Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 29

ДУУ 52 Зүрхээ хамгаалъя

Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй бай

Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй бай

«Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй бай, залбираад байж бай» (МАТ. 26:41).

ГОЛ САНАА

Ноцтой нүгэл үйлдэх болон үүнд хүргэж болзошгүй бүхнээс болгоомжлоход энэ өгүүлэл тусална.

1, 2. а) Есүс шавь нартаа ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? б) Шавь нар юунаас болж Есүсийг орхиод зугтсан бэ? (Бас зургийг үзээрэй).

 «ХҮН зөв юм хийхийг хүсдэг ч махан бие сул дорой байдаг» (Мат. 26:41б). a Есүс биднийг төгс бус, алдаа гаргана гэдгийг ойлгодгоо ийнхүү хэлсэн. Гэхдээ бас өөртөө хэтэрхий итгэлтэй байхаас сэрэмжлүүлсэн. Шавь нар нь уг нь хэдхэн цагийн өмнө Эзэндээ үнэнч байхаар шийдсэнээ итгэлтэй хэлжээ (Мат. 26:35). Энэ нь чин сэтгэлийн үг байлаа. Харин сорилтод орохоороо зөв юм хийх амаргүй болж, бүр буруу юм хийчихдэгийг тэд мэдээгүй. Тиймээс Есүс: «Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй бай, залбираад байж бай» гэж анхааруулжээ (Мат. 26:41а).

2 Гэтэл шавь нар сэрэмжтэй байж чадаагүй нь харамсалтай. Есүсийг баривчлагдахад тэд яасан бэ? Хамт байсан уу, эсвэл айгаад зугтсан уу? Сэрэмж алдаж хэзээ ч хийхгүй гэснээ хийчихдэг. Тэд Есүсийг хаяад зугтдаг (Мат. 26:56).

Есүс шавь нартаа сэрэмжтэй байж, хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхыг анхааруулсан. Гэвч тэд түүнийг хаяад зугтсан (1, 2-р догол мөрийг үзээрэй)


3. а) Еховад үнэнч байя гэвэл өөртөө хэтэрхий итгэлтэй байх ёсгүйн учир юу вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бид өөртөө хэтэрхий итгэлтэй байх ёсгүй. Үнэндээ юу ч тохиолдсон Еховаг орхихгүй байхаар бат шийдсэн. Гэхдээ бид төгс бус, буруу юм хийх хандлагатай (Ром 5:12; 7:21–23). Бас гэнэт соригддог. Ехова, Хүү Есүст нь үнэнч байя гэвэл хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд сэрэмжтэй байгаарай гэсэн Есүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ингэхэд маань уг өгүүлэл тус болно. Эхлээд, ялангуяа ямар сул талтайгаа тэмцэх шаардлагатайг ярилцана. Дараа нь, хорхой хүргэм зүйлээс хэрхэн сэрэмжлэхийг үзнэ. Эцэст нь, хэрхэн үргэлж сэрэмжтэй байхыг ярилцана.

ЯМАР ХОРХОЙ ХҮРГЭМ ЗҮЙЛЭЭС СЭРЭМЖЛЭХ ВЭ?

4, 5. Ялихгүй гэмээр нүглээс ч сэрэмжлэх нь яагаад чухал вэ?

4 Ялихгүй гэмээр нүгэл ч Еховатай тогтоосон харьцаанд сэв суулгах аюултай. Тэгээд ч энэ нь илүү ноцтой нүгэл үйлдэхэд хүргэж мэднэ.

5 Хорхой хүргэм зүйл бид бүгдэд тулгардаг. Харин хүн бүр янз янзын, тухайлбал ноцтой нүгэл үйлдэх, ёс журамгүй биеэ авч явах, ертөнцийн үзэл бодлын нөлөөнд автах зэрэг сул талтай. Жишээ нь садар самуун явдалд орооцолдохгүйг хичээдэг хүн байхад, гар хангалга хийх, порно үзэх зэрэг ёс журамгүй хандлагатайгаа тэмцдэг нэгэн ч бий. Түүнчлэн зарим нь амархан уурладаг, бардамнадаг, бас хүнээс айж зөв юм хийхээс хойш суудаг. Яаковын бичсэнээр «хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог» (Яак. 1:14).

6. Бид юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?

6 Та хорхой хүргэм ямар зүйлд дийлдчих гээд байдаг вэ? Сул талаа тоохгүй байх юм уу өөрийгөө буруу юм хийхгүй гэж бодох нь аюултай (1 Ёох. 1:8). Бүр «төлөвшсөн» хүмүүс ч сэрэмжлэхгүй бол хорхой хүргэм зүйлд дийлдэж болзошгүйг Паул бичжээ (Гал. 6:1). Бид өөрсдийгөө хууралгүй сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй (2 Кор. 13:5).

7. Юунд онцгой анхаарах ёстой вэ? Жишээ хэлнэ үү.

7 Хорхой хүргэм ямар зүйлийг тэвчихэд хамгийн хэцүү байдгаа мэдэж авсны дараа яах вэ? Үүнтэйгээ тэмцэхийн тулд маш их хичээх ёстой! Жишээ нь Библи бичигдэж байх үед хотын хэрмийн хамгийн өртөмтгий хэсэг буюу дааман хаалгыг олон хүнээр хамгаалуулдаг байв. Үүний адилаар хамгийн их дийлдэх гээд байдаг хорхой хүргэм зүйлтэйгээ тэмцэхэд онцгой анхаарах ёстой (1 Кор. 9:27).

ХЭРХЭН СЭРЭМЖЛЭХ ВЭ?

8, 9. «Сургаалт үгс» номын 7-р бүлэгт гардаг залуу ноцтой нүгэл үйлдэхгүйн тулд яах ёстой байсан бэ? (Сургаалт үгс 7:8, 9, 13, 14, 21).

8 Хэрхэн сэрэмжтэй байх вэ? «Сургаалт үгс» номын 7-р бүлэгт гардаг залуугаас ямар сургамж авахыг бодъё. Тэрбээр садар эмтэй завхайрсан. 22-р зүйлд залууг эмэгтэйн араас «тэр даруй [буюу гэнэт]» дагасан гэжээ. Харин өмнөх зүйлүүдийг нь үзвэл түүнийг дагаж явахаасаа өмнө хэд хэдэн алхам хийсэн нь яваандаа нүгэл үйлдэхэд хүргэсэн.

9 Юу хийсэн нь нүгэл үйлдэхэд хүргэсэн бэ? Юуны түрүүнд, өнөөх залуу оройн цагаар «[садар] эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарчээ». Дараа нь, гэр лүү нь зүглэв (Сургаалт үгс 7:8, 9-ийг уншина). Тэгээд, эмэгтэйг харсан ч замаасаа буцаагүй. Харин ч бүр түүнд үнсүүлж, эвийн тахил өргөсөн тухай ярихыг нь сонссон. Эмэгтэй үүгээрээ өөрийгөө муу хүн биш гэж бодуулахыг оролдсон бололтой (Сургаалт үгс 7:13, 14, 21-ийг уншина). Хэрэв залуу дээрх алхмуудыг хийгээгүй бол соригдож нүгэл үйлдэхгүй байх байсан.

10. Хэн нэгэн нь дээрх залуугийн адилаар хэрхэн алдаж болзошгүй вэ?

10 Соломоны бичсэн энэ явдал Еховаг шүтдэг хэнд ч тохиолдож мэднэ. Ноцтой нүгэл үйлдсэн хүн дараа нь «Гэнэт л болчихлоо» гэж бодох юм уу «Аргагүй байдалд орсон» гэж магадгүй. Гэхдээ юу болсныг бодоод үзвэл ухаалаг бус алхам хийгээд байснаа ойлгох байх. Жишээлбэл Еховаг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөх, Христийн дагалдагч хүнд зохисгүй газарт очих, эсвэл веб сайтад зочлох зэргээр цагаа өнгөрүүлдэг байсан байж болох юм. Бас залбирах, Библи унших, цуглаанд суух, дэлгэрүүлэх ажилд оролцохоо больсон байж магадгүй. «Сургаалт үгс» номд гардаг залуугийн адилаар энэ хүн нүгэл үйлдсэн нь гэнэтийн явдал биш юм.

11. Нүгэл үйлдэхгүйн яах ёстой вэ?

11 Бидэнд ямар сургамжтай вэ? Нүгэл үйлдэхгүй байгаад зогсохгүй, үүнд хүргэх алхмуудыг хийхгүй байх хэрэгтэй. Яг энэ санааг онцлохын тулд Соломон залуу эр болон садар эмийн тухай бичсэн. Тэрбээр: «Жим дээр нь бүү зогс» гэж зөвлөжээ (Сур. 7:25). Мөн «Тэр эмээс хол бай. Гэрийнх нь үүдэнд ч ойрхон явж болохгүй» гэсэн (Сур. 5:3, 8). Тийм ээ, нүгэл үйлдэхгүйн тулд буруу юм хийхэд хүргэх нөхцөл байдал болон үйл хэргээс зугтах хэрэгтэй. b Өөрөөр хэлбэл Христийн дагалдагч хүнд яг хориглоогүй ч соригдож, буруу юм хийхэд хүргэнэ гэдгийг мэддэг учраас хийхгүй гэсэн үг (Мат. 5:29, 30).

12. Иов яахаар бат шийдсэн бэ? Энэ нь хорхой хүргэм зүйлээс сэрэмжлэхэд хэрхэн тус болсон бэ? (Иов 31:1).

12 Нүгэл үйлдэхэд хүргэх нөхцөл байдлаас зайлсхийх шийдвэр төгс байх хэрэгтэй. Иов яг ингэжээ. Тэрбээр хэзээ ч өөр эмэгтэйг тачаадан харахгүй гэж «нүдтэйгээ гэрээ хийсэн» (Иов 31:1-ийг уншина). Энэ шийдвэрээсээ ч няцалгүй садар самуун явдалд огт орооцолдоогүй. Бид ч хорхой хүргэм зүйл үйлдэхэд хүргэж болзошгүй бүхнээс зайлсхийхээр бат шийдэж чадна.

13. Бодол санаагаа яагаад хамгаалах ёстой вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Бас бодол санаагаа хамгаалах ёстой (Ег. 20:17). Зарим хүн, хийхгүй юм чинь гээд муу хүслийг ургуулан бодохыг хал балгүй гэж үздэг. Гэхдээ ингэх нь буруу. Учир нь аажмаар буруу юм хийх хүсэл хүчтэй оргилж, улмаар тэвчихэд улам бүр хэцүү болно. Хааяа буруу бодол толгойд орж ирдэг. Ийм үед толгойноосоо даруй таягдан хаяж, оронд нь сайн юм бодох нь үнэхээр чухал. Ингэвэл хүсэл хүчтэй оргилж, ноцтой нүгэл үйлдэхээс сэрэмжилж чадна (Флп. 4:8; Кол. 3:2; Яак. 1:13–15).

Хорхой хүргэм зүйл үйлдэхэд хүргэх бүхнээс бид зайлсхийх ёстой (13-р догол мөрийг үзээрэй)


14. Хорхой хүргэм зүйлд автахаас сэрэмжлэхийн тулд өөр яах вэ?

14 Хорхой хүргэм зүйлд автахаас сэрэмжлэхийн тулд өөр яах вэ? Еховагийн хууль тушаалыг дагах нь үргэлж ач тустай байдагт бүрэн итгэх хэрэгтэй. Заримдаа юу бодож, юу хүсдэгээ Еховагийнхтай нийцүүлэхэд амаргүй байж болох ч, ингэхийн тулд чадах бүхнээ хийвэл жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ.

15. Зөв юм боддог байх нь хорхой хүргэм зүйлд автахаас сэрэмжлэхэд хэрхэн тус болох вэ?

15 Бид үргэлж зөв юм боддог байх ёстой. Хэрэв «мууг үзэн яд[аж], сайныг хайрлаж» сурвал зөв юм хийх, нүгэлд хүргэх нөхцөл байдлаас зайлсхийх шийдвэр батажна (Ам. 5:15). Мөн урьдчилан мэдэх боломжгүй сорилтод гэнэт орвол тууштай байж чадна.

16. Еховаг хайрлах хайраа лавшруулахад тустай зүйлсийг хийдэг бол сэрэмжтэй байна гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

16 Зөв юм боддог байхын тулд яах вэ? Еховаг хайрлах хайраа лавшруулахад тустай зүйлсийг хийж завгүй байх хэрэгтэй. Цуглаанд сууж, дэлгэрүүлэх ажилд оролцдог бол буруу юм хийх хүсэл төрөхгүйгээр барахгүй Еховад таалагдъя гэсэн хүсэл улам бадарна (Мат. 28:19, 20; Евр. 10:24, 25). Бурхны Үгийг уншиж, судалж, эргэцүүлэн боддог бол сайныг хайрлах, мууг үзэн ядах сэтгэл улам хүчтэй болно (Иош. 1:8; Дуу. 1:2, 3; 119:97, 101). Есүс шавь нартаа «Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүйн тулд ... залбираад байж бай» гэж хэлснийг санаарай (Мат. 26:41). Тэнгэрийн Эцэгтэйгээ хамт байх цаг гарган залбирвал тусламжийг нь авах боломж гарч, түүнд таалагдъя гэсэн шийдвэр маань батажна (Яак. 4:8).

Еховатай дотно болгоход тустай юмыг үргэлж хийдэг бол хорхой хүргэм зүйлээс сэрэмжилж чадна (16-р догол мөрийг үзээрэй) c


ҮРГЭЛЖ СЭРЭМЖЛЭЭРЭЙ

17. Петр ямар сул талтайгаа тэмцсээр байсан бэ?

17 Бид зарим сул талаасаа бүрмөсөн ангижирсан ч, заримтай нь цаашдаа ч тэмцэх шаардлагатай байж болох юм. Энэ талаар элч Петрийн жишээг ярилцъя. Тэрбээр хүнээс айх айдаст автаж Есүсийг бүр 3 удаа үгүйсгэсэн (Мат. 26:69–75). Харин Иудейн дээд шүүхийн өмнө Есүсийн талаар зоригтой дэлгэрүүлсэн нь айдсаа ялсан гэлтэй (Үйлс 5:27–29). Гэсэн ч хэдэн жилийн дараа «хөвчөө таслуулсан хүмүүсийг ирэхэд айсандаа» харь үндэстний итгэл нэгтнүүдтэйгээ хамт хоол идэхээ хэсэг хугацаанд больдог (Гал. 2:11, 12). Хүнээс айх сул тал нь дахин илэрсэн. Петр бүхий л амьдралынхаа турш үүнтэйгээ тэмцсээр байсан байх.

18. Ялсан гэж бодож байсан сул тал дахин илэрвэл яах вэ?

18 Петртэй адилаар, ялсан гэж бодож байсан сул тал маань дахин илэрч сорилтод оруулж болох юм. Жишээ нь нэг Гэрч эрэгтэй: «Би 10 жил порно үзэх сул талтайгаа тэмцсээр, энэ зуршлаасаа салсан гэж итгэж байлаа. Гэтэл амьтан ичээнээсээ гарч ирдэг шиг дахин илэрсэн» гэжээ. Магтууштай нь тэрбээр бууж өгөөгүй. Сул талтайгаа өдөр бүр, тухайлбал энэ тогтолцоонд амьдарч байх бүхий л хугацаандаа тэмцсээр байх ёстойгоо ойлгожээ. Эхнэр болон ахлагчдынхаа тусламжийг авч, дахин порно үзэхгүйн тулд дорвитой алхам хийжээ.

19. Бүрэн ангижраагүй сул талтайгаа хэрхэн тэмцэх вэ?

19 Бүрэн ангижраагүй сул талаасаа болж буруу юм хийхгүйн тулд яах вэ? «Сэрэмжтэй бай» гэсэн Есүсийн зөвлөгөөг дагаарай. Хүчтэй байх үедээ ч хорхой хүргэм зүйл үйлдэхэд хүргэх нөхцөл байдалд орохгүйг байнга хичээгээрэй (1 Кор. 10:12). Сул талтайгаа тэмцэхэд тустай байсан зүйлсийг хийгээд л байгаарай. Сургаалт үгс 28:14-т «ЭЗЭНээс ямагт эмээдэг хүнд ерөөл оршино» гэж бий (2 Петр 3:14).

СЭРЭМЖТЭЙ БАЙВАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

20, 21. а) Хорхой хүргэм зүйлээс сэрэмжилдэг бол ямар ивээл хүртэх вэ? б) Өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийвэл Ехова яах вэ? (2 Коринт 4:7).

20 Хорхой хүргэм зүйлээс үргэлж сэрэмжлэх нь бидэнд ач тустай. Нүгэл үйлдвэл «түр зуурын жаргал» эдлэх ч Еховагийн хэм хэмжээг сахивал хавьгүй илүү аз жаргалыг мэдэрнэ (Евр. 11:25; Дуу. 19:8). Учир нь бид түүний зааврын дагуу амьдарч байхаар бүтээгдсэн (Эх. 1:27). Ингэдэг бол өнөөдөр өөрийгөө буруутгах юмгүй сэтгэл тайван, ирээдүйд мөнх амьдарна (1 Тим. 6:12; 2 Тим. 1:3; Юуд. 20, 21).

21 «Махан бие сул дорой» нь үнэн. Гэхдээ юу ч хийж чадахгүй гэсэн үг биш. Ехова бидэнд шаардлагатай хүчийг дуртайяа өгнө (2 Коринт 4:7-г уншина). Өгөх өгөхдөө бүр хэрээс хэтэрсэн хүч өгнө гээд бод доо. Өдөр бүр хорхой хүргэм зүйлээс сэрэмжлэхийн тулд өөрийнхөө хүчээр чадахыгаа хийх нь бидний үүрэг юм. Ийнхүү өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийвэл Ехова залбиралд маань хариулж шаардлагатай хүчийг нэмж өгнө гэдэгт итгэж болно (1 Кор. 10:13). Тийм ээ, бид Еховагийн тусламжтайгаар хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байж чадна.

ДУУ 51 Бид Еховад үнэнч

a ҮГИЙН ТАЙЛБАР: «Махан бие» гэдгээр бидний төгс бус, нүгэлтэйг хэлдэг. Тиймээс, бид зөв юм хийх чин хүсэлтэй ч сэрэмжтэй байхгүй бол хорхой хүргэм зүйлд дийлдэж, буруу юм хийчихэж мэднэ.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу өглөө нь өдрийн зүйлээ уншиж, өдрийн хоолныхоо цагаар Библи уншиж, орой нь ажлын өдөр болдог цуглаандаа сууж байна.