхшээл учирдаг. Ард орхисон харанхуйгаас хол явж, «гэрлийн хүүхдүүд байх» хэрэгтэй. Ингэхийн тулд яах вэ?

Image digitally reproduced with the permission of the Papyrology Collection, Graduate Library, University of Michigan, P.Mich.inv. 6238. Licensed under CC by 3.0

Хайрандаа хөтлөгдөн эфэсчүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг өнөөгийн бид ч хэрэгжүүлдэг (7-р догол мөрийг үзээрэй) b


ХАРАНХУЙГААС ХОЛ ЯВ

8. Эфэс 5:3–5-д бичсэнийг үзвэл эфэсчүүд юунаас зайлсхийх ёстой байсан бэ?

8 Эфэс 5:3–5-ыг уншина. Эфэс дэх Христийн дагалдагчид ёс суртахууны харанхуйгаас хол явахын тулд Еховад таалагддаггүй үйл хэргээс үргэлж зайлсхийх ёстой байсан. Үүнд садар самуун явдалтай байхаас гадна шалиг завхай юм ярих ч орно. «Бурхны болон Христийн Хаант төрийг өвлөхийн» тулд энэ мэт зүйлсээс зайлсхийж явахыг Паул эфэсчүүдэд сануулсан.

9. Садар самуун үйлдэхэд хүргэх ямар ч юмнаас зайлсхийх ёстойн учир юу вэ?

9 Бид ч «харанхуйн үр ашиггүй үйл хэрэгт» орооцолдохгүйн тулд байнга тэмцэх хэрэгтэй (Эф. 5:11). Хүн бузар булай, ёс суртахуунгүй юмыг харж, сонсож, ярих тусам буруу юм амархан хийдгийг олон хүний туршлага харуулдаг (Эх. 3:6; Яак. 1:14, 15). Нэг улсад хэдэн арван Гэрч залуу интернэтэд «найзууд» болж хоорондоо харьцах групп үүсгэжээ. Тэд эхэндээ Ехова болон үнэний тухай ярьдаг байсан ч ярианы сэдэв нь аажим аажмаар өөрчлөгдөж, бүр сексийн тухай ихэнхдээ ярьдаг болсон. Энэ нь садар самуун үйлдэхэд хүргэснийг тэдний зарим нь хожим дурсжээ.

10. Сатан биднийг хэрхэн хуурахыг оролддог вэ? (Эфэс 5:6).

10 Сатан өөрийн эрхшээлд буй ертөнцийг ашиглан ёс суртахуунгүй, бузар гэж Еховагийн үздэг юмыг огт буруу биш гэж итгүүлж биднийг хуурахыг оролддог (2 Петр 2:19). Энэ нь гайхах зүйл биш ээ! Диаволын урт хугацаанд ашиглаж ирсэн нэг арга нь хүмүүсийг төөрөгдүүлж зөв, бурууг ялгаж салгаж чадахгүй болгох юм (Ис. 5:20; 2 Кор. 4:4). Иймээс олон кино, телевизийн нэвтрүүлэг, веб сайтад Еховагийн тогтоосон зөв буруугийн хэм хэмжээтэй зөрчилдөх санааг сурталчилдаг. Сатан бузар булай үйл хэрэг, амьдралын хэв маягийг буруу биш, харин ч хор хөнөөлгүй, баяр жаргалтай болгодог гэж бодуулан биднийг хуурахыг хичээдэг (Эфэс 5:6-г уншина).

11. Эфэс 5:7-д бичсэн мэргэн зөвлөгөөг дагахын чухлыг Анжелагийн жишээ хэрхэн харуулдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Сатан биднийг муу хүмүүстэй нөхөрлөөд Еховагийн хэм хэмжээг зөрчөөсэй гэж хүсдэг. Паул эфэсчүүдэд «тэдэн шиг байж болохгүй» гэж анхааруулсан нь Бурхны буруу гэж үздэг юмыг хийдэг хүмүүсийн тухай хэлжээ (Эф. 5:7). Нөхөрлөх гэдэг нь зөвхөн хүнтэй биечлэн уулзаад хамт байхыг хэлдэггүйг санах нь зүйтэй. Олон нийтийн сүлжээгээр бусадтай харилцахыг ч хэлнэ. Эртний эфэсчүүдэд ийм аюул байгаагүй. Азид амьдардаг Анжела a олон нийтийн сүлжээ их аюултайг ойлгожээ. Тэрбээр: «Энэ нь урхи болдог бөгөөд үзэл бодол минь ч бага багаар өөрчлөгдсөн. Удалгүй би Библийн зарчмыг үл ойшоодог хүнтэй найзлахад буруу юм байхгүй гэж боддог болсон. Сүүлдээ бүр миний амьдралын хэв маяг Еховад таалагдахгүй байсан ч яах вэ дээ гэж санагдсан» гэжээ. Харин халамжтай ахлагчид Анжелаг бодлоо өөрчлөхөд нь тусалсан. Тэрбээр: «Одоо би олон нийтийн сүлжээнд цагаа үрэхийн оронд Еховатай дотно болгох зүйлсийг байнга боддог» гэжээ.

Еховагийн хэм хэмжээг дагах эсэх маань хэнтэй нөхөрлөхөөс ихээхэн шалтгаална (11-р догол мөрийг үзээрэй)


12. Зөв буруугийн талаарх Еховагийн тогтоосон хэм хэмжээг үргэлж дагахын тулд яах вэ?

12 Ёс суртахуунгүй үйлдэл буруу биш гэсэн ертөнцийнхний үзэл бодолтой тэмцэх хэрэгтэй. Энэ нь буруу гэдгийг бид сайн ойлгодог (Эф. 4:19, 20). Өөрөөсөө дараах асуултуудыг асуух нь зүйтэй. «Би Еховагийн тогтоосон зөв буруугийн хэм хэмжээг үл ойшоодог ажлынхан, ангийнхан, өөр бусад хүнтэй нийлж нөхөрлөхөөс зайлсхийдэг үү? Хүмүүс намайг хахир хатуу гэж хэлсэн ч Еховагийн хэм хэмжээг зоригтой баримталдаг уу?» Мөн 2 Тимот 2:20–22-д бичсэнээр хурал дотроос ч дотнын найзаа сонгохдоо болгоомжлох хэрэгтэй. Еховад үнэнч үйлчлэхэд хүн бүр сайнаар нөлөөлөхгүйг санаарай.

«ГЭРЛИЙН ХҮҮХДҮҮД БАЙ»

13. «Гэрлийн хүүхдүүд бай» гэсэн нь ямар утгатай вэ? (Эфэс 5:7–9).

13 Паул Эфэс дэх Христийн дагалдагчдад харанхуйгаас хол яваад зогсохгүй «гэрлийн хүүхдүүд байхыг» уриалсан (Эфэс 5:7–9-ийг уншина). Энэ нь ямар утгатай вэ? Энгийнээр хэлбэл цаг ямагт Христийн жинхэнэ дагалдагчийн ёсоор биеэ авч явна гэсэн үг. Ингэх нэг арга нь Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг нямбайлан уншиж, судлах юм. Ялангуяа «ертөнцийн гэрэл» Есүс Христийн үлгэр жишээ, заасан сургаалыг онцгой анхаарах нь чухал (Ёох. 8:12; Сур. 6:23).

14. Агуу хүч хэрхэн тусалдаг вэ?

14 «Гэрлийн хүүхдүүд» байхад бас Бурхны агуу хүчний тусламж хэрэгтэй. Яагаад? Ёс суртахуунгүй энэ ертөнцөд цэвэр ариун байх үнэхээр амаргүй (1 Тес. 4:3–5, 7, 8). Агуу хүч Бурхны үзэл бодолтой нийцдэггүй гүн ухаан, үзэл баримтлалд автахгүй байхад тусална. Бас үүний ачаар бид сайныг үйлдэж, зөв шударга явна (Эф. 5:9).

15. Агуу хүч авахын тулд яах вэ? (Эфэс 5:19, 20).

15 Агуу хүч авахын тулд залбирах хэрэгтэй. Ехова «өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө» гэж Есүс хэлсэн (Лук 11:13). Бас бид цуглаан дээр Еховаг хамтдаа магтан алдаршуулахдаа агуу хүчийг авдаг (Эфэс 5:19, 20-ийг уншина). Үүний нөлөөгөөр бид Еховагийн таалалд нийцүүлж амьдарна.

16. Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? (Эфэс 5:10, 17).

16 Бид чухал шийдвэр гаргахдаа «Ехова юу хүсдэгийг» мэдэж аваад түүнийхээ дагуу үйлдэх хэрэгтэй (Эфэс 5:10, 17-г уншина). Нөхцөл байдалд маань тохирсон Библийн зарчмыг хайж олбол Бурхны үзэл бодлыг мэдэж авсан хэрэг юм. Тэгээд тэр зарчмуудаа хэрэгжүүлбэл зөв шийдвэр гаргаж чадна.

17. Цагаа хэрхэн зөв ашиглах вэ? (Эфэс 5:15, 16). (Бас зургийг үзээрэй).

17 Паул Эфэс дэх дагалдагчдад цагаа зөв ашиглахыг зөвлөсөн (Эфэс 5:15, 16-г уншина). «Хорон муу» дайсан Сатан биднийг энэ ертөнцийн үйл хэрэгт завгүй байлгаж Бурханд үйлчлэх боломжгүй болгохыг хүсдэг (1 Ёох. 5:19). Христийн дагалдагч хүн эд зүйл, мэдлэг боловсрол, ажил мэргэжлийг Бурханд үйлчлэхээс илүү чухалд үзэх нь амархан. Хэрэв ингэвэл энэ ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автаж байна гэсэн үг. Тэдгээрийг анхаарах нь мэдээж буруу биш ч, амьдралынхаа эн тэргүүнд тавих ёсгүй. Бид «гэрлийн хүүхдүүд» байхын тулд «цагаа зөв ашиглан» хамгийн чухал юмыг анхаарах учиртай.

Цагаа зөв ашиглахыг Эфэс дэх Христийн дагалдагчдад сануулсан (17-р догол мөрийг үзээрэй)


18. Доналд цагаа зөв ашиглахын тулд яасан бэ?

18 Еховад түлхүү үйлчлэх боломж бүрийг хайгаарай. Өмнөд Африкт амьдардаг Доналд яг ингэжээ. Тэрбээр: «Би нөхцөл байдлаа сайн бодож үзээд улам үр бүтээлтэй үйлчлэхэд туслахыг Еховагаас гуйж, өмнөхөөсөө илүү их цаг дэлгэрүүлэх боломжтой ажлын төлөө залбирсан. Еховагийн тусламжтайгаар тохирсон ажилтай ч болсон. Тэгээд эхнэр бид хоёр бүрэн цагаар үйлчилж эхэлсэн» гэжээ.

19. Бид цаашдаа ч хэрхэн «гэрлийн хүүхдүүд» байх вэ?

19 Эфэсчүүдэд бичсэн Паулын захидал Бурханд үнэнч үйлчлэхэд нь тэдэнд тус болсон нь эргэлзээгүй. Тэдгээр зөвлөгөө бидэнд ч хэрэгтэй. Дээр ярилцсанаар зугаа цэнгэл, найз нөхрөө зөв сонгоход тустай. Бас үнэний гэрэлд үргэлж явахын тулд Библиэ тогтмол судлах хүсэл төрүүлнэ. Мөн сайхан зан чанар хөгжүүлэхэд агуу хүч чухал үүрэгтэйг онцолсон. Паулын бичсэнийг ажил болговол Еховагийн үзэл бодолд нийцсэн зөв шийдвэр гаргана. Ийнхүү бид энэ ертөнцийн харанхуйгаас хол явж, гэрэлд үргэлж байна!

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Эфэс 5:8-д дурдсан «харанхуй» ба «гэрэл» нь ямар утгатай вэ?

  • Бид «харанхуйгаас» хэрхэн хол явах вэ?

  • Бид хэрхэн «гэрлийн хүүхдүүд байх» вэ?

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

a Зарим нэрийг өөрчлөв.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Паулын эфэсчүүдэд бичсэн захидлын эртний хуулбарыг зурагт үзүүлжээ.