СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 25
ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал
Ехова бол «амьд Бурхан» гэдгийг мартахгүй байя
«[Ехова] амьд» (ДУУ. 18:46).
ГОЛ САНАА
Шүтдэг Бурхан маань «амьд» гэдгийг санаж явах нь их ач тустай.
1. Хэрхэн бэрхшээлийг үл тоон Еховад тасралтгүй үйлчлэх вэ?
БИБЛИД бидний амьдарч буй цаг үеийг «илүү хэцүү цаг» гэсэн (2 Тим. 3:1). Сатаны захирдаг энэ ертөнцөд бэрхшээлгүй амьдардаг хүн гэж байхгүй. Түүнчлэн Еховад үйлчилдгээс болж биднийг эсэргүүцэж, хавчдаг. Бид хэрхэн бэрхшээлийг үл тоон Еховад тасралтгүй үйлчлэх вэ? Гол нь Ехова бол «амьд Бурхан» гэдгийг санадаг байх нь тустай (Иер. 10:10; 2 Тим. 1:12).
2. Еховаг амьд Бурхан гэж яагаад хэлэх вэ?
2 Ехова бол бидэнд сорилт тулгарах бүрд хардаг, туслахыг үргэлж хүсдэг бодитой Нэгэн билээ (Ш.дэд 16:9; Дуу. 23:4). Ийнхүү түүнийг амьд Бурхан гэж үзэх нь ямар ч сорилтыг тэвчихэд тустай. Давид хааны жишээг бодоцгооё.
3. Давид «[Ехова] амьд» гэж яагаад хэлсэн бэ?
3 Давид Еховаг мэддэг, түүнд найддаг байсан. Саул хаан зэрэг дайснуудаас зугтаж явахдаа тусламж гуйн Еховад залбирсан (Дуу. 18:6). Бурхан залбирлыг нь сонсож, өөрийг нь аврахад Давид: «[Ехова] амьд» гэж хэлдэг (Дуу. 18:46). Энэ үгээрээ Бурхан оршин байдгийг л хэлсэн юм биш. Нэгэн бүтээлд тэмдэглэснээр, тэрбээр Еховаг «ард түмэндээ үргэлж тусалдаг амьд бурхан» гэдэгт итгэдгээ илэрхийлсэн. Тийм ээ, Давид амьдралын туршлагаасаа Бурхан бол амьд гэдгийг мэдэрсэн бөгөөд үүнийхээ ачаар Еховад үйлчилж, түүнийг алдаршуулсаар байжээ (Дуу. 18:28, 29, 49).
4. Ехова бол амьд Бурхан гэдэгт итгэх нь ямар ач тустай вэ?
4 Ехова бол амьд Бурхан гэдэгт итгэдэг хүн идэвх зүтгэлтэй үйлчилнэ. Сорилтыг тэвчих хүчтэй болж, Бурхандаа хичээнгүй үйлчлээд л байхыг хүснэ. Бас түүнтэй үргэлж дотно байхаар бат шийддэг.
АМЬД БУРХАН ТАНЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛНЭ
5. Бид сорилтыг давна гэдэгтээ яагаад итгэдэг вэ? (Филиппой 4:13).
5 Ехова амьд гэдгийг, бас бидэнд үргэлж тусалдгийг санавал том, жижиг аливаа сорилтыг тэвчиж чадна. Бидэнд тулгардаг ямар ч бэрхшээл Төгс хүчит Бурхны маань хувьд ялихгүй зүйл юм. Тэрбээр тэвчих хүч өгдөг учраас сорилтыг давна гэдэгтээ бид итгэдэг (Филиппой 4:13-ыг уншина). Жижиг сорилт тулгарах үед Еховагийн тусламжийг мэдэрвэл том сорилт тулгарахад ч тусална гэдэгт нь итгэлтэй байна.
6. Хүүхэд байхад нь Давидын итгэлийг батжуулсан ямар явдал болсон бэ?
6 Давидын итгэлийг батжуулсан 2 явдлыг ярилцъя. Хүүхэд байхдаа тэрбээр эцгийнхээ хонийг хариулдаг байв. Нэг удаа арслан, бас өөр үед баавгай сүргээс нь хонь авч явахад зоригтойгоор араас нь хөөн очиж хонио аварсан. Гэхдээ өөрийнхөө хүчээр арслан, баавгайг ялсан гэж бодоогүй, харин Ехова тусалсныг мэдэж байв (1 Сам. 17:34–37). Давид эдгээр явдлыг хэзээ ч мартаагүй. Байнга боддог байсан учир амьд Бурхан цаашид ч өөрийг нь хүчирхэгжүүлнэ гэдэгт бат итгэдэг болсон.
7. Давид юуг анхаарсан бэ? Энэ нь Голиаттай тулалдахад тус болсон гэхийн учир вэ?
7 Хожим нь өсвөр настай Давид Израйлын цэргийн хуаранд очдог. Тэгээд Голиат гэдэг нэртэй аварга биет филист хүн «Израилийн хуаранг доромжлоход» цэргүүд айн хулчийж байгааг харжээ (1 Сам. 17:10, 11). Цэргүүд Голиатын аварга биеийг нь, өөрсдийг нь доромжилж буй үгсийг нь анхаарсан учраас айсан (1 Сам. 17:24, 25). Харин Давид өөр юмыг анхаарч байв. Голиат зөвхөн Израйлын эрчүүдийг биш, «амьд Бурханы цэргийг» доромжилж байна гэж үзсэн (1 Сам. 17:26). Давидын хувьд Ехова л хамгийн чухал байв. Хонь хариулж явахад нь тусалсан Бурхан энэ удаад ч бас тусална гэдэгт итгэн Голиаттай тулалдаад ялсан! (1 Сам. 17:45–51).
8. Сорилтын үед яавал итгэл батжих вэ? (Бас зургийг үзээрэй).
8 Амьд Бурхан маань туслахад бэлэн байдгийг санадаг бол бид ч сорилтыг ажрахгүй давна (Дуу. 118:6). Итгэлээ батжуулахын тулд Ехова урьд өмнө нь юу хийснийг эргэцүүлэн бодох нь тустай. Үйлчлэгчдээ хэрхэн аварч байсныг Библиэс уншаарай (Ис. 37:17, 33–37). Мөн орчин үед ч ах дүүст маань хэрхэн тусалдгийг jw.org сайтаас үзээрэй. Түүнчлэн таны төлөө юу хийснийг нь санаарай. Арслан юм уу баавгайтай тулалдах мэт онцгой явдал танд тохиолдоогүй ч санаа зовох хэрэггүй. Яагаад? Ехова таны төлөө олон юм хийсэн шүү дээ! Таныг өөртөө татаж найзаа болгосон (Ёох. 6:44). Одоог хүртэл үнэний зам дээр байгаа тань түүний л ач. Залбиралд тань хэрхэн хариулсныг, хэрэгтэй цагт хэрхэн тусалсныг, хүнд бэрх үеийг давахад хэрхэн дэмжсэнийг нь сануулж өгөхийг түүнээс гуйж болохгүй нь юу билээ? Эдгээрийг эргэцүүлэн бодвол Ехова цаашдаа ч танд тусална гэсэн итгэл батажна.
9. Бид сорилтыг юу гэж үзэх вэ? (Сургаалт үгс 27:11).
9 Ехова амьд Нэгэн гэдгийг санаж явдаг хүн сорилт тулгарахад зөв үзэлтэй байна. Өөрөөр хэлбэл тулгарч буй сорилтоо Ехова Сатан хоёрын хооронд гарсан том асуудлын нэг хэсэг гэж үзнэ. Биднийг зовохоороо Еховаг орхино гэж Диавол гүтгэдэг (Иов 1:10, 11; Сургаалт үгс 27:11-ийг уншина). Тэгэхээр бид үнэнч байвал Еховад хайртайгаа харуулж, Диаволын худалчийг батална. Засгийн газар эсэргүүцэх, мөнгө төгрөгөөр гачигдах, дэлгэрүүлэхэд хүмүүс муугаар хандах зэрэг сорилт танд тулгарч байна уу? Ийм үед Еховагийн зүрхийг баярлуулах боломжтойг санаарай. Мөн хэрээс тань хэтэрсэн сорилт тулгарахыг тэрбээр зөвшөөрөхгүйг ч бүү мартаарай (1 Кор. 10:13). Бүр сорилтыг тэвчих хүч өгнө.
АМЬД БУРХАН ТАНЫГ ШАГНАНА
10. Амьд Бурхан үйлчлэгчдээ хэрхэн шагнах вэ?
10 Ехова үйлчлэгчдээ шагнадаг (Евр. 11:6). Биднийг одоо амар тайван, сэтгэл хангалуун байлгаж, ирээдүйд мөнх амьдруулна. Тэрбээр шагнах хүсэлтэй, хүч чадалтай гэдэгт бид итгэдэг. Тиймээс эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар чадах бүхнээ хийн түүнд үйлчилдэг. I зуунд амьдарч байсан Тимот тэдгээр үйлчлэгчийн нэг юм (Евр. 6:10–12).
11. Тимот яагаад хуралдаа хичээл зүтгэлтэй үйлчилдэг байсан бэ? (1 Тимот 4:10).
11 1 Тимот 4:10-ыг уншина. Тимот амьд Бурханд итгэж найддаг байв. Тиймээс өөрийгөө дайчлан хичээл зүтгэлтэй үйлчилсэн. Чухам яаж? Дэлгэрүүлэх ажилдаа ч, хуралдаа ч илүү чадварлаг заадаг болохыг элч Паул зөвлөсөн. Мөн хөгшин, залуу гэлтгүй итгэл нэгтнүүддээ сайн үлгэр дуурайл болох ёстой байлаа. Түүнчлэн зарим хүнд шулуухан ч хайрын сэтгэлээр зөвлөгөө өгөх зэрэг амаргүй даалгавар авсан (1 Тим. 4:11–16; 2 Тим. 4:1–5). Хийсэн ажлыг нь заримдаа хүмүүс анзаараагүй юм уу үнэлээгүй ч Ехова өөрийг нь шагнана гэдэгт Тимот итгэдэг байв (Ром 2:6, 7).
12. Ахлагчид яагаад хичээл зүтгэлтэй ажилладаг вэ? (Бас зургийг үзээрэй).
12 Өнөөдөр ч ахлагчид хийсэн ажлыг нь Ехова хардаг, үнэлдэг гэдэгт итгэлтэй байж болно. Сүргийг хариулах, заах, дэлгэрүүлэхээс гадна олон ахлагч барилгын юм уу гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажилд оролцдог. Өвчтөнд туслах бүлэг болон Эмнэлэгтэй хамтран ажиллах хороонд үйлчилдэг ахлагчид ч бий. Эдгээр ажил хийдэг тэд хурал бол хүний бус, Еховагийн зохиосон арга хэмжээ гэдгийг мэддэг. Тиймээс хуралд хичээл зүтгэл гарган үйлчилж, хийсэн ажлынх нь төлөө Бурхан шагнана гэдэгт бүрэн итгэлтэй байдаг (Кол. 3:23, 24).
13. Биднийг өөрийнх нь төлөө хүчин чармайлт гаргахад Еховад ямар санагддаг вэ?
13 Хүн болгон ахлагч болдоггүй. Гэхдээ бид бүгдэд Еховад өгөх юм бий. Өөрт нь үйлчлэхийн төлөө чадах бүхнээ хийвэл Бурхан маань өндөр үнэлнэ. Дэлхий дахины үйл хэргийг дэмжиж хандив өргөхөд, хэчнээн бага байсан ч тэрбээр анзаардаг. Цуглаан дээр ичимхий зангаа ялж гараа өргөн хариулахад юм уу гомдлоо хадгалалгүй бусдыгаа уучлахад баярладаг. Хийж буй зүйл тань өчүүхэн мэт санагдсан ч Ехова үнэлдэг гэдэгт итгээрэй. Тэрбээр таныг хайрладаг, бас шагнана (Лук 21:1–4).
АМЬД БУРХАНТАЙ ҮРГЭЛЖ ДОТНО БАЙГААРАЙ
14. Еховатай дотно бол үнэнч байна гэхийн учир юу вэ? (Бас зургийг үзээрэй).
14 Үнэнч байхын тулд Еховатай дотно харьцаатай байх нь чухал. Энэ нь Иосефын жишээнээс харагддаг. Тэрбээр Еховаг амьд Бурхан гэдэгт итгэдэг, түүнд таалагдахгүй юм хийхийг хүсээгүй тул эрс шийдэмгий байж, садар самуун явдалд орооцолдоогүй (Эх. 39:9). Бид Еховатай дотно байхын тулд залбирах, Үгийг нь судлах цаг гаргах хэрэгтэй. Ингэдэг бол түүнтэй тогтоосон харьцаа маань улам батажна. Иосефын адилаар бид Бурхантай дотно бол түүнийг гомдоох юу ч хийхгүй (Яак. 4:8).
15. Цөлд байсан израйлчуудаас бид ямар сургамж авах вэ? (Еврей 3:12).
15 Еховаг амьд Бурхан гэдгийг мартвал түүнээс амархан хөндийрнө. Цөлд байсан израйлчуудад юу тохиолдсоныг бодъё. Тэд Ехова байдгийг мэддэг ч өөрсдөд нь санаа тавьдагт эргэлзэж эхэлсэн. Тэгээд бүр «Ехова бидэнтэй хамт байна уу, үгүй юү?» гэж асуухад хүрсэн (Ег. 17:2, 7, ШЕ). Эцэст нь тэрсэлжээ. Энэ нь бидэнд сануулга болдог бөгөөд тэдэн шиг дуулгаваргүй байхыг бид огт хүсэхгүй (Еврей 3:12-ыг уншина).
16. Юунаас болж итгэл маань соригдож болох вэ?
16 Энэ ертөнцийнхний нөлөөнөөс болж Еховатай дотно байхад заримдаа амаргүй байдаг. Олон хүн Бурхан байдгийг үгүйсгэдэг. Мөн Бурхны шаардлагыг үл тоомсорлодог хүмүүс голдуу амжилттай яваа юм шиг санагддаг. Тэднийг харахаар итгэл маань соригддог. Хэдийгээр бид Бурхан байдгийг үгүйсгэхгүй ч тусалдагт нь эргэлздэг болж болох юм. 73-р дууллыг бичигч бас ингэж бодсон удаатай. Эргэн тойронд нь Бурхны хуулийг үл тоомсорлодог хүмүүс сайхан амьдарч байгааг анзаарчээ. Тэгээд Бурханд үйлчлэх шаардлага байна уу, үгүй юү гэж бодоход хүрсэн (Дуу. 73:11–13).
17. Еховатай үргэлж дотно байхын тулд яах хэрэгтэй вэ?
17 Дуулалч хэрхэн зөв үзэлтэй болсон бэ? Еховаг мартсан хүмүүст юу тохиолдохыг эргэцүүлсэн (Дуу. 73:18, 19, 27). Мөн Еховад үйлчилдэг хүн ямар ивээл хүртдэгийг бодсон (Дуу. 73:24). Бид ч хүртсэн олон ивээлээ эргэцүүлэн бодох нь зүйтэй. Еховад үйлчилдэггүй байсан бол амьдрал тань ямар байх байсныг бодоод харьцуулаарай. Ингэдэг бол Еховад үнэнч байж, дуулалчийн адилаар «Бурханд ойр байх нь надад сайн» гэж хэлнэ (Дуу. 73:28).
18. Ирээдүйн бэрхшээлээс яагаад айх хэрэггүй вэ?
18 «Амьд бөгөөд жинхэнэ Бурханд» үйлчилдэг бидэнд эцсийн энэ өдрүүдэд янз бүрийн бэрхшээл учирна (1 Тес. 1:9). Бурхан маань үйлчлэгчдэдээ санаа тавьж, үргэлж тусалдаг. Тэрбээр үйлчлэгчидтэйгээ өнгөрсөн хугацаанд ч хамт байсан, өнөөдөр ч хамт. Удахгүй урьд хожид болж байгаагүй агуу их гамшиг болно. Гэхдээ та ганцаараа биш. Ехова бид бүгдтэй хамт байна (Ис. 41:10). Та «зоригтой байж, “Ехова бол миний туслагч. Би айхгүй”» гэж хэлэх болтугай (Евр. 13:5, 6).
ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл