Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 30

ДУУ 52 Зүрхээ хамгаалъя

Израйлын хаадаас авах чухал сургамж

Израйлын хаадаас авах чухал сургамж

«Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно» (МАЛ. 3:18).

ГОЛ САНАА

Ехова Израйлын хаадыг юунд үндэслэн дүгнэснээс өнөөдөр бид таалалд нь нийцүүлэхийн тулд яах хэрэгтэйг мэдэж авна.

1, 2. Библид Израйлын зарим хааны тухай юу гэж байдаг вэ?

 ИЗРАЙЛД хаанаар захирсан 40 гаруй хүний нэр Библид гардаг. a Заримынх нь тухай сонирхол татсан нарийн ширийн зүйлийг илэн далангүй бичжээ. Жишээ нь сайн хаад муу юм хийсэн байдаг. Давид хааны тухай бодъё. Ехова: «Миний зарц Давид ... Миний мэлмийн өмнө зөв гэгдэх зүйлсийг л үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ» гэжээ (Х.дээд 14:8). Гэхдээ Давид гэрлэсэн эмэгтэйтэй завхайрч, нөхрийг нь дайны талбар луу явуулж хороох төлөвлөгөө зохиосон (2 Сам. 11:4, 14, 15).

2 Нөгөөтээгүүр муу хаад сайн юм хийсэн байдаг. Рехобоамын тухай бодъё. Тэрбээр Еховагийн нүдэнд «бузар мууг үйлдсэн» (Ш.дэд 12:14). Гэхдээ хийсэн сайн юм бий. Жишээ нь Израйлын 10 овог өөр хүнийг хаанаар сонгох гэхэд Бурхны үгэнд орж тэдэнтэй дайтаагүй. Мөн ард түмнээ хамгаалахын тулд хотуудын бэхлэлтийг сайжруулсан (Х.дээд 12:21–24; Ш.дэд 11:5–12).

3. Ямар чухал асуулт гарах вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Тэгэхээр нэг чухал асуулт гарч ирнэ. Израйлын хаад сайныг ч, мууг ч үйлдсэн юм бол Ехова юунд үндэслэн тэднийг үнэнч, үнэнч бус гэж дүгнэсэн бэ? Энэ асуултын хариуг мэдвэл бид Еховагийн таалалд нийцүүлэхийн тулд яах хэрэгтэйг ойлгоно. Ехова хаадыг дараах 3 зүйл буюу өөрийг нь бүх зүрхээрээ хайрласан эсэх, нүглээ гэмшсэн эсэх, өөрийг нь үнэнчээр шүтсэн эсэхэд үндэслэн дүгнэснийг ярилцъя.

БҮХ ЗҮРХЭЭРЭЭ ЕХОВАГ ХАЙРЛАСАН

4. Үнэнч болон үнэнч бус хаадын хоорондох нэг ялгаа юу вэ?

4 Еховагийн тааллыг хүртсэн хаад бүх зүрхээрээ түүнд үйлчилснийг Библид бичжээ. b Сайн хаан Иехошафат «ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлсэн» (Ш.дэд 22:9). Иосиагийн тухай «Бүх зүрх[ээрээ] ... ЭЗЭН уруу эргэсэн түүн шиг хаан түүний өмнө байгаагүй» гэжээ (Х.дэд 23:25). Харин амьдралынхаа сүүлийн он жилүүдэд муу юм хийсэн Соломоны тухай юу гэж байдаг вэ? «Түүний зүрх сэтгэл ... бүхлээрээ зориулагдсангүй» (Х.дээд 11:4). Өөр нэг үнэнч бус хаан Абиамын тухай «Түүний зүрх сэтгэл ... ЭЗЭНд бүрэн зориулагдаагүй» гэжээ (Х.дээд 15:3).

5. Бүх зүрхээрээ Еховад үйлчилнэ гэж яахыг хэлдгийг тайлбарлана уу.

5 Тэгвэл Еховад бүх зүрхээрээ үйлчилнэ гэж яахыг хэлэх вэ? Бүх зүрхээ зориулсан хүн Бурхандаа хэлбэр төдий бус, харин сэтгэлийнхээ угаас хайрлаж, гүнээ хүндэтгэн үйлчилдэг. Түүнчлэн энэ нь бүхий л амьдралынх нь туршид үргэлжилдэг.

6. Еховаг бүх зүрхээрээ хайрладаг байхын тулд яах вэ? (Сургаалт үгс 4:23; Матай 5:29, 30).

6 Бид хэрхэн үнэнч хаадыг дуурайн бүх зүрхээрээ Еховаг хайрладаг байх вэ? Муу нөлөөнд автахаас болгоомжлоорой. Зохисгүй зугаа цэнгэл, муу нөхөрлөл, эд хөрөнгийг чухалчлах үзэл нь Еховаг бүх зүрхээрээ хайрлахаа болиход хүргэх аюултай. Хэрэв ямар нэг юмнаас болж Еховаг хайрлах хайр маань хөрж байгааг анзаарвал шуурхай арга хэмжээ аваарай (Сургаалт үгс 4:23; Матай 5:29, 30-ийг уншина).

7. Муу нөлөөнд автахаас болгоомжлох нь яагаад чухал вэ?

7 Еховаг хоёргүй сэтгэлээр хайрлахад саад болох бүхнээс болгоомжлох хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол «Еховад идэвхтэй үйлчилдэг учраас муу нөлөөнд автахгүй» гэж өөрийгөө хуурдаг болж болох юм. Жишээгээр бодъё. Их хүйтэн, салхитай өдөр гадаа явж байна гэж төсөөлөөрэй. Хөрчихсөн гэртээ орж ирээд шууд галаа түлнэ. Гэхдээ хаалгаа хаагаагүй бол яах вэ? Гэр тань дулаацахгүй. Үүнээс юу ойлгох вэ? Еховатай халуун дотно харьцаатай байя гэвэл бэлгэдлийн хоол унд хүртэхээс илүүг хийх хэрэгтэй. Хүйт оруулахгүйн тулд хаалга хаахтай адил Бурханд таалагдахгүй «агаар» шиг хандлага зүрхэнд орж, сэтгэлийг маань хоёрдуулахаас сэрэмжлэх хэрэгтэй (Эф. 2:2).

НҮГЭЛ ҮЙЛДСЭН Ч ГЭМШСЭН

8, 9. Давид хаан ч, Хезекиа хаан ч зэмлүүлээд яасан бэ? (Зургийг үзээрэй).

8 Дээр дурдсанаар Давид хаан ноцтой алдаа гаргасан. Гэхдээ зөнч Натан зэмлэхэд даруу байж гэмшсэн (2 Сам. 12:13). 51-р дуулалд байдаг түүний үгнээс чин сэтгэлээсээ гэмшсэн нь харагддаг. Тэрбээр Натаныг хуурах юм уу шийтгэлээс зайлсхийх гэсэндээ гэмшсэн дүр үзүүлээгүй (Дуу. 51:3, 4, 17, оршил).

9 Хезекиа хаан ч Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн. Библид «Түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув» гэж бичсэн байдаг (Ш.дэд 32:25). Хезекиа яагаад бардам болсон бэ? Эд хөрөнгө ихтэй, ассиричуудыг ялсан түүхтэй, гайхамшгаар өвчнөөс эдгэрсэн удаатай учир өөрийгөө бусдаас онцгой гэж бодсон байх. Иймээс вавилончуудад бүх эд хөрөнгөө үзүүлсэн байж магадгүй. Үүнийг нь зөнч Исаиа зэмлэдэг (Х.дэд 20:12–18). Давидын адилаар тэрбээр даруу байж гэмшсэн (Ш.дэд 32:26). Тиймээс эцэст нь Ехова Хезекиаг «зөвийг үйлдсэн» үнэнч хаан гэж дүгнэжээ (Х.дэд 18:3).

Давид хаан ч, Хезекиа хаан ч нүгэл үйлдээд зэмлүүлснийхээ дараа даруу байж гэмшсэн (8, 9-р догол мөрийг үзээрэй)


10. Амазиа хаан зэмлүүлээд яасан бэ?

10 Харин Иудагийн хаан Амазиа «зөвийг үйлдсэн боловч бүх зүрх сэтгэлээсээ үйлдээгүй» (Ш.дэд 25:2). Тэрбээр ямар буруу юм хийсэн бэ? Еховагийн тусламжтайгаар едомчуудыг ялсныхаа дараа тэдний бурхдыг шүтэж эхэлсэн. c Үүнийг нь Еховагийн зөнч зэмлэхэд зөрүүд зан гарган буцаадаг (Ш.дэд 25:14–16).

11. 2 Коринт 7:9, 11-д бичсэнээр Еховагаар уучлуулъя гэвэл яах ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Дээрх жишээнүүдээс бид ямар сургамж авах вэ? Нүгэл үйлдсэн бол гэмшиж, дахин давтахгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Ахлагчдаас зөвлөгөө авбал, бүр ялихгүй гэмээр зүйлийн талаар авбал яах вэ? Ехова намайг хайрладаггүй, ахлагчид надад дургүй гэж бодох учиргүй. Израйлын сайн хаад ч зөвлөгөө авч, зэмлүүлж явсан шүү дээ (Евр. 12:6). Тиймээс хэн нэгэн танд зөвлөгөө өгвөл 1) даруухнаар хүлээн авч, 2) өөрчлөх шаардлагатай зүйлээ засаж, 3) Еховад бүх зүрхээрээ үйлчилсээр байгаарай. Үйлдсэн нүглээ гэмшвэл Ехова уучилна (2 Коринт 7:9, 11-ийг уншина).

Танд зөвлөгөө өгвөл 1) даруухнаар хүлээн авч, 2) өөрчлөх шаардлагатай зүйлээ засаж, 3) Еховад бүх зүрхээрээ үйлчилсээр байгаарай (11-р догол мөрийг үзээрэй) f


ЕХОВАГ ҮНЭНЧЭЭР ШҮТСЭН

12. Үнэнч хаад гол нь юугаараа ялгаатай байсан бэ?

12 Еховагийн үнэнч гэж үзсэн хаад зөвхөн түүнийг шүтдэг байсан. Бас ийм байхыг ард түмэндээ уриалсан. Дээр үзсэнээр тэд алдаа дутагдалтай байсан нь үнэн. Гэхдээ Еховад л өөрсдийгөө бүрэн зориулж, газар нутгаа шүтээнүүдээс цэвэрлэхийн тулд хичээл зүтгэлтэй тэмцсэн. d

13. Ехова Ахаб хааныг яагаад үнэнч бус гэж дүгнэсэн бэ?

13 Еховагийн үнэнч бус гэж үзсэн хаадын тухай юу хэлэх вэ? Тэдний хийсэн болгон муу байгаагүй нь лавтай. Хорон муу хаан Ахаб ч өөрөөс нь болж Набот алуулсныг сонсоод тодорхой хэмжээгээр даруу болж, ихэд харамссан (Х.дээд 21:27–29). Мөн хотуудыг барьж, Израйлын төлөө нэг бус удаа ялалт байгуулсан (Х.дээд 20:21, 29; 22:39). Гэхдээ эхнэрийнхээ нөлөөнд автаж хуурамч шүтлэгийг түгээн дэлгэрүүлдгээрээ алдартай байв. Үүндээ тэрбээр хэзээ ч гэмшээгүй (Х.дээд 21:25, 26).

14. а) Ехова Рехобоам хааныг яагаад үнэнч бус гэж үзсэн бэ? б) Үнэнч бус хаадын ихэнх нь ямар буруу юм хийж байсан бэ?

14 Өөр нэг үнэнч бус хаан Рехобоамын тухай ярилцъя. Дээр дурдсанаар тэрбээр захирч байх үедээ олон сайн юм хийсэн. Гэвч хаанчлал нь батжихад Еховагийн хуулийг умартан хуурамч бурхдыг шүтэж эхэлсэн (Ш.дэд 12:1). Үүнээс хойш Ехова болон хуурамч бурхдын аль алиныг нь шүтдэг болжээ (Х.дээд 14:21–24). Цэвэр шүтлэгийг орхисон нь зөвхөн Рехобоам Ахаб хоёр биш юм. Үнэндээ үнэнч бус хаадын ихэнх нь хуурамч шүтлэгийг ямар нэг байдлаар дэмжиж байсан. Ехова хаадыг гол нь цэвэр шүтлэгийг дэмжсэн эсэхээр нь сайн эсвэл муу гэж дүгнэсэн нь тодорхой.

15. Өөрийг нь үнэнчээр шүтэхийг Ехова яагаад чухалд үздэг вэ?

15 Шүтлэгийн асуудал Еховад яагаад тийм чухал байсан бэ? Нэг шалтгаан нь, хаад ард түмнээ Еховад үнэнч байхад нь туслах үүрэгтэй байсан. Мөн хуурамч бурхдыг шүтэх нь өөр ноцтой нүгэл болон шударга бус явдалд зайлшгүй хүргэдэг (Хос. 4:1, 2). Түүнээс гадна Израйлын хаан ч, ард түмэн ч Еховад өөрсдийгөө зориулсан байв. Тиймээс Библид хуурамч бурхад шүтэхийг завхайрахтай зүйрлэсэн (Иер. 3:8, 9). Завхайрсан хүн хамгийн үнэнч байх ёстой ганц хүн буюу ханийнхаа сэтгэлийг шархлуулдаг. Үүнтэй адилаар Еховад өөрийгөө зориулсан хүн өөр бурхныг шүтвэл сэтгэлийг нь маш ихээр өвтгөдөг (Д.хууль 4:23, 24). e

16. Ехова зөв шударга ба хорон муугийн хоорондохыг гол нь юугаар нь ялгадаг вэ?

16 Бидэнд ямар сургамжтай вэ? Хуурамч шашинтай холбоотой бүхнээс хол байхаар бат шийдэх ёстой нь ойлгомжтой. Харин бас Еховаг хүслийнх нь дагуу шүтэж, түүнд завгүй үйлчлэх нь чухал. Еховагийн нүдэнд сайн, муу хүн юугаараа ялгаатайг зөнч Малахи тодорхой хэлсэн. Тэрбээр: «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно» гэжээ (Мал. 3:18). Тиймээс бид төгс бус байдал, алдаа дутагдал зэрэг өөр ямар ч саадаас болж Еховад үйлчлэхээ болих ёсгүй. Учир нь Еховад үйлчлэхээ болих нь ноцтой нүгэл юм.

17. Ханиа сонгохдоо яагаад анхаарах хэрэгтэй вэ?

17 Хэрэв та ганц бие бөгөөд гэрлэе гэж бодож байгаа бол ханиа сонгоход тань Малахийн үг хэрхэн тус болох вэ? Олон сайхан зан чанартай байлаа ч жинхэнэ Бурханд үйлчилдэггүй бол Ехова тухайн хүнийг зөв шударга гэж үзэх үү? (2 Кор. 6:14). Түүнтэй гэрлэвэл Еховатай дотно байхад тань сайнаар нөлөөлөх үү? Соломон хааны тухай бодоорой. Харь эхнэрүүд нь сайхан зан чанартай байсан байх. Гэхдээ тэд Еховаг шүтдэггүй байсан тул Соломон нөлөөнд нь автан аажмаар хуурамч бурхдыг шүтдэг болсон (Х.дээд 11:1, 4).

18. Эцэг эхчүүд хүүхдэдээ юу заах хэрэгтэй вэ?

18 Эцэг эхчүүд ээ, Библи дэх хаадын жишээг ашиглан зааж хүүхдийнхээ Еховад үйлчлэх хүслийг бадраагаарай. Ехова хаадыг гол нь жинхэнэ шүтлэгийг дэмжсэн эсэхээр нь сайн, муу гэж дүгнэснийг ойлгуулаарай. Библи судлах, цуглаанд явах, дэлгэрүүлэх ажилд оролцох зэрэг Еховатай дотносоход тус болох зүйлсийг бусад үйл хэргээс дээгүүр тавихыг үг яриагаараа болон үлгэр жишээ үзүүлж заагаарай (Мат. 6:33). Тэгэхгүй бол хүүхэд тань Еховагийн Гэрч байх нь «гэр бүлийн шашинд» харьяалагддагаас цаашгүй гэж боддог болж болох юм. Тэгээд Еховад үйлчлэх нь тийм ч чухал биш гэж үзэх юм уу бүр үйлчлэхээ ч больж магадгүй.

19. Еховад үйлчлэхээ больсон хүнд ямар боломж байгаа вэ? ( «Та Еховадаа эргээд ирж чадна!» гэсэн хавсралтыг үзээрэй).

19 Еховад үйлчлэхээ больсон хүн ямар ч найдваргүй гэсэн үг үү? Үгүй. Учир нь гэмшиж, дахин үйлчлэх боломжтой. Ингэхийн тулд даруу болж, хурлын ахлагчдаас тусламж авах хэрэгтэй (Яак. 5:14). Хэчнээн их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байсан ч Еховатай дахин найз болно гэдэг нь юутай ч зүйрлэшгүй завшаан билээ!

20. Үнэнч хаадыг дуурайвал Ехова биднийг хэрхэн үзэх вэ?

20 Тэгэхээр бид Израйлын хаадаас ямар сургамж авсан бэ? Үнэнч хаад шиг байя гэвэл Еховад үргэлж бүх зүрхээрээ үйлчлээрэй. Алдаанаасаа сургамж авч, гэмшиж, өөрчлөх шаардлагатай зүйлээ засаарай. Бас цорын ганц, жинхэнэ Бурхныг шүтэхийн чухлыг санаж яваарай. Үнэнч байвал Ехова таныг зөвийг үйлддэг хүн гэж үзнэ.

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

a Энэ өгүүлэлд «Израйлын хаад» гэдгээр Еховагийн ард түмнийг захирч байсан бүх хааныг хэлдэг. Үүнд хоёр овогт Иудагийн хаант улс, арван овогт Израйлын хаант улс болон 12 овгийг бүхэлд нь захирч байсан хаад орно.

b ҮГИЙН ТАЙЛБАР: Библид «зүрх» гэдэг үгээр ихэвчлэн дотор хүнийг хэлдэг. Үүнд хүсэл эрмэлзэл, оюун бодол, зан төрх, сэдэл хандлага, авьяас дадал, санаа зорилго багтдаг.

c Тухайн үед харь үндэстний хаад эзэлж авсан нутгийнхаа бурхдыг шүтдэг байжээ.

d Аса хаан ноцтой алдаа гаргасан (Ш.дэд 16:7, 10). Гэсэн ч Библид түүнийг Еховагийн нүдэнд зөвийг үйлдсэн гэж тэмдэглэжээ. Тэрбээр анхандаа зэмлэлийг хүлээж аваагүй ч хожим нь гэмшсэн бололтой. Ерөнхийдөө сайн тал нь гаргасан алдаанаас нь илүү байсан. Аса зөвхөн Еховаг шүтэж, хаант улсаасаа шүтээнүүдийг зайлуулахын тулд их хичээл зүтгэл гаргасан нь онцлууштай (Х.дээд 15:11–13; Ш.дэд 14:2–5).

e Мосегийн хуулийн эхний 2 тушаалд Еховагаас өөр хэнийг ч, юуг ч шүтэхийг хориглосон нь зөвхөн түүнийг шүтэхийн чухлыг онцолдог (Ег. 20:1–6).

f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Залуу ахлагч Гэрч эрэгтэйд согтууруулах ундаа хэрэглэх зуршлынх нь талаар санаа зовж буйгаа хэлж байна. Гэрч зөвлөгөөг даруухнаар хүлээн авч, өөрчлөх шаардлагатай зүйлээ засаж, Еховад үнэнч үйлчилсээр байна.