СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 37
ДУУ 54 Бат итгэлтэй явъя
Эцэс хүртэл тэвчээртэй, үнэнч байхад тустай захидал
«Анх итгэсэн шигээ эцэс хүртэл бат итгэлтэй бай» (ЕВР. 3:14).
ГОЛ САНАА
Еврейчүүдэд бичсэн захидал дахь зөвлөгөөнүүд энэ тогтолцооны төгсгөл хүртэл тэвчээртэй, Еховад үнэнч байхад маань тустай.
1, 2. а) Элч Паулыг захидлаа бичих үед еврейчүүд ямар нөхцөл байдалд байсан бэ? б) Цагаа олсон захидал гэхийн учир юу вэ?
ИЕРУСАЛИМ болон Иудейд амьдарч байсан еврей дагалдагчид Есүсийг нас барсны дараа хүнд бэрхийг туулсан. Христийн дагалдагчдын хурал байгуулагдаад удаагүй байхад харгис ширүүн хавчлага өрнөв (Үйлс 8:1). 20-оод жилийн дараа бас өлсгөлөн болж тэд юм юмаар гачигдсан (Үйлс 11:27–30). Харин ирээдүйд болох зүйлийг бодвол МЭ 61 он гэхэд харьцангуй амар тайван амьдарч байв. Тэр үед Бурхны агуу хүчээр удирдуулан элч Паулын бичсэн захидлыг хүлээж авсан нь яг цагаа олсон байлаа.
2 Цагаа олсон гэхийн учир нь тайван цаг удаан үргэлжлээгүй. Паул удахгүй тулгарах зовлон бэрхшээлийг тэвчихэд нь тустай зөвлөгөө өгсөн. Есүсийн зөгнөсөн Иудейн тогтолцоо сүйрэх цаг дөхөж байв (Лук 21:20). Мэдээж Паул ч, Иудей дэх дагалдагчид ч сүйрэл яг хэзээ болохыг мэдээгүй. Гэхдээ үлдсэн цагийг ашиглан итгэл, тэвчээр зэрэг зан чанарыг хөгжүүлж өөрсдийгөө бэлдэх боломжтой байсан (Евр. 10:25; 12:1, 2).
3. Христийн өнөөгийн дагалдагчид «Еврей» номыг яагаад судлах хэрэгтэй вэ?
3 Бидэнд еврей дагалдагчдад тулгарснаас илүү хүнд бэрхшээл учирна (Мат. 24:21; Илч. 16:14, 16). Тиймээс тэдэнд өгсөн, бидэнд ч ач тустай Еховагийн зөвлөгөөнүүдээс заримыг одоо ярилцъя.
«ТӨЛӨВШИХИЙН ТУЛД ЗҮТГЭЛТЭЙ БАЙ»
4. Христийн дагалдагч болсон иудейчүүдэд ямар сорилт тулгарсан бэ? (Бас зургийг үзээрэй).
4 Христийн дагалдагч болсон иудейчүүдэд хэцүү сорилт тулгарсан. Өмнө нь иудейчүүд Бурхны сонгосон ард түмэн байв. Иерусалимд Еховаг төлөөлсөн хаан байсан бөгөөд сүм нь цэвэр шүтлэгийн төв байжээ. Үнэнч иудейчүүд шашны удирдагчдын зааснаар Мосегийн хуулийг сахидаг байв. Тухайлбал юу идэж уух, хөвч таслуулахыг хэрхэн үзэх, бүр харь үндэстнүүдтэй хэрхэн харьцах талаар заадаг байсан. Гэхдээ Есүсийг нас барсны дараа Ехова сүмд өргөдөг тахилыг хүлээж авахаа больсон. Энэ нь Мосегийн хуулийг дагадаг байсан иудейчүүдийн хувьд сорилт болов (Евр. 10:1, 4, 10). Петр зэрэг төлөвшсөн дагалдагчдад хүртэл эдгээр өөрчлөлтийн заримыг хүлээн зөвшөөрөхөд амаргүй байв (Үйлс 10:9–14; Гал. 2:11–14). Итгэл үнэмшлээ өөрчилж Христийн дагалдагч болсон иудейчүүдийг иудейн шашны удирдагчид хяхаж хавчсан.
5. Христийн дагалдагчдад ямар эсэргүүцэл тулгарсан бэ?
5 Христийн дагалдагчдыг хоёр бүлэг хүмүүс эсэргүүцэж байлаа. Иудейн шашны удирдагчид тэднийг шашнаасаа урван тэрсэлсэн гэж үзжээ. Мөн Христийн дагалдагч болсон гэх зарим нь Мосегийн хуулийг сахисаар байх ёстой гэж зүтгэсэн. Тэгвэл хавчлагад өртөхгүй гэж бодсон бололтой (Гал. 6:12). Еховад үнэнч байхад нь юу тус болсон бэ?
6. Паул итгэл нэгтнүүддээ яахыг уриалсан бэ? (Еврей 5:14—6:1).
6 Паул захидалдаа Бурхны Үгийг гүнзгийрүүлэн судлахыг уриалсан (Еврей 5:14—6:1-ийг уншина). Еховаг шүтэх Христийн дагалдагчдын арга иудейчүүдийнхээс давуу гэдгийг Еврей Судраас эш татан тайлбарлажээ. a Үнэнийг илүү сайн мэдэж, ойлгодог болбол хуурамч сургаалыг ялгаж салгаад татгалзана, улмаар төөрөхгүй гэдгийг нь Паул мэдэж байсан.
7. Өнөөдөр бидэнд ямар сорилт бэрхшээл тулгардаг вэ?
7 Өнөөдөр ч зөв буруугийн талаарх Еховагийн хэм хэмжээтэй зөрчилддөг мэдээ мэдээлэл, үзэл баримтлал тараадаг хүмүүс бий. Тэд ер нь Библид үндэслэсэн ёс суртахууны хэм хэмжээг буруутган биднийг хэтэрхий хатуу гэдэг. Энэ ертөнцийнхний хандлага, үзэл бодол Бурхныхаас улам бүр ялгаатай болж байна (Сур. 17:15). Тиймээс буруу үзэл бодлыг ялгаж, няцаах чадвартай байх нь маш чухал. Ийм чадвартай хүн ямар ч эсэргүүцэл тулгарахад зориг мохохгүй, Еховад үйлчлэхээ ч болихгүй (Евр. 13:9).
8. Төлөвшихийн тулд яах хэрэгтэй вэ?
8 «Төлөвшихийн тулд зүтгэлтэй бай» гэсэн Паулын зөвлөгөөг бид ч дагах учиртай. Төлөвшихийн тулд үнэний гүн гүнзгий мэдлэгийг олж аваад Еховагийн үзэл бодлыг өөрийн болгох нь чухал. Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэний дараа ч ингэсээр байх ёстой. Еховад хэр удаан үйлчилж байгаагаас үл хамааран бид бүгдээрээ Бурхны Үгийг тогтмол уншиж, судлах хэрэгтэй (Дуу. 1:2). Бие дааж судлах сайн хэвшилтэй байх нь итгэлээ батжуулахад тустай. Энэ зан чанарыг Паул еврейчүүдэд бичсэн захидалдаа онцолжээ (Евр. 11:1, 6).
«АМИА АВРАХЫН ТУЛД ИТГЭ»
9. Бат итгэлтэй байх нь еврей дагалдагчдад яагаад амин чухал байсан бэ?
9 Иудейд удахгүй болох гамшгийг эсэн мэнд давахын тулд еврей дагалдагчдад бат итгэл хэрэгтэй байв (Евр. 10:37–39). Есүс дагалдагчдадаа Иерусалим цэргүүдэд бүслэгдвэл уул руу зугтахыг анхааруулсан. Хот, хөдөөгийн бүх дагалдагч энэ зааврыг дагах ёстой байлаа (Лук 21:20–24). Тухайн үед хөдөө амьдардаг хүмүүс дайснууд довтлон ирэхэд хамгаалагдахын тулд хана хэрэм бүхий хот руу зугтан ордог байв. Тиймээс уул руу зугтаарай гэсэн заавар тохиромжгүй санагдсан байх. Энэ зааврыг дагахад бат итгэл хэрэгтэй болжээ.
10. Удирдаж байгаа хүмүүст яагаад бат итгэх ёстой байсан бэ? (Еврей 13:17).
10 Мөн Есүсийн томилсон, хуралд удирдах үүрэг гүйцэтгэдэг хүмүүст итгэх хэрэгтэй байв. Тэр эрчүүд Есүсийн тушаасны дагуу яг хэзээ, яаж зугтах талаар тодорхой заавар өгсөн бололтой (Еврей 13:17-г уншина). Еврей 13:17-д «дуулгавартай байх» гэж орчуулсан грек үг нь заавар өгч буй хүнд итгээд дуулгавартай байх гэсэн санааг илэрхийлдэг. Удирдах эрх, үүрэгтэй учраас л тэдэнд дуулгавартай байх ёстой гэсэн үг биш. Тиймээс еврей дагалдагчид гамшиг болохоос өмнө удирдаж байгаа хүмүүстээ бат итгэдэг болох шаардлагатай байсан. Тайван цагт зааврыг нь дуулгавартай дагаж сурвал хүнд хэцүү цагт ч дагах нь амар байх байв.
11. Бат итгэлтэй байх нь яагаад чухал вэ?
11 Паулын захидлыг анх хүлээж авсан хүмүүст итгэл хэрэгтэй байсан шиг бидэнд ч итгэл хэрэгтэй. Энэ тогтолцоо удахгүй сүйрнэ гэсэн Библийн анхааруулгыг үл тоодог, үүнд итгэдэг биднийг бүр дооглон тохуурхдаг хүмүүс эргэн тойронд маань байна (2 Петр 3:3, 4). Мөн агуу их гамшгийн үед юу болох талаар зарим мэдээлэл Библид байдаг хэдий ч бидний мэдэхгүй зүйл олон бий. Тэгэхээр агуу их гамшиг яг цагтаа болно, Ехова хамгаална гэдэгт бат итгэх ёстой (Хаб. 2:3).
12. Агуу их гамшгийг эсэн мэнд давахын тулд бид яах хэрэгтэй вэ?
12 Ехова биднийг «итгэмжит, ухаалаг боолоор» удирдуулдагт итгэх итгэлээ бас батжуулах хэрэгтэй (Мат. 24:45). Ромын арми ирэхэд еврей дагалдагчид заавар авсан шиг агуу их гамшиг эхлэхэд бид амь аврах тодорхой заавар авах байх. Еховагийн байгууллагад удирдах үүрэгтэй хүмүүсээс ирдэг зааварт итгэх итгэлээ одооноос батжуулах нь маш чухал. Тэдний зааврыг дагахад одоо хэцүү санагддаг бол агуу их гамшгийн үеэр зааврыг нь дуулгавартай дагаж чадна гэж үү?
13. Еврей 13:5-д бичсэн зөвлөгөөг яагаад анхаарах ёстой байсан бэ?
13 Еврей дагалдагчид зугтах цагийг хүлээх зуураа мөнгийг хайрлалгүй, энгийн амьдрах хэрэгтэй байв (Еврей 13:5-ыг уншина). Тэдний зарим нь өлсгөлөн болоход юм юмаар гачигдсан (Евр. 10:32–34). Сайн мэдээний төлөө олон бэрхшээлийг дуртайяа тэвчсэн ч зарим нь гачигдахын зовлон үзэхгүйн тулд хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй гэж бодож эхэлсэн болов уу? Гэхдээ Иерусалимыг устгах үед хэчнээн их мөнгөтэй хүн ч амиа аварч чадахгүй нь тодорхой (Яак. 5:3). Үнэндээ гэр орон, эд хөрөнгөдөө сэтгэл нь хоргодсон хэнд ч энэ бүхнээ хаяад зугтана гэдэг маш хэцүү байсан биз ээ.
14. Бат итгэлтэй хүн мөнгө, эд хөрөнгийг хэрхэн үзэх вэ?
14 Бид одоогийн тогтолцоо гарцаагүй сүйрнэ гэдэгт бат итгэдэг бол мөнгө, эд хөрөнгийг чухалчлахгүй. Хүмүүс «ЭЗЭНий хилэнгийн өдөрт ... мөнгө, алт [нь] тэднийг чөлөөлж чадахгүйг» ойлгоод «өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудна» (Езе. 7:19). Бид аль болох их мөнгө хуримтлуулахыг бус, харин өөрийн болон гэр бүлийнхнийхээ зайлшгүй хэрэгцээг ханган Еховад үйлчлэхийг анхаарах учиртай. Ингэхийн тулд өр тавихаас зайлсхийх болон олон эд зүйл арчилж тордоход цаг заваа үрэхгүй байх нь зүйтэй. Бас цуглуулсан эд хөрөнгөдөө хэтэрхий их татагдахаас болгоомжлоорой (Мат. 6:19, 24). Энэ тогтолцооны төгсгөлийг хүлээх зуур Ехова, эд хөрөнгийн алинд нь найддаг маань соригдоно.
«ТА НАРТ ТЭВЧЭЭР ХЭРЭГТЭЙ»
15. Еврей дагалдагчдад яагаад тэвчээр хэрэгтэй байсан бэ?
15 Удахгүй Иудей дэх нөхцөл байдал муудах тул Еховад үйлчилсээр байхын тулд еврей дагалдагчдад тэвчээр хэрэгтэй байсан (Евр. 10:36). Зарим хүн өмнө нь ширүүн хавчлагад өртөж байсан ч, ихэнх нь харьцангуй тайван цагт Христийн дагалдагч болсон. Тиймээс Паул илүү ширүүн хавчлага тулгарахыг сануулж, Есүс шиг үхэн үхтэлээ үнэнч байхыг уриалжээ (Евр. 12:4). Христийн дагалдагчдын тоо улам бүр нэмэгдэж байсанд иудейчүүд дургүйцэж, харгис ширүүнээр хавчиж эхлэв. Хэдхэн жилийн өмнө Паулыг Иерусалимд дэлгэрүүлж байхад үймээн дэгдэж, 40 гаруй иудей хүн түүнийг «алахаас нааш юу ч идэхгүй гэж тангарагласан» (Үйлс 22:22; 23:12–14). Ийнхүү хавчлага, үзэн ядалт туйлдаа хүрсэн ч Христийн дагалдагчид Еховаг шүтэхээр цуглаж, сайн мэдээ дэлгэрүүлж, итгэлээ батжуулсаар байх хэрэгтэй байв.
16. Еврейчүүдэд бичсэн захидал хавчлагыг тэвчихийн сайн талыг анхаарахад бидэнд ямар тустай вэ? (Еврей 12:7).
16 Эсэргүүцлийг тэвчихэд еврей дагалдагчдад юу тус болсон бэ? Паул сорилтыг тэвчих нь ямар сайн талтайг ойлгуулсан. Бурхан тэднийг сургахын тулд сорилт учрахыг зөвшөөрдгийг тайлбарлажээ (Еврей 12:7-г уншина). Ийн сургагдсан хүн Христийн дагалдагчид хэрэгтэй зан чанартай болж, түүнийгээ улам хөгжүүлдэг. Сорилтыг тэвчихийн эцсийн үр дүнг анхаарснаар еврей дагалдагчид тэвчээртэй байж чадсан (Евр. 12:11).
17. Паул хавчлагыг тэвчих талаар юу мэддэг байсан бэ?
17 Паул сорилт тулгарахад зоригтой байж, бууж өгөхгүй байхыг еврей дагалдагчдад уриалсан. Тэрбээр үүнийг бичихэд тохирсон хүн байв. Урьд нь Христийн дагалдагчдыг хавчиж явсан тул хавчлага нь ямар байдгийг мэддэг байсан. Мөн Христийн дагалдагч болсныхоо дараа янз бүрийн эсэргүүцэл хавчлагад өртөж явсан учир хэрхэн тэвчихийг ч мэддэг байв (2 Кор. 11:23–25). Тиймээс тэвчээртэй байхын тулд яах хэрэгтэйг бат итгэлтэй хэлж чадсан. Тэрбээр сорилт тулгарахад өөртөө бус, Еховад найдах хэрэгтэйг сануулсан. Өөрөө ч ингэсэн учир «Ехова бол миний туслагч. Би айхгүй» гэж итгэл төгс хэлжээ (Евр. 13:6).
18. Ирээдүйн талаар юу мэддэг байвал хавчлагыг тэвчихэд тус болох вэ?
18 Яг одоо хавчлагыг тэвчиж буй итгэл нэгтнүүд бий. Тэднийхээ төлөө залбирч, боломж гарвал бодитой тусламж үзүүлээрэй (Евр. 10:33). Харин «Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдана» гэж Библид тодорхой бичжээ (2 Тим. 3:12). Тиймээс бид бүгдээрээ хэцүү цаг болохоос өмнө бэлтгэлээ базаах хэрэгтэй. Ямар ч сорилт тулгарсан бай тэвчихэд Ехова тусална гэдэгт итгэж, түүнд бүрэн дүүрэн найдацгаая. Тэрбээр цаг нь болохоор үнэнч үйлчлэгчдээ аварна (2 Тес. 1:7, 8).
19. Агуу их гамшиг болохоос өмнө бэлтгэлээ хэрхэн базаах вэ? (Бас зургийг үзээрэй).
19 Еврейчүүдэд бичсэн Паулын захидал удахгүй болох гамшигт бэлтгэлтэй байхад I зууны дагалдагчдад тус болсон нь гарцаагүй. Тэрбээр Бурхны Үгийг нямбай судалж, сайтар ойлгодог болохыг уриалсан. Ингэвэл итгэл сулруулах номлол сургаалыг ялгаж, няцаах чадвартай болох юм. Мөн Есүс болон удирдаж байгаа хүмүүсийн зааврыг даруй дагахын тулд итгэлээ батжуулахыг уриалжээ. Түүнээс гадна сорилтыг тэвчихийн сайн талыг онцолж, тэвчээртэй байхад тусалсан. Хайр халамжтай Эцэг өөрсдийг нь сургахын тулд сорилтыг зөвшөөрдгийг ойлгуулсан. Бид ч Библийн эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлцгээе. Тэгвэл эцэс хүртэл тэвчээртэй, үнэнч байж чадна (Евр. 3:14).
ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
a Еховаг шүтэх Христийн дагалдагчдын арга иудейчүүдийнхээс давуу гэдгийг Паул батлахын тулд зөвхөн 1-р бүлэгт гэхэд л Еврей Судраас дор хаяж 7 удаа эш татсан (Евр. 1:5–13).