Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 3

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

Еховад таалагдах шийдвэр гаргая

Еховад таалагдах шийдвэр гаргая

«ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн» (СУР. 9:10).

ГОЛ САНАА

Мэдлэг, ойлгож ухаарах болон ялгах чадвараа ашиглан хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?

1. Бид бүгдэд ямар шаардлага гардаг вэ?

 БИД өдөр бүр ямар нэгэн шийдвэр гаргадаг. Өглөөний цайндаа юу идэж уух вэ, хэдэн цагт унтаж амрах вэ гэх мэт харьцангуй амархан юмыг шийдэх хэрэг гардаг. Харин эрүүл, аз жаргалтай байхад, Еховад тууштай үйлчлэхэд, бас хайртай хүмүүст маань нөлөөлөх шийдвэр гаргах тийм ч амар биш. Бид өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ сайн сайхныг боддог. Хамгийн гол нь шийдвэр маань Еховад таалагдаасай гэж хүсдэг (Ром 12:1, 2).

2. Зөв шийдвэр гаргахын тулд яах нь тустай вэ?

2 Та зөв шийдвэр гаргая гэвэл 1) мэдлэгтэй буюу мэдээлэлтэй болох, 2) тухайн асуудлаар Еховагийн үзэл бодлыг мэдэж авах, 3) зөв сонголт хийхийн тулд эргэцүүлэх нь тустай. Энэ өгүүллээр уг 3 алхмыг ярилцаж, ялгах чадвараа хэрхэн сайжруулахыг мэдэж авъя (Сур. 2:11).

МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ

3. Шийдвэр гаргахаасаа өмнө яагаад мэдээлэлтэй болох хэрэгтэйг жишээгээр тайлбарлана уу.

3 Зөв шийдвэр гаргахын тулд эхлээд мэдээлэлтэй болох хэрэгтэй. Ингэх нь яагаад чухал вэ? Хүнд өвчин туссан хүн эмч дээр очиж байна гэж төсөөлье. Эмч өвчтөнийг огт үзэхгүй, ямар ч асуулт асуухгүйгээр эмчилгээ бичиж өгөх үү? Мэдээж үгүй. Та ч бас эхлээд тухайн нөхцөл байдалтай холбоотой олж авсан мэдээллүүдээ сайтар эргэцүүлэн бодвол зөв шийдвэр гаргана. Хэрхэн ингэх вэ?

4. Сургаалт үгс 18:13-т бичсэнээр мэдээлэлтэй болохын тулд яах вэ? (Бас зургийг үзээрэй).

4 Асуулт асуувал тухайн нөхцөл байдлын талаар мэдэж авна. Та нэг үдэшлэгт уригдлаа гэж бодъё. Очих уу, яах вэ? Хэрэв үдэшлэг хаана болохыг, хэн зохион байгуулж байгааг мэдэхгүй бол дараах асуултуудыг асуугаарай. «Хэзээ, хаана болох вэ? Хэр олон хүн, хэн хэн ирэх вэ? Хэн хариуцаж байгаа вэ? Юу юу хийхээр төлөвлөсөн бэ? Согтууруулах ундаа байх уу?» Эдгээр асуултын хариуг мэдэж авбал зөв шийдвэр гаргахад тус болно (Сургаалт үгс 18:13-ыг уншина).

Мэдээлэлтэй болохын тулд асуулт асуугаарай (4-р догол мөрийг үзээрэй) a


5. Мэдээлэлтэй болсны дараа яах хэрэгтэй вэ?

5 Мэдээлэлтэй болсны дараа ерөнхий дүр зургийг сайтар бодоорой. Жишээлбэл тус үдэшлэгт согтууруулах ундаа хараа хяналтгүй байна, эсвэл Библийн зарчмыг дагадаггүй хүн ирнэ гэдгийг мэдвэл яах вэ? Эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй гэж санагдсан уу? (1 Петр 4:3). Цуглаан юм уу дэлгэрүүлэх ажлын цагтай давхацвал яах вэ? Ийнхүү нарийвчлан бодож үзвэл зөв шийдвэр гаргахад дөхөм байна. Гэхдээ бодох ёстой өөр зүйл бий. Нөхцөл байдал ямар байхыг та ерөнхийд нь ойлгосон ч, Ехова энэ талаар ямар бодолтой байгаа бол? (Сур. 2:6).

ЕХОВА ЯМАР БОДОЛТОЙГ МЭДЭЖ АВАХ

6. Яаков 1:5-ыг үзвэл Еховагаас яагаад тусламж гуйх хэрэгтэй вэ?

6 Тухайн асуудлаар ямар бодолтойгоо мэдүүлээч гэж Еховагаас гуйгаарай. Ехова өөрт нь таалагдах шийдвэр гаргахад шаардлагатай мэргэн ухаан өгөхөө амладаг. Тэрбээр ийм мэргэн ухааныг «хэнийг ч буруушаалгүй, бүгдэд өгөөмөр сэтгэлээр өгдөг» (Яаков 1:5-ыг уншина).

7. Еховагийн бодлыг хэрхэн мэдэх вэ? Жишээ хэлнэ үү.

7 Еховагаас удирдамж гуйн залбирсны дараа ямар хариу өгөхийг нь чих тавин чагнаарай. Дараах жишээг анхааръя. Та аялж яваад төөрчихвөл нутгийн хүнээс тусламж гуйх байх. Гэхдээ хариулахыг нь сонсолгүй яваад өгчихгүй биз дээ? Харин ч анхааралтай сонсоно. Үүнтэй адилаар Еховагаас мэргэн ухаан гуйсан бол Библийн ямар хууль, зарчим таны нөхцөлд хамаатайг мэдэж аван хариултыг нь сонсохыг хичээгээрэй. Жишээ нь дээр дурдсан үдэшлэгт очих эсэхээ шийдэхдээ эмх замбараагүй найрлан цэнгэх, муутай нөхөрлөх, өөрийн хүслээ бус Хаант төрийг эн тэргүүнд тавих талаар Библид юу гэж байдгийг эргэцүүлэн бодож болох юм (Мат. 6:33; Ром 13:13; 1 Кор. 15:33).

8. Ехова ямар бодолтойг мэдэхийн тулд өөр яах вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Заримдаа Ехова ямар бодолтойг мэдэхийн тулд тусламж гуйх шаардлагатай байж мэднэ. Туршлагатай итгэл нэгтнүүдээсээ зөвлөгөө авах боломжтой. Гэхдээ бас өөрөө судлах нь тустай. «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» болон «Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь» зэрэг судалгааны багажид асар их мэдээлэл бий. Харин Еховад таалагдах шийдвэр гаргах гол зорилгоо бүү мартаарай.

Ехова ямар бодолтойг мэдэж аваарай (8-р догол мөрийг үзээрэй) b


9. Яавал гаргасан шийдвэр маань Еховад таалагдана гэдэгт итгэлтэй байх вэ? (Эфэс 5:17).

9 Яавал гаргасан шийдвэр маань Еховад таалагдана гэдэгт итгэлтэй байх вэ? Юуны түрүүнд, түүнийг сайн таньж мэдэх хэрэгтэй. «Ариун Нэгэнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн» гэж Библид байдаг (Сур. 9:10). Тийм ээ, Еховагийн зан чанар, санаа зорилго, юунд дуртай, юуг үзэн яддагийг нь мэдвэл жинхэнэ ойлголттой болно. Та өөрөөсөө «Еховагийн тухай мэддэг зүйлдээ үндэслэн түүнд таалагдах ямар шийдвэр гаргах вэ?» гэж асуугаарай (Эфэс 5:17-г уншина).

10. Библийн зарчмыг дагах нь гэр бүлийн уламжлал, нутгийн зан заншлаас яагаад илүү чухал вэ?

10 Еховад таалагдахын тулд бид заримдаа дотнын хүмүүсээ гонсойлгож болох юм. Жишээлбэл зарим эцэг эх насанд хүрсэн охиноо бодоод Бурхантай тийм ч дотно биш ч, бэл бэнчинтэй юм уу эсвэл чамлахааргүй сүй бэлэг өгөх хүнтэй суухыг ятгаж магадгүй. Үнэндээ, охиноо юугаар ч дутагдахгүй, сайн сайхан амьдраасай гэж хүсэлгүй л яах вэ. Гэхдээ охин нь өөрөөсөө «Энэ хүн Бурхантай дотно байхад минь тусалж чадах уу?» гэж асуух учиртай. Ехова тухайн нөхцөлийн талаар ямар бодолтой вэ? Хариу нь Матай 6:33-т бий. Тэнд «Хаант төр[ийг] ... үргэлж эн тэргүүнд тавьж амьдрахыг» Христийн дагалдагчдад уриалсан. Хэдийгээр бид эцэг эх болон эргэн тойрныхныгоо хүндэлдэг ч, Еховаг баярлуулахыг юу юунаас илүү анхаардаг.

ЗӨВ СОНГОЛТ ХИЙХИЙН ТУЛД ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ

11. Аль сонголт нь зөв болохыг эргэцүүлэн бодоход Еврей 5:14-т бичсэн ямар чадвар тустай вэ?

11 Шийдвэр гаргахад Библийн ямар зарчим тустайг тодорхойлсныхоо дараа аль сонголт нь зөв болохыг эргэцүүлэн бодоорой (Еврей 5:14-ийг уншина). Ялгах чадвартай хүн сонголт болгон ямар үр дүнд хүрэхийг ойлгож чадна. Зарим шийдвэр гаргахад амар байхад, зарим нь хэцүү байдаг. Харин ялгах чадварынхаа ачаар ярвигтай асуудал тулгарсан ч зөв шийдвэр гаргаж чадна.

12, 13. Ажил сонгох талаар зөв шийдвэр гаргахад ялгах чадвар тустай гэхийн учир юу вэ?

12 Дараах жишээг бодъё. Та гэр бүлийнхнээ тэжээхийн тулд ажил хайж байна. Хоёр ажил олсон. Яг юу хийх, ямар цагийн хуваарьтай, ирж очиход хэчнээн цаг зарцуулах зэрэг бүх мэдээллийг мэдэж авна. Библийн зарчмыг бодвол аль аль нь боломжийн. Та цалин өндөртэй юм уу, эсвэл өөрт таалагдсан гээд эхнийхийг нь сонгоё гэж бодсон. Гэхдээ шийдвэр гаргахаасаа өмнө бас өөр зүйлийг бодох хэрэгтэй.

13 Жишээлбэл цуглааны цагтай давхцаж байна уу? Гэр бүлийнхнийхээ сэтгэл санааны хэрэгцээг хангах болон Еховатай дотносоход нь туслах цагаас хумслах уу? Эдгээр асуултыг өөрөөсөө асуувал цалин сайтайг нь бус, «илүү чухал юмыг» буюу Бурхнаа шүтэх, гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахыг анхаарахад тус болно (Флп. 1:10). Шийдвэрээ ийнхүү гаргавал Ехова ивээнэ.

14. Ялгах чадвартай, бусдыг хайрладаг хүн «хэнд ч саад болохгүй» гэхийн учир юу вэ?

14 Мөн ялгах чадвартай хүн «хэнд ч саад болохгүйг» хичээдэг буюу шийдвэр нь бусдад хэрхэн нөлөөлөхийг боддог (Флп. 1:10). Энэ нь хувцаслалт, гадаад байдал зэрэг хувийн шийдвэр гаргахад чухал юм. Жишээ нь танд тодорхой нэг загвар маяг таалагддаг байж магадгүй. Гэтэл хурлынхан, хурлын биш хүмүүст эвгүй санагдахаар байвал яах вэ? Ялгах чадвартай хүн бусдын сэтгэл мэдрэмжийг хүндэтгэнэ. Хайрладаг хүн «бусдын» ашиг сонирхлыг бодож, даруу байдаг (1 Кор. 10:23, 24, 32; 1 Тим. 2:9, 10). Ийнхүү бид бусдыг хайрлаж, хүндэтгэдгээ харуулсан шийдвэр гаргана.

15. Маш чухал шийдвэрийг биелүүлэхийн өмнө яах нь зүйтэй вэ?

15 Хэрэв та маш чухал шийдвэр гаргаж байгаа бол үүнийгээ биелүүлэхийн тулд яах хэрэгтэйг бодоорой. Есүс «зардлыг нь тооцоолохыг» зөвлөсөн (Лук 14:28). Тиймээс шаардагдах цаг зав, нөөц бололцоо, хүчин чармайлтаа тооцоорой. Зарим тохиолдолд, танай гэрийнхнээс хэн хэн юу хийж, ямар хувь нэмэр оруулахыг тэдэнтэйгээ зөвлөлдөж болох юм. Ингэх нь яагаад тустай вэ? Учир нь гаргах гэж буй шийдвэртээ зарим нэг өөрчлөлт оруулах шаардлагатайгаа, эсвэл өөр сайн сонголт байгааг мэдэж болох юм. Түүнчлэн, ийнхүү гэр бүлийнхнээ оролцуулж, санаа оноог нь сонсвол шийдвэрээ амжилттай биелүүлтэл тэд танд дуртайяа тусална (Сур. 15:22).

ШИЙДВЭРЭЭ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЭХ НЬ

16. Зөв шийдвэр гаргахын тулд ямар 3 алхмыг хэрэгжүүлэх нь тустай вэ? ( «Зөв шийдвэрийг хэрхэн гаргах вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

16 Та дээрх 3 алхмыг хэрэгжүүлсэн бол зөв шийдвэр гаргана. Мэдээлэлтэй болж, Еховад таалагдах шийдвэр гаргахад тустай зарчмуудыг мэдэж авсан. Одоо шийдвэрээ амжилттай биелүүлэхэд туслахыг Еховагаас гуйгаарай.

17. Зөв шийдвэр гаргахад юу хамгийн чухал вэ?

17 Та өмнө нь олон шийдвэр гаргаад амжилттай биелүүлсэн байж болох ч зөв шийдвэр гаргахын тулд өөрийн оюун ухаан, туршлагад бус зөвхөн Еховагийн мэргэн ухаанд найдах нь хамгийн чухал гэдгийг санаарай. Зөвхөн Еховагийн өгөх жинхэнэ мэдлэг, ойлголт, ялгах чадварын ачаар та мэргэн ухаантай болно (Сур. 2:1–5). Өөрт нь таалагдах шийдвэр гаргахад Бурхан танд тусална (Дуу. 23:2, 3).

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

a ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуус утсанд нь ирсэн үдэшлэгийн урилгын тухай ярилцаж байна.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу үдэшлэгт очих эсэхээ шийдэхийн өмнө судалж байна.