Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 38

ДУУ 147 Бурхны эзэмшил

Та сануулгыг анхаардаг уу?

Та сануулгыг анхаардаг уу?

«Нэгийг авч нөгөөг орхино» (МАТ. 24:40)

ГОЛ САНАА

Есүсийн ярьсан 3 сургаалт зүйрлэлийг судалж, энэ тогтолцооны төгсгөлд болох шүүлттэй ямар холбоотойг ярилцана.

1. Есүс удахгүй яах вэ?

 БИД маш эгзэгтэй цаг үед амьдарч байна! Удахгүй Есүс бүх хүнийг шүүхээр ирнэ. Тэрбээр шавь нартаа өөрийнхөө «ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдгийг» ярьж, шүүлтийн өмнө юу болохыг тайлбарласан (Мат. 24:3). Эдгээр шинж тэмдгийг Матай 24, 25, Марк 13 болон Лук 21-р бүлэгт бичсэн байдаг.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ? Яагаад?

2 Есүс 3 сургаалт зүйрлэл ярьж бидэнд сануулга өгсөн. Тэдгээр нь хонь ба ямаа, ухаалаг ба мунхаг онгон бүсгүйчүүд болон талантын тухай сургаалт зүйрлэл юм. Есүс хүн бүрийг юунд үндэслэн шүүхийг зүйрлэл болгоноос мэдэх боломжтой. Тиймээс одоо судлаад бидэнд ямар сургамжтайг, хэрхэн хэрэгжүүлэхийг мэдэж авъя. Хонь ба ямааны тухай зүйрлэлээс эхэлье.

ХОНЬ БА ЯМАА

3. Есүс хүмүүсийг хэзээ шүүх вэ?

3 Есүс хүмүүсийг сайн мэдээ хэрхэн хүлээж авсан, тослогдсон ах дүүсийг нь дэмжсэн эсэхээр нь шүүхээ хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлээрээ ойлгуулсан (Мат. 25:31–46). Энэ шүүлт нь «агуу их гамшгийн» үеэр, тодруулбал Хармагедоны яг өмнөхөн болно (Мат. 24:21). Хоньчин хонь ямааг ялгадаг шиг Есүс хүмүүсийг ялгахдаа тослогдсон дагалдагчдыг нь дэмждэг эсэхийг нь харгалзан үзнэ.

4. Исаиа 11:3, 4-ийг үзвэл Есүс хүмүүсийг шударгаар шүүнэ гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

4 Библийн зөгнөлийг үзвэл Еховагийн томилсон Шүүгч Есүс шударгаар шүүнэ (Исаиа 11:3, 4-ийг уншина). Тэрбээр хүмүүсийн юу хийж, юу бодож, юу ярьж байгааг, түүнчлэн тослогдсон ах дүүст нь хэрхэн ханддагийг ажигладаг (Мат. 12:36, 37; 25:40). Тиймээс тослогдогсдыг, ажил үйлсийг нь хэн дэмжиж байсныг мэдэх болно. a Тэднийг дэмжих нэг гол арга бол дэлгэрүүлэх ажилд оролцох юм. Ингэдэг хүмүүс «шударга сайнд» тооцогдож, дэлхий дээр «мөнх амьдрах» найдвар өвөрлөнө (Мат. 25:46; Илч. 7:16, 17). Үнэхээр гайхалтай шагнал биш гэж үү? Тэд агуу их гамшгийн үеэр болон дараа ч үнэнч гэдгээ баталбал «амийн номд» бичигдсэн нэр нь хэзээ ч арилахгүй (Илч. 20:15).

Есүс ойрын ирээдүйд хүмүүсийг шүүхээр ирж заримыг нь хонинд, заримыг нь ямаанд тооцно (4-р догол мөрийг үзээрэй)


5. Хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлийн сургамж нь юу вэ? Хэнд хамаатай вэ?

5 Үнэнчээ батлаарай. Хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэл юуны түрүүнд дэлхий дээр мөнх амьдрах найдвар өвөрлөсөн хүмүүст хамаатай. Тэд дэлгэрүүлэх ажилд оролцож Христийн ах дүүсийг дэмждэгээс гадна Есүсийн томилсон итгэмжит, ухаалаг боолын зааврыг дагадгаараа үнэнч гэдгээ харуулна (Мат. 24:45). Гэхдээ тэнгэрт амьдрах найдвартай хүмүүс ч энэ зүйрлэл дэх сануулгыг анхаарах учиртай. Яагаад? Есүс тэдний ч юу хийж, бодож, ярихыг анхааран хардаг. Тэд ч бас үнэнчээ батлах ёстой. Есүс өөр 2 сургаалт зүйрлэл ярьж тослогдогсдод тодорхой сануулга өгсөн. Эдгээр нь мөн Матай 25-р бүлэгт байдаг. Одоо ухаалаг ба мунхаг онгон бүсгүйчүүдийн тухай сургаалт зүйрлэлийг ярилцъя.

УХААЛАГ БА МУНХАГ ОНГОН БҮСГҮЙЧҮҮД

6. 5 бүсгүй ухаалаг гэдгээ хэрхэн баталсан бэ? (Матай 25:6–10).

6 Есүсийн ярьсан уг сургаалт зүйрлэлд сүйт залууг угтахаар гарсан 10 бүсгүйн тухай байдаг (Мат. 25:1–4). Тэд сүйт залуутай хамт хурим найрт орохыг хүсэж байлаа. Есүс тавыг нь «ухаалаг», тавыг нь «мунхаг» гэсэн. Ухаалаг бүсгүйчүүд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байсан. Тэд сүйт залууг хэчнээн удаан, бүр шөнө болтол хүлээхэд ч бэлэн байв. Тийм ч учраас харанхуйд асаах тосон дэн авч, мөн сүйт залууг хоцорч магадгүй гэж тооцон нөөц тос авчээ. Ийнхүү бэлдсэн тул дэн нь унтраагүй (Матай 25:6–10-ыг уншина). Сүйт залууг ирэхэд ухаалаг бүсгүйчүүд түүнтэй хамт хурим найрт орсон. Үүнтэй адилаар, Христийг ирэх хүртэл үнэнч байн бэлтгэлтэй, сонор сэрэмжтэйгээ баталсан тослогдогсод сүйт залуу Есүстэй хамт тэнгэрийн Хаант төрд орох зохистойд тооцогдоно (Илч. 7:1–3). b Харин 5 мунхаг бүсгүй яасан бэ?

7. Мунхаг бүсгүйчүүд яасан бэ? Яагаад?

7 Мунхаг бүсгүйчүүд сүйт залууг ирэхэд бэлтгэлгүй байсан. Тэдний дэн бөхөх шахсан бөгөөд нөөц тос ч аваагүй. Сүйт залуу удахгүй ирэхийг мэдээд тос худалдаж авахаар явдаг ч ирж амждаггүй. «Бэлэн байсан бүсгүйчүүд хүргэнтэй хамт хурим найр болох газар ороход хаалга хаагдлаа» (Мат. 25:10). Дараа нь мунхаг бүсгүйчүүд ирээд оръё гэхэд сүйт залуу: «Би та нарыг огт танихгүй юм байна» гэдэг (Мат. 25:11, 12). Залууг саатах байлаа ч тэд түүнийг иртэл хүлээх бэлтгэл хангаагүй байсан. Энэ нь тослогдогсдод ямар сургамжтай вэ?

8, 9. Онгон бүсгүйчүүдийн тухай сургаалт зүйрлэл тослогдогсдод ямар сургамжтай вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Бэлтгэлтэй, сонор сэрэмжтэйгээ батлаарай. Есүс энэ тогтолцооны төгсгөл болтол хүлээх бэлтгэл базаасан, базаагаагүй тослогдогсдын хоёр бүлэг байхыг зөгнөөгүй. Харин бэлтгэлээ хангаагүйгээс болоод төгсгөл хүртэл үнэнч, тэвчээртэй байж чадаагүй бол шагнал хүртэхгүй гэдгийг тослогдогсдод сануулсан (Ёох. 14:3, 4). Үнэхээр нухацтай бодох ёстой зүйл байгаа биз? Бид тэнгэр, газрын алинд нь ч амьдрах найдвартай бай онгон бүсгүйчүүдийн тухай сургаалт зүйрлэлийн сануулгыг машид анхаарах учиртай. Хүн бүр сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байж эцэс хүртэл тэвчих ёстой (Мат. 24:13).

9 Есүс онгон бүсгүйчүүдийн тухай сургаалт зүйрлэлээрээ бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байхын чухлыг онцолсны дараа талантын тухай сургаалт зүйрлэл ярьсан. Энэ нь ажилсаг байх ёстойг онцолдог.

Хүн бүр онгон бүсгүйчүүдийн тухай сургаалт зүйрлэлийн сануулгыг анхаарч бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байн эцэс хүртэл тэвчих нь чухал (8, 9-р догол мөрийг үзээрэй)


ТАЛАНТ

10. Хоёр боол үнэнчээ хэрхэн баталсан бэ? (Матай 25:19–23).

10 Есүсийн ярьсан талантын тухай сургаалт зүйрлэлд эзэндээ үнэнч хоёр болон үнэнч бус нэг боол гардаг (Мат. 25:14–18). Хоёр боол эзнийхээ хөрөнгийг арвижуулахын тулд нөр их хөдөлмөрлөж үнэнчээ баталсан. Эзэн нь холын аянд явахаасаа өмнө тав, хоёр, нэг талант буюу их хэмжээний мөнгө тус бүрд нь хариуцуулдаг. Үнэнч хоёр нь ажилсаг, ухаалаг байж худалдаа хийсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ? Эзнийгээ буцаж ирэхэд тэд мөнгөө 2 дахин өсгөсөн байв. Эзэн нь магтаж, «Эзэнтэйгээ хамт баярла» гэжээ (Матай 25:19–23-ыг уншина). Харин гурав дахь боол мөнгөө яасан бэ?

11. «Залхуу» боол эцэст нь яасан бэ? Яагаад?

11 Нэг талант авсан гурав дахь боол «залхуу» байв. Эзэн нь талантыг ухаалаг ашиглаасай гээд өгсөн ч тэрбээр газар булсан. Тиймээс эзнийгээ буцаж ирэхэд нэмж өгөх юм юу ч байгаагүй. Тэрбээр эзэндээ үнэнч бус хандсан. Хөрөнгийг нь арвижуулаагүйдээ уучлалт гуйх нь бүү хэл «нэхэл хатуу хүн» гэж эзнийгээ ор үндэсгүй буруутгадаг. Энэ боол эзнийхээ сайшаалыг хүртээгүй. Тэгээд бүр талантаа хураалгаж гэрээс нь хөөгддөг (Мат. 25:24, 26–30).

12. Үнэнч хоёр боол хэнийг төлөөлдөг вэ?

12 Үнэнч хоёр боол тослогдсон үнэнч дагалдагчдыг төлөөлдөг. Эзэн Есүс тэдэнд «Эзэнтэйгээ хамт баярла» гэж хэлнэ. Тэд тэнгэрт амилж шагнал хүртэнэ (Мат. 25:21, 23; Илч. 20:5а). Нөгөөтээгүүр залхуу боолын муу жишээ тослогдогсдод сануулга болдог. Ямар?

13, 14. Талантын тухай сургаалт зүйрлэл тослогдогсдод ямар сургамжтай вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Ажилсаг гэдгээ батлаарай. Есүсийн ярьсан талантын тухай сургаалт зүйрлэлд ч тослогдогсдыг залхуу болно гэж зөгнөөгүй. Харин идэвх зүтгэлээ сулруулбал юу болохыг анхааруулсан. Тэд «дуудагдсан, сонгогдсон хүний хувьд үнэнч» бус болж, тэнгэрийн Хаант төрд орохгүй (2 Петр 1:10).

14 Тослогдсон бүх дагалдагч бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй, бас ажилсаг байх ёстойг сануулахын тулд Есүс онгон бүсгүйчүүд болон талантын тухай сургаалт зүйрлэлийг ярьсан. Тэрбээр өөр сануулга өгсөн үү? Өгсөн. Матай 24:40, 41-д бичсэн зүйл эцсийн шүүлттэй холбоотой.

Тослогдогсод ажилсаг гэдгээ хэрхэн баталж буйг Есүс анхааран хардаг (13, 14-р догол мөрийг үзээрэй) d


ХЭНИЙГ «АВАХ» ВЭ?

15, 16. Матай 24:40, 41-д тослогдогсдыг сонор соргог байх ёстойг хэрхэн онцолдог вэ?

15 Есүс 3 сургаалт зүйрлэл ярихаасаа өмнө, тослогдогсдыг эцсийн удаа шүүх тухай тайлбарлажээ. Ингэхдээ талбайд байгаа 2 эрэгтэй болон тариа тээрэмдэж байгаа 2 эмэгтэйн тухай ярьсан. Аль аль тохиолдолд хоёр хүн адилхан ажил хийж байсан ч «нэгийг авч нөгөөг орхино» гэсэн (Матай 24:40, 41-ийг уншина). Тэгээд дагалдагчдадаа «Сонор сэрэмжтэй бай. Яагаад гэвэл Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй» гэжээ (Мат. 24:42). Үүнтэй төстэй үгийг Есүс онгон бүсгүйчүүдийн тухай сургаалт зүйрлэл ярьсны дараа ч хэлсэн (Мат. 25:13). Түүний хэлсэн энэ хоёр үг хоорондоо холбоотой юу? Тийм бололтой. Тэгэхээр жинхэнэ, үнэнч тослогдогсдыг л Есүс «аваад» тэнгэрийн Хаант төрдөө багтаана (Ёох. 14:3).

16 Сонор соргог гэдгээ батлаарай. «Бурхны сонгосон хүмүүсийг» цуглуулахдаа сонор соргог байгаагүй тослогдогсдыг тэдэнтэй хамт авахгүй (Мат. 24:31). Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс ч Есүсийн үгийг сануулга гэж үзэн соргог, үнэнч байх учиртай.

17. Ехова хүмүүсийг хэзээ ч тосолсон бай, бид яагаад гайхах ёсгүй вэ?

17 Бид Еховаг сайн мэддэг тул шударгаар шүүнэ гэдэгт итгэдэг. Тэрбээр зарим үнэнч хүнийг сүүлийн жилүүдэд тослоход гайхдаггүй санаа зовдоггүй. c Усан үзмийн талбайд арван нэгдүгээр цаг буюу 17 цагийн орчмоос ажилласан хүмүүсийн тухай Есүс ярьсан байдаг шүү дээ (Мат. 20:1–16). Тэд бүр өглөөнөөс ажилласан хүмүүстэй адилхан цалин авдаг. Үүнтэй адилаар тослогдогсод хэзээ сонгогдсоноос үл хамааран үнэнч байвал тэнгэрийн шагнал авна.

САНУУЛГЫГ АНХААРААРАЙ

18, 19. Сургаалт зүйрлэлүүдээс юу мэдэж авсан бэ?

18 Бид юу мэдэж авсан бэ? Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс одоо ч, агуу их гамшгийн үеэр ч Еховад үнэнч байх ёстойг хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлд онцолдог. Есүс шүүхээр ирээд үнэнч байгаа хүмүүсийг «мөнх амьдрах» зохистой гэж үзнэ (Мат. 25:46).

19 Бас тослогдогсдод сануулга болдог 2 сургаалт зүйрлэлийг үзсэн. Онгон бүсгүйчүүдийн тухай сургаалт зүйрлэлд гардаг бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй 5 ухаалаг бүсгүй сүйт залууг хоцорч ирэхэд ч хүлээж байсан. Харин мунхаг бүсгүйчүүд бэлтгэлгүй байсан учраас сүйт залуу тэднийг хурим найрт оруулаагүй. Есүс энэ тогтолцоог устгах хүртэл хэчнээн удах бай, бид бэлтгэлтэй байж хүлээх ёстой. Мөн талантын тухай сургаалт зүйрлэлд гардаг үнэнч хоёр боол ажилсаг байсныг ярилцсан. Тэд эзнийхээ төлөө хичээнгүй ажиллаж сайшаалыг нь хүртсэн. Харин залхуу боол тэгээгүй. Сургамж нь юу вэ? Бид төгсгөл хүртэл Еховад завгүй үйлчлэх ёстой. Эцэст нь, сонор соргог байгаа тослогдогсдыг Есүс «авч» тэнгэрийн шагнал хүртээхийг үзсэн. Тэд тэнгэрт «цуглах» цагаа тэсэн ядан хүлээж байна. Хармагедон дайны дараа Хурга буюу Есүсийн сүйт бүсгүй болж, хуримаа хийнэ (2 Тес. 2:1; Илч. 19:9).

20. Сануулгыг нь анхаардаг хүмүүсийг Ехова яах вэ?

20 Шүүх цаг ойртож байгаа ч бидэнд айх юм байхгүй. Үнэнч байвал хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань «хэрээс хэтэрсэн хүч» өгөх тул «аврагд[аж], хүний Хүүгийн өмнө зогсоно» (2 Кор. 4:7; Лук 21:36). Тэнгэр, газрын алинд нь ч амьдрах найдвартай бай Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлд буй сануулгыг анхаардаг хүмүүсийг Эцэг маань таална. Нигүүлслийнх нь ачаар нэрс маань амийн «номд бичигдэх» болно (Дан. 12:1; Илч. 3:5).

ДУУ 146 Надад хүргэсэн тус

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2024 оны 5-р сарын дугаарын «Ехова ирээдүйд хүмүүсийг шүүх талаар бид юу мэддэг вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

b Илүү ихийг мэдье гэвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 3-р сарын 15-ны дугаарын «Та тэр өдөр сонор сэрэмжтэй байх уу?» гэсэн өгүүллийг үзээрэй.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Тослогдсон Гэрч эмэгтэй дэлгэрүүлэхдээ танилцсан бүсгүйтэй Библийн хичээл хийж байна.