Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 32

ДУУ 149 Золиосны төлөө талархъя

Ехова бүх хүнийг гэмшээсэй гэж хүсдэг

Ехова бүх хүнийг гэмшээсэй гэж хүсдэг

«Ехова ... хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг билээ» (2 ПЕТР 3:9).

ГОЛ САНАА

Гэмшинэ гэж яахыг хэлдэг вэ? Яагаад гэмших хэрэгтэй вэ? Ехова бүх хүнд гэмшихэд нь хэрхэн тусалсан бэ?

1. Гэмшинэ гэж яахыг хэлдэг вэ?

 БУРУУ юм хийсэн бол гэмших нь маш чухал. Библид, гэмших гэдгийг буруу юм хийж байгаагаа ухаараад, үргэлжлүүлэн хийхээ больж, дахин давтахгүй байхаар эрс шийдэх гэж тодорхойлдог («Грек Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын «Библийн үгийн тайлбар»-аас «Гэмшил»-ийг үзнэ үү).

2. Хүн бүр гэмших талаар яагаад мэдэх хэрэгтэй вэ? (Нехемиа 8:9–11).

2 Амьд яваа хүн бүр гэмших талаар мэдэх хэрэгтэй. Учир нь бид бүгдээрээ өдөр бүр нүгэл үйлддэг. Адам Ева хоёрын үр удам учраас нүгэл, үхлийг өвлөсөн билээ (Ром 3:23; 5:12). Хэн ч үүнээс мултарч чадахгүй. Элч Паул зэрэг гайхалтай итгэлтэй хүмүүс ч нүгэлтэй тэмцдэг байсан (Ром 7:21–24). Тэгвэл нүгэлтэйгээсээ болоод цаг үргэлж өөрийгөө хөөрхийлж явна гэсэн үг үү? Үгүй ээ. Өршөөнгүй Ехова биднийг жаргалтай байлгахыг хүсдэг. Нехемиагийн үеийн иудейчүүдийг бодоорой (Нехемиа 8:9–11-ийг уншина). Ехова тэднийг урьдын нүглээсээ болоод бүү гуньж гутраасай, өөрийг нь баяр хөөртэй шүтээсэй гэж хүсжээ. Хүн гэмшихээрээ жаргалтай болдгийг Ехова бидэнд хэлж өгдөг. Нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшвэл өршөөнгүй Эцэг маань уучилна гэдэгт итгэлтэй байж болно.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Гэмших талаар дэлгэрэнгүй авч үзье. Энэ өгүүллээр гурван зүйлийг ярилцана. Эхлээд, гэмших талаар Ехова израйлчуудад юу ойлгуулсныг мэдэж авъя. Дараа нь, Ехова нүгэл үйлдсэн хүмүүст гэмшихэд нь хэрхэн тусалсныг анхааръя. Эцэст нь, гэмших талаар Есүсийн дагалдагчид юу ойлгосныг ярилцъя.

ГЭМШИХ ТАЛААР ЕХОВА ИЗРАЙЛЧУУДАД ЮУ ОЙЛГУУЛСАН БЭ?

4. Гэмших талаар Ехова Израйл үндэстэнд юу ойлгуулсан бэ?

4 Ехова израйлчуудыг үндэстэн болгон зохион байгуулж, гэрээ буюу албан ёсны хэлэлцээр хийн, хууль тушаалыг нь сахиад байвал хамгаалж, ивээхээ амласан. Тэгээд тэр хуулийнхаа талаар «Өнөөдөр миний чамд тушааж буй энэ тушаал бол чамд тийм ч хэцүү зүйл биш, алс холын ч зүйл биш» гэсэн (Д.хууль 30:11, 16). Харин өөр бурхад шүтэх зэргээр өөрт нь тэрсэлбэл Ехова ивээхээ больж, тэд зовох байлаа. Тэгсэн ч гэсэн Бурхныхаа таалалд дахин багтаж болох байв. Үг тушаалыг нь дагахаар «өөрсдийн Бурхан ЭЗЭН уруугаа эргэх» боломж тэдний өмнө нээлттэй байсан (Д.хууль 30:1–3, 17–20). Өөрөөр хэлбэл гэмшинэ гэсэн үг. Тэгсэн цагт Ехова тэдэнтэй дотносож, дахин ивээх байлаа.

5. Ехова ард түмнээ өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн гэж бодоогүй нь юунаас харагддаг вэ? (Хаадын дэд 17:13, 14).

5 Еховагийн сонгосон ард түмэн олон удаа тэрсэлсэн. Шүтээн шүтэхээс гадна жигшүүртэй муухай хэрэг байнга үйлдэж байлаа. Горыг нь ч амсаж, их ч зовжээ. Гэвч Ехова зөрүүд ард түмнээ орхиогүй. Гэмшээд эргээд ирээч гэж хэлүүлэхээр зөнчдөө дахин дахин илгээсэн (Хаадын дэд 17:13, 14-ийг уншина).

6. Гэмшихийн чухлыг Ехова ард түмэндээ хэрхэн ойлгуулсан бэ? (Бас зургийг үзээрэй).

6 Еховагийн илгээсэн зөнчид ард түмэнд нь анхааруулга өгч, алдааг нь засахыг хичээдэг байв. Жишээ нь, Иеремиа: «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн. ... Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би нигүүлсэнгүй. ... Би үүрд уурлахгүй. Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэж, ... Миний дуу хоолойг дагаагүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөр» гэж уламжилсан (Иер. 3:12, 13). «Бүхий л зүрхээрээ над руу эргэж ир» гэснийг нь Иоел дамжуулжээ (Иоел 2:12, 13, ШЕ). Мөн «Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун» гэж Исаиа тунхагласан (Ис. 1:16–19). «Хорон муу хүнийг өөрийнхөө замаас эргэж, амьдрахаас нь илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? ... Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй. ... Тиймээс гэмшиж амьдар» хэмээн хэлэх зааврыг Езекиел Еховагаас авчээ (Езе. 18:23, 32). Ехова хүмүүсийг мөнх амьдруулахыг хүсдэг учраас гэмшихэд нь баярладаг. Гэхдээ зүгээр хүлээж байгаад, гэмшсэнийх нь дараа л тусалдаг юм биш ээ. Хэдэн жишээ үзье.

Ехова зөнчдөө байн байн явуулж зөрүүд ард түмэндээ гэмшихийг уриалдаг байв (6, 7-р догол мөрийг үзээрэй)


7. Ехова Хосеа ба түүний эхнэрийн жишээгээр ард түмэндээ юу ойлгуулсан бэ?

7 Ехова, зөнч Хосеагийн эхнэр Гомерын амьдралаар жишээ татан ард түмэндээ юу ойлгуулсан бэ? Гомер завхайрч Хосеаг орхин өөр эрийг дагаад явчихжээ. Тэрбээр өөрчлөгдөх ямар ч найдваргүй байсан уу? Зүрх сэтгэлийг хардаг Ехова Хосеад «Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэ[дэг] боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч нөхөртөө хайрлагдсан [«өөр эрийн хайранд жарган завхайрч буй», ШЕ] эмийг хайрла» гэсэн (Хос. 3:1; Сур. 16:2). Хосеагийн эхнэр ноцтой нүгэл үйлдэхээ болиогүй. Гэсэн ч Ехова Хосеаг эхнэр дээрээ очоод түүнийг уучилж, эргээд нийл гэж хэлсэн. a Энэ жишээгээр, ард түмэндээ хэчнээн их хайртайгаа ойлгуулахыг хүсжээ. Ард түмэн нь аймшигтай муухай үйл хэргээ орхиогүй ч Ехова тэднийг хайрлахаа болиогүй. Гэмшээд амьдралаа өөрчлөөсэй гэсэндээ зөнчдөө илгээсээр байлаа. «Зүрхийг шалгадаг» Ехова ноцтой нүглээсээ салаагүй хүнийг орхихгүй бөгөөд гэмшихэд нь тусалсаар байх болно гэдгийг энэ жишээ харуулдаг (Сур. 17:3). Дэлгэрэнгүй авч үзье.

ЕХОВА НҮГЭЛ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСИЙГ ГЭМШЭЭСЭЙ ГЭСЭНДЭЭ ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ?

8. Ехова Каиныг гэмшээсэй гэсэндээ юу хийсэн бэ? (Эхлэл 4:3–7). (Бас зургийг үзээрэй).

8 Каин бол Адам Ева хоёрын ууган хүү юм. Тэрбээр эцэг эхээсээ нүгэлт хандлагыг өвлөн авчээ. Мөн Библид түүний талаар «Бузар мууг үйлддэг» гэсэн байдаг (1 Ёох. 3:12). Ехова «Каиныг болон өргөлийг нь огт» таалаагүй нь ч үүнтэй холбоотой байх. Каин явдал үйлээ засахын оронд «ихэд уурлан, сэтгэл нь гонсойв». Ехова яасан бэ? Каинтай ярьдаг (Эхлэл 4:3–7-г уншина, ШЕ). Эвтэйхэн учирлаж, сайн юм хийвэл ивээхээ амлаж, нүгэл үйлдэхийн аюулаас сэрэмжлүүлсэн. Харамсалтай нь Каин үгэнд нь ороогүй. Ехова түүнд туслахыг хэчнээн их хичээсэн ч тэрбээр гэмшихийг хүсээгүй. Каиныг дуулгаваргүй загнаснаас болоод Ехова бусад хүнд гэмшихэд нь туслахаа больё гэсэн үү? Огтхон ч үгүй!

Ехова Каинд эвтэйхэн учирлаж, сайн юм хийвэл ивээхээ амлаж, нүгэл үйлдэхийн аюулаас сэрэмжлүүлсэн (8-р догол мөрийг үзээрэй)


9. Ехова Давидад гэмшихэд нь хэрхэн тусалсан бэ?

9 Ехова Давидыг маш их хайрладаг байв. Тиймээс ч түүнийг «сэтгэлд минь нийцдэг» хүн гэжээ (Үйлс 13:22). Гэхдээ Давид завхайрах, хүн алах зэрэг ноцтой нүгэл үйлдсэн. Мосегийн хуулиар бол цаазлагдах нь тодорхой байв (Лев. 20:10; Тоол. 35:31). Гэвч Ехова сайхан сэтгэл гарган Давидад тусалжээ. b Гэмшсэн ямар ч шинжгүй байхад нь түүн рүү зөнч Натаныг явуулдаг. Натан сэтгэл хөдөлгөм ёгт үлгэр ярьсанд Давид буруу юм хийснээ ойлгоод гэмшив (2 Сам. 12:1–14). Тэгээд гэмшсэн сэтгэлээ илчилж нэгэн дуулал зохиожээ (Дуу. 51, оршил). Тэрхүү дуулал нүгэл үйлдсэн олон хүнийг тайвшруулаад зогсохгүй, гэмших сэтгэл төрүүлсэн. Ехова хайртай үйлчлэгч Давиддаа тусалж, гэмших сэтгэл төрүүлсэн нь хэчнээн сайхан хэрэг вэ!

10. Ехова нүгэл үйлдсэн хүнийг уучилж, тэвчдэгийг бодохоор танд ямар санагдаж байна вэ?

10 Ехова нүглийг үзэн яддаг бөгөөд ямар ч нүглийг нүдээ аниад өнгөрөөдөггүй (Дуу. 5:4, 5). Гэхдээ бүх хүн нүгэлтэн гэдгийг мэддэг учраас хайрандаа хөтлөгдөн, нүгэлтэй тэмцэхэд нь туслахаар шийдсэн. Хамгийн ноцтой нүгэл үйлдсэн хүнийг ч гэмшээсэй, өөртэй нь дотносоосой гэсэндээ туслахыг хичээдэг. Сэтгэл уужирмаар байгаа биз? Еховаг тэвчээртэй, уучламтгай гэж бодохлоор түүнд үргэлж үнэнч байж, нүгэл үйлдлээ гэхэд хурдхан гэмшье гэсэн хүсэл төрнө. Гэмших талаар Христийн эртний дагалдагчид юу ойлгож авсныг одоо ярилцъя.

ЕСҮСИЙН ДАГАЛДАГЧИД ГЭМШИХ ТАЛААР ЮУ ОЙЛГОСОН БЭ?

11, 12. Есүс Еховагийн ууч сэтгэлийн талаар хүмүүст юу ойлгуулсан бэ? (Зургийг үзээрэй).

11 МЭ I зуунд Ехова баптисм хүртээгч Ёоханаар дамжуулан ард түмэндээ мэдээ дуулгаж, гэмшихийг уриалжээ. Бас Мессиа Есүс гэмшихийн чухлыг хүмүүст хэлж таниулж байсныг өмнөх өгүүлэлд дурдсан билээ (Мат. 3:1, 2; 4:17).

12 Есүс дэлхий дээр байхдаа Эцгийнхээ ууч сэтгэлийн талаар их ярьдаг байв. Нэг удаа тэрбээр алга болсон хүүгийн тухай ёгт үлгэр ярьж Эцгийнхээ энэ чухал зан чанарыг онцолсон. Тэр хүү нэг хэсэг гэрээсээ явж буруу замаар оржээ. Гэхдээ дараа нь «ухаарч», гэртээ эргэж ирэв. Эцэг нь яасан бэ? «Хүүгээ холоос хараад өрөвдөж, гүйн очоод тэвэрч үнсжээ». Зарцаа болгооч гэж эцгээсээ гуйя хэмээн бодож байтал эцэг нь түүнийг өөрийнхөө хүү гэж хэлэн, гэр бүлийнхээ гишүүний ёсоор хүлээж авдаг. Тэгээд, «Хүү маань ... алга болсон боловч олдлоо» гэж хэлсэн (Лук 15:11–32). Нүгэлтнүүдийг гэмшихэд Эцэг нь өрөвдөн хайрлаж, тэр даруй өршөөн уучилж байхыг Есүс тэнгэрт байхдаа олон удаа харсан нь лавтай. Тэнгэрийн Эцэг Ехова маань ямар их өршөөнгүй болохыг Есүс сэтгэл тайвшруулам энэхүү ёгт үлгэрээрээ ойлгуулсан.

Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг эцэг алга болсон зөрүүд хүүгээ гэртээ эргээд ирэхэд нь гүйн очоод тэвэрч байна (11, 12-р догол мөрийг үзээрэй)


13, 14. Элч Петр гэмших талаар юу ойлгосон бэ? Тэрбээр хүмүүст юу заасан бэ? (Бас зургийг үзээрэй).

13 Элч Петр гэмших, уучлах талаар Есүсээс чамгүй ихийг сурчээ. Тэрбээр олон удаа алдаа гаргасан бөгөөд тэгэх тоолонд Есүс өгөөмрөөр уучилдаг байлаа. Нэг жишээ дурдъя. Петр Есүсийг мэдэхгүй гэж гурван удаа мэлзчихээд дараа нь үүндээ ихэд шаналан зовдог (Мат. 26:34, 35, 69–75). Гэсэн ч Есүс амилсныхаа дараа Петрийг ганцаараа байхад нь олж уулздаг (Лук 24:33, 34; 1 Кор. 15:3–5). Тэгээд уучилсан гэдгээ гэмшсэн элчдээ хэлж тайвшруулсан нь лавтай.

14 Гэмшээд, өршөөл хүртэх ямар байдгийг Петр өөрийн биеэр үзсэн учраас сурсан зүйлээ хүмүүст заадаг болжээ. Тавь дахь өдрийн баярын дараа Петр хуран цугласан иудейчүүдэд үг хэлж байхдаа тэднийг Мессиагийн үхлийн буруутан гэсэн. Гэлээ ч хайрлах сэтгэлдээ хөтлөгдөн «Тиймээс нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, Бурхан руу эргэцгээ. Тэгвэл Ехова та нарыг сэргээнэ» гэжээ (Үйлс 3:14, 15, 17, 19). Нүгэлтэн гэмшихлээрээ «эргэх» буюу буруу бодол, үйлдлээ засаж, Бурхны таалалд нийцүүлэн амьдарч эхэлдгийг Петр ийнхүү ойлгуулсан юм. Мөн Ехова нүглийг нь баллуураар баллах мэт бүрмөсөн уучилна гэдгийг хэлж өгсөн. Түүнээс хойш олон жилийн дараа Петр: «Ехова ... та нарт тэвчээртэй ханддаг. Учир нь тэр хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг билээ» гэж Христийн дагалдагчдад бичжээ (2 Петр 3:9). Бид нүгэл үйлдлээ гэхэд, бас тэр нүгэл ноцтой байлаа ч Ехова бүрмөсөн уучилна гэж бодохоор сэтгэл уужирдаг!

Есүс уучилсан гэдгээ гэмшсэн элчдээ хэлж тайвшруулсан (13, 14-р догол мөрийг үзээрэй)


15, 16. а) Ехова Есүс хоёрын ууч сэтгэлийн талаар элч Паул юу ойлгосон бэ? (1 Тимот 1:12–15). б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

15 Тарсын Саул шиг аймшигтай хэрэг хийж явсан хүн тун цөөхөн биз ээ. Тэрбээр Христийн дагалдагчдыг харгислан хавчдаг байв. Дагалдагчдын ихэнх нь Саулыг гэмшихээсээ өнгөрсөн, ямар ч найдваргүй хүн гэж үздэг байсан байх. Харин Есүс түүнийг өөрчлөгдөж, гэмшинэ гэж мэдэж байлаа. Ехова Есүс хоёр Саулын олон сайхан зан чанарыг олж харсан. Есүс: «Би ... түүнийг сонгосон юм» гэж хэлжээ (Үйлс 9:15). Тэр ч бүү хэл, Саулыг гэмшээсэй гэсэндээ гайхамшиг үйлддэг (Үйлс 7:58—8:3; 9:1–9, 17–20). Саул ч гэмшиж, Христийн дагалдагч болоод хожим нь элч Паул хэмээн алдаршжээ. Өөрийг нь өршөөж, сайхан сэтгэл гаргасан Ехова Есүс хоёрт талархаж явдгаа тэрбээр олон удаа илэрхийлсэн байдаг (1 Тимот 1:12–15-ыг уншина). Паул итгэл нэгтнүүддээ «Сайхан сэтгэлтэй Бурхан таныг гэмшээсэй гэж хүсдэг» хэмээн бичжээ (Ром 2:4).

16 Коринт дахь Христийн дагалдагчдын дунд садар самуун явдалтай холбоотой хэрэг манджээ. Паул үүнийг дуулаад юу гэж хэлсэн бэ? Ехова үйлчлэгчдээ сахилгажуулахдаа хайраа хэрхэн илэрхийлдгийг, гэмшихэд нь хэрхэн өршөөж уучилдгийг Паулын хэлсэн үгнээс ойлгож болно. Энэ тухай дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй авч үзье.

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

a Энэ нь онцгой тохиолдол юм. Завхайрсан ханьтайгаа хамт амьдрах ёстой гэсэн шаардлагыг Ехова орчин үед тавьдаггүй. Харин ч буруугүй хань нь хүсвэл гэрлэлтээ цуцлуулж болно гэдгийг Хүүгээрээ хэлүүлсэн (Мат. 5:32; 19:9).