Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 17

ДУУ 28 Шинэ дуу

Бэлгэдлийн диваажинг хэзээ ч бүү орхиорой

Бэлгэдлийн диваажинг хэзээ ч бүү орхиорой

«Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун» (ИС. 65:18).

ГОЛ САНАА

Бэлгэдлийн диваажинд бид ямар ач тус хүртдэг вэ? Энэ диваажин руу хүмүүсийг хэрхэн татах вэ?

1. Бэлгэдлийн диваажин гэж юу вэ? Бид яахаар бат шийдсэн бэ?

 ӨНӨӨДӨР сайныг үйлддэг олон сая хүн нэгэн диваажинд жинхэнэ амар тайвныг эдэлдэг. Энэ диваажинд орсон хүмүүс гарахгүй байхаар бат шийддэг бөгөөд аль болох олон хүн үүнд орж ирээсэй гэж хүсдэг. Яг ямар диваажингийн тухай ярьж байна вэ? Бэлгэдлийн диваажин! a

2. Бэлгэдлийн диваажингийн юу нь гайхалтай вэ?

2 Үзэн ядалт, аюул ослоор дүүрсэн Сатаны хорон муу энэ ертөнцөд Ехова амар тайван орчныг бүтээсэн нь үнэхээр гайхалтай (1 Ёох. 5:19; Илч. 12:12). Хайр халамжтай Бурхан маань энэ тогтолцооноос болж хүмүүсийн хэрхэн зовж буйг мэддэг бөгөөд биднийг баяр хөөртэй үйлчлэхэд шаардлагатай амар тайван орчныг бэлдсэн. Түүний Үгэнд энэхүү бэлгэдлийн диваажинг аюулгүй «хоргодох газар», «усалсан цэцэрлэг» гэж дүрсэлжээ (Ис. 4:6; 58:11). Энэ диваажинд байгаа хүмүүс Еховагийн ивээлээр эцсийн өдрүүдийн хэцүү цагт ч жаргалтай, аюулгүй байна (Ис. 54:14; 2 Тим. 3:1).

3. Исаиа 65-р бүлэгт бичсэн зөгнөл эрт үед хэрхэн биелсэн бэ?

3 Ехова зөнч Исаиагаар бэлгэдлийн диваажинд хүмүүс ямар байхыг бичүүлжээ. Энэ зөгнөл Исаиа 65-р бүлэгт байдаг бөгөөд МЭӨ 537 онд анх биелсэн. Гэмшсэн иудейчүүд тэр онд Вавилоны олзноос чөлөөлөгдөж нутагтаа буцав. Ехова ард түмнээ ивээж, балгас болсон Иерусалим хотыг дахин сайхан хот болгоход, мөн Израйл дахь жинхэнэ шүтлэгийн төв болох сүмийг сэргээн барихад нь тусалсан (Ис. 51:11; Зех. 8:3).

4. Исаиа 65-р бүлэгт бичсэн зөгнөл орчин үед хэрхэн биелж байна вэ?

4 Исаиагийн зөгнөл МЭ 1919 онд хоёр дахь удаагаа биелж эхэлжээ. Еховагийн орчин үеийн үйлчлэгчид Агуу Вавилоноос чөлөөлөгдөж, дэлхий дахинд бэлгэдлийн диваажингийн суурь тавигдсан. Хаант төрийн идэвх зүтгэлтэй тунхаглагчид олон хурал байгуулж, Христийн дагалдагчийн зан чанар илэрхийлж байв. Өмнө нь харгис хэрцгий, араатан шиг авиртай байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс «Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмссөн» (Эф. 4:24). Исаиагийн бичсэн олон ивээлийг бид ирээдүйн шинэ ертөнцөд хүртэнэ. Гэхдээ одоо ч хүртэж буй ивээл олон. Бэлгэдлийн диваажинд байх нь ямар ач тустайг, бас яагаад үүнээс гарах ёсгүйг одоо ярилцъя.

БЭЛГЭДЛИЙН ДИВААЖИН ДАХЬ ХҮМҮҮСИЙН ОНЦЛОГ

5. Исаиа 65:13-т амласан ёсоор бид бэлгэдлийн диваажинд юу эдэлдэг вэ?

5 Эрүүл саруул, тэнхээтэй. Исаиагийн зөгнөл, бэлгэдлийн диваажингийн дотор болон гадна байгаа хүмүүсийн ялгааг тод томруун дүрсэлдэг (Исаиа 65:13-ыг уншина). Ехова өөртэй нь дотно байхад хэрэгтэй бүхнийг үйлчлэгчдэдээ элбэг дэлбэг өгдөг. Агуу хүч, Библи, Библид үндэслэсэн ном хэвлэлээр хангадгийн ачаар бид «идэ[ж] ... уу[ж] ... баясдаг» (Илчлэл 22:17-той харьцуулна уу). Харин бэлгэдлийн диваажингийн гадна байгаа хүмүүс эрс ялгаатай. Тэд Бурхныг мэддэггүй учир «өлсө[ж] ... цанга[ж] ... ичдэг» (Ам. 8:11).

6. Иоел 2:21–24-т Еховагийн өгдөг юмыг хэрхэн дүрсэлдэг вэ? Бидэнд ямар ач тустай вэ?

6 Ехова ард түмнээ хэрэгтэй бүхнээр, тэр дундаа бэлгэдлийн хоол ундаар элбэг дэлбэг хангадаг. Үүнийг зөнч Иоел дүрслэхдээ үр тариа, дарс, чидуны тос зэрэг хүнд зайлшгүй хэрэгтэй зүйлийг дурдсан (Иоел 2:21–24). Ехова Библи, Библид үндэслэсэн ном хэвлэл, веб сайт, цуглаан, чуулганаар дамжуулан хэрэгцээг маань хангадаг. Бид бэлгэдлийн хоол ундыг өдөр бүр хүртдэг учир эрүүл саруул, тэнхээтэй байдаг.

7. Бид яагаад «сэтгэлдээ баярладаг» вэ? (Исаиа 65:14).

7 Жаргалтай, сэтгэл хангалуун. Бурхны ард түмэн Еховад гүнээ талархдаг учраас «баярлан дуулдаг» (Исаиа 65:14-ийг уншина). Итгэл батжуулах үнэн, Бурхны Үгэн дэх сэтгэл тайвшруулам амлалтууд, Христийн золиосонд үндэслэсэн бат найдварын ачаар бид «сэтгэлдээ баярладаг». Эдгээрийн тухай ах дүүстэйгээ ярилцаад жинхэнэ баяр жаргалыг эдэлдэг! (Дуу. 34:8; 133:1–3).

8. Бэлгэдлийн диваажингийн гол хоёр онцлог юу вэ?

8 Еховагийн ард түмний дунд оршдог хайр, эв нэгдэл нь бэлгэдлийн диваажингийн гол хоёр онцлог юм. Энэхүү хайр буюу «эв нэгдлийн ... холбоосын» тухай бодвол шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг төсөөлж болно. Тэнд Еховагийн үйлчлэгчид одоогийнхоосоо ч илүү бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй байна (Кол. 3:14). Нэг Гэрч эмэгтэй Еховагийн Гэрчүүдтэй анх уулзсан тухайгаа ийнхүү ярьжээ. «Би гэр бүл дотроо ч яавал жаргалтай байхыг мэддэггүй байлаа. Хайраа хэрхэн илэрхийлэхийг Еховагийн Гэрчүүдээс л анх харсан». Жинхэнэ ёсоор жаргалтай, сэтгэл хангалуун байхыг хүсдэг хүн бүр бэлгэдлийн диваажинд маань орох хэрэгтэй. Энэ ертөнцийн хүмүүс Еховагийн үйлчлэгчдийн талаар ямар ч бодолтой бай тэд нэр хүндтэй ард түмэн юм (Ис. 65:15).

9. Зовлон зүдүүрийн талаар Исаиа 65:16, 17-д ямар амлалт байдаг вэ?

9 Амгалан, тайван. Исаиа 65:14-т бичсэнээр бэлгэдлийн диваажингийн гадна байхаар шийдсэн хүмүүс «шаналсан сэтгэлдээ уйлж, цөхөрсөн сүнсэндээ цурхирна». Харин Бурхны ард түмнийг зовоож, шаналгадаг бүх зүйл яах вэ? Тэдгээр нь «мартагдаж, [Бурхны] хараанаас нуугдсан» байх болно (Исаиа 65:16, 17-г уншина). Ехова бүх зовлонг арилгаж, тэдгээрийг бид дурсах ч үгүй болно.

10. Итгэл нэгт ах дүүстэйгээ хамт байдагтаа та яагаад талархдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

10 Өнөөдөр ч бид цуглаандаа очоод тайвширч, энэ бузар муу ертөнц дэх аливаа дарамтыг ардаа орхиж, амар тайвныг мэдэрдэг. Бид хайр, баяр баясгалан, амар тайван, сайхан сэтгэл, дөлгөөн зан зэрэг Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлж энэ бэлгэдлийн орчин амар тайван байхад хувь нэмрээ оруулдаг (Гал. 5:22, 23). Бурхны байгууллагад багтсандаа талархаад баршгүй! Бэлгэдлийн диваажинд байдаг хүмүүс «шинэ тэнгэр, шинэ газрын» тухай Бурхны амлалт бүрэн биелэхийг харна.

Бэлгэдлийн диваажинд Бурхны гэр бүлийн гишүүн байх нь үнэхээр завшаан (10-р догол мөрийг үзээрэй) c


11. Исаиа 65:18, 19-д бичсэнээр, Еховагийн бий болгосон бэлгэдлийн диваажинд бид ямар байдаг вэ?

11 Талархах сэтгэлтэй, баяр хөөртэй. Исаиа цааш нь бэлгэдлийн диваажинд хүмүүс «баярлан баясаж» байдгийн учир шалтгааныг тайлбарладаг. Ехова энэ диваажинг бий болгосон шүү дээ (Исаиа 65:18, 19-ийг уншина). Тиймээс үнэнийг заадаггүй энэ ертөнцийн байгууллагуудаас хүмүүсийг гарч, үзэсгэлэнт бэлгэдлийн диваажинд ороосой гэж хүсдэг нь гайхах зүйл биш ээ! Ингэхдээ тэрбээр биднээр туслуулдаг. Үнэний зам дээр байгаа бид олон ивээл хүртээд баяр хөөрөөр бялхдаг бөгөөд энэ талаар хүмүүст ярих чин хүсэлтэй (Иер. 31:12).

12. Исаиа 65:20–24-т бичсэн амлалт танд ямар санагдаж байна вэ? Яагаад?

12 Бэлгэдлийн диваажингийн оршин суугчид бид найдвар өвөрлөдөгтөө мөн талархаж, баярладаг. Бурхны шинэ ертөнцөд юу үзэж харах, юу хийж бүтээхээ бодоод үз дээ! Библид ийн амласан. «Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч, өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно». Бид «гэр барьж, түүн дотроо сууна. ... бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ». «ЭЗЭНээр ерөөгдөх» учир «дэмий хоосон ажиллахгүй». Ехова биднийг айх аюулгүй, утга учиртай, сэтгэл хангалуун амьдруулахаа амладаг. Хүмүүс «дуудахаас өмнө» тэрбээр нэг бүрийнх нь хэрэгцээ шаардлагыг мэдээд «бүх амьтны хүслийг хангана» (Ис. 65:20–24; Дуу. 145:16).

13. Хүмүүс Еховад үйлчилж эхлээд эрс өөрчлөгддөгийг Исаиа 65:25-д хэрхэн дүрсэлсэн бэ?

13 Дөлгөөн, гэм хоргүй. Араатан шиг догшин зан авиртай байсан олон хүн Бурхны тусламжтайгаар эрс өөрчлөгдсөн (Исаиа 65:25-ыг уншина). Тэд ингэхийн тулд маш их хичээсэн (Ром 12:2; Эф. 4:22–24). Гэхдээ төгс бус хэвээр учир алдаа гаргасаар байх нь мэдээж. Харин Ехова «янз бүрийн хүнийг» хайр болон эв нэгдлийн салшгүй холбоосоор нэгтгэсэн (Тит 2:11). Энэ бол зөвхөн Төгс хүчит Бурхны үйлдэж чадах гайхамшиг юм!

14. Исаиа 65:25-д бичсэн үг үнэн болохыг нэг Гэрч эрэгтэйн жишээ хэрхэн баталдаг вэ?

14 Хүн ааш зангаа өөрчилж үнэхээр чадах уу? Нэг залуугийн жишээг бодъё. Тэрбээр 20 ч хүрээгүй байхдаа олон удаа шоронд орсон бөгөөд харгис хэрцгий авиртай, ёс журамгүй амьдарч байсан. Машины хулгай, дээрэм тонуул хийхээс гадна өөр ноцтой гэмт хэрэг үйлддэг байжээ. Мөн сав л хийвэл зодолдоно. Гэхдээ Библийн үнэнийг сонсоод Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явдаг болжээ. Тэгээд амьдралын утга учрыг мэдсэн гэдэгтээ итгэлтэй болов. Энэ нь бэлгэдлийн диваажинд Бурхныг шүтэх юм. Тэрбээр баптисм хүртэж Гэрч болсныхоо дараа Исаиа 65:25-д бичсэн үг өөр дээр нь хэрхэн биелснийг үе үе боддог. Арслан шиг харгис хэрцгий байсан ч хонь шиг номхон дөлгөөн болжээ.

15. Бид хүмүүсийг бэлгэдлийн диваажинд ороосой гэж яагаад хүсдэг вэ? Ингэхийн тулд яадаг вэ?

15 Исаиа 65:13 нь «Эзэн [Ехова] үүнийг айлдаж байна» гэсэн сонордуулгаар эхэлж, 25-р зүйл нь «[Ехова] айлдаж байна» гэж дуусдаг. Түүний айлдсан үг хэзээд биелдэг (Ис. 55:10, 11). Бэлгэдлийн диваажин аль хэдийнээ бий болсон. Ехова ахан дүүсийн онцгой барилдлагыг үүсгэсэн. Үүнд нэгдсэнээр бид хүчирхийллээр дүүрсэн энэ ертөнцөд харьцангуй амар тайван, айх аюулгүй амьдардаг (Дуу. 72:7). Тийм болохоор Христийн ахан дүүсийн барилдлагад нэгдэхэд нь аль болох олон хүнд туслахыг хүсдэг бөгөөд шавь бэлдэх ажлаа голлон анхаардаг (Мат. 28:19, 20).

БЭЛГЭДЛИЙН ДИВААЖИН РУУ ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ТАТАХ ВЭ?

16. Хүмүүс бэлгэдлийн диваажинд хэрхэн татагддаг вэ?

16 Бэлгэдлийн диваажинг сэтгэл татам байлгахад хүн бүр чухал үүрэгтэй. Еховаг дуурайвал бид энэ үүргээ биелүүлж чадна. Тэрбээр хүмүүсийг байгууллагадаа хүчээр оруулдаггүй. Харин зөөлхөн «татдаг» (Ёох. 6:44; Иер. 31:3). Еховагийн хайр зэрэг сайхан зан чанаруудыг нь мэдсэн чин сэтгэлтэй хүмүүс түүнд өөрийн эрхгүй татагддаг. Бид ч сайхан зан чанар илэрхийлж, биеэ зөв авч явснаар бэлгэдлийн диваажин руу хүмүүсийг татах боломжтой. Чухам яаж?

17. Бид хүмүүсийг бэлгэдлийн диваажин руу хэрхэн татах вэ?

17 Хүмүүсийг бэлгэдлийн диваажин руу татахын тулд бид итгэл нэгтнүүддээ хайр болон сайхан сэтгэлээр хандах учиртай. Эртний Коринт хурлын цуглаанд ирсэн итгэгч бус хүмүүс: «Бурхан та нарын дунд үнэхээр байдаг юм байна» гэж хэлсэн. Манай цуглаанд анх ирсэн хүмүүс ч ийм сэтгэгдэлтэй байгаасай гэж бид хүсдэг (1 Кор. 14:24, 25; Зех. 8:23). Тиймээс «Бие биетэйгээ эвтэй байгаарай» гэсэн зөвлөгөөг үргэлж дагах ёстой (1 Тес. 5:13).

18. Юуг харсан хүмүүс байгууллагад маань татагдаж болох вэ?

18 Ехова бидний яваандаа арилах дутагдлыг бус, сайхан зан чанарыг анхаардаг. Бид ч Еховагийн адилаар ах дүүсийнхээ сайхан зан чанарыг анхаарах учиртай. Ямар ч үл ойлголцол гарсан бай, хайрандаа хөтлөгдөн асуудлаа шийдэх буюу үргэлж «бие биеэ энэрч, нэг нэгнээ өрөвдөн ... дуртайяа уучилна» (Эф. 4:32). Үүнийг харсан хүмүүс өөрт нь ч ийнхүү хандаасай гэж хүсэн энэ диваажин руу татагдана. b

БЭЛГЭДЛИЙН ДИВААЖИНГ БҮҮ ОРХИОРОЙ

19. а)  «Тэд орхисон ч буцаж ирсэн» гэсэн хавсралтыг үзвэл зарим хүн бэлгэдлийн диваажинд буцаж ирснийхээ дараа юу гэж хэлсэн бэ? б) Бид яахаар бат шийдэх ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

19 Бэлгэдлийн диваажинд байдагтаа бид хэчнээн их талархдаг гээч! Энэ диваажин урд өмнөхөөсөө улам үзэсгэлэнтэй болж, мөн энд Еховаг шүтэгчид улам нэмэгдсээр байна. Бидний төлөө бэлгэдлийн диваажинг бий болгосон Еховадаа үүрд талархана. Тэнхээтэй, сэтгэл хангалуун, тайван, аюулгүй байхыг хүссэн хэн ч бэлгэдлийн диваажинд орох ёстой бөгөөд хэзээ ч орхих учиргүй! Гэхдээ Сатан биднийг эндээс гаргахын тулд чадах бүхнээ хийж байгаа тул болгоомжлоорой (1 Петр 5:8; Илч. 12:9). Түүнд боломж бүү олгоорой. Энэ диваажингийн гоо үзэсгэлэн, цэвэр ариун, амар тайван байдлыг хамгаалахын тулд бүгдээрээ хичээцгээе.

Бэлгэдлийн диваажинд байгаа хүмүүс ирээдүйд бодит диваажинд ч амьдарна (19-р догол мөрийг үзээрэй)


ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Бэлгэдлийн диваажин гэж юу вэ?

  • Энэ диваажинд байдаг бид ямар ач тус хүртдэг вэ?

  • Хүмүүсийг энэ диваажин руу хэрхэн татах вэ?

ДУУ 24 Шагналаа харж явъя!

a ҮГНИЙ ТАЙЛБАР: «Бэлгэдлийн диваажин» гэдгээр Еховаг шүтэх орчныг хэлдэг. Бэлгэдлийн диваажинд бид Еховатай болон бие биетэйгээ эв нэгдэлтэй байдаг.

b Нэг Гэрч эмэгтэй бэлгэдлийн диваажинд ороод ямар ач тус хүртсэнийг jw.org сайт дахь «Тэд юу хийж яваа бол? Алена Житникова: Миний мөрөөдөл биелсэн» гэсэн видеоноос үзээрэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цуглаан дээр хүмүүс нэг нэгэнтэйгээ ярилцаад баяртай байхад нэг залуу зожгироод сууж байна.