Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 14

ДУУ 34 Гэрчийн ёсоор амьдаръя

«Төлөвшихийн тулд зүтгэлтэй байя»

«Төлөвшихийн тулд зүтгэлтэй байя»

«Бүгдээрээ төлөвшихийн тулд зүтгэлтэй байя» (ЕВР. 6:1).

ГОЛ САНАА

Христийн дагалдагч хүн хэрхэн Бурхны хүсэл таалалд нийцүүлэн бодож, үйлдэж, мөн зөв шийдвэр гаргадгийг мэдэж авъя.

1. Ехова биднээс юу хүсдэг вэ?

 ГЭР бүлд шинэ хүн мэндлэх нь баярт мөчүүдийн нэг юм. Нялх хүүхэд үнэхээр хайр татам. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ өсөж торниосой гэж хүсдэг. Өсөлт нь муу байвал тэдний санаа их зовдог. Үүнтэй адилаар биднийг өөрийнх нь тухай мэдлэгтэй болж эхлэхэд Ехова баярладаг ч бэлгэдлийн утгаар нялх хүүхэд хэвээр байхыг хүсдэггүй (1 Кор. 3:1). Харин «том хүн» болоосой гэж боддог (1 Кор. 14:20).

2. Бид тус өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

2 Том хүн буюу Христийн төлөвшсөн дагалдагч болох гэдгийг юу гэж ойлгох вэ? Хэрхэн төлөвших вэ? Төлөвшихөд бэлгэдлийн бор хоол ямар ач тустай вэ? Бас өөртөө хэт итгэлтэй байхаас яагаад зайлсхийх ёстой вэ? Тус өгүүллээр эдгээр асуултын хариуг мэдэж авна.

ХРИСТИЙН ТӨЛӨВШСӨН ДАГАЛДАГЧ БОЛОХ ГЭДГИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?

3. Христийн төлөвшсөн дагалдагч болох гэдгийг юу гэж ойлгох вэ?

3 Библид «том хүн» гэж орчуулсан грек үг нь бас «төлөвшсөн», «төгс», «бүрэн бүтэн» гэсэн утгатай (1 Кор. 2:6). a Нялх хүүхэд өссөөр том хүн болдог шиг бид ч бэлгэдлийн утгаар өссөөр Еховатай улам дотносдог. Ийнхүү Христийн төлөвшсөн дагалдагч болдог. Харин энэ зорилгодоо хүрсэн бол цаашдаа ч улам сайжирсаар байх ёстой (1 Тим. 4:15). Бид бүгд, тэр дундаа насаар залуу хүмүүс ч төлөвших боломжтой. Ямар хүнийг төлөвшсөн гэх вэ?

4. Ямар хүнийг Христийн төлөвшсөн дагалдагч гэх вэ?

4 Христийн төлөвшсөн дагалдагч Бурхны шаардлагаас хүссэнээ шилж сонгодоггүй, харин бүгдийг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Төгс бус болохоор алдаа гаргадаг нь үнэн. Гэсэн ч тэрбээр Бурхны хүслийн дагуу бодож, үйлддэгээ өдөр тутмын амьдралаараа харуулдаг. Бас шинэ хүнийг өмссөн бөгөөд аливаад үргэлж Бурхны үзэл бодлоор хандахыг зорьдог (Эф. 4:22–24). Еховагийн хууль, зарчимд үндэслэн зөв шийдвэр гаргахыг чармайдаг учраас хийх ёстой, ёсгүй гэж жагсаасан дүрэм журам түүнд хэрэггүй. Гаргасан шийдвэрээ биелүүлэхийн тулд сахилга баттай байдаг (1 Кор. 9:26, 27).

5. Төлөвшөөгүй дагалдагч хүн яаж болзошгүй вэ? (Эфэс 4:14, 15).

5 Нөгөөтээгүүр, төлөвшөөгүй дагалдагч «заль мэх, уран аргад» амархан автдаг бөгөөд тэрслэгчид, хуйвалдааны онолчдод итгэдэг (Эфэс 4:14, 15-ыг уншина). b Тэрбээр хар буруу санах, тэмцэлдэх, гомдох, хорхой хүргэм зүйлд уруу татагдах хандлагатай байж болох юм (1 Кор. 3:3).

6. Төлөвших явцыг ямар жишээгээр тайлбарлах вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Дээр дурдсанаар, Библид төлөвших явцыг хүүхэд өсөхтэй зүйрлэсэн байдаг. Хүүхдэд мэдэхгүй юм их учраас том хүн чиглүүлж, хамгаалах шаардлагатай. Жишээлбэл машины замаар хөндлөн гарахдаа ээж нь охиныхоо гараас хөтөлдөг. Хүүхэд нь арай том болоод өөрөө замаар гардаг болсон ч хоёр тийшээ сайн харж байхыг ээж нь захидаг. Харин том хүн болохлоороо иймэрхүү аюулаас сэрэмжилж чаддаг. Аюулаас сэргийлэхэд хүүхдэд том хүний тусламж хэрэгтэй байдаг шиг Бурхантай тогтоосон харьцаанд сэв суулгах аюулаас сэргийлж, зөв шийдвэр гаргахад хараахан төлөвшөөгүй хүнд төлөвшсөн нэгний тусламж хэрэгтэй. Харин төлөвшсөн дагалдагч шийдвэр гаргахдаа тухайн асуудлын талаарх Еховагийн үзэл бодлыг мэдэж авахын тулд Библийн зарчмыг эргэцүүлэн бодож, түүнийхээ дагуу үйлддэг.

Христийн төлөвшөөгүй дагалдагч Библийн зарчмыг хэрэгжүүлэн зөв шийдвэр гаргаж сурах хэрэгтэй (6-р догол мөрийг үзээрэй)


7. Христийн төлөвшсөн дагалдагчдад бусдын тусламж хэрэгтэй юү?

7 Тэгэхээр Христийн төлөвшсөн дагалдагчдад ямар ч тусламж хэрэггүй гэсэн үг үү? Үгүй ээ. Тэдэнд ч заримдаа тусламж хэрэгтэй. Төлөвшөөгүй хүн юу хийхээ хүнээр хэлүүлэх юм уу эсвэл өөрөө гаргах ёстой шийдвэрийг бусдаар гаргуулах гэдэг. Харин төлөвшсөн дагалдагч илүү туршлагатай, мэргэн ухаантай хүнээс заримдаа тусламж авдаг ч өөрөө шийдвэр гаргах ёстойгоо ойлгож, «ачаагаа үүрдэг» (Гал. 6:5).

8. Христийн төлөвшсөн дагалдагчид хоорондоо ямар ялгаатай вэ?

8 Том хүмүүс гадаад байдлаараа өөр өөр байдаг шиг төлөвшсөн дагалдагчид ч өөр өөр зан чанартай. Жишээлбэл зарим нь маш ухаантай, зарим нь маш зоригтой байдаг. Бас их өгөөмөр, их өрөвч сэтгэлтэй хүмүүс ч бий. Түүнээс гадна төлөвшсөн хоёр дагалдагч төстэй нөхцөлд Библийн зарчмын дагуу шийдвэр гаргах ч, тэр нь өөр өөр байж болох юм. Мөс чанараараа шийдэх асуудал дээр ч мөн адил. Үүнийг ойлгодог тэд өөр шийдвэр гаргалаа гэж нэг нэгнээ шүүмжилдэггүй. Харин ч эвтэй байхыг анхаардаг (Ром 14:10; 1 Кор. 1:10).

ХЭРХЭН ТӨЛӨВШИХ ВЭ?

9. Хичээл зүтгэл гаргахгүйгээр төлөвших үү? Тайлбарлана уу.

9 Хүүхэд өссөөр нэг мэдэхэд л том хүн болдог. Харин хэн ч хичээл зүтгэл гаргахгүйгээр хар аяндаа төлөвшихгүй. Жишээлбэл Коринтын ах дүүс сайн мэдээг сонсоод итгэн баптисм хүртэж, агуу хүч авч, мөн элч Паулын зааж сургаснаас ихийг мэдэж авсан (Үйлс 18:8–11). Гэхдээ баптисм хүртсэнээс нь хойш хэдэн жилийн дараа төлөвшөөгүй хүн тэдний дунд олон байсан (1 Кор. 3:2). Бид тэдэн шиг байхгүйн тулд яах вэ?

10. Төлөвшихийн тулд яах хэрэгтэй вэ? (Юуда 20).

10 Төлөвшихийн тулд юуны түрүүнд хүн өөрөө ийм хүсэлтэй байх учиртай. «Гэнэн мунхаг байдлаа хайрладаг» хүмүүс байснаараа л байхыг илүүд үздэг учраас хэзээ ч төлөвшихгүй (Сур. 1:22). Том болчихсон мөртлөө үүрэг хариуцлагаас зайлсхийж, эцэг эхээрээ шийдвэр гаргуулдаг хүмүүс шиг байхыг бид хүсэхгүй. Харин хариуцлагатай байж, өөрөө Еховатай улам дотно байхыг чармайна (Юуда 20-ийг уншина). Төлөвшихийг зорьж байгаа бол «хүсэл төрүүл[ж], хүч чадал хайрлахад» туслахыг гуйн Еховад залбирах хэрэгтэй (Флп. 2:13).

11. Ехова төлөвшихөд маань хэрхэн тусалдаг вэ? (Эфэс 4:11–13).

11 Ехова биднийг өөрийнхөө хүчээр л төлөвшөөрэй гээгүй. Харин «бүх талаараа Христ шиг төлөвшсөн, насанд хүрсэн хүн болоход» маань туслах зорилгоор хуралд хоньчин, багш нарыг бэлдэж өгсөн (Эфэс 4:11–13-ыг уншина). Ехова бас агуу хүчээ хайрлаж «бидний бодол Христийнхтэй адил» болоход тусалдаг (1 Кор. 2:14–16). Түүнчлэн Есүс дэлхий дээр байхдаа хэрхэн бодож, ярьж, үйлддэг байсныг бидэнд ойлгуулахын тулд Сайн мэдээний 4 номыг бичүүлсэн. Есүсийг дуурайж түүний адилаар бодож, үйлддэг бол төлөвших гэсэн зорилгоо биелүүлнэ.

БЭЛГЭДЛИЙН БОР ХООЛНЫ АЧ ТУС

12. «Христийн тухай үндсэн сургаалд» ямар ямар ойлголт багтдаг вэ?

12 Төлөвшихийн тулд эхлээд «Христийн тухай үндсэн сургаалыг» мэддэг байх нь зайлшгүй. Үүнд гэмших, итгэх, баптисм хүртэх, нас барагсад амилах зэрэг ойлголт орно (Евр. 6:1, 2). Эдгээр нь Христийн дагалдагч хүний итгэлийн үндэс юм. Тиймээс элч Петр Тавь дахь өдрийн баяраар хүмүүст дэлгэрүүлэхдээ энэ тухай ярьсан (Үйлс 2:32–35, 38). Христийн шавь болохын тулд үндсэн сургаалд бид бат итгэх учиртай. Жишээлбэл нас барсан хүн амилна гэдэгт итгэдэггүй хүн өөрийгөө Христийн жинхэнэ дагалдагч гэж хэлэх боломжгүйг Паул анхааруулсан (1 Кор. 15:12–14). Гэхдээ төлөвшье гэвэл үндсэн сургаалыг мэддэг байх нь хангалтгүй.

13. Еврей 5:14-т дурдсан бэлгэдлийн бор хоолноос ач тус хүртье гэвэл яах хэрэгтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Үндсэн сургаалаас ялгаатай нь, бэлгэдлийн бор хоолонд Еховагийн хууль тушаалаас гадна түүний үзэл бодлыг ойлгоход тус болох зарчмууд ордог. Бор хоолноос ач тус хүртье гэвэл Бурхны Үгийг судалж, эргэцүүлэн бодохоос гадна мэдсэнээ хэрэгжүүлэхийн тулд хичээх хэрэгтэй. Ингэдэг бол Еховад таалагдах шийдвэр гаргаж сурна (Еврей 5:14-ийг уншина). c

Бэлгэдлийн бор хоолны ачаар бид Еховад таалагдах шийдвэр гаргаж сурдаг (13-р догол мөрийг үзээрэй) d


14. Төлөвшихөд нь Паул коринтчуудад хэрхэн тусалсан бэ?

14 Шаардлагатай үед Библийн зарчмыг эргэцүүлэн бодож, хэрэгжүүлж чаддаггүй бол төлөвшөөгүйн шинж юм. Зарим хүн Библийн тодорхой хууль тушаал байхгүй үед юу хүссэнээ хийж болно гэж боддог байхад, өөр зарим нь огт хэрэггүй үед дүрэм журам шаарддаг. Жишээ нь Коринтын дагалдагчид шүтээнд өргөсөн юмыг идэж болох талаар Паулаас дүрэм заавар шаардсан бололтой. Паул юу хийх ёстойг хэлэхийн оронд хүн бүр мөс чанарынхаа дагуу «сонгох эрх чөлөөтэйг» хэлж өгсөн. Мөн мөс чанар нь цэвэр байхын зэрэгцээ бусдыг бүдрүүлэхгүй байх шийдвэр гаргахад тустай зарчмуудыг дурдсан (1 Кор. 8:4, 7–9). Ийнхүү хэн нэгнээр шийдвэр гаргуулах гэлгүй, дүрэм журам шаардалгүй, харин оюун ухаанаа байнга дайчлан Бурхантай улам дотносоход нь Паул коринтчуудад тусалсан.

15. Еврей дагалдагчдыг итгэлээр өсөхөд нь Паул хэрхэн тусалсан бэ?

15 Еврей дагалдагчдад бичсэн Паулын захидлаас бас нэг чухал зүйлийг мэдэж авна. Зарим нь итгэлийн хувьд өсөхөө больж, тэдэнд «[бэлгэдлийн] бор хоол бус, [дахин] сүү хэрэгтэй болжээ» (Евр. 5:12). Тэд цуглаанаар Еховагийн заадаг шинэ юмыг сурахгүй, хүлээж авахгүй болсон (Сур. 4:18). Жишээлбэл Христийн золиосонд үндэслэн Мосегийн хууль хүчингүй болоод 30 жил өнгөрсөн ч иудей олон дагалдагч энэ хуулийг сахихыг дэмжсээр байв (Ром 10:4; Тит 1:10). Хууль хүчингүй болсныг ойлгоход 30 жил хангалттай хугацаа биш гэж үү? Агуу хүчээр удирдуулан еврейчүүдэд бичсэн энэ захидлыг уншсан хэн ч бор хоолны тухай бичсэнийг ойлгохоор байсан. Христийн дагалдагчид шүтлэгийн шинэ арга хэмжээ нь илүү давуу гэдэгт итгэх итгэлээ батжуулж, иудейчүүдийн эсэргүүцлийг үл тоон цаашид ч эр зоригтой дэлгэрүүлэхэд нь энэ захидал яг цагаа олсон байв (Евр. 10:19–23).

ӨӨРТӨӨ ХЭТ ИТГЭЛТЭЙ БАЙХААС ЗАЙЛСХИЙ

16. Төлөвшсөн бол яах хэрэгтэй вэ?

16 Бид чадах бүхнээ хийгээд төлөвшсөн бол энэ хэвээрээ байхыг хичээх ёстой. Харин ингэхдээ өөртөө хэт итгэлтэй байхаас зайлсхийгээрэй (1 Кор. 10:12). Ахиц гаргасаар байхын тулд бид өөрсдийгөө «үргэлж шалгах» учиртай (2 Кор. 13:5).

17. Колосайчуудад бичсэн Паулын захидал төлөвшсөн хэвээр байх ёстойг хэрхэн онцолсон бэ?

17 Паул колосайчуудад бичсэн захидалдаа төлөвшсөн хэвээр байх ёстойг дахин онцолсон. Хэдийгээр тэд Христийн бат итгэлтэй дагалдагчид болсон байсан ч ертөнцийнхний үзэл бодолд автахаас болгоомжлохыг сануулсан (Кол. 2:6–10). Бас тэндхийн хурлынхныг сайн мэддэг Епафр «төлөвшиж ... эцэс хүрэг» гэсэндээ тэдний төлөө тогтмол залбирдаг байв (Кол. 4:12). Бид юу ойлгож авах вэ? Төлөвшсөн хэвээр байхын тулд Бурхны дэмжлэг хэрэгтэй ч, өөрсдийн хүчин чармайлт ч чухал гэдгийг Паул Епафр хоёрын хэн хэн нь ойлгож байсан. Ямар ч бэрхшээл тулгарсан колосайчуудыг төлөвшсөн дагалдагчид хэвээр байгаасай гэж тэд хүсжээ.

18. Христийн төлөвшсөн дагалдагч ч ямар аюулд унаж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

18 Төлөвшсөн байсан ч Бурхны сайшаалыг бүрмөсөн алдах аюултайг Паул Еврей дэх итгэл нэгтнүүддээ анхааруулжээ. Христийн дагалдагч хүний зүрх хатуурч гэмшиж ч чадахгүй, Бурхны өршөөлийг ч хүртэх боломжгүй болох нь бий. Еврей дагалдагчдын хувьд арай ч иймдээ хүрээгүй (Евр. 6:4–9). Харин өнөөдөр идэвхгүй болсон юм уу хурлаас хасагдаад хожим нь гэмшсэн хүмүүсийн тухай юу хэлэх вэ? Тэд Паулын бичсэн хүмүүсээс ялгаатай нь даруу байж гэмшсэн. Гэхдээ Еховагийн тусламжгүйгээр түүн рүү эргэж ирж чадахгүй нь ойлгомжтой (Езе. 34:15, 16). Тиймээс ахлагчид тэдэнд туслах зорилгоор туршлагатай Гэрчийг томилж болох юм.

Өөртэй нь дахин дотносоход Ехова шаардлагатай тусламж үзүүлдэг (18-р догол мөрийг үзээрэй)


19. Бид ямар зорилго тавих хэрэгтэй вэ?

19 Хэрэв та Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд зүтгэл гаргаж байгаа бол энэ зорилгоо биелүүлж чадна. Цаашдаа ч бэлгэдлийн бор хоолыг хүртэж, аль болох Ехова шиг бодож сэтгэдэг болохыг хичээгээрэй. Харин төлөвшсөн бол төлөвшсөн хэвээр байхын тулд чадах бүхнээ хийгээрэй.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Христийн төлөвшсөн дагалдагч болох гэдгийг юу гэж ойлгох вэ?

  • Хэрхэн төлөвших вэ?

  • Өөртөө хэт итгэлтэй байхаас яагаад зайлсхийх ёстой вэ?

ДУУ 45 Урагшаа тэмүүлцгээе!

a Хэдийгээр Еврей Сударт «төлөвшсөн», «төлөвшөөгүй» гэдэг үг байдаггүй ч ийм утга илэрхийлсэн үг байдаг. Жишээлбэл «Сургаалт үгс» номд залуу, туршлагагүй хүнийг мэргэн, ухаалаг хүнтэй харьцуулан бичжээ (Сур. 1:4, 5).

b jw.org сайт болон «JW Library®» дахь цуврал өгүүллийн «Янз бүрийн сэдвээр» гэдэг рүү ороод «Худал мэдээллээс болгоомжлоорой» өгүүллийг үзээрэй.

c Энэ дугаарт нийтэлсэн «Судалж болох сэдэв»-ийг үзээрэй.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу юу үзэхээ шийдэхдээ Бурхны Үгнээс мэдэж авсан зарчмаа хэрэгжүүлж байна.