Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 18

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

«Газар дэлхийн Шүүгч» өршөөнгүй гэдэгт итгээрэй!

«Газар дэлхийн Шүүгч» өршөөнгүй гэдэгт итгээрэй!

«Газар дэлхийн Шүүгч та зөвийг хийхгүй гэж үү?» (ЭХ. 18:25, ШЕ).

ГОЛ САНАА

Ехова шударга бус хүмүүсийг амилуулахдаа өршөөнгүй, шударга байх талаар бид улам сайн ойлгож авна.

1. Сэтгэл тайвшруулам ямар үнэнийг Ехова Абрахамд ойлгуулсан бэ?

 АБРАХАМ Еховатай ярилцсан тэр мөчийг хэзээ ч мартаагүй нь лавтай. Бурхан Содом, Гоморра хотуудыг устгах гэж байгаагаа тэнгэрийн элчээр хэлүүлэхэд Абрахамын санаа нь зовж ийн асуудаг. «Та гэмгүй хүнийг муу хүнтэй адилтган устгах юм гэж үү? ... Газар дэлхийн Шүүгч та зөвийг хийхгүй гэж үү?» Ехова шударга хүнийг хэзээ ч устгахгүй гэдгээ хайрт найздаа тэвчээртэйгээр ойлгуулсан. Энэ үнэн бидэнд ч ач тустай бөгөөд тайвшруулдаг (Эх. 18:23–33, ШЕ).

2. Ехова хүмүүсийг шударга, өршөөнгүй сэтгэлээр шүүнэ гэдэгт бид яагаад итгэдэг вэ?

2 Ехова хүмүүсийг шударга, өршөөнгүй сэтгэлээр шүүнэ гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? Яагаад гэвэл Ехова хүмүүсийн «зүрхийг ... хардаг» гэдгийг бид сайн мэддэг (1 Сам. 16:7). Бүр «хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэддэг» (Х.дээд 8:39; Ш.дээд 28:9). Үнэхээр гайхмаар! Еховагийн гаргасан шийдвэрүүдийг бүрэн дүүрэн ойлгох чадвар бидэнд байхгүй. Энэ талаар элч Паул агуу хүчээр удирдуулан «Түүний шийдвэрүүдийг бүрэн ухаарч ... чадахгүй» гэж бичжээ (Ром 11:33).

3, 4. Бидэнд ямар асуулт төрж болох вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ? (Ёохан 5:28, 29).

3 Гэхдээ Абрахамынх шиг асуулт бидэнд ч төрж болох юм. Жишээлбэл: «Содом, Гоморра хотынхон зэрэг Еховагийн устгасан хүмүүс ирээдүйд амилах уу? Тэдний зарим нь “амилах” “шударга бус” хүмүүсийн тоонд багтах уу?» (Үйлс 24:15).

4 Амилалтын тухай мэддэг зүйлээ давтъя. Нас барагсад амилсны дараа «мөнх амьдрах» юм уу «яллагдах» талаар бид сүүлийн үед илүү зөв ойлгодог болсон (Ёохан 5:28, 29-ийг уншина). a Үүнд үндэслээд өөр зарим зүйлийг ч илүү тодорхой ойлгодог болсныг энэ болон дараа дараагийн өгүүллээр үзнэ. Ехова шударга шүүдэг талаар бидний мэдэхгүй болон мэддэг зүйлийг эхлээд бодоцгооё.

БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛ

5. Содом, Гоморрад Еховагийн устгасан хүмүүсийн талаар манай ном хэвлэлд юу гэж тайлбарлаж байсан бэ?

5 Еховагийн устгасан муу хүмүүс яахыг өмнө нь манай ном хэвлэлд тайлбарлаж байсан. Тэнд Содом, Гоморра хотынхон зэрэг Еховагийн устгасан бүх хүн амилахгүй гэж бичжээ. Гэхдээ залбирч, судалгаа хийгээд үнэхээр баттай ингэж хэлж болох уу гэсэн асуулт гарч ирсэн.

6. Ехова хорон муу хүмүүсийг устгасан ямар ямар жишээ байдаг вэ? Бид юу мэдэхгүй вэ?

6 Дээрх асуулттай холбоотой хэдэн зүйлийг ярилцъя. Ехова хорон муу хүмүүсийг устгасан хэд хэдэн түүх Библид байдаг. Тэрбээр Ноагийн гэр бүлийнхнээс бусад бүх хүнийг үерээр устгасан. Бас Амласан газарт амьдарч байсан 7 үндэстнийг устгахыг ард түмэндээ тушаасан. Түүнчлэн Ассирийн 185 000 цэргийг тэнгэрийн элчээрээ нэг шөнийн дотор устгуулсан (Эх. 7:23; Д.хууль 7:1–3; Ис. 37:36, 37). Библид Ехова тэдгээр хүмүүсийг амилах найдваргүйгээр, бүрмөсөн устгасан гэж ойлгогдох тодорхой мэдээлэл бичсэн үү? Үгүй. Яагаад ингэж хэлж болох вэ?

7. Үерээр болон Канаан нутагт устгагдсан хүмүүсийн талаар бид юу мэдэхгүй вэ? (Зургийг үзээрэй).

7 Ехова дээрх хүмүүсийг нэг бүрчлэн шүүгээд ялласан эсэхийг бид мэдэхгүй. Мөн Еховагийн тухай мэдээд гэмших боломжтой байсан эсэхийг нь ч мэдэхгүй. Библид үерийн тухай бичихдээ Ноаг «шударга сайныг тунхагласан» гэжээ (2 Петр 2:5). Гэхдээ тэрбээр асар том авдар барьж байхдаа үерээр устгагдах аюулыг дэлхийн бүх хүнд дуулгахыг оролдсон талаар бичээгүй. Үүний адилаар, Канаан нутгийн үндэстнүүд Еховагийн тухай мэдээд амьдралаа өөрчлөх боломжтой байсан үгүйг ч мэдэхгүй.

Ноа гэр бүлийнхэнтэйгээ асар том авдар барьж байна. Тэд үер буухаас өмнө дэлхийн бүх хүнд зохион байгуулалттай дэлгэрүүлсэн эсэхийг Библид бичээгүй (7-р догол мөрийг үзээрэй)


8. Содом, Гоморрагийн оршин суугчдын тухай бид юу мэдэхгүй вэ?

8 Содом, Гоморрагийн оршин суугчдын тухай юу хэлэх вэ? Тэдний дунд шударга сайн хүн Лот амьдардаг байсан. Гэхдээ тэндхийн бүх хүнд дэлгэрүүлснийг бид мэдэх үү? Үгүй. Тэд бузар муу байсан нь тодорхой. Харин хүн бүр юу нь зөв, юу нь бурууг мэддэг мөртлөө хорон мууг үйлддэг байсан уу? Лотынд ирсэн зочдыг хүчирхийлэх гэсэн олны дунд «хүүхэд хөгшид» байсныг Библид бичжээ (Эх. 19:4, ШЕ; 2 Петр 2:7). Өршөөнгүй Бурхан Ехова тэдний хүн нэг бүрийг амилах найдваргүйгээр устгасан гэж бид баараггүй хэлж чадах уу? Ехова тэр хотод гэм зэмгүй хүн 10 ч хүрэхгүйг Абрахамд хэлсэн (Эх. 18:32). Тэгэхээр Ехова тэднийг бузар муу үйлдлийнх нь дагуу устгасан нь шударга юм. Гэхдээ амилах «шударга бус» хүмүүсийн тоонд тэдний хэн нь ч орохгүй гэж бид баттай хэлж чадах уу? Үгүй ээ, чадахгүй!

9. Бид Соломоны тухай юу мэдэхгүй вэ?

9 Нөгөөтээгүүр, зөв юм хийдэг байсан ч хожим нь больсон хүмүүсийн тухай бас Библид гардаг. Жишээ нь Соломон хаан Еховаг болон түүнийг хэрхэн шүтэх ёстойг сайн мэддэг байсан. Ехова ч их ивээсэн. Гэхдээ хожим нь Соломон хуурамч бурхдыг шүтдэг болсон. Энэ нь Еховаг хилэгнүүлж олон зууны туршид үргэлжлэх муу үр дагаварт хүргэсэн. Сударт түүнийг Давид хаан зэрэг үнэнч «эцэг өвгөдийн[хөө] хамт нойрссон» гэжээ (Х.дээд 11:5–9, 43; Х.дэд 23:13). Ингэж бичсэн нь түүнийг амилна гэдгийг баталж байгаа юу? Үгүй. Библид тэгж хэлээгүй. «Үхсэн хүн нүглээсээ чөлөөлөгддөг» шүү дээ гэж зарим хүн бодож болох юм (Ром 6:7). Энэ үг үнэн хэдий ч хүн нас барсан л бол дахин амьдрах эрхтэй болно, ирээдүйд амилна гэсэн үг огт биш. Амилалт бол хайр халамжтай Бурхны маань бэлэг. Тэрбээр хүссэн хүндээ үүнийг бэлэглэж, өөрт нь үүрд үйлчлэх боломж олгоно (Иов 14:13, 14; Ёох. 6:44). Соломон ийм бэлэг авах уу? Энэ асуултын хариуг бид мэдэхгүй, зөвхөн Ехова л мэднэ. Харин бид Ехова зөв юм хийнэ гэдгийг мэддэг.

БИДНИЙ МЭДДЭГ ЗҮЙЛ

10. Хүмүүсийг шүүхэд Еховад ямар санагддаг вэ? (Езекиел 33:11). (Бас зургийг үзээрэй).

10 Езекиел 33:11-ийг уншина. Ехова хүмүүсийг шүүхэд ямар санагддагаа хэлж өгсөн. Зөнч Езекиелийн бичсэнтэй төстэй санааг элч Петр агуу хүчээр удирдуулан «Ехова ... хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй» хэмээн бичсэн (2 Петр 3:9). Энэ үг биднийг тайвшруулдаг. Учир нь ноцтой шалтгаан байхгүй л бол Ехова хэнийг ч бүрмөсөн устгахгүйг бид мэддэг. Тэрбээр туйлын өршөөнгүй тул боломжтой л бол уучилж өршөөдөг.

Шударга бус хүмүүсийг амилуулах цагт янз янзын хүнд Еховагийн тухай мэдэх боломж олдоно (10-р догол мөрийг үзээрэй)


11. Хэн амилахгүй вэ? Үүнийг бид хэрхэн мэддэг вэ?

11 Бид хэн хэн амилахгүйг мэддэг вэ? Библид хэдхэн жишээ байдаг. b Искариот Юудас амилахгүй гэж Есүс хэлсэн (Марк 14:21; Ёох. 17:12). c Юудас санаатайгаар Ехова Бурхан болон Хүүгээс нь урвасан (Марк 3:29; бас «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 7-р сарын 1-ний дугаарын 12-р хуудсыг үзээрэй). Мөн Есүс өөрийг нь эсэргүүцдэг байсан шашны зарим удирдагчийг амилах найдваргүйгээр үхнэ гэсэн (Мат. 23:33). Түүнчлэн гэмшээгүй тэрслэгчид амилахгүйг элч Паул анхааруулсан (Евр. 6:4–8; 10:29).

12. Еховагийн өршөөлийн талаар бид юу мэддэг вэ? Жишээ хэлнэ үү.

12 Харин дээр дурдсанаар Ехова өршөөнгүй бөгөөд «хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй». Тэрбээр ноцтой нүгэл үйлдсэн зарим хүнд хэрхэн өршөөл үзүүлсэн бэ? Давид хаан завхайрах, хүн алах зэрэг ноцтой нүгэл үйлдсэн. Гэхдээ гэмшсэн учраас Ехова түүнийг өршөөн уучилжээ (2 Сам. 12:1–13). Манассе хаан бараг бүхий л амьдралынхаа турш бузар муу юм хийсэн. Хэдий тийм ч чин сэтгэлээсээ гэмшсэн түүнийг Ехова хараад өршөөх үндэстэй гэж үзжээ (Ш.дэд 33:9–16). Эдгээр жишээ нь уучлах үндэс л байвал Ехова өршөөл үзүүлдгийг бидэнд сануулдаг. Ноцтой нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшсэн тэднийг Ехова амилуулна.

13. а) Ехова ниневечүүдийг яагаад өршөөсөн бэ? б) Хожим нь Есүс тэдний талаар юу хэлсэн бэ?

13 Ехова ниневечүүдийг өршөөснийг бас бид мэддэг. Тэрбээр Ионад «Тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ» гэсэн. Гэхдээ тэднийг гэмшихэд сайхан сэтгэлээр уучилдаг. Иона Ехова шиг өршөөнгүй байгаагүй. Ехова ниневечүүдийг «баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүйг» уурласан зөнчдөө сануулахад хүрсэн (Иона 1:1, 2; 3:10; 4:9–11). Хожим нь Есүс энэ жишээг татаж Ехова бол шударга, өршөөнгүй Бурхан гэдгийг заасан. Тэгээд гэмшсэн ниневечүүд «шүүх өдөр болоход ... амилна» гэж хэлсэн (Мат. 12:41).

14. Ниневечүүд амилсныхаа дараа хэрхэн шүүгдэх вэ?

14 «Шүүх өдөр болоход Ниневегийн хүмүүс ... амилна» гэсэн нь ямар үеийг хэлсэн вэ? Ирээдүйд хүмүүс амилсны дараа «яллагдах» буюу шүүгдэнэ гэж Есүс хэлсэн (Ёох. 5:29). Энэ нь «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилах» Мянган жилийн засаглалынх нь үе юм (Үйлс 24:15). Шударга бус хүмүүс амилсныхаа дараа «яллагдах» буюу шүүгдэнэ. Өөрөөр хэлбэл тэд заалгаснаа хэрхэн хүлээн авч, дуулгавартай байх эсэхийг нь Ехова Есүс хоёр ажиглан харна гэсэн үг. Хэрэв ниневечүүд амилсныхаа дараа цэвэр шүтлэгт нэгдэхээс татгалзвал Ехова тэднийг амьд үлдээхгүй (Ис. 65:20). Харин өөрт нь үнэнч үйлчлэхээр шийдвэл мөнх амьдрах боломж олгоно! (Дан. 12:2).

15. а) Содом, Гоморрагийн хүмүүсээс хэн нь ч амилахгүй гэж яагаад дүгнэж болохгүй вэ? б) Иуда 7-д бичсэн үгийг бид юу гэж ойлгох вэ? ( «Иудагийн бичсэн үг ямар утгатай вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

15 Есүс өөрийг нь болон сургаалыг нь хүлээж аваагүй хүмүүсийг «Шүүх өдөр» болоход Содом, Гоморрагийн хүмүүсээс илүү хатуу шийтгэнэ гэжээ (Мат. 10:14, 15; 11:23, 24; Лук 10:12). Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс хэтрүүлж ярилаа гэж бодогдож болох юм. Гэхдээ тэгээгүй. Тэрбээр ниневечүүдийг амилна гэсэн нь шууд утгаар хэлснийг санаарай. Содом, Гоморрагийн хүмүүсийн тухайд ч мөн адил. Энэ хоёр тохиолдлын аль алинд нь нэг л «Шүүх өдрийг» хэлжээ. Содом, Гоморрагийн хүмүүс ниневечүүдтэй адил мууг үйлддэг байсан. Харин ниневечүүдэд гэмших боломж олдсон. Түүнээс гадна Есүс «хорон мууг үйлддэг» байсан хүмүүс ч амилаад шүүгдэхийг хэлсэн шүү дээ (Ёох. 5:29). Тэгэхээр Содом, Гоморрагийн хүмүүст найдвар байгаа бололтой. Тэдний ядаж зарим нь амиллаа гэхэд Ехова болон Есүс Христийн тухай заах боломж бидэнд олдож болох юм.

16. Ехова хэнийг амилуулахаа шийдэх талаар бид юу мэддэг вэ? (Иеремиа 17:10).

16 Иеремиа 17:10-ыг уншина. Энэ зүйлд Ехова «зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг» гэсэн нь түүний шүүлтийн талаар бидний мэддэгийг дүгнэсэн гэлтэй. Тэрбээр ямагт, тэр дундаа хэнийг амилуулахаа шийдэхдээ ч «хүн бүрд замуудынх нь дагуу өгнө». Ехова шаардлагатай бол тууштай байдаг ч, боломжтой л бол өршөөнгүй ханддаг. Тиймээс Библид тодорхой бичээгүй тохиолдолд хэн нэгнийг амилах найдваргүй гэж дүгнэх учиргүй!

«ГАЗАР ДЭЛХИЙН ШҮҮГЧ ... ЗӨВИЙГ ХИЙНЭ»

17. Нас барсан хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

17 Адам Ева хоёр Сатантай нэгдэж Ехова Бурханд тэрсэлснээс хойш олон тэрбум хүн нас барсан. Үхэл хэмээх «дайсан» үнэхээр олон хүний амийг авч одсон! (1 Кор. 15:26). Тэднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ? Христийн 144 000 үнэнч дагалдагч л тэнгэрт амилж үхэшгүй болно (Илч. 14:1). «Шударга» хүмүүс буюу Еховаг хайрладаг маш олон эрэгтэй, эмэгтэй дэлхий дээрээ амилж, Христийн Мянган жилийн засаглал болон эцсийн сорилтын үед үнэнч хэвээр байвал мөнхөд амьдарна (Дан. 12:13; Евр. 12:1). Үүний зэрэгцээ Еховад огт үйлчилж байгаагүй, эсвэл бүр хорон мууг үйлддэг байсан «шударга бус» хүмүүст амьдралаа өөрчилж Еховад үнэнчээр үйлчлэх боломж олдоно (Лук 23:42, 43). Гэхдээ зарим хүн Ехова болон санаа зорилгыг нь эсэргүүцэхээр бат шийдэж хорон муу гэдгээ баталсан тул ирээдүйд тэднийг амилуулахгүй (Лук 12:4, 5).

18, 19. а) Ехова нас барсан хүмүүсийг шударгаар шүүнэ гэдэгт бид яагаад итгэж болох вэ? (Исаиа 55:8, 9). б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Ехова хүмүүсийг үргэлж шударгаар шүүдэгт бүрэн итгэж болох уу? Мэдээж! Абрахамын сайн мэддэг байснаар «газар дэлхийн Шүүгч» Ехова бол төгс, мэргэн ухаантай, өршөөнгүй. Тэрбээр Хүүгээ сургаж, бүгдийг шүүх үүрэг өгсөн (Ёох. 5:22). Эцэг Хүү хоёр хоёулаа хүний зүрхийг харж чаддаг (Мат. 9:4). Тэд үргэлж «зөвийг хийнэ!»

19 Ехова бүхнийг хамгийн сайн мэддэг гэдэгт бат итгэлтэй байцгаая. Бид шүүх эрхгүй, харин Ехова эрхтэй! (Исаиа 55:8, 9-ийг уншина). Тиймээс бид шүүх бүх асуудлыг Ехова болон Хүүд нь эргэлзэлгүй даатгадаг. Хүү нь шударга, өршөөнгүй Эцгээ төгс дуурайдаг Хаан билээ (Ис. 11:3, 4). Тэгвэл Бурхан агуу их гамшгийн үед хүмүүсийг хэрхэн шүүх вэ? Энэ талаар бид юу мэдэхгүй, юу мэддэг вэ? Дараагийн өгүүлэл эдгээр асуултад хариулна.

ДУУ 142 Бүх хүнд дэлгэрүүлцгээе

c Ёохан 17:12-т «сүйрлийн хүү» гэж бичсэн нь Юудас амилах найдваргүйгээр бүрмөсөн устгагдахыг хэлсэн.