Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 34

ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая

Нүгэл үйлдсэн хүнийг хайрлан энэрэх нь

Нүгэл үйлдсэн хүнийг хайрлан энэрэх нь

«Сайхан сэтгэлтэй Бурхан таныг гэмшээсэй гэж хүсдэг» (РОМ 2:4).

ГОЛ САНАА

Ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн хүнд хэрхэн туслах вэ?

1. Ноцтой нүгэл үйлдсэн хүнд ямар найдвар байгаа вэ?

 КОРИНТ дахь хуралд гарсан хэргийг элч Паул хэрхэн шийдвэрлэснийг бид өмнөх өгүүллээр үзсэн билээ. Нүгэл үйлдсэн хүн гэмшээгүй учир эрхийг нь хасжээ. Энэ өгүүллийн гол Библийн зүйлд бичсэнээр, Бурхан ноцтой нүгэл үйлдсэн хүнийг гэмшээсэй гэж хүсдэг (Ром 2:4). Зарим хүн Бурхны ачаар гэмшдэг. Тэгвэл тийм хүний гэмийг ухааруулахын тулд Ехова ахлагчдыг хэрхэн удирддаг вэ?

2, 3. Итгэл нэгтнээ нүгэл үйлдсэнийг мэдсэн хүн яах ёстой вэ? Яагаад?

2 Ахлагчид хуралд гарсан асуудлыг мэдэж байж л тусалж чадна шүү дээ. Тэгвэл итгэл нэгтэн нь ноцтой нүгэл буюу эрхээ хасуулахад хүргэж болзошгүй юм хийснийг мэдсэн хүн яах ёстой вэ? Алдаа гаргасан тэр хүнд ахлагчдаас тусламж авахыг зөвлөнө (Ис. 1:18; Үйлс 20:28; 1 Петр 5:2).

3 Нүгэл үйлдсэн хүн ахлагчидтай уулзахгүй байвал яах вэ? Түүнд ахлагчдын тусламж зайлшгүй хэрэгтэй учраас өмнөөс нь ахлагчдад хэлэх нь зүйтэй. Энэ бол итгэл нэгтнээ хайрлаж байгаа хэрэг юм. Учир нь хэн ч ах дүүгээ алдахыг хүсэхгүй шүү дээ. Нүгэл үйлдсэн хүн буруу замаа орхихгүй бол Еховатай тогтоосон харьцаагаа улам л сэвтүүлнэ. Бас хурлын нэр хүнд ч унаж болзошгүй. Еховаг болон нүгэл үйлдсэн хүнийг хайрладаг хүн ийм зоригтой алхам хийдэг (Дуу. 27:14).

НОЦТОЙ НҮГЭЛ ҮЙЛДСЭН ХҮНД АХЛАГЧИД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

4. Ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн хүнтэй ямар зорилгоор уулздаг вэ?

4 Хурлын хүн ноцтой нүгэл үйлдсэн бол ахлагчдын зөвлөл тохирох гурван ахлагчийг сонгон хороо байгуулж тэр хүнтэй уулзуулахаар болдог. a Тэд дөлгөөн, даруу байх шаардлагатай. Мөн нүгэл үйлдсэн хүнд гэмшихэд нь туслах гэж хичээхээс бус, хүчээр өөрчилж чадахгүйгээ ойлгох учиртай (Д.хууль 30:19). Хүн болгон Давид шиг нааштай хандана гэж байхгүйг ахлагчид хүлээн зөвшөөрдөг (2 Сам. 12:13). Зарим хүн Еховагийн зөвлөгөөг сонсохыг хүсэхгүй байж болох юм (Эх. 4:6–8). Тэглээ ч гэсэн болж өгвөл гэмийг нь ухааруулах нь ахлагчдын зорилго юм. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй уулзахдаа ямар зарчмыг санах ёстой вэ?

5. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй уулзахдаа ямар зөвлөгөөг санах ёстой вэ? (2 Тимот 2:24–26). (Бас зургийг үзээрэй).

5 Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг Еховагийн хайртай төөрсөн хонь гэж үздэг (Лук 15:4, 6). Тиймээс нүгэл үйлдсэн хүнтэй уулзахдаа хатуу ширүүн үг хэлдэггүй, хүйтэн хөндий харьцдаггүй. Бас асуулт асууж, баримт цуглуулаад л болох нь тэр гэж боддоггүй. Харин тэд 2 Тимот 2:24–26 байдаг зан чанарыг илэрхийлдэг (уншина). Ахлагчид нүгэл үйлдсэн хүнийг ухааруулахдаа аядуу зөөлөн байж, эелдэг харьцан, сайхан сэтгэлээр ханддаг.

Ахлагчид төөрсөн хонийг олохын тулд эртний хоньчдын адил чадах бүхнээ хийдэг (5-р догол мөрийг үзээрэй)


6. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй уулзахаасаа өмнө оюун ухаан, зүрх сэтгэлээ хэрхэн бэлддэг вэ? (Ром 2:4).

6 Ахлагчид оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлддэг. «Сайхан сэтгэлтэй Бурхан таныг гэмшээсэй гэж хүсдэг» хэмээсэн Паулын үгийг тэд санаад нүгэл үйлдсэн хүнтэй харьцахдаа сайхан сэтгэлтэй Еховаг дуурайхыг хичээдэг (Ром 2:4-ийг уншина). Ахлагчид бол хоньчид бөгөөд хурлынханд санаа тавихдаа Христийн зааврыг даган, түүнийг дуурайх учиртай (Ис. 11:3, 4; Мат. 18:18–20). Тэд нүгэл үйлдсэн хүнтэй уулзахаасаа өмнө залбирч байгаад зорилгоо боддог. Зорилго нь тэр хүнийг гэмшихэд туслах юм. Тиймээс Библийг болон байгууллагын ном хэвлэлийг судалж, хэрсүү ухаан гуйж залбирдаг. Мөн тухайн хүний бодол, хандлага, үйлдэлд юу нөлөөлсөн байж болзошгүй вэ, юуг нь мэдэх хэрэгтэй вэ гэдгийг боддог (Сур. 20:5).

7, 8. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй уулзахдаа тэвчээртэй Еховаг хэрхэн дуурайх ёстой вэ?

7 Ахлагчид Еховаг дуурайн тэвчээртэй байдаг. Ехова нүгэл үйлдсэн хүмүүстэй дээр үед яаж харьцаж байсныг тэд санадаг. Жишээлбэл, Ехова Каинд тэвчээртэй хандан, нүгэл үйлдвэл ямар үр дагавартайг сануулж, засрах найдвар байгааг нь хэлж өгсөн (Эх. 4:6, 7). Мөн зөнч Натаныг Давид руу явуулдаг. Натан жишээ татан орой руу нь ортол ярихад хаан гэмшжээ (2 Сам. 12:1–7). Зөрүүд Израйл үндэстэн рүү зөнчдөө дахин дахин явуулдаг байв (Иер. 7:24, 25). Тэрбээр ард түмнээ гэмшихээр нь л тусална гэж бодож байгаагүй. Харин өөрөө санаачилга гарган тэдэнд гэмшихийг уриалдаг байв.

8 Ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн хүнд гэмшихэд нь туслахдаа Еховаг дуурайдаг. Тэд нүгэл үйлдсэн хүнийг ухааруулах зорилгоор 2 Тимот 4:2-т бичсэнчлэн тэвчээртэй байдаг. Ахлагч нүгэл үйлдсэн хүний зөв юм хийх хүслийг өдөөхийн тулд ямагт тэвчээртэй, тайван байх хэрэгтэй. Хэрэв биеэ барьж чадалгүй уурлаж бухимдвал тэр хүн зөвлөгөөг нь сонсохгүй, тэр ч бүү хэл гэмших хүсэлгүй болж мэдэх юм.

9, 10. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнд буруугаа ухаарахад нь хэрхэн тусалдаг вэ?

9 Ахлагчид тэр хүнийг юунаас болоод нүгэл үйлдсэнийг олж тогтоохыг зорьдог. Бие даасан судлал эсвэл дэлгэрүүлэх ажлаа цалгардуулснаас болж аажмаар сулрав уу? Тогтмол залбирахаа больсон уу? Ёс төдий залбирдаг болсон уу? Буруу юм хүсэж түүндээ дийлддэг болсон уу? Найз нөхөд, зугаа цэнгэлээ буруу сонгов уу? Эдгээр нь түүний ухаан бодол, зүрх сэтгэлд яаж нөлөөлсөн байж болох вэ? Сүүлд гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл нь тэнгэрийн Эцэг Еховад яаж нөлөөлснийг тэрбээр мэдэж байгаа болов уу?

10 Ахлагчид нүгэл үйлдсэн хүний хувийн амьдралд хэт их оролцохгүй ч шаардлагатай асуултуудыг асууж, юунаас болоод Еховатай тогтоосон харьцаагаа сэвтүүлэн байж нүгэл үйлдэх болсныг нь бодуулдаг (Сур. 20:5). Натан Давидыг ухааруулахын тулд жишээ татсан шиг, тэд тухайн хүнийг ухааруулж, хийсэн үйлдэл нь яагаад буруу байсныг ойлгуулахын тулд жишээ татаж болох юм. Магадгүй тэр хүн эхний уулзалтаар л харамсах ч юм билүү! Тэгээд чин сэтгэлээсээ гэмшихийг хэн байг гэх вэ!

11. Есүс нүгэлтнүүдэд хэрхэн хандсан бэ?

11 Ахлагчид Есүсийг дуурайхыг хичээдэг. Амилсан Есүс Тарсын Саулаас «Саул аа, Саул аа, чи яагаад намайг хавчина вэ?» гэж асуудаг. Ийнхүү жинтэй асуулт асуун буруу юм хийснийг нь ухааруулсан (Үйлс 9:3–6). Мөн «Иезебел гэгч эмэгтэйн» талаар Есүс: «Би түүнд гэмших хугацаа өгсөн» гэж хэлжээ (Илч. 2:20, 21).

12, 13. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнд гэмших хугацаа өгөхийн тулд яадаг вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Ахлагчид Есүсийг дуурайдаг учраас нүгэл үйлдсэн хүнийг гэмшихгүй юм байна гэж яаран дүгнэдэггүй. Зарим хүн эхний уулзалтаар л гэмшиж магадгүй. Харин заримд нь хугацаа хэрэгтэй байж болох юм. Ахлагчид тийм хүнтэй нэг бус удаа уулзахаар төлөвлөдөг. Нүгэл үйлдсэн хүн эхний уулзалтаар ярилцсан зүйлийг дараа нь нухацтай бодож магадгүй. Даруу байж, Еховагаас уучлалт гуйн залбирч мэднэ (Дуу. 32:5; 38:18). Тэгээд анх гаргаж байсан хандлагаа дараагийн уулзалт дээр өөрчилсөн байж болох юм.

13 Ахлагчид нүгэл үйлдсэн хүнд гэмших хүсэл төрүүлэхийн тулд өрөвч, сайхан сэтгэл гаргадаг. Хүчин зүтгэлийг маань ивээж өгөөч хэмээн Еховагаас гуйн залбирч, зөрүүдлээд байгаа итгэл нэгтнээ ухаарч сэхээрээд гэмшинэ гэж найддаг (2 Тим. 2:25, 26).

Ахлагчид нүгэл үйлдсэн хүнд гэмших хугацаа өгөхийн тулд нэг бус удаа уулзаж болох юм (12-р догол мөрийг үзээрэй)


14. Нүгэл үйлдсэн хүн гэмшдэг нь хэний ач вэ? Яагаад?

14 Нүгэл үйлдсэн хүнийг гэмшвэл бид бүгдээрээ маш их баярладаг (Лук 15:7, 10). Энэ нь хэний ач гавьяа вэ? Ахлагчдынх уу? Нүгэл үйлдсэн хүмүүсийн талаар Паул юу гэж бичсэнийг саная. «Гэмш[их] ... боломжийг Бурхан тэдэнд олгож болох юм» гэж бичжээ (2 Тим. 2:25). Тиймээс Христийн дагалдагчийн үзэл бодол, хандлага өөрчлөгдсөн нь хүний биш, Еховагийн ач гавьяа байх нь ээ. Тухайн хүн гэмшихээрээ ямар сайн үр дүнд хүрдгийг Паул тайлбарласан. Үнэний талаар илүү зөв мэдлэгтэй болж, ухаарч сэхээрээд Сатаны урхинаас мултардаг ажээ (2 Тим. 2:26).

15. Ахлагчид гэмшсэн хүнд хэрхэн туслах вэ?

15 Нүгэл үйлдсэн хүнийг гэмшвэл ахлагчдын хорооныхон түүнд үе үе хоньчны эргэлт хийнэ. Итгэлээ батжуулж, Сатаны сорилтыг тэвчиж, зөв юм хийдэг болоход нь тэр хүнд туслах зорилготой (Евр. 12:12, 13). Ямар хэрэг хийснийг нь ахлагчид хэнд ч хэлэхгүй нь мэдээжийн хэрэг. Тэгвэл хурлынханд юуны талаар мэдэгдэх шаардлагатай вэ?

«НҮГЭЛ ҮЙЛДДЭГ ХҮНИЙГ ОЛНЫ ӨМНӨ ЗЭМЛЭ»

16. 1 Тимот 5:20-д «олны өмнө» гэдгээр Паул хэнийг хэлсэн бэ?

16 1 Тимот 5:20-ийг уншина. Элч Паул «нүгэл үйлддэг хүний» хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар ахлагч Тимотод заавар өгөхдөө энэ үгийг бичжээ. «Олны өмнө» гэдгээр Паул хэнийг хэлсэн бэ? Хурлынхныг бүгдийг нь хэлсэн байх албагүй. Харин уг хэргийг мэдсэн хүмүүсийг хэлжээ. Тэд болсон явдлыг нүдээрээ үзсэн ч байж болно эсвэл нүгэл үйлдсэн хүн өөрөө хэлсэн ч байж болно. Тухайн асуудал шийдэгдсэн бөгөөд нүгэл үйлдсэн хүн засарсан гэдгийг ахлагчид зөвхөн энэ хүмүүст мэдэгдэнэ.

17. Ноцтой нүглийн талаар олон хүн мэдсэн эсвэл мэдэх нь тодорхой болсон бол юу гэж зарладаг вэ? Яагаад?

17 Заримдаа ноцтой нүглийн талаар олон хүн мэдсэн эсвэл мэдэх нь тодорхой болчихсон байдаг. Ийм үед «олон» гэдгээр хурлын бүх хүнийг хэлнэ. Ахлагчид тэр Гэрчийг зэмлэл хүртсэн гэж цуглаан дээр зарлана. Яагаад? «Бусдад сэрэмжлүүлэг болгох» буюу бусад хүнийг ноцтой нүгэл үйлдэхээс сэргийлэхийн тулд юм.

18. Баптисм хүртсэн, насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэргийг ахлагчид хэрхэн шийдвэрлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

18 Баптисм хүртсэн, 18 нас хүрээгүй хүүхэд ноцтой нүгэл үйлдсэн бол яах вэ? Ахлагчдын зөвлөл хоёр ахлагчийг тэр хүүхэдтэй болон Гэрч эцэг эхтэй нь уулзуулна. b Хүүхдээ гэмшихэд нь тусалж ямар ямар алхам хийснийг ахлагчид эцэг эхээс асууна. Хүүхэд нь эцэг эхийнхээ зөвлөгөөг хүлээж аваад бодол, үйлдлээ засаж байгаа бол ахлагчдын хороо байгуулах шаардлагагүй гэж үзнэ. Тэгээд ч хүүхдийнхээ дутагдлыг хайрын сэтгэлээр засах үүргийг Ехова эцэг эхчүүдэд өгсөн шүү дээ (Д.хууль 6:6, 7; Сур. 6:20; 22:6; Эф. 6:2–4). Дараа нь ахлагчид эцэг эхтэй нь үе үе уулзаж, шаардлагатай тусламжийг хүүхдэдээ үзүүлж байгаа эсэхийг магадална. Гэтэл хүүхэд гэмшихгүй, буруу юмаа хийгээд байвал яах вэ? Гурван ахлагчаас бүрдсэн хороо Гэрч эцэг эхийг нь байлцуулан тэр хүүхэдтэй уулзана.

Насанд хүрээгүй хүүхэд ноцтой нүгэл үйлдвэл хоёр ахлагч тэр хүүхэдтэй болон Гэрч эцэг эх эсвэл асран хамгаалагчтай нь уулзана (18-р догол мөрийг үзээрэй)


«ЕХОВА ИХ ӨРӨВЧ, ӨРШӨӨНГҮЙ»

19. Ахлагчид нүгэл үйлдсэн хүнтэй харьцахдаа Еховаг хэрхэн дуурайдаг вэ?

19 Ахлагчид хурлыг цэвэр ариун байлгах үүргийг Еховагаас авсан билээ (1 Кор. 5:7). Тэд бас нүгэл үйлдсэн хүнийг гэмшээсэй гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн чадах бүхнээ хийдэг. Тэр хүний талаар өөдрөг бодолтой байж, өөрчлөгдөнө гэж итгэж найддаг. Яагаад? Учир нь ахлагчид «их өрөвч, өршөөнгүй» Еховаг дуурайдаг (Яак. 5:11). Нас дээр гарсан элч Ёохан итгэл нэгтнүүддээ ийм л сэтгэлээр ханддаг байжээ. Тэрбээр: «Хүүхдүүд ээ, та нарыг нүгэл бүү үйлдэг гэсэндээ би эдгээрийг бичиж байна. Гэхдээ хэн нэг нь нүгэл үйлдлээ гэхэд бидэнд туслагч бий. Тэр бол Эцэгтэй хамт байдаг, таалалд нь нийцүүлдэг Есүс Христ юм» гэж бичжээ (1 Ёох. 2:1).

20. Энэхүү цувралын сүүлийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

20 Харамсалтай нь зарим Гэрч гэмшдэггүй. Тэгвэл тэр хүний эрхийг хасна. Ийм ноцтой асуудал үүсвэл ахлагчид яадаг вэ? Энэхүү цувралын сүүлийн өгүүллээр ярилцъя.

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

a Урьд нь эрх зүйн хороо гэдэг байсан. Харин хууль, эрх зүйн асуудлыг авч хэлэлцэх нь уг хорооны ажлын нэгээхэн хэсэг юм. Тиймээс энэ нэр томьёог хэрэглэхээ больж, ахлагчдын хороо хэмээн нэрийдэхээр боллоо.

b Эцэг эх гэдэгт насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эцэг эхийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс орно.