Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 5

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

Еховагийн биднийг гэсэн хайрынх нь ач тус

Еховагийн биднийг гэсэн хайрынх нь ач тус

«Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар дэлхий рүү ирсэн» (1 ТИМ. 1:15).

ГОЛ САНАА

Золиосны ач тус юу вэ? Еховад хэрхэн талархах вэ?

1. Бид Еховаг хэрхэн баярлуулах вэ?

 ТА ХАЙРТАЙ хүндээ маш гоё, яг хэрэгтэй юмыг нь бэлэглэсэн гэж бодъё. Гэтэл тэрбээр бэлгээ шургуулганд хийгээд мартчихвал та харамсана биз дээ? Харин өгсөн юмыг тань хэрэглээд талархвал баярлах нь дамжиггүй. Энэ жишээнээс юу ойлгох вэ? Ехова Хүүгийнхээ амийг бидний төлөө өгсөн. Биднийг гэсэн хайрандаа хөтлөгдөн золиос гэдэг үнэ цэнтэй бэлэг өгсөнд нь талархлаа илэрхийлбэл түүнийг ямар их баярлуулах бол оо! (Ёох. 3:16; Ром 5:7, 8).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Харин он жил өнгөрөхөөр золиосыг онцгой бэлэг гэж бодохоо больж мэднэ. Энэ нь авсан бэлгээ шургуулганд хийгээд мартсантай адил юм. Ийм юм болохгүйн тулд Бурхан болон Христ бидний төлөө юу хийснийг байнга эргэцүүлдэг байх хэрэгтэй. Ингэхэд уг өгүүлэл тусална. Золиос нь өнөөдөр, ирээдүйд бидэнд ямар ач тустайг ярилцъя. Мөн, ялангуяа Дурсах цуглааны улирлаар Еховад хэрхэн талархахыг үзнэ.

ОДОО ХҮРТДЭГ АЧ ТУС

3. Бидний одоо хүртдэг нэг ач тус юу вэ?

3 Бид одоо ч Христийн золиосны ач тус хүртдэг. Жишээ нь Ехова золиосонд үндэслэн бидний нүглийг уучилдаг. Ингэх албагүй ч өөрөө хүсээд уучилдаг. Талархах сэтгэлтэй нэгэн дуулалч: «ЭЗЭН Та сайн бөгөөд уучлахад бэлэн» гэжээ (Дуу. 86:5; 103:3, 10–13).

4. Ехова хэний төлөө золиос өгсөн бэ? (Лук 5:32; 1 Тимот 1:15).

4 Зарим хүн өөрийгөө Еховагаар уучлуулах зохисгүй гэж боддог. Чухамдаа бид бүгдээрээ л уучлуулах зохисгүй билээ. Паул «элч байх хүндтэй хүн биш» гэдгээ ойлгодог байв. Гэсэн ч «Бурхны нигүүлслээр би одоогийн би болсон» гэжээ (1 Кор. 15:9, 10). Биднийг нүглээ гэмшихэд Ехова уучилдаг. Яагаад? Бид уучлуулах зохистойдоо бус, тэрбээр биднийг хайрладаг учраас юм. Та өөрийгөө уучлуулах зохисгүй хүн гэж боддог бол Ехова нүгэлгүй хүмүүсийн төлөө бус, гэмшсэн нүгэлтний төлөө золиос өгснийг санаарай (Лук 5:32; 1 Тимот 1:15-ыг уншина).

5. Өөрийгөө Еховагийн нигүүлслийг хүртэх эрхтэй гэж бодох нь зөв үү? Тайлбарлана уу.

5 Бидний хэн нь ч, Еховад үйлчлээд бүр олон жил болсон хүн ч түүний нигүүлслийг хүртэх эрхтэй гэж бодох ёсгүй. Ехова үнэнч үйлчилж ирснийг маань өндөр үнэлдэг нь дамжиггүй (Евр. 6:10). Тэрбээр Хүүгийнхээ амийг өөрт нь үйлчилсний хариу болгож өгөөгүй, харин бэлэг болгон өгсөн. Бид өөрсдийгөө Еховагийн төлөө олон юм хийсэн тул уучлуулах эрхтэй гэж бодох нь буруу. Ингэж боддог хүн өөрт нь золиос хэрэггүй гэж үзэж байгаатай адил юм (Галат 2:21-тэй харьцуулаарай).

6. Паул Еховад яагаад идэвх зүтгэлтэй үйлчилсэн бэ?

6 Бурхны төлөө их юм хийвэл уучлуулна гэж Паул бодоогүй. Тэгвэл яагаад идэвх зүтгэлтэй үйлчилсэн бэ? Уучлуулах зохистой гэдгээ батлахын тулд бус, нигүүлсэнгүй Еховад талархлаа илэрхийлэхийн тулд ажээ (Эф. 3:7). Бид Паулын адилаар Еховагийн нигүүлслийг хүртэх гэж бус, талархлаа илэрхийлэхийн тулд хичээл зүтгэлтэй үйлчилдэг.

7. Одоо хүртдэг өөр нэг ач тус юу вэ? (Ром 5:1; Яаков 2:23).

7 Одоо хүртдэг өөр нэг ач тус нь Еховатай дотно харьцаатай байх юм. a Өмнөх өгүүлэлд дурдсанаар бид төрсөн цагаасаа л Еховатай дотно байгаагүй. Гэхдээ золиосны ачаар «Бурхантай эвтэй байж», дотносох боломжтой болсон (Ром 5:1; Яаков 2:23-ыг уншина).

8. Залбирах завшаантайдаа Еховад яагаад талархах ёстой вэ?

8 Залбирал бол Еховатай дотно хүний эдэлдэг онцгой завшаан билээ. Ехова биднийг хамтдаа цуглаад залбирахыг ч, ганцаараа залбирахыг ч сонсдог. Залбирахаар тайвширдаг. Гэхдээ энэ нь сэтгэлээ засах төдий зүйл биш, харин Еховатай улам дотносоход тустай (Дуу. 65:2; Яак. 4:8; 1 Ёох. 5:14). Ехова сонсдогийг, залбирлаар түүнтэй улам дотносдогийг Есүс мэддэг учраас дэлхийд байхдаа тогтмол залбирдаг байсан (Лук 5:16). Бид Есүсийн золиосны ачаар Еховатай найз болж, залбирах боломжтойдоо үнэхээр их талархдаг!

ИРЭЭДҮЙД ХҮРТЭХ АЧ ТУС

9. Еховагийн үнэнч үйлчлэгчид ирээдүйд ямар ач тус хүртэх вэ?

9 Еховагийн үнэнч үйлчлэгчид ирээдүйд ямар ач тус хүртэх вэ? Мөнхийн амьтай болно. Хүмүүс үхдэг учраас ихэнх хүн үүнийг боломжгүй гэж боддог. Гэхдээ Ехова анхнаасаа хүмүүсийг мөнх амьдруулах зорилготой байв. Хэрэв Адам нүгэл үйлдээгүй бол мөнх амьдрах нь боломжгүй гэж хэн ч бодохгүй байх байсан. Одоо итгэмээргүй санагдаж болох ч Ехова биднийг мөнх амьдруулахын тулд хайрт Хүүгийнхээ амийг хүртэл золиосолсныг бид мэддэг учраас итгэдэг (Ром 8:32).

10. Тослогдогсод болон өөр хоньд юуг тэсэн ядан хүлээдэг вэ?

10 Хэдийгээр мөнх амьдрах нь ирээдүйд хүртэх ивээл ч энэ тухай бодож байхыг Ехова биднээс хүсдэг. Тослогдогсод Христтэй хамт тэнгэрээс дэлхийг захирах гайхалтай ирээдүйгээ тэсэн ядан хүлээдэг (Илч. 20:6). Өөр хоньд диваажин болсон дэлхий дээрээ өвчин, зовлонгүй амьдрахаа хүсэн хүлээдэг (Илч. 21:3, 4). Та дэлхий дээр мөнх амьдрах найдвартай өөр хоньдын нэг үү? Энэ нь тэнгэрт амьдрахаас дутахааргүй сайхан шагнал! Дэлхийг хүмүүст зориулж бүтээсэн. Тиймээс бид дэлхий дээрээ үнэхээр аз жаргалтай амьдарна.

11, 12. Бид Диваажинд ямар ямар ивээл хүртэхээ тэсэн ядан хүлээдэг вэ? (Бас зургийг үзээрэй).

11 Диваажин дэлхийд амьдрал ямар байхыг төсөөлөөрэй. Та өвдөх вий, үхэх вий гэж хэзээ ч санаа зовохгүй (Ис. 25:8; 33:24). Ехова таны зөв зүйтэй бүх хүслийг биелүүлнэ. Та юу сурч, судалмаар байна вэ? Физик үү? Хими үү? Дуу хөгжим үү? Урлаг уу? Диваажинд архитектурч, барилгачин, тариачин хэрэгтэй байх нь ойлгомжтой. Бас хоол хүнс бэлдэх, багаж хэрэгсэл хийх, цэцэрлэг арчилж тордох хүн хэрэгтэй (Ис. 35:1; 65:21). Мөнх амьдрах учир хүссэн ямар ч ур чадвараа эзэмшиж чадна.

12 Та амилсан хүмүүсийг угтаж аваад ямар их баярлах бол оо! (Үйлс 24:15). Мөн тоолж барагдашгүй бүтээлүүдийг судлаад Еховагийн тухай илүү ихийг мэдэж авахаа төсөөлөөрэй (Дуу. 104:24; Ис. 11:9). Хамгийн сайхан нь өөрийгөө буруутгах юмгүйгээр Еховаг шүтнэ гээд бод доо! Та энэ бүх ивээлийг «нүглийн түр зуурын жаргалаар» солих уу? (Евр. 11:25). Яалаа гэж! Тэдгээр нь одоо бидний золиослох юутай ч харьцуулшгүй. Диваажин дэлхий нь үргэлж найдвар хэвээр байхгүйг санаарай. Эцэстээ энэ нь бүрэн биелнэ. Хэрэв Ехова Хүүгээ золиослон байж биднийг хайрлаагүй бол энд дурдсан ивээлийн нэгийг нь ч хүртэх боломжгүй байх байсан!

Та Диваажинд ямар ивээл хүртэхээ хамгийн их хүлээж байна вэ? (11, 12-р догол мөрийг үзээрэй)


ХАЙР ИЛЭРХИЙЛСЭН ЕХОВАД ТАЛАРХАХ НЬ

13. Хайр илэрхийлсэн Еховад хэрхэн талархах вэ? (2 Коринт 6:1).

13 Золиос өгсөн Еховад талархлаа хэрхэн илэрхийлэх вэ? Түүнд үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавих (Мат. 6:33). Есүс үхсэн нь «амьд хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд амилсан түүний төлөө амьдраасай гэснийх» билээ (2 Кор. 5:15). Бурхан биднийг ямар зорилгоор нигүүлссэнийг бид яасан ч мартах учиргүй (2 Коринт 6:1-ийг уншина).

14. Еховагийн удирдамжид итгэдгээ хэрхэн харуулах вэ?

14 Еховад талархах бас нэг арга нь удирдамжид нь итгэх юм. Яаж? Ямар боловсрол эзэмших, ямар ажилд орох зэргээр шийдвэр гаргахдаа Ехова юу хүсдэгийг бодох хэрэгтэй (1 Кор. 10:31; 2 Кор. 5:7). Еховагийн удирдамжид итгэж найдан шийдвэрээ гаргавал итгэл маань улам батжиж, түүнтэй улам дотносно. Бас найдвар маань ч илүү бат болно (Ром 5:3–5; Яак. 2:21, 22).

15. Еховад талархдагаа Дурсах цуглааны улирлаар хэрхэн харуулах вэ?

15 Еховад талархлаа илэрхийлэх өөр нэг арга бий. Золиосонд хэчнээн их талархдагаа Дурсах цуглааны улирлаар харуулах юм. Энэ цуглаанд өөрөө суухаас гадна бусдыг уриарай (1 Тим. 2:4). Урьсан хүндээ цуглааны үеэр юу болдгийг тайлбарлаарай. «Есүс яагаад нас барсан бэ?», «Есүсийн нас барсныг дурсах нь» видеонуудыг үзүүлэх боломжтой. Ахлагчид идэвхгүй болсон хүмүүсийг заавал уриарай. Төөрсөн хонь сүрэгтэйгээ буцаад ирэхэд тэнгэрт ч, газарт ч бөөн баяр хөөр болохыг төсөөлөөрэй! (Лук 15:4–7). Дурсах цуглааны үеэр бие биетэйгээ мэндлэхээс гадна анх удаа ирсэн болон олон жил ирээгүй хүмүүстэй мэндлээрэй. Тэднийг ирсэнд баярлаж байгаагаа мэдрүүлээрэй! (Ром 12:13).

16. Дурсах цуглааны улирлаар үйлчлэлээ өргөжүүлэх талаар яагаад бодох хэрэгтэй вэ?

16 Та Дурсах цуглааны улирлаар Еховад илүү их үйлчлэх боломжтой юу? Ингэх нь Бурхан Христ хоёрын бидний төлөө хийсэн бүхэнд нь талархлаа илэрхийлэх сайхан арга. Еховад үйлчлэх тусам дэмжлэгийг нь мэдэрч, улмаар түүнд улам бүр итгэдэг болно (1 Кор. 3:9). Мөн «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимол болон ажлын өдөр болдог цуглаанаар үзэх материалд тавигдсан хуваарийн дагуу Библиэ уншаарай. Библийн тэдгээр зүйлийг гэр бүлээрээ эсвэл бие дааж судалж болох юм.

17. Ехова юунд баярладаг вэ? ( «Хайр илэрхийлсэн Еховад хэрхэн талархах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

17 Мэдээж та нөхцөл байдлаасаа шалтгаалаад дээр дурдсан бүхнийг хийх боломжгүй байж магадгүй. Гэхдээ Ехова таныг бусадтай харьцуулдаггүй, хэр их юм хийж байгааг бус, зүрхийг тань анхаардгийг санаарай. Золиос гэдэг үнэ цэнтэй бэлгэнд чин сэтгэлээсээ талархаж байгааг хараад тэрбээр баярладаг (1 Сам. 16:7; Марк 12:41–44).

18. Ехова Бурхан, Есүс Христэд талархдагийн маань учир юу вэ?

18 Зөвхөн золиосны ачаар бид нүглээ уучлуулж, Еховатай дотносож, мөнх амьдрах боломжтой болсон. Хайрандаа хөтлөгдөн ийм боломж бүрдүүлсэн Еховад талархлаа үргэлж илэрхийлцгээе (1 Ёох. 4:19). Бас биднийг маш их хайрласандаа амиа өгсөн Есүст талархаж байцгаая! (Ёох. 15:13).

ДУУ 154 (sjj) Дуусашгүй хайр

a Золиос төлөгдөхөөс өмнө амьдарч байсан үйлчлэгчдээ ч Ехова уучилсан. Юунд үндэслэн уучилсан бэ? Тэрбээр Хүүгээ үхэн үхтлээ үнэнч байж чадна гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс золиос төлөгдсөн гэж үзжээ (Ром 3:25).