Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 16

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

Илүү баяр хөөртэй дэлгэрүүлэхийн тулд яах вэ?

Илүү баяр хөөртэй дэлгэрүүлэхийн тулд яах вэ?

«ЭЗЭНд баяртайгаар үйлчил» (ДУУ. 100:2).

ГОЛ САНАА

Энэ өгүүллээр илүү баяр хөөртэй дэлгэрүүлэхэд тус болох зөвлөгөөнүүдийг үзнэ.

1. Заримд маань дэлгэрүүлэх ажилд оролцож хүмүүстэй ярилцах нь ямар санагддаг вэ? (Бас зургийг үзээрэй).

 ЕХОВАГИЙН ард түмний хувьд бид тэнгэрийн Эцгээ хайрладаг бөгөөд түүний тухай хүмүүст мэдүүлэхийг хүсдэг учраас дэлгэрүүлдэг. Дэлгэрүүлэгчид энэ ажилд оролцоод баяр жаргалаар бялхдаг. Харин заримд маань амаргүй санагддаг. Яагаад? Тэдний дунд маш ичимхий, бас өөртөө итгэлгүй хүн байдаг. Мөн зарим нь өөрийгөө урилгагүй зочин гэж бодоод санаа нь зовдог. Түүнчлэн хүмүүсийн дургүйг хүргэчих вий, маргаан үүсэх вий гэж эмээдэг хүн ч бий. Хэдий тэд Еховаг маш их хайрладаг ч сайн мэдээг огт танихгүй хүнд дэлгэрүүлнэ гэхээр хэцүү санагддаг. Гэхдээ л энэ ажил ямар чухал болохыг ойлгож, байнга дэлгэрүүлдэг. Ехова тэднийг хараад ямар их баярладаг бол оо!

Та дэлгэрүүлээд баяртай байдаг уу? (1-р догол мөрийг үзээрэй)


2. Баяр хөөртэй дэлгэрүүлэх амаргүй санагдсан үед яагаад сэтгэлээр унах хэрэггүй вэ?

2 Танд ч дээрх аль нэг шалтгаанаас болоод дэлгэрүүлэх нь хэцүү санагддаг уу? Тийм бол сэтгэлээр бүү унаарай. Та өөртөө итгэлгүй байгаа нь даруу учраас хүмүүсийн анхаарлыг татах юм уу бусадтай маргалдахыг хүсдэггүйнх байж болох юм. Ямар ч хүн, ялангуяа бусдад сайныг үйлдэхийг хичээдэг хүн хэний ч дургүйг хүргэхийг хүсдэггүй. Танд ямар санагдаж байгааг тэнгэрийн Эцэг тань мэддэг бөгөөд туслах чин хүсэлтэй (Ис. 41:13). Хэцүү санагдсан ч баяр хөөртэй дэлгэрүүлэхэд тус болох 5 зөвлөгөөг энэ өгүүллээр ярилцана.

БУРХНЫ ҮГЭЭР ХҮЧИРХЭГЖЭЭРЭЙ

3. Зөнч Иеремиа юуны ачаар дэлгэрүүлж чадсан бэ?

3 Түүхийн туршид, Бурхнаас ирсэн мэдээ нь хэцүү даалгавраа биелүүлэхэд үйлчлэгчдэд нь хүч өгдөг байсан. Жишээлбэл зөнч Иеремиагийн тухай бодъё. Ехова дэлгэрүүлэх даалгавар өгөхөд тэрбээр их сандарч тэвдсэн. Тэгээд «Би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй» гэжээ (Иер. 1:6). Өөртөө итгэлгүй байсан ч хэрхэн дэлгэрүүлэх хүчтэй болсон бэ? Бурхны хэлсэн үг түүнийг хүчирхэгжүүлж, зоригжуулсан. Тэрбээр: «Энэ нь ... ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарсан» гэж хэлжээ (Иер. 20:8, 9). Иеремиад дэлгэрүүлэхэд хэцүү хэсэг оногдсон ч тунхаглах мэдээнийхээ ачаар үүрэг даалгавраа биелүүлэх хүчтэй болсон.

4. Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн боддог бол яах вэ? (Колосай 1:9, 10).

4 Библи дэх Еховагийн үг Христийн дагалдагчдыг ч хүчирхэгжүүлдэг. Элч Паул ах дүүс нь үнэн зөв мэдлэгтэй болсноор «сайн бүхнийг хийн» Еховагийн «нэрийг ... зохистой авч явах» хүсэлтэй болохыг Колосайн хурлынханд зориулсан захидалдаа бичжээ (Колосай 1:9, 10-ыг уншина). Сайн бүхнийг хийх гэдэгт сайн мэдээ тунхаглах ордог. Тиймээс Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн боддог бол Еховад итгэх итгэл батжиж, Хаант төрийн мэдээг дэлгэрүүлэх нь яагаад чухал болохыг улам сайн ойлгоно.

5. Библи уншиж, судлахдаа аль болох их ач тус хүртэхийн тулд яах вэ?

5 Бурхны Үгнээс аль болох их ач тус хүртье гэвэл уншиж, судалж, эргэцүүлэн бодохдоо яарах учиргүй. Хангалттай цаг гаргаарай. Хэрэв унших явцад ойлгохгүй зүйл гарвал тоохгүй бүү өнгөрөөрэй. Харин тухайн зүйлийн талаарх тайлбарыг «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» эсвэл «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-аас олж уншаарай. Судлах цаг гаргавал та Бурхны Үг үнэн гэдэгт улам бүр итгэнэ (1 Тес. 5:21). Итгэх тусам мэдэж авснаа хүмүүст ярихдаа улам баяр хөөртэй байна.

САЙН БЭЛДЭЭД ДЭЛГЭРҮҮЛЭЭРЭЙ

6. Дэлгэрүүлэхээсээ өмнө яагаад сайн бэлдэх хэрэгтэй вэ?

6 Сайн бэлдээд дэлгэрүүлбэл хүмүүстэй ярилцахдаа тийм ч их сандрахгүй. Есүс шавь нараа дэлгэрүүлэх ажилд явуулахаасаа өмнө бэлдэхэд нь тусалсан (Лук 10:1–11). Тэд Есүсийн заасныг хэрэгжүүлээд олон сайн юм хийж, баяр хөөрөөр бялхсан (Лук 10:17).

7. Дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн бэлдэж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Дэлгэрүүлэхээсээ өмнө хэрхэн бэлдэх вэ? Үнэнийг өөрийн үгээр яаж энгийн, ойлгомжтой тайлбарлахаа сайн бодоорой. Бас хэсгийн хүмүүс таны ярьсныг хэрхэн хүлээж авах талаар 2, 3 тохиолдлыг бодож үзээд тийм үед хэрхэн хариулахаа бэлдэх нь тустай. Тэгээд хүмүүстэй ярихдаа тайван байж, инээмсэглээд найрсаг хандахыг хичээгээрэй.

Сайн бэлдээд дэлгэрүүлээрэй (7-р догол мөрийг үзээрэй)


8. Элч Паул жишээндээ Христийн дагалдагчдыг шавар савтай зүйрлэсний учир юу вэ?

8 Элч Паул: «Шавар сав мэт бид энэхүү эрдэнэсийг тээдэг» гэсэн нь бидний ямар үүрэгтэйг хэлжээ (2 Кор. 4:7). Эрдэнэс гэдэг нь юу вэ? Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлэх буюу хүний амь аврах ажил юм (2 Кор. 4:1). Хэнийг шавар савтай зүйрлэсэн бэ? Сайн мэдээ дэлгэрүүлдэг Бурхны үйлчлэгчдийг зүйрлэн хэлжээ. Паулын үед худалдаачид хоол хүнс, архи дарс, мөнгө төгрөг зэрэг үнэтэй зүйлсээ шавар саванд хийж зөөвөрлөдөг байв. Үүнтэй адилаар Ехова үнэ цэнтэй энэ мэдээг бусдад хүргэх ажлыг бидэнд даатгасан. Тэрбээр хүч тэнхээ хайрладгийн ачаар бид үргэлж үнэнчээр дэлгэрүүлдэг.

ЭР ЗОРИГ ГУЙЖ ЗАЛБИРААРАЙ

9. Хүмүүс биднийг сонсохгүй юм уу эсэргүүцэх вий гэсэн айдсаа хэрхэн давах вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Хүмүүс биднийг сонсохгүй юм уу эсэргүүцэх вий гэж заримдаа айж болох юм. Ийм бэрхшээлийг хэрхэн давах вэ? Дэлгэрүүлж болохгүй гэж тушаахад элч нар хэрхэн залбирсныг бодоорой. Тэд айдаст авталгүй, харин «үгийг [нь] үргэлж эр зоригтой тунхаглахад» туслахыг Еховагаас гуйсан. Ехова ч залбиралд нь тэр даруй хариулсан (Үйлс 4:18, 29, 31). Хүнээс айх үедээ бид ч тусламж гуйн залбирах хэрэгтэй. Хүмүүсийг гэсэн хайраараа хүнээс айх айдсаа ялахад туслахыг Еховагаас гуйгаарай.

Эр зориг гуйн залбираарай (9-р догол мөрийг үзээрэй)


10. Гэрч хүний үүргээ биелүүлэхэд маань Ехова хэрхэн тусалдаг вэ? (Исаиа 43:10–12).

10 Ехова биднийг Гэрчээ болгон томилж, эр зоригтой байхад туслахаа амласан (Исаиа 43:10–12-ыг уншина). Хэрхэн тусалдгийн 4 аргыг нь бодъё. Нэгд, дэлгэрүүлэхэд маань Есүс үргэлж хамт байдаг (Мат. 28:18–20). Хоёрт, бидэнд тэнгэрийн элчүүдээр туслуулдаг (Илч. 14:6). Гуравт, мэдэж авснаа санахад маань туслах зорилгоор агуу хүчээ хайрладаг (Ёох. 14:25, 26). Дөрөвт, мөр зэрэгцэн үйлчлэх ах дүүсийг өгсөн. Еховагийн тусламж, хайрт ах дүүсийнхээ дэмжлэгийн ачаар бид эр зоригтой дэлгэрүүлсээр байх бүрэн боломжтой.

УЯН ХАТАН, ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙГААРАЙ

11. Дэлгэрүүлэхдээ хэрхэн аль болох олон хүнтэй уулзаж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Дэлгэрүүлж явахад ихэнх айл хүнгүй бол танд урамгүй санагддаг уу? Ийнхүү бодож үзээрэй. «Манай хэсгийн хүмүүс яг одоо хаана байгаа бол?» (Үйлс 16:13). «Тэд ажил дээрээ байгаа эсвэл дэлгүүрт яваа юу?» Хэрэв тийм бол гудамжаар дэлгэрүүлбэл арай олон хүнтэй уулзаж болох юм. Жошуа гэдэг Гэрч эрэгтэй: «Би худалдааны төв зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраар дэлгэрүүлээд олон хүнтэй уулзах боломжтойг ойлгосон» гэжээ. Тэрбээр болон эхнэр Брижит нь оройн цагаар юм уу ням гаргийн үдээс хойш айлаар дэлгэрүүлэх нь үр дүнтэйг бас ойлгожээ (Эф. 5:15, 16).

Дэлгэрүүлдэг хэвшлээ өөрчлөөрэй (11-р догол мөрийг үзээрэй)


12. Хүмүүс юунд итгэж, юунд санаа зовдгийг хэрхэн мэдэж болох вэ?

12 Хэрэв хүмүүс ярьж байгаа зүйлийг тань сонирхохгүй бол тэд юунд итгэж, юунд санаа зовдгийг олж мэдэхийг хичээгээрэй. Жошуа Брижит хоёр танилцуулгын нүүрэн дэх асуултыг ашиглан ярилцдаг. Жишээ нь «Библи ямар ном бэ?» танилцуулгыг өгөхдөө «Зарим хүн Библийг Бурхны бичүүлсэн ном гэж боддог байхад, зарим нь тэгж боддоггүй. Та юу гэж боддог вэ?» гэж асуугаад сайхан яриа өрнүүлж чаддаг байна.

13. Хүмүүс мэдээнд маань нааштай хандаагүй ч амжилттай дэлгэрүүлсэн гэж яагаад хэлэх вэ? (Сургаалт үгс 27:11).

13 Дэлгэрүүлэх ажлын маань амжилт үр дүнгээс нь шалтгаалахгүй. Яагаад? Бид Ехова болон Хүүгийнх нь юу хий гэснийг хийдэг. Энэ нь гэрчлэх юм (Үйлс 10:42). Хэнтэй ч уулзаж чадаагүй юм уу хүмүүс сонсохоос татгалзсан үед ч бид баяр хөөртэй байдаг. Учир нь тэнгэрийн Эцгээ баярлуулж буйгаа мэддэг (Сургаалт үгс 27:11-ийг уншаарай).

14. Хэн нэг дэлгэрүүлэгч хэсгээсээ сонирхсон хүнийг олоход бид яагаад баярладаг вэ?

14 Бас хэн нэг дэлгэрүүлэгч сонирхсон хүнийг олоход бид баярладаг. «Харуулын цамхаг» сэтгүүлд дэлгэрүүлэх ажлыг маань төөрсөн хүүхдийг эрж хайхтай зүйрлэжээ. Эрлийг нэг талаас нь эхлэх бөгөөд олуулаа оролцдог. Хүүхдийг олохоор олсон хүнээс гадна эрэлд оролцсон бүх хүн баярладаг. Үүнтэй адилаар шавь бэлдэх гэдэг нь багийн ажил юм. Хэсгийнхээ бүх хүнд дэлгэрүүлэхийн тулд хүн нэг бүрийн оролцоо чухал. Тэгээд үнэнийг сонирхсон нэг хүн цуглаанд ирдэг болоход бүгдээрээ баярладаг.

ЕХОВАГ, ХҮМҮҮСИЙГ ГЭСЭН ХАЙРАА АНХААРЧ ЯВААРАЙ

15. Матай 22:37–39-д бичсэнийг хэрэгжүүлбэл дэлгэрүүлэх ажилд оролцох урам зориг хэрхэн бадрах вэ? (Бас зургийг үзээрэй).

15 Бид Еховаг болон бусдыг гэсэн хайраа анхаардаг бол дэлгэрүүлэх ажилд оролцох урам зориг бадарна (Матай 22:37–39-ийг уншина). Энэ ажлыг хийж буй биднийг хараад Ехова хэчнээн их баярлаж байгааг, бас хүмүүс Библи судалж эхлээд ямар их аз жаргалтай болохыг төсөөлөөрэй! Түүнчлэн мэдээнд маань нааштай хандсан хүн үүрд мөнх амьдрах боломжтойг бодоорой (Ёох. 6:40; 1 Тим. 4:16).

Еховаг болон хүмүүсийг гэсэн хайраа анхаардаг бол улам баяр хөөртэй дэлгэрүүлнэ (15-р догол мөрийг үзээрэй)


16. Гэрээсээ гарч чадахгүй болбол хэрхэн дэлгэрүүлж баяр хөөртэй байх вэ? Жишээ хэлнэ үү.

16 Та ямар нэг шалтгаанаас болоод гэрээсээ гарч чадахгүй болсон уу? Тийм бол Еховаг болон бусдыг гэсэн хайраа илэрхийлэхийн тулд хийж чадах зүйлээ анхаараарай. КОВИД-19 цар тахлын үед Самуел Даниа хоёр гэрээсээ гарч чадахгүй байсан. Энэ хэцүү цагт тэд утсаар, захидлаар тогтмол дэлгэрүүлж, Зүүм аппликейшн ашиглаад Библийн хичээл хийдэг байв. Самуел хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт очсон үедээ хүмүүст дэлгэрүүлсэн. Тэрбээр: «Бэрхшээл тулгарахлаар сэтгэлээр унаж, ядарч, итгэл соригддог. Тиймээс дэлгэрүүлээд баяр хөөртэй байх хэрэгтэй» гэжээ. Бас тэр үед Даниа унаад 3 сар хэвтэрт байж, дараа нь 6 сар тэргэнцэр дээр суух шаардлагатай болсон. Даниа: «Би нөхцөл байдалдаа тохируулан чадах бүхнээ хийхийг хичээсэн. Манайд ирдэг сувилагч болон хүргэлтийн ажилтнуудад дэлгэрүүлсэн. Бас утсаар холбогдсон эмнэлгийн ажилтанд дэлгэрүүлээд сайхан яриа өрнүүлж чадсан» гэж ярьжээ. Самуел Даниа хоёрын хийж чадах юм хязгаартай болсон ч чадахыгаа хийгээд тэд баяр хөөр эдэлсэн.

17. Тус өгүүллээр ярилцсан зөвлөгөөнүүдийг хэрхэн хэрэгжүүлбэл илүү ач тус хүртэх вэ?

17 Тус өгүүллээр ярилцсан зөвлөгөөнүүдийг хамтад нь хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх юм. Зөвлөгөө бүрийг жорд ордог орц нэг бүртэй зүйрлэж болно. Жорын дагуу бүх орцыг нь хийвэл тухайн хоол амттай болох нь тодорхой. Үүн шиг бүх зөвлөгөөг хэрэгжүүлбэл бид сөрөг бодлоосоо салж, илүү баяр хөөртэй дэлгэрүүлнэ.

... БАЯР ХӨӨРТЭЙ ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ТАНЬ ТУСТАЙ ГЭЖ ЯАГААД ХЭЛЭХ ВЭ?

  • Цаг гарган сайн бэлдэх нь

  • Эр зориг гуйн залбирах нь

  • Еховаг, хүмүүсийг гэсэн хайраа анхаарч явах нь

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд