СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 27
ДУУ 137 Зоригтой байхад туслаач
Задок шиг зоригтой бай
«Эрэлхэг дайчин залуу Задок» (Ш.ДЭЭД 12:28).
ГОЛ САНАА
Задокийн жишээ зоригтой байхад бидэнд ямар тустай вэ?
1, 2. Задок гэж хэн бэ? (Шастирын дээд 12:22, 26–28).
ДАРААХ дүр зургийг төсөөлөөрэй. Давидыг бүх Израйлын хаан болгохоор 340 000 гаруй эрчүүд цуглажээ. Тэдний ярилцан хөөрч, инээн хөхрөлдөж, Еховаг магтан баяр хөөртэйгөөр дуулж байгаа нь 3 өдрийн турш Хеброны ойролцоох хадархаг дов толгодын дунд цуурайтаж байлаа (Ш.дээд 12:39). Тэнд олны дунд бусдаас ялгараад байхааргүй Задок гэдэг залуу байв. Харин Ехова түүнийг анзаарч харсан бөгөөд тэнд байсныг нь Библид бичиж үлдээсэн (Шастирын дээд 12:22, 26–28-ыг уншина). Задок гэж хэн бэ?
2 Задок бол тэргүүн тахилч Абиатартай мөр зэрэгцэн үйлчилж байсан тахилч юм. Бас үзмэрч бөгөөд Бурхан түүнд мэргэн ухаан, хүслийг нь ойлгон ухаарах чадвар хайрласан (2 Сам. 15:27). Хүмүүс шаардлагатай үед мэргэн зөвлөгөө авахаар Задокт ханддаг байв. Тэрбээр мөн эрэлхэг зоригтой залуу байсан. Одоо бид энэ зан чанарынх нь талаар ярилцана.
3. а) Еховагийн үйлчлэгчид яагаад зоригтой байх шаардлагатай вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
3 Сатан эцсийн энэ өдрүүдэд Еховад итгэх итгэлийг маань бусниулахыг хэзээ хэзээнээс илүү чармайж байна (1 Петр 5:8). Тиймээс Ехова түүнийг болон бузар муу тогтолцоог нь устгах хүртэл бид зоригтой байх шаардлагатай (Дуу. 31:24). Эрэлхэг зоригтой Задокийг ямар 3 тохиолдолд дуурайхыг ярилцъя.
БУРХНЫ ХААНТ ТӨРИЙГ ДЭМЖИХ
4. Еховагийн ард түмэнд Хаант төрийг дэмжихэд яагаад эр зориг шаардлагатай вэ? (Бас зургийг үзээрэй).
4 Еховагийн ард түмний хувьд бид Хаант төрийг нь чин сэтгэлээсээ дэмждэг ч, ингэхийн тулд эр зоригтой байх шаардлагатай (Мат. 6:33). Жишээлбэл бузар муу энэ ертөнцөд зоригтой байж л Еховагийн хэм хэмжээний дагуу амьдарч, Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлнэ (1 Тес. 2:2). Бас улс төрийн асуудлаас болж улам бүр талцан тэмцэлдэж буй энэ ертөнцөд төвийг сахидаг байхад маань эр зориг хэрэгтэй (Ёох. 18:36). Еховагийн олон үйлчлэгч улс төр юм уу цэрэг дайны үйл ажиллагаанд оролцохоос татгалздагийн улмаас санхүүгийн хохирол амсаж, бие махбодын хүчирхийлэлд өртөж, шоронд хоригддог.
5. Давидыг дэмжихэд Задокт яагаад эр зориг хэрэгтэй байсан бэ?
5 Задок Хебронд очсон нь Давидыг хаанаар өргөмжлөх ёслолд л оролцох зорилготой байгаагүй. Харин зэр зэвсгээ агсаж, дайтах бэлтгэлтэй явсан (Ш.дээд 12:38). Давидыг дэмжиж израйлчуудыг дайснуудаас хамгаалахад бэлэн байлаа. Хэдийгээр дайтах туршлага багатай байж болох ч маш эр зоригтой хүн байв.
6. Давид Задокт хэрхэн эр зоригийн жишээ болсон бэ? (Дуулал 138:3).
6 Тахилч Задок яаж ийм зоригтой болсон бэ? Эргэн тойронд нь байсан эрч хүчтэй, эр зоригтой олон хүний үлгэр жишээ түүнд нөлөөлсөн нь эргэлзээгүй. Жишээлбэл Давид их зоригтой удирдагч, эрэлхэг дайчин учраас бүх израйлчууд түүнийг хаанаа болгохыг хүссэн (Ш.дээд 11:1, 2). Тэрбээр дайнд мордохдоо үргэлж Еховад найддаг байв (Дуу. 28:7; Дуулал 138:3-ыг уншина). Мөн өөр олон хүн Задокт үлгэр жишээ болсон. Тухайлбал Иехоиада, түүний хүү эрэлхэг дайчин Бенаиа, бас Давидыг дэмжсэн 22 ахмадыг хэлж болно (Ш.дээд 11:22–25; 12:26–28). Тэд бүгдээрээ Давидыг хаанаар өргөмжилж, хамгаалахаар бат шийдсэн хүмүүс байв.
7. а) Орчин үеийн эр зоригийн жишээ бидэнд ямар сургамжтай вэ? б) Видеонд гарсан Нзилү гэдэг Гэрч залуугаас юу мэдэж авах вэ?
7 Еховад болон Хаант төрд нь үнэнч байхын тулд эр зоригтой байсан хүмүүсийн жишээг эргэцүүлэн боддог бол бид ч хүчтэй, зоригтой болно. Бидний Хаан Есүс өөрийг нь Сатаны ертөнцийн улс төрийн үйл хэрэгт оролцуулах гэсэн дарамтыг эрс эсэргүүцсэн (Мат. 4:8–11; Ёох. 6:14, 15). Тэрбээр зоригтой байхын тулд Еховад үргэлж найдсан. Түүнчлэн орчин үед ч маш олон залуус итгэл үнэмшлийнхээ улмаас цэрэгт явах, улс төрийн үйл хэрэгт оролцохоос татгалздаг. Тэдний тухай jw.org сайтаас сонирхож болохгүй нь юу билээ? a
АХ ДҮҮСТЭЭ ТУСЛАХ
8. Ахлагчид ямар үед зоригтой байх шаардлагатай вэ?
8 Еховагийн үйлчлэгчид бие биедээ дуртайяа тусалдаг (2 Кор. 8:4). Гэхдээ ингэхэд зориг шаардагдах тохиолдол бий. Жишээлбэл дайн гарвал нутгийн ахлагчид ах дүүстээ урам зориг хайрлаж, хоол хүнс, хувцас хунар, орон байр, мөн Библи болон ном хэвлэлээр хангах шаардлага гарч болох юм. Хоньдоо гэсэн хайрандаа хөтлөгдөн өөрсдөө аюулд орсон ч туслахыг хичээдэг (Ёох. 15:12, 13). Энэ нь Задокийн эр зоригийн жишээг дуурайж байгаа хэрэг юм.
9. 2 Самуел 15:27–29-д бичсэнээр Давид Задокт юу гэж хэлсэн бэ? (Бас зургийг үзээрэй).
9 Задок аюул нүүрлэсэн үед ах дүүстээ хэрхэн тусалсныг бодоцгооё. Абсалом хаан ширээг булаахын тулд эцэг Давидаа алахаар шийджээ (2 Сам. ). Тиймээс Давид нэн даруй Иерусалимаас зугтах хэрэгтэй болов. Тэрбээр зарц нартаа «Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломоос зугтаж оргож чадахгүй» гэв ( 15:12, 132 Сам. 15:14). Хүмүүстэйгээ зугтаж байхдаа Давид Абсаломын цаашдын төлөвлөгөөг мэдээлэх хүн үлдээх хэрэгтэй гэж бодов. Тэгээд Задок болон өөр тахилчдыг туршуул хийлгэхээр хот руу буцаажээ (2 Самуел 15:27–29-ийг уншина). Тэд болгоомжлох хэрэгтэй байв. Абсаломыг тагнана гэдэг амь насанд үнэхээр аюултай ажил байлаа. Абсалом бол хар амиа бодсон, харгис хэрцгий, зальтай хүн. Давидыг хамгаалахын тулд өөрийг нь тагнаж байсныг мэдвэл Задок болон бусад тахилчийг яах байсныг төсөөл дөө!
10. Задок болон түүнтэй хамт байсан хүмүүс Давидыг хэрхэн хамгаалсан бэ?
10 Давид нэг төлөвлөгөө гаргаж, үүнийг нь биелүүлэхэд туслахыг Задок болон үнэнч нөхөр Хушаигаас гуйсан (2 Сам. 15:32–37). Энэ төлөвлөгөөний дагуу Хушаи Абсаломын итгэлийг олж, Давид руу хэрхэн дайрах талаар зөвлөсөн. Үүний ачаар Давид цаг хожиж дайтах бэлтгэл хангах байв. Дараа нь Хушаи юу гэж зөвлөснөө Задок Абиатар нарт мэдэгдэв (2 Сам. 17:8–16). Тэд ч Давидад хэл хүргүүлж чаджээ (2 Сам. 17:17). Ийнхүү Еховагийн тусламжтайгаар Задок болон бусад тахилч Давидын амийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн (2 Сам. 17:21, 22).
11. Ах дүүстээ туслахдаа эр зоригтой Задокийг хэрхэн дуурайх вэ?
11 Ах дүүс маань аюултай байдалд ороод тусламж гуйвал хэрхэн Задок шиг зоригтой байх вэ? 1) Зааврыг дагах. Ийм үед эв нэгдэлтэй байх нь чухал. Хурлыг тань хариуцсан салбарын удирдамжийг дагаарай (Евр. 13:17). Мөн гамшигт хэрхэн бэлдэх болон гамшгийн үед яах талаарх байгууллагын зааврыг тогтмол уншаарай (1 Кор. 14:33, 40). 2) Зоригтой ч болгоомжтой байх (Сур. 22:3). Хэрсүү, ухаалаг байгаарай. Шаардлагагүй бол эрсдэлтэй юм битгий хийгээрэй. 3) Еховад найдах. Тэрбээр таныг ч, ах дүүсийг тань ч аюулгүй байгаасай гэж үнэхээр хүсдэгийг санаарай. Өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр ах дүүстээ тус дэм үзүүлэхэд тань Ехова тусална.
12, 13. Виктор Виталий хоёрын жишээнээс та юу мэдэж авсан бэ? (Бас зургийг үзээрэй).
12 Виктор, Виталий гэдэг хоёр Гэрчийн тухай бодъё. Украинд тэд ах дүүстээ ундны ус, хоол хүнс хүргэх ажил хийжээ. Виктор: «Бид хоол хүнс хайж хаа сайгүй явна. Эргэн тойронд буудалцаан болж байгаа нь сонсогдох энүүхэнд. Дэлгүүр ажиллуулдаг Гэрч эрэгтэй хоол хүнс хандивласны ачаар олон дэлгэрүүлэгч нэг хэсэгтээ идэх юмтай болсон. Бид хүнсээ машинд ачаад явж байтал бараг 20 метрийн цаана бөмбөг дэлбэрч билээ. Ах дүүстээ цаашдаа ч тусалмаар байсан тул Еховагаас эр зориг гуйн өдөржин залбирч явсан» гэжээ.
13 Виталий: «Бидэнд эр зориг маш их хэрэгтэй байв. Анх би бүтэн 12 цаг явж, очих газартаа хүрсэн. Замын турш Еховад тасралтгүй залбирсан» гэжээ. Виталий зоригтой ч байсан, бас анхаарал болгоомжтой ч байсан. Тэрбээр: «Ухаалаг, даруу байхад туслахыг Еховагаас гуйгаад л байлаа. Албаны хүмүүсийн зөвшөөрсөн замаар л машинаа барьсан. Тэр үед ах дүүс маань хэрхэн гар нийлэн ажиллаж байгааг хараад итгэл минь батажсан. Тэд зам дээрх саад болсон зүйлсийг зайлуулж, тусламжийн бараа цуглуулаад ачиж өгсөн. Виктор бид хоёрт хоол хүнс ч, амрах газар ч бэлдсэн байв» гэжээ.
ЕХОВАД ЯМАГТ ҮНЭНЧ БАЙХ
14. Дотнын хүн Еховад үнэнч бус болоход бидэнд ямар санагддаг вэ?
14 Гэр бүлээс хэн нэгэн юм уу дотнын найз Еховаг орхих шиг урам хугарам зүйл гэж бараг үгүй (Дуу. 78:40; Сур. 24:10). Тухайн хүнтэй дотно байх тусам бүр ч хэцүү. Хэрвээ та ийм зовлон амсаж байгаа бол үнэнч Задокийн жишээ таныг зоригжуулах биз ээ.
15. Еховад үнэнч хэвээр байхад Задокт яагаад зориг хэрэгтэй байсан бэ? (Хаадын дээд 1:5–8).
15 Дотнын найз Абиатар нь Еховад үнэнч бус болоход Задок үнэнч хэвээр байсан. Энэ явдал Давидын засаглалын сүүлээр болжээ. Түүнийг нас барахын өмнөхөн хүү Адониа нь Еховагийн Соломонд өгнө гэж амласан хаан ширээг булаахыг оролдсон (Ш.дээд 22:9, 10). Абиатар Адониагийн талд орохоор шийджээ (Хаадын дээд 1:5–8-ыг уншина). Ийнхүү Давидад төдийгүй Еховад ч үнэнч бус болсон! Задок хэчнээн их гуниглаж, урам нь хугарсныг та төсөөлж байна уу? Бараг 40 жилийн турш Абиатартай тахилчаар мөр зэрэгцэн үйлчилсэн (2 Сам. 8:17). Тэд «Бурхны авдрыг» зөөх ажлыг хариуцаж байв (2 Сам. 15:29). Эхэн үед хамтдаа Давид хааныг дэмжиж, Еховагийн төлөө олон юм хийсэн (2 Сам. 19:11–14).
16. Үнэнч хэвээр байхад Задокт юу тус болсон бэ?
16 Абиатар Еховагаас урвасан ч Задок үнэнч хэвээр байсан. Давид түүнийг үнэнч гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй. Адониагийн муу санаа илчлэгдэхэд Давид хаан Задок Натан Бенаиа гурвыг дуудаж Соломоныг хаанаар томилохыг тушаадаг (Х.дээд 1:32–34). Давид хааныг дэмждэг Натан зэрэг Еховагийн үнэнч үйлчлэгчид Задокийг зоригжуулж, урамшуулсан нь лавтай (Х.дээд 1:38, 39). Соломон хаан ширээнд суугаад «Абиатарын оронд тахилч Задокийг томилсон» (Х.дээд 2:35).
17. Дотнын хүн тань Еховад үнэнч бус болбол Задокийг хэрхэн дуурайх вэ?
17 Хэрэв дотнын хүн тань Еховаг орхихоор шийдсэн бол Задокийг хэрхэн дуурайх вэ? Үнэнч хэвээр байхаар бат шийдсэнээ харуулаарай (Иош. 24:15). Тэгвэл Ехова таныг хүчирхэгжүүлж, зоригжуулна. Еховад залбирч, түүнд үнэнч хүмүүстэй дотно байгаарай. Үнэнч таныг тэрбээр эрхэм хүн гэж үзэж, шагнана (2 Сам. 22:26).
18. Марко Сидсе нарт тохиолдсон явдлаас та юу мэдэж авсан бэ?
18 Марко Сидсе нарын гэр бүлд тохиолдсон явдлыг ярилцъя. Насанд хүрсэн хоёр охин нь Еховаг орхижээ. Марко: «Эцэг эхчүүд хүүхдээ төрсөн цагаас нь бөөцийлж, ямар нэгэн байдлаар хохирч зовох вий гэсэндээ чадлаараа хамгаалах гэж хичээдэг. Гэтэл тэгж их хайрлаж өсгөсөн хүүхэд нь Еховаг орхихлоор өр зүрх нь өмөрдөг» гээд цааш нь «Гэхдээ Ехова эхнэр бид хоёртой үргэлж хамт байсан. Намайг сэтгэлээр унахад эхнэрийг минь хүчтэй болгож, эхнэрийг минь сэтгэлээр унахад намайг хүчирхэгжүүлж байв» гэж ярьжээ. Сидсе бас «Ехова сэтгэлийн хүч тэнхээ өгөөгүй бол энэ сорилтыг даван гарч чадахгүй байх байсан. Би өөрийгөө буруутгах хандлагатайгаа тэмцээд л байв. Энэ тухайгаа Еховад ч хэлсэн. Төд удалгүй олон жил уулзаагүй байсан нэг Гэрч эмэгтэй над дээр ирээд 2 мөрөн дээр минь гараа тавьж, нүд рүү минь хараад “Сидсе минь, чиний буруу огт байхгүй шүү!” гэсэн. Ехова тусалдаг тул би баяр хөөрөө алдалгүй үйлчилж байгаа» гэжээ.
19. Та яахаар шийдсэн бэ?
19 Ехова бүх үйлчлэгчээ Задок шиг зоригтой байгаасай гэж хүсдэг (2 Тим. 1:7). Гэхдээ өөрсдийнхөө хүчинд бус, өөрт нь найдаасай гэдэг. Хэрэв та эр зориг шаардлагатай нөхцөлд орвол Еховад хандаарай. Тэрбээр таныг Задок шиг зоригтой болгож чадна гэдэгт бат итгээрэй! (1 Петр 5:10).
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
a jw.org сайтаас «Христийн жинхэнэ дагалдагчдад эр зориг хэрэгтэйн учир–Төвийг сахихад» видеог үзээрэй.