Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 28

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

Та үнэн худлыг ялгаж чадах уу?

Та үнэн худлыг ялгаж чадах уу?

«Бат зогс. Үнэний бүсийг бүсэл» (ЭФ. 6:14).

ГОЛ САНАА

Еховагийн заадаг үнэн, Сатан болон эсэргүүцэгчдийн тараадаг худал хуурмагийг ялгах чадвараа сайжруулаарай.

1. Та үнэнийг хэрхэн үздэг вэ?

 ЕХОВАГИЙН ард түмэн Бурхны Үгэн дэх үнэнийг эрхэмлэн хайрладаг. Итгэл маань энэ үнэнд үндэслэсэн (Ром 10:17). Ехова Христийн дагалдагчдын хурлыг «үнэний багана ба суурь» болгосон гэдэгт бид итгэдэг (1 Тим. 3:15). Бас «удирдаж байгаа хүмүүс» маань Библиэс үнэнийг тайлбарлаж, Бурхны хүсэл таалалд нийцсэн заавар өгдөг тул дуртайяа захирагддаг (Евр. 13:17).

2. Яаков 5:19-д бичсэнээр, үнэнийг мэддэг болсон хойноо ч яаж болзошгүй вэ?

2 Гэхдээ бид үнэнийг болон Бурхны байгууллага найдвартай удирдлага заавар өгдгийг хүлээн зөвшөөрдөг болсон хойноо ч үнэнээс холдож болзошгүй (Яаков 5:19-ийг уншина). Сатан биднийг Библид, бас Бурхны байгууллагаас өгдөг зааварт итгэдэггүй болгохыг үнэхээр хүсдэг (Эфэс 4:14).

3. Үнэнээс яагаад чанга зуурах хэрэгтэй вэ? (Эфэс 6:13, 14).

3 Эфэс 6:13, 14-ийг уншина. Удахгүй Диавол бүх үндэстнийг хууран мэхэлж Бурхны эсрэг болгохын тулд нөлөө бүхий суртал ухуулга явуулна (Илч. 16:13, 14). Бас Еховагийн ард түмнийг ч хуурахын тулд бүх хүчээ дайчилна (Илч. 12:9). Тиймээс үнэн худлыг ялгаж чаддаг, үнэн сургаалын дагуу дуулгавартай байж сурах нь их чухал (Ром 6:17; 1 Петр 1:22). Үүнээс агуу их гамшгийг давах эсэх маань шалтгаална!

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Библийн үнэнийг худал хуурмагаас ялгаж, Бурхны байгууллагаас ирсэн зааврыг дагахын тулд ямар байх ёстойг энэ өгүүллээр ярилцана. Бас үнэнээс чанга зуурсаар байхад тустай 3 зүйлийг үзнэ.

ҮНЭН ХУДЛЫГ ЯЛГАЖ ЧАДДАГ БАЙЯ ГЭВЭЛ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

5. Еховагаас эмээдэг хүн үнэн худлыг ялгаж чаддаг гэхийн учир юу вэ?

5 Еховагаас эмээдэг байх. Еховагаас эмээнэ гэдэг нь түүнийг маш их хайрладаг тул таалагдахгүй юмыг нь огт хийхгүй байхыг хэлнэ. Бид Еховагийн сайшаалыг хүртэхийн тулд зөв буруу, үнэн худлыг ялгаж чаддаг болохыг хичээдэг (Сур. 2:3–6; Евр. 5:14). Хүнээс айх айдас Еховаг гэсэн хайраас маань хүчтэй байх ёсгүй. Учир нь хүнд таалагдахыг хичээвэл ихэнхдээ Еховад таалагдахгүй юм хийхэд хүрдэг.

6. 10 удирдагч хүнээс айж хэрхэн худал хуурмагт итгэсэн бэ?

6 Бурхнаас эмээхээс илүү хүнээс айвал үнэнд бус, худал хуурмагт итгэж болзошгүй. Еховагийн амласан газрыг тандахаар явсан 12 овгийн удирдагчийн жишээг бодъё. Тэдний 10 нь Еховаг хайрлахаас илүүтэй канаанчуудаас айсан тул «Тэд биднээс хүчтэй учраас бид дийлэхгүй» гэж хэлдэг (Тоол. 13:27–31, ШЕ). Хүний нүдээр харвал канаанчууд израйлчуудаас илүү хүчирхэг байсан нь үнэн. Гэхдээ дайснаа дийлж чадахгүй гэж хэлсэн нь Еховаг мартсан хэрэг байлаа. Ехова израйлчуудаас юу хүсдэгийг анхаарч, өнгөрсөн хугацаанд өөрсдийнх нь төлөө юу хийснийг тэд бодох ёстой байв. Тэгсэн бол Төгс хүчит Ехова Бурхантай харьцуулахад канаанчууд юу ч биш гэдгийг ойлгох байсан. Итгэл багатай 10 туршуулаас ялгаатай нь Иошуа Калеб хоёр Еховагийн сайшаалыг хүртэхийг хүсдэг байв. Тиймээс «Ехова биднийг сайшааж байгаа бол тэр нутагт заавал аваачиж ... тэр нутгийг бидэнд өгнө» гэж хэлсэн (Тоол. 14:6–9, ШЕ).

7. Хэрхэн Еховагаас эмээж сурах вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Бид шийдвэр гаргах болгондоо Еховаг баярлуулахыг анхаардаг бол түүнээс улам бүр эмээж сурна (Дуу. 16:8). Библи уншихдаа өөрөөсөө «Хэрэв би тэнд байсан бол ямар шийдвэр гаргах вэ?» гэж асуугаарай. Жишээ нь 10 удирдагчаас сөрөг мэдээ сонсож байгаагаар төсөөлөөрэй. Та тэдний үгэнд итгэж хүнээс айх айдаст автах уу? Эсвэл Еховаг хайрлах хайр, түүнийг баярлуулах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн айдсаа ялах уу? Израйлчууд бүгдээрээ Иошуа Калеб хоёрын ярьсан үнэн үгэнд итгээгүй. Үүний дүнд Амласан газарт орох эрхгүй болсон (Тоол. 14:10, 22, 23).

Та хэнд нь итгэх байсан бэ? (7-р догол мөрийг үзээрэй)


8. Ямар зан чанарыг хөгжүүлэхийн тулд хичээх ёстой вэ? Яагаад?

8 Даруу байх. Ехова даруу хүмүүст үнэнийг илчилдэг (Мат. 11:25). Бид үнэнийг мэдэж авахын тулд даруу байж бусдын тусламжийг авсан (Үйлс 8:30, 31). Гэсэн ч бардам болохоос болгоомжлох ёстой. Бардам болбол өөрийнхөө үзэл бодлыг Библийн зарчим болон Еховагийн байгууллагын заавартай адилхан чухал гэж үздэг болж мэднэ.

9. Үргэлж даруу байхын тулд яах хэрэгтэй вэ?

9 Үргэлж даруу байя гэвэл өөрийгөө сүр хүчит Еховатай харьцуулахад хэн ч биш гэдгээ санаж явах учиртай (Дуу. 8:3, 4). Бас илүү даруу, сурах дуртай хүн болоход туслахыг Еховагаас гуйгаарай. Үг болон байгууллагаараа зааж өгдөг үзэл бодлыг нь өөрийнхөөсөө чухалд үзэхэд Ехова тусална. Библи уншихдаа Ехова даруу хүмүүсийг хайрлаж, бардам, их зантай, бусдыг дорд үздэг хүмүүсийг үзэн яддагийг анхаараарай. Бусдын анхаарлыг татахаар тусгай үүрэг даалгавар авбал даруу байхын тулд улам бүр хичээгээрэй.

ХЭРХЭН ҮНЭНЭЭС ЧАНГА ЗУУРАХ ВЭ?

10. Ехова ард түмэндээ удирдлага заавраа хэрхэн өгсөөр ирсэн бэ?

10 Байгууллагын удирдлага зааварт үргэлж итгэх. Эртний Израйлд Ехова ард түмэндээ удирдлага заавар өгөх зорилгоор Мосег, дараа нь Иошуаг томилсон (Иош. 1:16, 17). Израйлчууд тэднийг Ехова Бурхны төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрч байхдаа ивээгддэг байв. Олон зууны дараа Христийн дагалдагчдын анхны хурал байгуулагдахад 12 элч удирдамж өгдөг байсан (Үйлс 8:14, 15). Хожим нь Иерусалим дахь бусад ахлагч тэдэнтэй нэгдсэн. Тэдгээр үнэнч хүмүүсийн удирдамжийг дагаж байсны ачаар «хурлынхны итгэл улам бүр батжиж, тооны хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа» (Үйлс 16:4, 5). Өнөөдөр ч бид Еховагийн байгууллагын удирдлага зааврыг дагавал ивээл хүртэнэ. Харин томилсон хүмүүсийг нь үл ойшоовол Еховад ямар санагдах вэ? Израйлчуудыг Амласан газар луу явах замд юу болсныг ярилцаад хариуг нь авъя.

11. Ард түмнээ удирдуулахаар Бурхны сонгосон Мосег эсэргүүцсэн хүмүүст юу тохиолдсон бэ? (Бас зургийг үзээрэй).

11 Амласан газар луу явах замд нэр нөлөө бүхий хүмүүс ард түмнийг удирдаж байсан Мосег эсэргүүцсэн. Тэд: «[Зөвхөн Мосе бус,] чуулганы бүх хүн Бурхных. Ехова тэдний дунд байгаа» гэж хэлдэг (Тоол. 16:1–3, ШЕ). «Чуулганы бүх хүн» Бурхных гэдэг нь үнэн хэдий ч Ехова ард түмнээ удирдуулахаар Мосег сонгосон билээ (Тоол. 16:28). Эсэргүүцэгчид Мосег шүүмжилсэн нь үнэн хэрэгтээ Еховаг шүүмжилсэн хэрэг байлаа. Тэд Еховагийн хүслийг бус, өөрсдийн хүсэл буюу илүү их эрх мэдэл, нэр хүндтэй болохыг анхаарсан. Бурхан бослогын удирдагчид болон тэднийг дэмжсэн олон мянган хүнийг устгасан (Тоол. 16:30–35, 41, 49). Өнөөдөр ч Ехова зохион байгуулалтын арга хэмжээг үл хүндэтгэдэг хэнийг ч таалахгүй гэдэг нь тодорхой.

Та хэнийг нь дэмжих байсан бэ? (11-р догол мөрийг үзээрэй)


12. Бид яагаад Еховагийн байгууллагад үргэлж итгэж болох вэ?

12 Еховагийн байгууллагад үргэлж итгэж болно. Библийн зарим сургаалын ойлголтыг шинэчлэх юм уу Хаант төрийн ажлыг зохион байгуулах аргаа өөрчлөх шаардлагатай нь тодорхой болбол удирдах үүрэгтэй хүмүүс цаг алдалгүй өөрчилдөг (Сур. 4:18). Учир нь Еховад таалагдахыг тэд бүхнээс илүү хүсдэг. Мөн Бурхны Үг буюу ард түмнийх нь баримтлах ёстой жишигт нийцсэн шийдвэр гаргахын тулд чадах бүхнээ хийдэг.

13. «Үнэн үгийн жишиг» гэж юу вэ? Бид яах ёстой вэ?

13 «Үнэн үгийн жишгээр амьдрах» (2 Тим. 1:13). «Үнэн үгийн жишиг» гэдгээр Христийн дагалдагчдын баримталдаг Библи дэх сургаалуудыг хэлдэг (Ёох. 17:17). Тэдгээр сургаал нь итгэдэг бүхний маань үндэс юм. Еховагийн байгууллага энэ жишгийг яг таг дагаж байхыг заасаар ирсэн. Ингэдэг бол бид ивээл хүртэнэ.

14. Христийн зарим дагалдагч «үнэн үгийн жишгээс» хэрхэн хазайсан бэ?

14 «Үнэн үгийн жишгээс» хазайвал юу болох вэ? Нэг жишээг бодъё. I зуунд, Еховагийн өдөр ирчихсэн гэсэн цуу яриа Христийн зарим дагалдагчийн дунд тархсан. Энэ талаар Паулын бичсэн гэмээр захидал байсан бололтой. Тесалоник дахь зарим дагалдагч үнэн эсэхийг нь шалгалгүй үүнд итгэж, бүр цааш нь тараасан. Өөрсөдтэй нь хамт байхдаа Паулын юу заасныг тэд санасан бол хууртахгүй байх байлаа (2 Тес. 2:1–5). Паул ах дүүстээ сонссон бүхэндээ итгэхгүй байхыг зөвлөсөн. Цаашдаа ч тэдэндээ туслах үүднээс тесалоникчуудад бичсэн хоёр дахь захидлаа «Паул би өөрийнхөө гараар бичин мэндчилж байна. Ингэж бичиж бүх захидлаа баталгаажуулдаг» гэж төгсгөжээ (2 Тес. 3:17).

15. Үнэн юм шиг санагдах худал үгнээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ? Жишээ хэлнэ үү. (Бас зургийг үзээрэй).

15 Тесалоникчуудад бичсэн Паулын захидлаас бид юу мэдэж авах вэ? Библиэс сурч мэдсэнтэй маань нийцэхгүй ямар нэг юм, эсвэл шуугиан дэгдээсэн цуу яриа сонсвол хэрсүү байх хэрэгтэй. Хуучин ЗХУ-д дайснууд байгууллагын төвөөс ирсэн гэмээр захиа тараасан. Уг захиа бие даасан тусдаа байгууллага үүсгэн байгуулахыг уриалсан бөгөөд яг жинхэнэ мэт харагдаж байв. Гэхдээ үнэнч эрчүүд хууртаагүй. Уншсан зүйл нь сурч мэдсэнтэй нь нийцэхгүй байгааг ойлгосон. Өнөөдөр ч дайснууд орчин үеийн техник технологи ашиглан биднийг төөрөгдүүлж, хагалан бутаргахыг оролддог. Бид «зөв шүүж тунгаах чадвараа» алдахгүй байж, уншиж сонссон зүйлээ мэддэг үнэнтэйгээ нийцэж байгаа эсэхийг сайтар боддог бол өөрсдийгөө хамгаална (2 Тес. 2:2; 1 Ёох. 4:1).

Үнэн юм шиг санагдах худал үгэнд бүү хууртаарай (15-р догол мөрийг үзээрэй) a


16. Ром 16:17, 18-д бичсэнээр, үнэнээс хазайсан хүн байвал бид яах ёстой вэ?

16 Еховад үнэнч хүмүүстэй нэгдмэл байх. Бурхан өөрийг нь эв нэгдэлтэйгээр шүтээсэй гэж хүсдэг. Үнэнийг яг таг баримталдаг бол нэгдмэл байна. Үнэнээс хазайсан хүн хурал дотор хагарал гаргадаг учраас тийм хүнээс «хол байхыг» Бурхан анхааруулсан. Тэгэхгүй бол бид өөрсдөө ч үнэнээс холдож магадгүй (Ром 16:17, 18-ыг уншина).

17. Үнэн худлыг ялгаж, үнэнээс чанга зуурдаг байх нь ямар тустай вэ?

17 Үнэн худлыг ялгаж, үнэнээс чанга зуурдаг бол Еховатай дотно, бат итгэлтэй байна (Эф. 4:15, 16). Бас Сатаны худал сургаал, суртал ухуулгад хууртахгүй байж, агуу их гамшиг болоход Еховагаар хамгаалуулж аюулгүй байна. Үнэнээс чанга зуураад л байгаарай. Тэгвэл «амар тайвны Бурхан та нартай хамт байх болно» (Флп. 4:8, 9).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

a ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хэдэн арван жилийн өмнө хуучин ЗХУ дахь Гэрч эрчүүд байгууллагын төвөөс ирсэн гэмээр захиа авсан нь үнэн хэрэгтээ дайснууд илгээсэн байв. Үүнийг зохиомж зурагт харуулжээ. Орчин үед дайснууд интернэт ашиглан Еховагийн байгууллагын талаар ташаа мэдээлэл тарааж магадгүй.