Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 15

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

Еховагийн байгууллагад итгэх итгэлээ батжуулъя

Еховагийн байгууллагад итгэх итгэлээ батжуулъя

«Та нарт Бурхны үгийг ярьдаг байсан, та нарыг удирдаж байгаа хүмүүсийг санаж бай» (ЕВР. 13:7).

ГОЛ САНАА

Еховагийн байгууллагад яавал улам бат итгэх вэ?

1. I зуунд Еховагийн ард түмэн ямар зохион байгуулалттай байсан бэ?

 ЕХОВА ард түмэндээ даалгасан ямар ч ажлыг зохион байгуулалттай хийгээсэй гэж хүсдэг (1 Кор. 14:33). Жишээ нь, бүх хүн төрөлхтөнд сайн мэдээ тунхаглах нь Бурхны хүсэл юм (Мат. 24:14). Энэ ажлыг удирдан чиглүүлэхийг Ехова Есүст даатгасан бөгөөд үүнийг зохион байгуулалттай явуулахыг нь анхаардаг. I зуунд олон газарт хурлууд байгуулагдахад үйл ажиллагааг нь удирдах ахлагчдыг томилсон (Үйлс 14:23). Элч нар болон настай эрчүүдээс бүрдсэн Иерусалим дахь ахлагчдын зөвлөл хурлуудын биелүүлэх заавар, шийдвэрийг гаргадаг байв (Үйлс 15:2; 16:4). Тэдгээр зааврыг дуулгавартай биелүүлснээр «хурлынхны итгэл улам бүр батжиж, тооны хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа» (Үйлс 16:5).

2. 1919 оноос хойш Ехова ард түмнээ хэрхэн удирдаж, бэлгэдлийн хоол ундаар хангаж байгаа вэ?

2 Ехова өнөөдөр ч ард түмнээ зохион байгуулж байгаа. 1919 оноос хойш Есүс цөөн тооны тослогдсон эрчүүдээр дамжуулан дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, шавь нараа бэлгэдлийн хоол ундаар хангадаг (Лук 12:42). a Ехова тэдний ажлыг ивээж буй нь тодорхой (Ис. 60:22; 65:13, 14).

3, 4. а) Зохион байгуулалттай байхын ач тусыг жишээгээр хэлнэ үү. б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Хэрэв зохион байгуулалтгүй бол Есүсийн даалгасан ажлыг бид биелүүлж чадахгүйд хүрэх байлаа (Мат. 28:19, 20). Жишээлбэл дэлгэрүүлэх хэсгийг хуваарилдаггүй бол хүн бүр хүссэн газраараа дэлгэрүүлнэ. Тэгээд зарим хэсэг нь дахин дахин боловсруулагдаж, зарим нь огт боловсруулагдаагүй хоцрох байв. Таны бодлоор зохион байгуулалттай байх нь өөр ямар ач тустай вэ?

4 Есүс өнөөдөр биднийг хэрхэн удирдан чиглүүлэхээ дэлхий дээр байхдаа харуулсан. Энэ өгүүллээр, Есүс ямар үлгэр жишээ үлдээснийг болон манай байгууллага үүнийг нь хэрхэн дагадгийг ярилцана. Бас Еховагийн байгууллагад итгэдгээ хэрхэн харуулахыг үзнэ.

МАНАЙ БАЙГУУЛЛАГА ЕСҮСИЙН ЖИШЭЭГ ДАГАДАГ

5. Манай байгууллага Есүсийн жишээг хэрхэн дагадаг вэ? (Ёохан 8:28).

5 Есүс юу хийж, юу ярихаа тэнгэрийн Эцгээрээ заалгасан. Еховагийн байгууллага Есүсийн жишээг дуурайн Бурхны Үгэнд үндэслэн зөв, буруугийн хэм хэмжээг зааж, амьдралд хэрэгтэй удирдамж өгдөг (Ёохан 8:28-ыг уншина; 2 Тим. 3:16, 17). Бас Библиэ уншиж, мэдсэнээ хэрэгжүүлэхийг бидэнд тогтмол сануулдаг. Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх нь бидэнд ямар ач тустай вэ?

6. Библи судлах нь ямар чухал ач тустай вэ?

6 Байгууллагын ном хэвлэлийг ашиглаад Библи судлах нь маш их ач тустай. Жишээлбэл байгууллагаас гаргасан удирдлага зааврыг Библид бичсэнтэй харьцуулах боломжтой. Тэдгээр заавар нь Сударт үндэслэснийг мэдээд бид Еховагийн байгууллагад улам бат итгэдэг (Ром 12:2).

7. Есүс юуг дэлгэрүүлсэн бэ? Еховагийн байгууллага түүний жишээг хэрхэн дагадаг вэ?

7 Есүс «Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг» дэлгэрүүлсэн (Лук 4:43, 44). Бас шавь нартаа ч ингэхийг тушаасан (Лук 9:1, 2; 10:8, 9). Өнөөдөр Еховагийн байгууллагад нэгдсэн бүх хүн хаана амьдардаг, ямар үүрэг хариуцлагатайгаас үл хамааран Хаант төрийн мэдээг тунхагладаг.

8. Бид ямар завшаан эдэлдэг вэ?

8 Бурхны Хаант төрийн тухай үнэнийг хүмүүст мэдүүлэх нь бидний хувьд үнэхээр завшаан! Хүн бүр ийм завшаан эдэлдэггүй. Жишээлбэл Есүс дэлхий дээр байхдаа чөтгөрүүдэд өөрийнх нь тухай ярихыг зөвшөөрөөгүй (Лук 4:41). Өнөөдөр хэн нэгэн хүн Еховагийн Гэрчүүдтэй дэлгэрүүлэх ажилд оролцъё гэвэл тодорхой шаардлага хангах ёстой. Бид хаана ч, хэзээ ч дэлгэрүүлж энэ завшаанаа маш их эрхэмлэдгээ харуулдаг. Есүсийн адилаар бидний зорилго бол хүмүүсийн зүрхэнд Хаант төрийн тухай үнэний үрийг суулгаж, услах явдал юм (Мат. 13:3, 23; 1 Кор. 3:6).

9. Манай байгууллага Бурхны нэрийг хүмүүст хэрхэн мэдүүлдэг вэ?

9 Есүс Бурхны нэрийг мэдүүлсэн. Тэрбээр тэнгэрийн Эцэгтээ залбирахдаа «Би ... таны нэрийг тэдэнд мэдүүлсэн» гэжээ (Ёох. 17:26). Еховагийн байгууллага Есүсийн жишээг даган Бурхны нэрийг хүмүүст мэдүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Жишээ нь Бурхны нэрийг эх бичгийнх нь дагуу байх ёстой газар нь сэргээж тавьсан Библийн «Шинэ ертөнц» орчуулгыг гаргасан. Энэ Библийг одоо бүтнээр нь болон хэсэгчлэн 270 гаруй хэлээр унших боломжтой. «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 1, 2-р хэсэгт Бурхны нэрийг Библид сэргээж бичсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бий. Бурхны нэр Грек Сударт 237 удаа байх ёстойг тэнд тайлбарласан.

10. Мьянмарт амьдардаг нэг эмэгтэйн жишээнээс юу мэдэж авах вэ?

10 Бид Есүсийн адилаар аль болох олон хүнд Бурхны нэрийг мэдүүлэхийг хүсдэг. Мьянмарт амьдардаг 67 настай нэг эмэгтэй Бурхан нэртэй гэдгийг мэдээд уйлж, «Бурхны нэрийг Ехова гэдгийг анх удаа сонслоо. ... Чи миний мэдээгүй хамгийн чухал зүйлийг мэдүүллээ» гэж хэлжээ. Энэ жишээнээс, Бурхны нэрийг мэдэх нь чин сэтгэлтэй хүмүүст маш хүчтэй нөлөөлдөг нь харагдаж байна.

БАЙГУУЛЛАГАД ИТГЭДГЭЭ ҮРГЭЛЖ ХАРУУЛААРАЙ

11. Ахлагчид Еховагийн байгууллагад итгэдгээ хэрхэн харуулах вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Ахлагчид Бурхны байгууллагад итгэдгээ хэрхэн харуулах вэ? Нэг арга нь хүлээж авсан зааврыг анхааралтай уншаад хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх юм. Жишээлбэл цуглаан хэрхэн явуулах, хурлынхныг төлөөлж хэрхэн залбирахаас гадна Христийн хоньдыг хэрхэн анхаарч халамжлах талаар заавар авдаг. Ахлагчид байгууллагаас ирсэн зааврыг дагадаг бол хурлынхан Еховагийн халамж, хайрыг мэдэрнэ.

Еховагийн байгууллагаас өгдөг зааврыг биелүүлдэг ахлагчдын ачаар бид ч талархах сэтгэлээр зааврыг дагадаг (11-р догол мөрийг үзээрэй) b


12. а) Удирдаж буй хүмүүстээ яагаад дуулгавартай байх ёстой вэ? (Еврей 13:7, 17). б) Тэдний сайн талыг анхаарах ёстойн учир юу вэ?

12 Бид ахлагчдаас заавар авбал дуртайяа дагах ёстой. Тэгвэл тэд ажлаа төвөггүй хийнэ. Удирдаж буй хүмүүст дуулгавартай байж, захирагдахыг Библи бидэнд уриалдаг (Еврей 13:7, 17-г уншина). Гэхдээ ингэх нь заримдаа хэцүү байж болох юм. Яагаад? Учир нь тэд төгс бус хүмүүс. Хэрэв бид тэдний сайн талыг бус, сул талыг нь анхаардаг бол дайснуудад тусалж байгаатай адил болно. Юу гэсэн үг вэ? Тэд биднийг ахлагчдад, цаашлаад Бурхны байгууллагад итгэхээ болиосой гэж хүсдэг. Дайснууд суртал ухуулга явуулж буйг мэдээд эсэргүүцэхийн тулд яах вэ?

БАЙГУУЛЛАГАД ИТГЭХ ИТГЭЛЭЭ БУСДААС БОЛЖ БҮҮ АЛДААРАЙ

13. Дайснууд Бурхны байгууллагыг хэрхэн муу болгож харагдуулахыг оролддог вэ?

13 Дайснууд Бурхны байгууллагын хийдэг сайн юмыг муу болгож харагдуулахыг оролддог. Жишээ нь үйлчлэгчид нь бие махбод, ёс суртахуун, шашин шүтлэгийн хувьд цэвэр ариун байх ёстойг Ехова Библид бичүүлсэн. Бузар муу юм хийдэг, гэмшдэггүй хүнийг хурлаас хасахыг тэрбээр шаарддаг (1 Кор. 5:11–13; 6:9, 10). Бид энэ тушаалыг дагадаг. Гэхдээ дайснууд үүгээр далимдуулан биднийг хэт хатуу, шүүмжлэмтгий, хайрлах сэтгэлгүй гэж буруутгадаг.

14. Байгууллагын тухай худал ярианы цаана хэн байдаг вэ?

14 Дайралтын цаана хэн байдгийг мэдээрэй. Худал ярианы цаана Сатан Диавол байдаг. Тэрбээр «худал хуурмагийн эцэг» юм (Ёох. 8:44; Эх. 3:1–5). Тиймээс Сатан өөрийг нь дэмжигчдийг ашиглан Бурхны байгууллагын тухай худал яриа тараана гэдгийг бид мэддэг байх учиртай. I зуунд ч ийм юм болсон.

15. Шашны удирдагчид Есүс болон дагалдагчдынх нь эсрэг юу хийсэн бэ?

15 Сатаныг дэмжигчид I зуунд гайхамшиг үйлдсэн, Бурхны төгс Хүүгийн талаар удаа дараа худал ярьжээ. Жишээ нь шашны удирдагчид Есүс «чөтгөрүүдийг захирагчаар нь хөөлгөдөг» гэж хүмүүст ярьсан (Марк 3:22). Бас Есүсийг шүүгдэж байхад Бурхныг доромжилсон гээд үхлийн ял оноохыг шаардуулахаар ард олныг турхирсан (Мат. 27:20). Хожим нь эсэргүүцэгчид сайн мэдээ дэлгэрүүлж байсан Христийн дагалдагчдыг хяхаж хавчих зорилгоор хүмүүсийг «хутган үймүүлж, толгойг нь эргүүлсэн» (Үйлс 14:2, 19). Үйлс 14:2-ын талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1998 оны 12-р сарын 1-ний дугаарт «Иудей эсэргүүцэгчид өөрсдөө мэдээг хүлээж аваагүйгээр үл барам харь үндэстнүүдийг Христийн дагалдагчдын эсрэг турхирч нэр хүндийг нь унагаах аян өрнүүлсэн» гэж тэмдэглэжээ.

16. Худал яриа сонсвол бид юуг санах ёстой вэ?

16 Сатан ингээд зогсоогүй өнөөдөр ч «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхэлж» байна (Илч. 12:9). Хэрвээ та байгууллага юм уу удирдах үүрэгтэй эрчүүдийн талаар сөрөг яриа сонсвол дайснууд Есүс болон дагалдагчдынх нь эсрэг I зуунд юу хийснийг санаарай. Библид зөгнөсний дагуу өнөөдөр ч тэд Еховагийн ард түмнийг доромжилж, хавчдаг (Мат. 5:11, 12). Бид худал ярианы цаана хэн байдгийг мэдээд өөрсдийгөө хамгаалбал хууртахгүй. Яаж?

17. Худал ярианы хор уршгийг амсахгүйн тулд яах вэ? (2 Тимот 1:13). ( «Худал яриа чихэнд хүрвэл яах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

17 Худал яриаг бүү сонс. Хэрэв худал яриа бидний чихэнд хүрвэл яах хэрэгтэйг элч Паул тодорхой хэлсэн. Тэрбээр Тимотод «Зохиомол үг яриа[г] ... анхаарахгүй байхыг зарим нэг хүнд хэлээрэй. ... Бурхныг доромжилсон худал яриаг бүү сонс» гэжээ (1 Тим. 1:3, 4; 4:7). Жаахан хүүхэд газраас юм аваад юу ч бодолгүйгээр амандаа хийчихдэг. Харин том хүн бохир заваан гэдгийг нь мэддэг учраас огт ингэхгүй. Бид худал яриа хаанаас эхтэйг мэддэг учраас огт сонсохгүй. Зөвхөн үнэний «эрүүл, тустай» үгийг сонсдог (2 Тимот 1:13 болон зүүлтийг уншина).

18. Еховагийн байгууллагад итгэдгээ бид хэрхэн харуулах вэ?

18 Бурхны байгууллага Есүсийг хэрхэн дуурайдгийн гурвыг нь л ярилцлаа. Өөр яаж дуурайдгийг та Библи судлаад мэдэж аваарай. Байгууллагад улам итгэдэг болоход нь хурлынхандаа туслаарай. Бас Еховад үнэнчээр үйлчилж, хүсэл тааллыг нь биелүүлдэг байгууллагатай нь нягт холбоотой байж итгэдгээ цаашид ч харуулаарай (Дуу. 37:28). Еховагийн хайртай, үнэнч ард түмний нэг байх завшаанаа үргэлж эрхэмлэж явцгаая.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Бурхны ард түмэн Есүсийг хэрхэн дуурайдаг вэ?

  • Еховагийн байгууллагад үргэлж итгэдгээ хэрхэн харуулах вэ?

  • Худал яриа чихэнд хүрвэл бид яах ёстой вэ?

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 11-р сарын дугаарт нийтлэгдсэн «Хуурамч шашнаас чөлөөлөгдсөн нь» гэсэн өгүүллийн 14-р догол мөрийг үзээрэй.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ахлагчид нийтэд дэлгэрүүлж буй дэлгэрүүлэгчдийн аюулгүй байдлын талаар ярилцсаны дараа бүлэг хариуцагч нь тэдэнд байшинтай ойрхон зогсохыг зааварчилж байна.