Уншигчдын асуулт
Дуулал 12:7-д бичсэн үгийг хэрхэн ойлгох вэ? Ехова «сул дорой» хүмүүсийг (5-р зүйл) хамгаалах уу, эсвэл «үгээ» (6-р зүйл) хамгаалах уу?
Библийн дээрх зүйл зарим орчуулгад Бурхан үгээ хамгаална гэж ойлгогдохоор байдаг. Харин хам сэдвээс нь үзвэл сул дорой хүмүүсийг хамгаалахыг хэлжээ.
Дуулал 12:1–4-т «Итгэлтэй нэгэн хүний хөвгүүдийн дундаас үгүй болж» байгааг бичсэн. Одоо дээрх асуулттай холбоотой Дуулал 12:5–7-г ярилцъя.
«ЭЗЭН “Сул доройн дарлагдал,
Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож,
Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.
Шавар зууханд тунгаагдаж,
Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт
ЭЗЭНий үг бол цэвэр юм.
ЭЗЭН, Та тэднийг хамгаална.
Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална».
5-р зүйлд Бурхан «сул дорой» хүмүүсийг аврахаа хэлжээ.
Цааш нь 6-р зүйлд «цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм» гэжээ. Христийн дагалдагчийн хувьд бид энэ үгтэй санал нийлдэг (Дуу. 18:30; 119:140).
Одоо 7-р зүйлд «ЭЗЭН, Та тэднийг хамгаална. Та эдүгээ үеийнхнээс мөнхөд хүртэл тэднийг хадгална» гэснийг ярилцъя. Энд «тэднийг» гэж орчуулсан еврей хэлний заах төлөөний үгээр хүмүүсийг ч, Бурхны үгийг ч хэлж болдог. Тэгвэл алийг нь хамгаална гэж орчуулах нь зөв юм бол?
6-р зүйлд «ЭЗЭНий үг» гэсний дараа 7-р зүйл үргэлжилж байгаа учраас зарим хүн Бурхны Үг гэж дүгнэж болох юм. Бас Библийг түгээхэд хориг тавьж, бүр устгах гэсэн эсэргүүцэгчдээс Бурхан хамгаалж ирснийг бид мэддэг (Ис. 40:8; 1 Петр 1:25).
Гэхдээ 5-р зүйлд бичсэн зүйл бас үнэн. Ехова «сул дорой», «дарлагдсан» хүмүүст тусалж, тэднийг аварсаар ирсэн, цаашдаа ч тэгнэ (Иов 36:15; Дуу. 6:4; 31:1, 2; 54:7; 145:20).
Тэгэхээр 7-р зүйлд байгаа «тэд» гэдэг нь яг аль нь вэ?
Энэ дууллыг бүхэлд нь үзвэл хүмүүсийг хэлснийг мэдэж авна.
Дуулал 12:1-т хууртагдсан байж болох «итгэлтэй нэгний» тухай гардаг. Цааш нь үзвэл хэл яриагаа буруу ашигладаг хүмүүстэй Ехова хариуцлага тооцохыг бичсэн. Еховагийн үг цэвэр учир тэрбээр ард түмнийхээ төлөө ямар нэг юм хийнэ гэдэгт итгэж болохыг энэ дуулал баталдаг.
Тиймээс 7-р зүйлд Ехова «тэднийг» буюу хорон муу хүмүүсээс болж хохирсон сул дорой хүмүүсийг хамгаалахыг хэлсэн.
«Тэднийг» гэж орчуулсан нь еврей хэлний Масорет бичвэрт үндэслэсэн юм. Грек «Септуагинт»-д энэ үгийг «биднийг» гэж орчуулсан нь сул дорой, дарлагдсан итгэлтэй хүмүүсийг хэлж байгааг харуулдаг. Эцэст нь, Бурхан итгэлтэй хүмүүсийг «эдүгээ үеийнхэн» буюу «олиггүй этгээдүүдээс» хамгаалахыг бичжээ (Дуу. 12:7, 8). Арамей Таргумд «ЭЗЭН, Та зөвт хүмүүсийг хамгаална, хорон муу үеийнхнээс тэднийг мөнхөд хамгаална» гэж орчуулсан байдаг. Энэ нь Дуулал 12:7-д Бурхны үгийг хэлээгүйн бас нэг баталгаа юм.
Тиймээс энэ зүйлд Бурхан «итгэлтэй нэгнээ» хамгаалахыг хэлсэн.