СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 39
ДУУ 21 Энэрэнгүй хүмүүс жаргалтай
Өгдөг хүн илүү их жаргалтай
«Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» (ҮЙЛС 20:35).
ГОЛ САНАА
Бусдад хэрхэн өгөхийг болон ингэснээрээ хэрхэн жаргалтай болохыг мэдэж авъя.
1, 2. Ехова хүнийг өгөхөөрөө жаргалтай болдгоор бүтээсэн нь бидний төлөө гэж яагаад хэлэх вэ?
ЕХОВА хүнийг авахаасаа илүү өгөхөөрөө жаргалтай болдгоор бүтээсэн (Үйлс 20:35). Тэгвэл авахаараа аз жаргал мэдэрдэггүй гэсэн үг үү? Үгүй. Бэлэг авахад бидэнд сайхан санагддаг шүү дээ. Харин өгөхөөрөө илүү их аз жаргал мэдэрдэг. Ехова ийм байхаар бүтээсэн нь бидний л сайн сайхны төлөө юм. Яагаад?
2 Яагаад гэвэл бид өөрөө өөрийгөө жаргалтай байлгах боломжтой. Бусдад юу өгч чадахаа бодоод өгдөг бол баяр хөөртэй байна. Бид ийнхүү бүтээгдсэн нь үнэхээр сайхан биш гэж үү? (Дуу. 139:14).
3. Еховаг яагаад «жаргалтай Бурхан» гэсэн бэ?
3 Библи өгснөөрөө жаргалтай болдгийг батлан хэлдэг учраас Еховаг «жаргалтай Бурхан» гэсэн нь гайхах зүйл биш (1 Тим. 1:11). Тэрбээр хамгийн анхны бөгөөд хамгийн агуу Өгөгч юм. Элч Паулын хэлснээр «бид Бурхны ачаар амьтай болж, ажиллаж амьдардаг» (Үйлс 17:28). Үнэхээр ч «сайн, төгс бэлэг бүхнийг» Ехова өгдөг (Яак. 1:17).
4. Яавал илүү их жаргалтай болох вэ?
4 Бүгд л өгөхийн жаргалыг илүү их мэдрэхийг хүсдэг байх. Ингэхийн тулд өгөөмөр Бурхан Еховагаа дуурайх хэрэгтэй (Эф. 5:1). Энэ өгүүллээр түүний сайхан жишээг үзнэ. Бас бусдын төлөө хийсэн зүйлд минь талархахгүй байгаа юм шиг санагдвал яахыг ярилцана. Эдгээрийг санаж явбал бусдад өгөх хүсэл бадарч, илүү их жаргалтай болно.
ӨГӨӨМӨР СЭТГЭЛТЭЙ ЕХОВАГ ДУУРАЙХ НЬ
5. Ехова биднийг юугаар хангадаг вэ?
5 Өгөөмөр сэтгэлтэй Ехова бидэнд юу өгдөг вэ? Хэдэн жишээ үзье. Хэрэгцээтэй юмыг өгдөг. Биднийг баян тансаг байлгадаггүй ч зайлшгүй шаардлагатай бүхнээр хангадаг. Жишээ нь түүний ачаар хоол хүнс, хувцас хунар, орон гэртэй байдаг (Дуу. 4:8; Мат. 6:31–33; 1 Тим. 6:6–8). Ехова үүнийгээ үүрэг төдий зүйл гэж үздэг үү? Ердөө ч үгүй! Тэгвэл яагаад хэрэгцээг маань хангадаг вэ?
6. Матай 6:25, 26-гаас юу мэдэж авах вэ?
6 Ехова бидэнд хайртай учраас хэрэгцээг маань хангадаг. Матай 6:25, 26-д байдаг Есүсийн үгийг анхааръя (уншина). Тэрбээр бүтээлээс жишээ татаж «Шувуу тариа тарьж, ургац хурааж, агуулахад хадгалдаггүй» гэж хэлсэн. Цааш нь юу гэснийг анхаараарай. «Харин тэнгэрийн Эцэг тань тэжээдэг» гэсэн. Тэгээд «Та нар шувуунаас илүү үнэ цэнтэй биш гэж үү?» гэж асуудаг. Юуг ойлгуулах гэсэн бэ? Үйлчлэгчид нь Еховад амьтадтай харьцуулшгүй үнэ цэнтэй. Амьтдыг тэжээдэг тэрбээр бидний хэрэгцээг хангах нь лавтай! Ехова халамжтай эцэг хүний адилаар хайрын сэтгэлээр гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангадаг (Дуу. 145:16; Мат. 6:32).
7. Өгөөмөр Еховаг дуурайх нэг арга юу вэ? (Бас зургийг үзээрэй).
7 Бид Еховаг дуурайж хэрэгцээтэй юмыг нь хайрын сэтгэлээр бусдадаа өгч чадна. Жишээлбэл та хоол хүнс, хувцас хунараар гачигдаж байгаа итгэл нэгтнээ анзаарсан уу? Ехова түүнд хэрэгтэй юмыг нь танаар дамжуулан өгч болох юм. Бурхны ард түмэн, ялангуяа хэцүү цагт өгөөмөр сэтгэлээр тусламжийн ажил өрнүүлдгийг хүмүүс анддаггүй. Жишээ нь КОВИД-19 цар тахлын үед итгэл нэгтнүүд маань гачигдсан нэгэнтэйгээ хоол унд, хувцас хунар, өөр бусад зүйлээ хуваалцсан. Бас олон хүн дэлхий дахины үйл хэргийг дэмжихийн тулд харамгүй сэтгэлээр хандив өргөсөн. Үүний ачаар дэлхий даяар тусламжийн ажил явуулсан. Тэд Еврей 13:16-д «Сайн юм хийхийг, байгаагаа бусадтай хуваалцахыг бүү март. Яагаад гэвэл ийм тахил Бурханд таалагддаг» гэснийг хэрэгжүүлсэн.
8. Еховагийн өгдөг хүч бидэнд хэрхэн тусалдаг вэ? (Филиппой 2:13).
8 Хүч тэнхээ өгдөг. Ехова үнэнч үйлчлэгчдэдээ хязгааргүй хүчнээсээ дуртайяа өгдөг (Филиппой 2:13-ыг уншина). Та хорхой хүргэм зүйл юм уу хүнд сорилтыг тэвчих хүчийг Еховагаас гуйж байсан уу? Бас өнөөдрийг л давах хүч хайрлаач гэж гуйж байсан байх. Ехова ийм залбиралд тань хариулахад элч Паулын адилаар «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж хэлмээр санагдсан биз ээ (Флп. 4:13).
9. Хүч тэнхээ харамгүй өгдөг Еховагаа хэрхэн дуурайх вэ? (Бас зургийг үзээрэй).
9 Бид төгс бус, сул дорой ч хүч тэнхээ харамгүй өгдөг Еховагаа дуурайж чадна. Бусдыг шууд утгаар тэнхрүүлж чадахгүй ч тэдний төлөө хүчээ зориулах боломжтой. Жишээ нь өндөр настай, өвчин хуучтай итгэл нэгтнийхээ гэрийн ажлыг хийж өгөх юм уу дэлгүүр явж өгч чадна. Бас боломжтой бол цуглааны танхим цэвэрлэх, арчилж тордох ажилд сайн дураараа оролцоорой. Ийнхүү хүч чадлаа зориулбал итгэл нэгтнүүд маань үнэхээр их ач тус хүртэнэ.
10. Үг яриагаараа бусдад хэрхэн хүч өгч болох вэ?
10 Үг яриа хүчтэй нөлөөлдгийг бүү мартаарай. Чин сэтгэлийн магтаал, талархлын үг сонсох юм уу тайвшрал хэрэгтэй хүн санаанд тань орж байна уу? Тэгвэл санаачилга гарган санаа тавиарай. Биечлэн уулзах, утсаар ярих, эсвэл зурвас, э-мэйл, мессеж бичиж болно. Гоё, уран үг хэлэх албагүй. Энгийн, чин сэтгэлийн хэдхэн үг тухайн хүнд дахиад нэг өдөр үнэнч байхад, нөхцөл байдлаа өөдрөгөөр харахад нь яг хэрэг болж болох юм (Сур. 12:25; Эф. 4:29).
11. Ехова мэргэн ухаанаа хэрхэн өгдөг вэ?
11 Мэргэн ухаан өгдөг. Шавь Яаков: «Хэрэв та нарын нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурхнаас гуйж бай. Учир нь хэнийг ч буруушаалгүй, бүгдэд өгөөмөр сэтгэлээр өгдөг Бурхан түүнд өгнө» гэж бичжээ (Яак. 1:5). Үүнээс үзвэл Ехова өөрийгөө л мэргэн ухаантай байвал боллоо гэж боддоггүй, бусдад өгөөмөр сэтгэлээр өгдөг. Мөн «буруушаалгүй ... өгнө» гэснийг анхаараарай. Тэрбээр өөрөөс нь нэрэлхэлгүй удирдлага заавар гуйж байхыг уриалдаг (Сур. 2:1–6).
12. Сурч мэдсэнээ хуваалцах ямар боломж байдаг вэ?
12 Бид мэргэн ухаан өгдөг Еховагаа дуурайж чадах уу? (Дуу. 32:8). Еховагийн ард түмэн бидэнд сурч мэдсэнээ хуваалцах олон боломж бий. Жишээлбэл дэлгэрүүлж сурахад нь шинэ дэлгэрүүлэгчид тусалдаг. Ахлагч нар хурлын үүрэг даалгавраа хэрхэн биелүүлэхийг туслах үйлчлэгчид, баптисм хүртсэн эрчүүдэд тэвчээртэй заадаг. Мөн барилга юм уу засвар үйлчилгээний ажилд гаршсан нэгэн нь туршлага багатай нэгэндээ байгууллагын барилга дээр хэрхэн ажиллахыг зааж өгдөг.
13. Бусдад зааж сургахдаа Еховаг хэрхэн дуурайх вэ?
13 Бусдад зааж сургахдаа Еховаг дуурайхыг хичээгээрэй. Тэрбээр мэргэн ухаанаа өгөөмрөөр өгдөг. Тиймээс бид ч мэдлэг, туршлагаа дуртайяа хуваалцдаг. Сургаж байгаа хүндээ ажлаа алдах вий гэж айгаад зааж сургахаасаа хойш суудаггүй. Бас «Надад хэн ч зааж өгөөгүй! Өөрөө л сурна биз» гэж бодож болохгүй. Ийм хандлага Еховагийн ард түмний дунд байх ёсгүй. Харин бид сурч мэдсэнээ хуваалцаад зогсохгүй бусдыг сургахын тулд чадах бүхнээ хийдэг (1 Тес. 2:8). Бас тэднийгээ «бусдад заах чадвартай болоосой» гэсэн хүсэлтэй явдаг (2 Тим. 2:1, 2). Ийнхүү өгдөг бол өгөөмөр сэтгэл бусдад «халдварлаж», улмаар бүгдээрээ баяр жаргалтай байна.
ТАЛАРХАХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДВАЛ
14. Өгөөмөр сэтгэл гаргахад ихэнх хүн яадаг вэ?
14 Бусдад, ялангуяа итгэл нэгтнүүддээ өгөөмөр сэтгэл гаргахад тэд ихэвчлэн талархдаг. Зурвас бичих юм уу ямар нэг аргаар талархлаа илэрхийлдэг (Кол. 3:15). Ингэхээр нь бид үнэхээр их баярладаг.
15. Хэн нэгэн талархаагүй бол юуг санах ёстой вэ?
15 Гэхдээ хүн болгон талархаад байдаггүй нь үнэн. Бид цаг хүч, мөнгө төгрөгөө хэн нэгний төлөө зориулсан ч тухайн хүн тоохгүй байгаа юм шиг санагдаж болох юм. Тийм үед баяр хөөрөө алдахгүй, урам хугарахгүйн тулд яах нь тустай вэ? Энэ өгүүллийн Библийн гол зүйл Үйлс 20:35-д юу гэж байдгийг санаарай. Өгөхийн жаргал нөгөө хүний хариу үйлдлээс шалтгаалдаггүй. Хүмүүс талархахгүй байгаа юм шиг санагдлаа ч бид баяр хөөртэй байх боломжтой. Яаж? Хэдэн зүйлийг ярилцъя.
16. Бусдад өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?
16 Еховаг дуурайж байгаагаа анхаарах. Хүмүүс талархсан ч, талархаагүй ч Ехова сайныг өгдөг (Мат. 5:43–48). Биднийг ч «хариу харалгүй» өгөхөд тэрбээр «агуу шагнал хүртээхээ» амладаг (Лук 6:35). «Хариу» гэдэгт талархлын үг бас орж болох юм. Бусдаас талархлын үг сонссон ч, сонсоогүй ч «дуртайяа өгдөг» хүнд Ехова буцааж өгнө (Сур. 19:17; 2 Кор. 9:7).
17. Хэрхэн зөв үзэлтэй байх вэ? (Лук 14:12–14).
17 Лук 14:12–14-т бичсэн зарчим бусдад өгөх талаар зөв үзэлтэй байхад их тустай (уншина). Хариу барьж чадах хүмүүст зочломтгой, сайхан сэтгэлээр хандах нь буруу биш. Харин жаахан ч атугай хариу харж өгдгөө анзаарвал яах вэ? Есүсийн өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Хариу барьж чадахгүй гэдгийг нь мэддэг нэгнээ дайлж цайлж, сайхан сэтгэл гаргаарай. Тэгвэл Еховаг дуурайж байгаадаа баярлана. Ийм үзэлтэй байх нь хүмүүс талархлаа илэрхийлээгүй ч баяр хөөрөө алдахгүй байхад тустай.
18. Бусдад хүлээцтэй хандахын тулд яах вэ?
18 Муугаар бодохгүй байх (1 Кор. 13:7). Хэн нэгэн талархлаа илэрхийлээгүй бол өөрөөсөө «Талархах сэтгэлгүй хүн гэж дүгнэх нь зөв үү? Эсвэл зүгээр л мартчихсан юм болов уу?» гэж асуугаарай. Бидний хүссэнээр талархаагүй нь өөр шалтгаантай байж болох юм. Зарим хүн чин сэтгэлээсээ талархдаг ч үүнийгээ илэрхийлж чаддаггүй. Өөр зарим нь, ялангуяа урьд нь бусдад дандаа тусалж явсан хүн өөрөө тусламж аваад ичиж зовдог. Аль нь ч байлаа гэсэн ах дүүсээ үнэн голоосоо хайрладаг хүн хүлээцтэй хандаж, өгөхийн баяр баясгаланг эдэлсээр байна (Эф. 4:2).
19, 20. Тэвчээртэй байх нь яагаад чухал вэ? (Бас зургийг үзээрэй).
19 Тэвчээртэй байх. Өгөөмөр сэтгэл гаргах талаар мэргэн ухаант Соломон хаан: «Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ» гэж бичжээ (Ном. 11:1). Энд бичсэнчлэн зарим хүн өгөөмөр хандсан бидэнд «олон хоногийн хойно» буюу урт хугацааны дараа талархаж болох юм. Нэг Гэрч эмэгтэйд ийм явдал тохиолджээ.
20 Олон жилийн өмнө нэг дүүрэг хариуцагчийн эхнэр дөнгөж баптисм хүртсэн эмэгтэйд үнэнч байхыг уриалсан чин сэтгэлийн үгтэй зурвас өгчээ. Бараг 8 жилийн дараа эмэгтэй хариу бичсэн. Тэрбээр: «Таны бичсэн зурвас олон жилийн туршид надад ямар их тус болсныг мэдээгүй байх. Тиймээс үүнийгээ танд хэлэх гэсэн юм» гээд цааш нь «Сэтгэл дулаацуулам үгтэй байсан. Тэнд бичсэн Библийн эшлэл сэтгэлд минь хадагдаж үлдсэн тул хэзээ ч мартаагүй» гэжээ. a Эмэгтэй өөрт нь тулгарсан зарим бэрхшээлийг дурдаад «Хааяа үнэний замыг, үүрэг даалгавраа орхимоор санагддаг байсан. Харин тэр эшлэл үргэлж бодогдоод бууж өгөөгүй. Энэ 8 жилийн хугацаанд ингэж их тус болсон өөр зүйл байгаагүй» гэж бичжээ. Дүүрэг хариуцагчийн эхнэр «олон хоногийн хойно» энэ захиаг аваад ямар их баярласныг төсөөл дөө! Бид ч тусалсан хүнээсээ урт хугацааны дараа талархлын үг сонсож болох юм.
21. Та яагаад өгөөмөр Еховаг дуурайхаар шийдсэн бэ?
21 Дээр дурдсанаар Ехова биднийг гайхалтай онцлогтойгоор бүтээсэн. Бид авахаараа баярладаг ч, өгөхөөрөө бүр ч их баярладаг. Итгэл нэгтнүүддээ туслахаар сайхан байдаг. Тэднийгээ талархлаа илэрхийлэхэд баяр хөөр болдог. Гэхдээ талархах эсэхээс нь үл хамааран сайн юм хийсэндээ жаргалтай байдаг. Та юу ч өгсөн бай Ехова үүнээс хамаагүй ихийг танд өгнө гэдгийг бүү мартаарай (Ш.дэд 25:9). Ехова өөрөө бидэнд буцааж өгөхөд эдлэх баяр жаргалыг юутай ч харьцуулшгүй! Тиймээс тэнгэрийн өгөөмөр Эцгээ цаашдаа ч дуурайж явахаар бат шийдэцгээе.
ДУУ 25 Хайраар маань биднийг таниг
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Дүүрэг хариуцагчийн эхнэр урмын үгтэй зурвас бичиж байгааг зохиомж зурагт харуулжээ. Хэдэн жилийн дараа талархлын үгтэй захиа авч байна.