Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 1

ДУУ 138 Таны нэр бол Ехова

Еховаг алдаршуулагтун

Еховаг алдаршуулагтун

2025 ОНЫ УРИА: Еховад нэрийнх нь алдрыг өгөгтүн (ДУУ. 96:8).

ГОЛ САНАА

Еховаг хэрхэн алдаршуулах зохистойг мэдэж авна.

1. Өнөөдөр олон хүн яадаг вэ?

 СҮҮЛИЙН үед хүмүүс бусдыг гэхээсээ илүү өөрийгөө л боддог болсон нь анзаарагддаг. Жишээлбэл олон нийтийн сүлжээгээр өөртөө болон хийж бүтээсэн зүйлдээ бусдын анхаарлыг хандуулахын тулд юу ч хийхэд бэлэн хүн олон болжээ. Харин харьцангуй цөөхөн хүн Ехова Бурхныг алдаршуулдаг. Энэ өгүүллээр Еховад алдрыг өргөх гэж юу гэсэн үг болохыг, бид яагаад түүнийг алдаршуулдгийг ярилцана. Мөн Бурхнаа хэрхэн алдаршуулах зохистойг болон ойрын ирээдүйд тэрбээр нэрээ хэрхэн алдаршуулахыг үзнэ.

ЕХОВАД АЛДРЫГ ӨРГӨХ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

2. Синаи уулын бэлд цугласан олонд Ехова сүр жавхлангаа хэрхэн харуулсан бэ? (Бас зургийг үзээрэй).

2 Алдар гэж юу вэ? Библид «алдар» гэдэг үгээр хэн нэгнийг сүр жавхлантай, бишрэм харагдуулах аливаа зүйлийг хэлдэг. Израйл үндэстнийг Египетийн боолчлолоос чөлөөлснийхөө дараахан Ехова гайхалтай байдлаар цог жавхлангаа харуулж, өөрийгөө алдаршуулсан. Дараах дүр зургийг төсөөлөөрэй. Сая сая хүн Бурхны үгийг сонсохоор Синаи уулын бэлд цуглав. Уулын орой дээр өтгөн хар үүл хуралджээ. Гэнэт газар хүчтэй хөдлөхөд уулын оройгоос утаа олгойдон гарч, аянга нүргэлэн цахилгаан цахиж, чихний хэнгэрэг хагарам бүрээн дуу сонсогдоно (Ег. 19:16–18; 24:17; Дуу. 68:8). Ехова сүр жавхлангаа ийн харуулахад израйлчууд ямар их сүрдэж гайхсан бол оо!

Синаи уулын бэлд цугласан израйлчуудад Ехова сүр жавхлангаа гайхалтай байдлаар харуулсан (2-р догол мөрийг үзээрэй)


3. Еховад хэрхэн алдрыг өргөх вэ?

3 Харин хүмүүс бид Еховад алдрыг өргөж чадах уу? Тийм ээ, чадна. Нэг арга нь гайхалтай хүч, сайхан зан чанарынх нь тухай ярих юм. Мөн Бурхны тусламжаар хийсэн бүхнээ түүний ач гавьяа гэж үзэж алдаршуулах боломжтой (Ис. 26:12). Давид хаан Еховаг алдаршуулахын сайхан жишээ үлдээсэн. Тэрбээр Израйлын чуулганы өмнө ийнхүү залбирчээ. «Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юм Таных билээ». Залбирч дуусахад нь «бүх чуулган [Еховаг] магтсан» (Ш.дээд 29:11, 20).

4. Есүс Еховаг хэрхэн алдаршуулсан бэ?

4 Есүс дэлхийд байхдаа Эцгийнхээ хүчээр гайхамшиг үйлддэгээ хэлж түүнийг алдаршуулсан (Марк 5:18–20). Мөн Эцгийнхээ тухай ярьж, хүмүүст сайхан сэтгэлээр хандаж алдрыг өргөдөг байсан. Нэг удаа тэрбээр синагогт сургаал айлдаж байв. Түүнийг сонсож байсан хүмүүсийн дунд чөтгөрт эзэмдүүлээд 18 жил болсон эмэгтэй байлаа. Тэрбээр цэх зогсож чаддаггүй, бөгтөр ажээ. Ямар хэцүү байсан бол оо! Есүс өрөвдөж, дөхөж очоод аядуу зөөлнөөр түүнд «Эмэгтэй, та өвчнөөсөө саллаа» гэж хэлээд гараа хүргэмэгц эмэгтэй цэх зогсдог болж «Бурхныг алдаршуулж эхлэв». Ингээд бүрэн эдгэрчээ (Лук 13:10–13). Ийм гайхалтай явдал болсонд Бурхныг алдаршуулахгүй байж яаж чадах билээ дээ! Бидэнд ч Еховаг алдаршуулах шалтгаан мундахгүй их бий.

БИД ЕХОВАГ ЯАГААД АЛДАРШУУЛДАГ ВЭ?

5. Бид Еховаг яагаад хүндэтгэдэг вэ?

5 Бид Еховаг гүнээ хүндэтгэдэг. Ингэх шалтгаан олон бий. Тэрбээр юу хүссэнээ хийх хязгааргүй хүчтэй бөгөөд ядарч цуцна гэж үгүй (Дуу. 96:4–7). Агуу мэргэн ухаан нь бүтээсэн бүхнээс нь илт харагддаг. Тэрбээр бидэнд амь бэлэглэж, амьд явахад хэрэгтэй бүхнээр хангадаг (Илч. 4:11). Бас үнэнч (Илч. 15:4). Хийсэн бүхэн нь амжилттай болж, амласан бүхэн нь биелдэг (Иош. 23:14). Тиймээс ч зөнч Иеремиа Еховагийн талаар «Үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй» гэж хэлсэн нь ойлгомжтой (Иер. 10:6, 7). Тэнгэрийн Эцгээ хүндэтгэх шалтгаан үнэхээр олон байгаа биз? Харин Ехова хүндлүүлээд зогсохгүй хайрлуулах ч зохистой Нэгэн юм.

6. Бид Еховаг яагаад хайрладаг вэ?

6 Бид Еховаг зүрхнийхээ угаас хайрладаг. Тэрбээр хайр булаам олон сайхан зан чанартай. Өрөвч, энэрэнгүй (Дуу. 103:13; Ис. 49:15). Зөөлөн сэтгэлтэй, зовоход маань хамт зовдог (Зех. 2:8). Өөрийнх нь тухай мэдэж аваад найз нь болоход тусалдаг (Дуу. 25:14; Үйлс 17:27). Бас «Тэнгэр болоод газрыг үзэхээр Өөрийгөө даруу болгодог ... Тэрээр ядуусыг шороо тоосноос өргөдөг» (Дуу. 113:6, 7). Ийм агуу Бурхнаа алдаршуулахыг хүсэхгүй хэн байх вэ? (Дуу. 86:12).

7. Бид ямар онцгой завшаантай вэ?

7 Бид хүмүүст Еховагийн тухай мэдүүлэхийг хүсдэг. Ихэнх хүн Еховагийн тухай үнэнийг мэддэггүй. Яагаад? Сатан түүний тухай ор үндэсгүй худал хуурмагийг тарааж хүмүүсийн ухаан санааг сохолсон (2 Кор. 4:4). Еховаг өш санадаг, хайрлах сэтгэлгүй, зовлон учруулдаг хэмээн итгүүлсээр байгаа. Харин бид Бурхныхаа тухай үнэнийг мэддэг! Яг ямар Бурхан болохыг нь хүмүүст ярьж өгч, түүнд алдрыг өргөх завшаантай (Ис. 43:10). 96-р дуулалд Еховаг алдаршуулах талаар онцлон бичсэн. Энэ дууллын зарим зүйлийг ярилцаж, Еховаг хэрхэн алдаршуулах ёстойг анхааръя.

ЕХОВАГ ХЭРХЭН АЛДАРШУУЛАХ ВЭ?

8. Еховаг алдаршуулах нэг арга юу вэ? (Дуулал 96:1–3).

8 Дуулал 96:1–3-ыг уншина. Үг хэлээрээ. Уг зүйлд «[Еховад] дуулагтун», «Түүний нэрийг магтагтун», «Түүний авралын сайн мэдээг ... тунхаглагтун», «Түүний алдрыг үндэстнүүдийн дунд ... тунхаглагтун» гэж бичжээ. Бид тэнгэрийн Эцгээ ийнхүү алдаршуулах боломжтой. Үнэнч иудейчүүд болон Христийн I зууны дагалдагчид өөрсдийнх нь төлөө хийсэн Еховагийн сайн сайхан бүхнийг ярьж, нэр хүндийг нь хамгаалахаас хойш суугаагүй (Дан. 3:16–18; Үйлс 4:29). Тэднийг хэрхэн дуурайх вэ?

9, 10. Анжелинагаас юу сурах вэ? (Бас зургийг үзээрэй).

9 АНУ-д амьдардаг Анжелина a гэдэг Гэрч эмэгтэйн жишээг бодъё. Тэрбээр ажил дээрээ Еховагийн нэр хүндийг эр зоригтойгоор хамгаалсан. Түүнийг ажилд ороод удаагүй байхад компанийн шинэ ажилчид өөрсдийгөө танилцуулах уулзалт болов. Анжелина Еховагийн Гэрчийн хувьд баяр жаргалтай амьдардгаа харуулсан хэдэн зураг үзүүлэхээр бэлджээ. Гэтэл яг түүний өмнө өөрийгөө танилцуулсан залуу Гэрч айлд өсөж хүмүүжсэнээ ярьсан. Тэгээд Гэрчүүд болон итгэл үнэмшлийнх нь талаар муулж гарав. Анжелина: «Тэгэхэд нь миний зүрх хүчтэй цохилж, “Еховагийн тухай ингэж худал ярихыг би зүгээр хараад суух уу, эсвэл нэр төрийг нь хамгаалах уу?” гэсэн бодол надад төрсөн» хэмээжээ.

10 Нөгөө залууг ярьж дуусахад Анжелина даруйхан дотроо залбирчээ. Тэгээд түүн рүү хараад найрсгаар «Би ч чамтай адил Гэрч айлд өсөж хүмүүжсэн. Одоо ч гэсэн Гэрч» гээд яриагаа эхлэв. Хэдийгээр уур амьсгал таагүй байсан ч тэрбээр тайван байж, байгууллагынхаа зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон зургуудаа үзүүлэн итгэл үнэмшлээ эвтэйхэн тайлбарласан (1 Петр 3:15). Тэгтэл яасан гэж бодно? Ярьж дуусахад нь нөгөө залуугийн байр байдал өөрчлөгдөж, бүр Гэрчүүдтэй холбоотой байсан үеийнхээ сайхан дурсамжуудаас хуваалцжээ. Анжелина: «Бид Еховагийн нэр хүндийг хамгаалах ёстой. Энэ нь миний хувьд завшаан юм» гэжээ. Хүмүүс Еховаг муулахад нэр хүндийг нь хамгаалж, алдаршуулах завшаан бидэнд ч бий.

Бид үг хэлээрээ Еховаг алдаршуулах боломжтой (9, 10-р догол мөрийг үзээрэй) b


11. Бурхны үйлчлэгчид Дуулал 96:8-д байдаг зарчмыг хэрхэн дагаж ирсэн бэ?

11 Дуулал 96:8-ыг уншина. Эд хөрөнгөөрөө. Бурхны үйлчлэгчид эд юмаараа түүнийг алдаршуулсаар ирсэн (Сур. 3:9). Жишээлбэл израйлчууд сүм барих, засварлах ажилд мөнгө төгрөг, үнэт зүйлсээ хандивласан (Х.дэд 12:4, 5; Ш.дээд 29:3–9). Зарим шавь Есүс болон элч нарт «эд хөрөнгөөрөө» тусалдаг байв (Лук 8:1–3). Мөн Христийн I зууны дагалдагчид өлсгөлөнд нэрвэгдсэн ах дүүстээ мөнгө төгрөг явуулж тусалсан (Үйлс 11:27–29). Өнөөдөр бид ч сайн дураараа хандив өргөж, Еховаг алдаршуулах боломжтой.

12. Бидний өргөдөг хандив Еховаг хэрхэн алдаршуулдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Бидний өргөдөг хандив Еховаг хэрхэн алдаршуулдгийг харуулсан нэг тохиолдлыг ярилцъя. 2020 оны нэг тайланд дурдсанаар Зимбабвед удаан үргэлжилсэн ган гачиг болж, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Нөхцөл байдал хүнд байсан ч Приска гэдэг Гэрч эмэгтэй лхагва, баасан гараг болгонд, газар хагалах улирлаар ч дэлгэрүүлдэг байв. Талбайд ажиллахын оронд дэлгэрүүлж байгааг түүнийг харсан хөршүүд нь шоолж «Турж үхэх нь дээ» гэжээ. Тэрбээр: «Ехова үйлчлэгчдээ хэзээ ч орхидоггүй» гэж итгэлтэйгээр хариулсан. Удалгүй байгууллагаас хоол хүнсний тусламж авсан байна. Ийм тусламжийн ажил бидний өргөсөн хандиваар санхүүждэг. Хөршүүд нь Прискад «Чиний Бурхан үнэхээр чамайг орхисонгүй. Энэ Бурхны тухай мэдмээр байна» гэж сэтгэл хөдлөн хэлжээ. Тэдний 7 нь цуглаанд явдаг болсон.

Бид эд хөрөнгөөрөө Еховаг алдаршуулах боломжтой (12-р догол мөрийг үзээрэй) c


13. Еховаг биеэ авч явах байдлаараа хэрхэн алдаршуулах вэ? (Дуулал 96:9).

13 Дуулал 96:9-ийг уншина. Биеэ авч явах байдлаараа. Еховагийн сүмд үйлчилдэг тахилчид бие махбодын хувьд цэвэр байх ёстой байв (Ег. 40:30–32). Гэхдээ үүнээс илүү чухал нь үйл хэргээрээ цэвэр байх юм (Дуу. 24:3, 4; 1 Петр 1:15, 16). Бид «хуучин хүнээ» тайлж, «шинэ хүнийг өмсөх» ёстой. Өөрөөр хэлбэл Еховад таалагддаггүй муу бодол, зуршлаасаа салж, харин түүн шиг боддог, үйлддэг болж сайхан зан чанарыг нь илэрхийлнэ гэсэн үг (Кол. 3:9, 10). Ёс суртахуунгүй амьдардаг, харгис хэрцгий хүн ч Еховагийн тусламжаар өөрчлөгдөж «шинэ хүнийг өмсөж» чадна.

14. Та Жакийн жишээнээс юу мэдэж авсан бэ? (Бас зургийг үзээрэй).

14 Жак гэдэг хүний тухай яръя. Харгис хэрцгий, аюултай түүнийг Чөтгөр гэж хочилдог байсан. Олон гэмт хэрэг үйлдсэн түүнд цаазаар авах ял оноожээ. Ял гүйцэлдүүлэх хугацаагаа хүлээж байх хооронд шоронд нь ирсэн нэг Гэрчтэй Библийн хичээл хийхээр болов. Хэчнээн муу хүн байсан ч хуучин хүнээ тайлж, баптисм хүртэх шаардлага хангажээ. Маш их өөрчлөгдсөн тул цаазлагдах өдөр нь болоход зарим харгалзагч нулимс дуслуулан түүнтэй салах ёс хийсэн. Шоронгийн нэг түрүүч: «Нэгэн цагт Жак энэ шоронгийн хамгийн муу хүн байсан бол одоо хамгийн сайн хүмүүсийн нэг болсон» гэжээ. Жакийг цаазаар авхуулсны дараагийн долоо хоногт болсон цуглаанд нэг хоригдол анх удаа ирж суужээ. Яагаад ирсэн юм бол? Жакийг их өөрчлөгдсөнд сэтгэл нь хөдөлж, Еховаг шүтэхийн тулд яах ёстойг мэдэхийг хүссэн ажээ. Тийм ээ, бид биеэ авч явах байдлаараа тэнгэрийн Эцгээ алдаршуулж чадна! (1 Петр 2:12).

Бид биеэ авч явах байдлаараа Еховаг алдаршуулах боломжтой (14-р догол мөрийг үзээрэй) d


ОЙРЫН ИРЭЭДҮЙД ЕХОВА НЭРЭЭ ХЭРХЭН АЛДАРШУУЛАХ ВЭ?

15. Ойрын ирээдүйд Ехова нэрээ хэрхэн алдаршуулах вэ? (Дуулал 96:10–13).

15 Дуулал 96:10–13-ыг уншина. 96-р дууллын сүүлийн эшлэлүүдэд Еховаг шударга Шүүгч, Хаанаар дүрсэлжээ. Ехова нэрээ ойрын ирээдүйд хэрхэн алдаршуулах вэ? Шүүлтээрээ. Ариун нэрийг нь гутаан доромжилдог Агуу Вавилоныг удахгүй яллана (Илч. 17:5, 16; 19:1, 2). Агуу Вавилон сүйрэхийг харсан зарим хүн цэвэр шүтлэгт нэгдэж магадгүй. Эцэст нь Ехова Хармагедон дайнаар Сатаны тогтолцоог болон өөрийг нь эсэргүүцдэг, нэр төрийг нь гутаадаг хүмүүсийг устгаж, харин өөрийг нь хайрладаг, алдаршуулдаг, дуулгавартай хүмүүсийг аварна (Марк 8:38; 2 Тес. 1:6–10). Христийн Мянган жилийн засаглал дуусаж, хүмүүс эцсийн удаа соригдсоны дараа Ехова нэрээ бүрэн алдаршуулсан байна (Илч. 20:7–10). Тэр цагт, «Далай усаар дүүрэн байдаг шиг дэлхий Еховагийн алдрын тухай мэдлэгээр бялхана» (Хаб. 2:14, ШЕ).

16. Та яахаар шийдсэн бэ? (Бас зургийг үзээрэй).

16 Хүн бүр Еховагийн нэрийг алдаршуулах тэр мөч хэчнээн сэтгэл хөдөлгөм байх бол оо! Гэхдээ тэр болтол боломж бүрийг ашиглан Бурхнаа алдаршуулцгаая. Энэ үүргээ биелүүлэх нь хэчнээн чухал болохыг Удирдах Зөвлөл онцлохын тулд «Еховад нэрийнх нь алдрыг өгөгтүн» гэсэн Дуулал 96:8-ыг 2025 оны уриа болгосон.

Эцэст нь хүн бүр Еховагийн нэрийг алдаршуулна! (16-р догол мөрийг үзээрэй)

ДУУ 2 Ехова танд баярлалаа

a Зарим нэрийг өөрчлөв.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Анжелинад тохиолдсон явдлыг зохиомж зургаар харуулжээ.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Прискад тохиолдсон явдлыг зохиомж зургаар харуулжээ.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Жакт тохиолдсон явдлыг зохиомж зургаар харуулжээ.