Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 31

ДУУ 2 Ехова танд баярлалаа

Ехова нүгэлт хүмүүсийг аврахын тулд юу хийсэн бэ?

Ехова нүгэлт хүмүүсийг аврахын тулд юу хийсэн бэ?

«Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн» (ЁОХ. 3:16).

ГОЛ САНАА

Ехова нүгэлтэй тэмцэж буй бидэнд хэрхэн туслахаар болсон бэ? Тэрбээр биднийг нүглээс чөлөөлж, үүрд жаргалтай амьдруулахын тулд юу хийсэн бэ?

1, 2. а) Нүгэл гэж юу вэ? Нүглийг хэрхэн ялан дийлэх вэ? (Бас «Үгийн тайлбар»-ыг үзнэ үү). б) Энэ болон дараагийн өгүүллүүдээр юуны тухай хэлэлцэх вэ? (Бас энэ дугаарт нийтэлсэн «Уншигчдын анхааралд» буланг үзээрэй).

 ТАНЫГ Ехова Бурхан хэр их хайрладгийг мэдмээр байна уу? Тэгвэл таныг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд юу хийснийг нь судлаарай. Нүгэл a бол дан ганц өөрийн хүчээр ялан дийлэх боломжгүй аймшигтай дайсан юм. Бид бүгдээрээ өдөр бүр нүгэл үйлддэг. Нүгэлтэйгээсээ болж үхдэг (Ром 5:12). Гэхдээ сайхан мэдээ бий. Бид Еховагийн дэмээр нүглийг ялан дийлэх боломжтой. Тэгээд ч ялах нь тодорхой!

2 Ехова Бурхан хүмүүст хайртай учраас нүгэлтэй тэмцэхэд нь 6 000 жил тусалж байна. Хүн төрөлхтнийг анхнаас нь хайрласан учраас нүглээс чөлөөлөхийн тулд их юм хийжээ. Нүглийн үр дагавар нь үхэл гэдгийг Бурхан сайн мэддэг. Тэрбээр хүмүүсийг үхээсэй гэж хүсдэггүй. Харин мөнх амьдраасай гэж хүсдэг (Ром 6:23). Таныг ч мөн адил. Энэ өгүүллээр дараах гурван асуултыг авч үзнэ. 1) Ехова нүгэлт хүн төрөлхтөнд ямар итгэл найдвар төрүүлсэн бэ? 2) Библи бичигдэж байх үеийн нүгэлт хүмүүс Еховагийн сайшаалыг хэрхэн хүлээсэн бэ? 3) Есүс нүгэлт хүн төрөлхтнийг аврахын тулд юу хийсэн бэ?

ЕХОВА НҮГЭЛТ ХҮН ТӨРӨЛХТӨНД ЯМАР ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСЭН БЭ?

3. Адам Ева хоёр яагаад нүгэлтэй болсон бэ?

3 Ехова анхны эрэгтэй эмэгтэй хоёрыг бүтээхдээ жаргалтай амьдруулахыг хүсжээ. Тэднийг гэр бүл болгож, сайхан гэр орон өгч, сонирхол татсан ажил даалгасан. Тэд дэлхий дүүрэн үр хүүхэдтэй болж, дэлхийгээ бүхэлд нь Еден цэцэрлэг шиг диваажин болгох учиртай байлаа. Бурхан ганц л хориг тавьжээ. Тэр хоригийг зөрчиж санаатайгаар тэрслэн нүгэл үйлдвэл үхнэ гэдгийг сануулсан. Дараа нь юу болсныг бид сайн мэддэг. Бурхныг ч, хүмүүсийг ч хайрладаггүй нэгэн тэнгэрийн элч анхны хоёр хүнийг нүгэл үйлдүүлэх гэж сорьсон. Тэд сорилтод нь унажээ. Хайр халамжтай Эцэгтээ итгэхийн оронд нүгэл үйлдсэн. Еховагийн хэлсэн үг үнэн болох нь батлагдаж Адам Ева хоёр нүгэл үйлдсэн тэр өдрөөсөө үр дагаврыг нь амсаж эхлэв. Тэд хөгширч, эцэст нь үхсэн (Эх. 1:28, 29; 2:8, 9, 16–18; 3:1–6, 17–19, 24; 5:5).

4. Ехова яагаад нүглийг үзэн яддаг вэ? Яагаад нүгэлтэй тэмцэхэд маань тусалдаг вэ? (Ром 8:20, 21).

4 Ехова энэ гунигт түүхийг бидний төлөө бичүүлжээ. Нүглийг тэгтлээ их үзэн яддагийнх нь учрыг энэ түүх хэлж өгдөг. Хүн нүглийн улмаас тэнгэрийн Эцгээсээ хөндийрч, эцэстээ үхдэг (Ис. 59:2). Сатан Еховаг ч, хүмүүсийг ч үзэн яддаг учраас Адам Ева хоёрыг сорьж, нүгэл үйлдүүлсэн. Одоо ч хүмүүсийг сорьсоор байна. Тэрбээр хүн төрөлхтний талаарх Еховагийн санаа зорилгыг баллаж чадлаа гэж бодсон байх. Гэвч Еховагийн хайрыг ойлгоогүй. Ехова, Адам Ева хоёрын үр удамд үнэхээр их хайртай учраас санаа зорилгоо огтхон ч өөрчлөөгүйгээр барахгүй тэрс явдал гарсан даруйд бүх хүнд итгэл найдвар төрүүлжээ (Ром 8:20, 21-ийг уншина). Өөрийг нь хайрлах, нүгэлтэй тэмцэхдээ тусламж гуйх хүмүүс гарна гэдгийг Ехова мэдэж байлаа. Тийм хүмүүст өөртэй нь дотносох, нүгэл, үхлээс чөлөөлөгдөх боломж олгосон. Тэгэхийн тулд юу хийсэн бэ?

5. Ехова, Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэний дараахан хүн төрөлхтөнд ямар итгэл найдвар төрүүлсэн бэ? (Эхлэл 3:15).

5 Эхлэл 3:15-ыг уншина. Ехова энэхүү зөгнөлийг хэлэхдээ Сатанд ял оноов. Ийнхүү хүн төрөлхтөнд итгэл найдвар төрүүлсэн. Итгэж найдах үндэс нь «үр» байх юм гэдгийг ч зөгнөжээ. Тэр үр нь Сатаны «толгойг бяцалж», түүний учруулсан бүх гай зовлонг үгүй хийнэ (1 Ёох. 3:8). Харин эхлээд Сатан «өсгийг няцлах» буюу тэр үрийг үхэлд хүргэх ажээ. Энэ нь Еховагийн сэтгэлийг хамгийн их өвтгөх нь дамжиггүй. Гэвч Ехова хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд ийм зовлон амсахад бэлэн байлаа.

НҮГЭЛТ ХҮМҮҮС ЭРТ ЦАГТ ХЭРХЭН ЕХОВАГИЙН ТААЛАЛД БАГТСАН БЭ?

6. Абел, Ноа зэрэг бат итгэлтэй хүмүүс Еховатай дотносохын тулд юу хийсэн бэ?

6 Нүгэлт хүмүүс өөртэй нь хэрхэн дотносож болохыг Ехова олон зуун жилийн турш бага багаар ойлгуулж иржээ. Еденд тэрс явдал гарснаас хойш Еховад итгэсэн анхны хүн нь Адам, Евагийн хоёр дахь хүү Абел байв. Абел Еховаг хайрладаг, таалалд нь багтахыг хүсдэг, ойртон дотносохыг хичээдэг хүн байсан учраас тахил өргөдөг. Тэрбээр хоньчин тул хурганаасаа хэдийг төхөөрөөд Еховад өргөжээ. Ехова яасан бол? «Абелийг болон өргөлийг нь таалан хүлээж авсан» (Эх. 4:4, ШЕ). Абелийн нэгэн адил өөрийг нь хайрлаж, өөрт нь найддаг Ноа зэрэг хүмүүсийн тахилыг Ехова таалан хүлээж авдаг байжээ (Эх. 8:20, 21). Ингэснээрээ нүгэлт хүмүүс сайшаалыг нь хүлээж өөртэй нь дотносох боломжтойг харуулсан юм. b

7. Абрахам өөрийн хүүг тахил болгон өргөхөд бэлэн байсан явдлаас юу ойлгож болох вэ?

7 Ехова гайхалтай итгэлтэй Абрахамд маш хэцүү даалгавар өгчээ. Тэр нь хүү Исаакаа тахил болгон өргөх байлаа. Абрахамын хувьд элэг эмтлэм даалгавар байсан нь ойлгомжтой. Тэглээ ч гэсэн хэлсэн бүхнийг нь биелүүлэхээр бэлтгэл ажилдаа оров. Бурхан эцсийн мөчид түүнийг болиулсан юм. Еховад итгэж найддаг бүх хүн энэ явдлаас нэг чухал үнэнийг ойлгож авдаг. Юу гэвэл, Ехова хүмүүсийг үнэхээр их хайрладаг учраас хайртай Хүүгээ тахил болгон өргөхөөс ч буцдаггүй ажээ (Эх. 22:1–18).

8. Мосегийн хуульд заасан олон тахил юуг бэлгэддэг байсан бэ? (Левит 4:27–29; 17:11).

8 Түүнээс хойш олон зууны дараа Бурхан Израйлын ард түмэнд хууль өгдөг. Уг хуульд нүглээ цагаатгуулахын тулд олон янзын амьтнаар тахил өргөхийг заажээ (Левит 4:27–29; 17:11-ийг уншина). Эдгээр нь хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн чөлөөлөх нэгэн агуу тахилыг бэлгэддэг байв. Амласан үр тарчилж амиа алдахыг зөнчид зөгнөдөг байсан. Тэрбээр тахилын хонь шиг болох ажээ (Ис. 53:1–12). Ехова хүн төрөлхтнийг, түүний дотор таныг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд амласан үр буюу хайртай Хүүгээ тахил болохыг зөвшөөрсөн гээд бод доо!

ЕСҮС НҮГЭЛТ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ АВРАХЫН ТУЛД ЮУ ХИЙСЭН БЭ?

9. Баптисм хүртээгч Ёохан Есүсийн тухай юу гэж хэлсэн бэ? (Еврей 9:22; 10:1–4, 12).

9 МЭ I зуун. Бурхны үйлчлэгч, баптисм хүртээгч Ёохан Назарын Есүсийг хараад «Ертөнцийн нүглийг арилгах Бурхны Хургыг харагтун!» гэж хэлжээ (Ёох. 1:29). Эрт үед зөгнөсөн үр нь Есүс байсныг энэ үг баталдаг. Тэрбээр зөгнөл ёсоор, амиа тахил болгон өргөх гэж байлаа. Ийнхүү нүгэлт хүн төрөлхтөнд урьд хожид байгаагүй баттай найдвар төрүүлэв! Еховагийн амласан үр нүглийг бүрмөсөн ялах ажээ (Еврей 9:22; 10:1–4, 12-ыг уншина).

10. «Нүгэлтнийг дуудахаар ирсэн» гэж хэлсэн үгээ Есүс хэрхэн баталсан бэ?

10 Есүс нүгэлд дарлуулан зовсон хүмүүсийг онцгойлон анхаарч, дагалдагчаа болгохоор урьж байжээ. Хүн төрөлхтний зовж байгаагийн гол шалтгаан нь нүгэл гэдгийг тэрбээр мэдэж байлаа. Тийм учраас нүгэлтэй гэдгээрээ зартай хүмүүст онцгой тусламж үзүүлж байв. Үүнийгээ жишээгээр тайлбарлан «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй» гэж хэлсэн. Бас «Би шударга сайн хүнийг бус, нүгэлтнийг дуудахаар ирсэн» гэжээ (Мат. 9:12, 13). Есүс хэлсэн ёсоороо амьдарсан юм. Нэгэн эмэгтэй хөлийг нь нулимсаараа угаахад түүнтэй зөөлөн ярьж, нүглийг нь уучилдаг (Лук 7:37–50). Нэг удаа Есүс худгийн дэргэд самари эмэгтэйтэй тааралджээ. Хэдийгээр садар явдалтайг нь мэдэж байсан ч түүнд чухал үнэнийг хэлж өгсөн (Ёох. 4:7, 17–19, 25, 26). Есүс нүглийн эцсийн үр дагавар болсон үхлийг арилгах хүчийг ч Бурхнаас авсан тул хүмүүсийг эрэгтэй эмэгтэй, хүүхэд том хүн гэлгүй амилуулсан (Мат. 11:5).

11. Нүгэлтэй хүмүүс Есүст яагаад татагддаг байсан бэ?

11 Муу юм хийдэг хүмүүс хүртэл Есүст татагдаж байсан нь гайхах зүйл биш юм. Есүс тэднийг өрөвдөн, сэтгэлийг нь ойлгож байв. Харьцахад амар хүн гэдэг нь ч тэдэнд мэдрэгджээ (Лук 15:1, 2). Өөрт нь итгэсэн тэднийг Есүс магтаж, урамшуулсан (Лук 19:1–10). Эцгийнхээ өршөөнгүй сэтгэлийг тэрбээр яруу тод илэрхийлжээ (Ёох. 14:9). Ехова өрөвч, өршөөнгүй бөгөөд хүн бүрийг хайрладаг, нүгэлтэй тэмцээд ялахад нь туслахыг хүсдэг. Үүнийг Есүс үг яриа, үйл хэргээрээ харуулсан юм. Амьдралаа өөрчилж, дагалдагч нь болох хүслийг тэрбээр хүмүүст төрүүлж байлаа (Лук 5:27, 28).

12. Есүс шавь нартаа өөрийнхөө үхлийн талаар юу хэлсэн бэ?

12 Өөрт нь юу тохиолдохыг Есүс мэдэж байв. Урвагчаас болж дайсны гарт орохоо, шонд хадуулж цаазлагдахаа дагалдагчдадаа нэг бус удаа хэлжээ (Мат. 17:22; 20:18, 19). Ёоханы ярьж байснаар, мөн бусад зөнчийн зөгнөснөөр, өргөсөн тахил нь ертөнцийн нүглийг арилгахыг тэрбээр мэдэж байлаа. Амиа өгснийхөө дараа «янз янзын хүнийг өөртөө татна» гэдгээ ч хэлжээ (Ёох. 12:32). Нүгэлт хүмүүс Есүсийг Эзнээ хэмээн хүлээн зөвшөөрч, мөрөөр нь дагавал Еховагийн таалалд багтана. Тэгээд эцэстээ «нүглийн боолчлолоос чөлөөлөгдөнө» (Ром 6:14, 18, 22; Ёох. 8:32). Ийм л учраас Есүс аймшигт үхэлтэйгээ дуртайяа, зоригтой нүүр тулсан юм (Ёох. 10:17, 18).

13. Есүс яаж нас барсан бэ? Есүс нас барсан явдлаас Ехова Бурхны талаар юу мэдэж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Есүс урвагчаас болж дайсны гарт орон, хэл амаар доромжлуулж, гүтгүүлж, яллагдаж, тэр ч бүү хэл тамлагджээ. Цэргүүд түүнийг цаазлах газар луу нь авч яван, шонд хадсан. Есүс энэ бүх зовлонг үнэнчээр тэвчиж байхад, түүнээс ч дутуугүй зовж шаналсан Нэгэн байсан юм. Тэр бол Ехова Бурхан. Ехова эрх мэдэл, хүч чадалтай хэр нь энэ явдлыг таслан зогсоогоогүй. Хамгаас хайртай Хүүгээ тарчилж үхэхэд нь яагаад юу ч хийгээгүй вэ? Хүмүүст хайртай учраас. «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» хэмээн Есүс хэлжээ (Ёох. 3:16).

Ехова биднийг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд төсөөлөхийн аргагүй зовлон амсан байж Хүүгээ цаазлуулжээ (13-р догол мөрийг үзээрэй)


14. Та Есүсийн золиосны тухай бодоод юу ойлгож авсан бэ?

14 Ехова, Адам Ева хоёрын үр удмыг, түүний дотор таныг үнэхээр их хайрладгийн баталгаа нь Есүсийн золиос юм. Таныг Ехова нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд хайртай Хүүгээ золиослон төсөөлөхийн аргагүй сэтгэлийн зовлон амссан (1 Ёох. 4:9, 10). Тэрбээр биднийг өөртөө үйлчлүүлэхийн тулд нүгэлтэй гэж гололгүй туслахыг хүсдэг бөгөөд ирээдүйд нүглийг бүрмөсөн арилгана.

15. Бурхны бэлэг буюу Есүсийн золиосны ач тусыг хүртье гэвэл яах ёстой вэ?

15 Бурхны бэлэг буюу цорын ганц Хүүгийнх нь золиосны ачаар бид нүглээ уучлуулах боломжтой болсон билээ. Гэхдээ Бурхны өршөөлийг хүртэхийн тулд нэг шаардлагыг биелүүлэх ёстой. Тэр нь юу вэ? Баптисм хүртээгч Ёохан, Есүс Христ нар энэ асуултад хариулж «Гэмшигтүн. Учир нь Бурхны Хаант төр ойрхон байна» гэж хэлжээ (Мат. 3:1, 2; 4:17). Тэгэхлээр нүгэлтэй тэмцэж, хайр халамжтай тэнгэрийн Эцэгтэйгээ дотносохыг үнэхээр хүсэж байвал гэмших хэрэгтэй байх нь ээ. Гэмшинэ гэж яахыг хэлдэг вэ? Нүгэлтэй тэмцэхэд энэ нь ямар ач холбогдолтой вэ? Дараагийн өгүүллээс хариуг нь мэдэж авъя.

ДУУ 149 Золиосны төлөө талархъя

a ҮГИЙН ТАЙЛБАР: Библид гардаг «нүгэл» гэдэг үг буруу юм хийх, Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг зөрчих гэсэн утгыг илэрхийлэх нь бий. Бас Адамаас өвлөж авсан төгс бус байдлыг хэлдэг. Өвлөж авсан нүглээсээ болж бүх хүн үхдэг.

b Есүс Христ ирээдүйд амиа тахил болгон өргөж хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс бүрмөсөн чөлөөлөх нь тодорхой байлаа. Тиймээс Ехова үүнд үндэслэн эртний үнэнч үйлчлэгчдийнхээ тахилыг хүлээж авдаг байсан (Ром 3:25).