Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 4

ДУУ 149 Золиосны төлөө талархъя

Золиосноос юу мэдэж авах вэ?

Золиосноос юу мэдэж авах вэ?

«Бурхан ... биднийг хайрладгаа батлан харуулсан» (1 ЁОХ. 4:9).

ГОЛ САНАА

Золиосноос Ехова Бурхан болон Есүс Христэд байдаг сэтгэл татам сайхан зан чанаруудын талаар юу мэдэж авах вэ?

1. Христийн нас барсныг дурсах гэж жил бүр цугладгийн маань учир юу вэ?

 ЗОЛИОС бол үнэлж баршгүй бэлэг гэдэгтэй та санал нийлэх нь дамжиггүй! (2 Кор. 9:15). Есүс амиа золиосолсны ачаар бид Ехова Бурхантай дотносож, мөнх амьдрах боломжтой болсон. Биднийг гэсэн хайрандаа хөтлөгдөн золиос өгсөн Еховад талархах нь зүйн хэрэг биз дээ? (Ром 5:8). Золиосны үнэ цэнг хэзээ ч мартахгүй, үргэлж талархаж байгаасай гэсэндээ Есүс үхлийг нь жил бүр дурсаж байхыг захисан (Лук 22:19, 20).

2. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

2 Энэ жил буюу 2025 оны Дурсах цуглаан 4-р сарын 12-ны бямба гарагт болно. Бид бүгдээрээ очихоор төлөвлөж байгаа нь эргэлзээгүй. Дурсах цуглааны улирлаар цаг гарган Ехова болон Хүү нь бидний төлөө юу хийснийг эргэцүүлэн бодвол их ач тус хүртэнэ. Энэ өгүүллээр Ехова болон Хүүгийнх нь талаар золиосноос юу мэдэж авч болохыг ярилцана. Дараагийн өгүүллээр золиосноос ямар ач тус хүртэхийг, талархлаа хэрхэн илэрхийлэхийг үзнэ.

ЕХОВАГИЙН ТУХАЙ ЮУ МЭДЭЖ АВАХ ВЭ?

3. Нэг хүний үхлээр сая сая хүний амийг золих боломжтойг тайлбарлана уу. (Бас зургийг үзээрэй).

3 Ехова бол шударга Бурхан гэдгийг золиосны арга хэмжээнээс мэдэж болдог (Д.хууль 32:4). Яаж? Дараахыг бодож үзээрэй. Дуулгаваргүй загнасан Адамаас бид үхэлд хүргэх нүглийг өвлөж авсан (Ром 5:12). Ехова биднийг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд Есүсийг золиослох арга хэмжээ авсан. Гэхдээ нэг төгс хүний амиар олон сая хүний амийг яаж зольж авах вэ? Элч Паул: «Нэг хүн [Адам] дуулгаваргүй байснаас болж олон хүн нүгэлтэй болсон бол нэг хүн [Есүс] дуулгавартай байсны ачаар олон хүн шударга сайнд тооцогдоно» гэж тайлбарлажээ (Ром 5:19; 1 Тим. 2:6). Өөрөөр хэлбэл нэг төгс хүн дуулгаваргүй болсноос болж бид нүгэл, үхэлд боолчлогдсон. Тэгэхээр биднийг чөлөөлөхийн тулд Бурханд дуулгавартай төгс нэг хүн шаардлагатай болсон.

Нэг хүнээс болж бид нүгэл, үхлийн боол болсон бол нэг хүний ачаар чөлөөлөгдөнө (3-р догол мөрийг үзээрэй)


4. Ехова Адамын үр удмынхнаас дуулгавартайг нь мөнх амьдруулахын тулд яагаад зүгээр л уучилчхаагүй юм бол?

4 Есүс биднийг аврахын тулд үнэхээр үхэх шаардлагатай байсан уу? Ехова Адамын үр удмынхнаас дуулгавартайг нь зүгээр л уучлаад мөнх амьдруулж болохгүй байсан гэж үү? Төгс бус хүнд энэ нь аятайхан, зөв арга гэж санагдаж болох юм. Гэхдээ ингэх нь Ехова төгс шударга Бурхан гэдгийг бодолцоогүй хэрэг болно. Ехова шударга учраас дуулгаваргүй загнасан Адамын нүглийг мэдээгүй юм шиг өнгөрөөхгүй.

5. Ехова үргэлж зөвийг үйлдэнэ гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?

5 Хэрэв Ехова шударга хэм хэмжээгээ эс тоож золиос төлөхгүйгээр Адамын төгс бус үр удмыг мөнх амьдруулсан бол юу болох вэ? Хүмүүс түүнийг бусад асуудалд ч шударга ёсоо үл тоомсорлож магадгүй гэж бодох байх. Жишээ нь бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт эргэлзэж мэднэ. Гэхдээ ийм юм болно гэж санаа зовохын шаардлага огт байхгүй. Учир нь Ехова хайрт ганц Хүүгийнхээ амийг золиослон байж зөв шударга хэм хэмжээгээ баримталсан. Тиймээс үргэлж зөв юм хийнэ гэдэгт нь бид итгэлтэй байдаг.

6. Золиосны арга хэмжээнээс Еховагийн өөр ямар зан чанар харагддаг вэ? (1 Ёохан 4:9, 10).

6 Золиосны арга хэмжээ нь Ехова шударга гэдгийг харуулахаас гадна агуу хайрыг нь ойлгуулдаг (Ёох. 3:16; 1 Ёохан 4:9, 10-ыг уншина). Тэрбээр Хүүгийнхээ амийг өгсөн нь биднийг мөнх амьдруулаад зогсохгүй гэр бүлдээ багтаахын тулд юм. Дараахыг бодъё. Ехова нүгэл үйлдсэн Адамыг гэр бүлээсээ хөөсөн. Тиймээс бид бүгд төрсөн цагаасаа л гэр бүлийнх нь гишүүн биш байсан. Гэсэн ч Ехова золиосонд үндэслэн нүглийг маань уучилж, өөрт нь итгэдэг, дуулгавартай бүх хүнийг гэр бүлдээ нэг л өдөр хүлээн авна. Бид одоо ч Еховатай болон итгэл нэгтнүүдтэйгээ халуун дотно харьцаатай байх боломжтой. Ехова биднийг үнэхээр их хайрладаг! (Ром 5:10, 11).

7. Есүс маш их зовсныг бодвол Ехова бидэнд хэчнээн их хайртайг ойлгоно гэхийн учир юу вэ?

7 Хүүгийнхээ зовохыг харах Еховад хэчнээн хэцүү байсныг бодож үзвэл бидэнд ямар их хайртайг нь мэдэж авна. Хүнд хэцүү үед нэг ч үйлчлэгч нь Бурханд үнэнч байж чадахгүй гэж Сатан хэлдэг. Энэ гүтгэлгийг няцаахын тулд Ехова Хүүгээ тарчилж үхэхийг зөвшөөрсөн (Иов 2:1–5; 1 Петр 2:21). Хүмүүс Есүсээр доог тохуу хийж, цэргүүд ташуурдаж, шонд хадахыг Ехова харж л байсан. Хайртай Хүүгээ маш их тарчлан зовж, амьсгал хураахыг харсан (Мат. 27:28–31, 39). Тэрбээр болж буй үйл явцыг хэзээ л бол хэзээ зогсоож чадах байсан. Жишээ нь дайснууд: «Хэрэв Бурхан түүнийг таалалдаа багтаадаг юм бол одоо л авраг» гэхэд яг хэлснийх нь дагуу үйлдэж болох байв (Мат. 27:42, 43). Гэхдээ Бурхан ингэсэн бол золиос ч төлөгдөхгүй, бид ч өвөрлөх найдваргүй хоцрох байлаа. Тиймээс Ехова Хүүгээ эцсийн амьсгалаа хураах хүртэл зовохыг зөвшөөрсөн.

8. Хүүгийнхээ зовохыг хараад Ехова бас зовсон гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Бурхан төгс хүчтэй болохоор сэтгэл зүрх нь юу ч мэдэрдэггүй гэж бодох ёсгүй! Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бид аз жаргал, зовлон гунигийг мэдэрч чаддаг нь тэрбээр өөрөө ч ийм мэдрэмжтэйг баталдаг. Библид түүний гашуудсан, сэтгэл нь өвдсөнийг бичжээ (Дуу. 78:40, 41). Абрахам, Исаакийн тухай бас бодоорой. Бурхан Абрахамд Хүүгээ тахил болгон өргөх тушаал өгснийг та санаж байгаа байх (Эх. 22:9–12; Евр. 11:17–19). Абрахам хутгаа далайн хүүгийнхээ амийг таслах гэж байхад сэтгэл нь ямар их хямарсныг төсөөлөөд үз дээ. Харин хүмүүс Хүүг нь тарчлаан зовоож, алахыг хараад Ехова бүр ч их зовж шаналсан нь ойлгомжтой!

Тарчлан зовж байгаа Хүүгээ харах нь Еховад маш их хэцүү байсан (8-р догол мөрийг үзээрэй)


9. Таныг болон итгэл нэгтнүүдийг тань гэсэн Еховагийн хайр ямар агуу болохыг ойлгоход Ром 8:32, 38, 39 хэрхэн туслах вэ?

9 Ехова хэнээс ч, бүр гэр бүлийнхэн, дотнын найзаас маань ч илүүгээр биднийг хайрладгийг золиосноос мэдэж авдаг (Ром 8:32, 38, 39-ийг уншина). Өөрсдөөс маань ч илүү бидэнд хайртай нь эргэлзээгүй. Та мөнх амьдармаар байна уу? Ехова таныг мөнх амьдраасай гэж танаас ч илүүгээр хүсдэг. Та нүглээ уучлуулмаар байна уу? Ехова танаас ч илүүгээр уучлахыг хүсдэг. Тэрбээр биднээс ердөө л золиос гэдэг үнэ цэнтэй бэлгийг нь хүлээн авч өөрт нь итгэж, дуулгавартай байхыг хүсдэг. Золиос нь биднийг гэсэн Бурхны хайр ямар агуу болохыг харуулдаг. Шинэ ертөнцөд бид Еховагийн хайрын талаар илүү ихийг мэдэж авна (Ном. 3:11).

ЕСҮСИЙН ТУХАЙ ЮУ МЭДЭЖ АВАХ ВЭ?

10. а) Есүс шаналсны гол учир юу вэ? б) Есүс Еховагийн нэрийг хэрхэн ариусгасан бэ? (Бас  «Есүс үнэнч байснаараа Еховагийн нэрийг ариусгасан» гэсэн хавсралтыг үзээрэй).

10 Есүс Эцгийнхээ нэр хүндийг юуны түрүүнд боддог (Ёох. 14:31). Бурхныг доромжилж, гэмт хэрэгтнээр яллагдаж үхэх нь Эцгийнхээ нэр хүндэд муу гэж бодоод Есүс ихэд шаналсан. Тиймээс ч «Эцэг минь, боломжтой бол энэ аягыг надаас холдуулаач» хэмээн залбирсан (Мат. 26:39). Гэхдээ тэрбээр үхэн үхтлээ Еховад үнэнч байж нэрийг нь бүрэн гүйцэд ариусгасан.

11. Есүс хүмүүсийг хайрладаг нь хэрхэн харагдсан бэ? (Ёохан 13:1).

11 Есүс хүмүүст, ялангуяа шавь нартаа маш их санаа тавьдаг (Сур. 8:31; Ёохан 13:1-ийг уншина). Жишээ нь Есүс дэлхийд байхдаа янз бүрийн амаргүй ажил хийхээ, эцэст нь зовж үхэх ёстойгоо мэдэж байсан. Гэхдээ тэр бүхнийг хийх ёстой гэсэндээ бус, хүмүүсийг гэсэн хайрандаа хөтлөгдөн хийсэн. Дэлгэрүүлэх, заах, бусдад үйлчлэхэд бүх зүрх сэтгэлээ зориулсан. Нас барахынхаа өмнөх шөнө ч зориуд цаг гарган элч нарынхаа хөлийг угаан чухал зүйлийг зааж, бас тэднийг урамшуулж, тайвшруулсан (Ёох. 13:12–15). Шонд хадуулсан байхдаа ч хажуу дахь гэмт хэрэгтэнд найдвар байгааг хэлж, өөрийнхөө ээж Мариад санаа тавихыг Ёоханаас гуйсан (Лук 23:42, 43; Ёох. 19:26, 27). Есүс хүмүүсийг маш их хайрладаг нь зөвхөн үхэхэд нь бус, амьдралынх нь бүхий л хугацаанд илт байсан.

12. Есүс бидний төлөө юу хийж байгаа вэ?

12 Христ бидний төлөө «нэг л удаа» үхсэн хэдий ч, одоо ч олон юм хийж байна (Ром 6:10). Юу хийж байгаа вэ? Золиосны ач тусыг хүртэхэд маань туслахын тулд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулдаг. Жишээ нь Хаан болон захирч, тэргүүн тахилч, хурлын тэргүүнээр үйлчилдэг (1 Кор. 15:25; Эф. 5:23; Евр. 2:17). Тэрбээр бас тослогдогсод болон үй олон хүнийг цуглуулах ажлыг хариуцдаг. Энэ ажлыг агуу их гамшиг дуусахын өмнө хийж гүйцэтгэнэ (Мат. 25:32; Марк 13:27). a Мөн эцсийн энэ өдрүүдэд Еховад үнэнч үйлчлэхэд маань хэрэгтэй бүхнийг итгэмжит боолоор өгүүлдэг (Мат. 24:45). Бас Мянган жилийн засаглалынхаа үед бидний сайн сайхны төлөө гар хумхилгүй ажиллана. Ехова Хүүгээ үнэхээр бидний төлөө өгсөн байгаа биз?

СУРЧ МЭДСЭЭР БАЙГААРАЙ

13. Ехова Есүс хоёрын биднийг гэсэн хайрын тухай шинэ юмыг хэрхэн мэдэх вэ?

13 Ехова Бурхан, Христ Есүс таны төлөө юу хийснийг эргэцүүлэн боддог байвал хайрынх нь тухай шинэ юм мэдэж авсаар байна. Та энэ жилийн Дурсах цуглааны улирлаар Сайн мэдээний нэг юм уу түүнээс олон ном уншиж болох юм. Нэг удаад хэтэрхий их юм унших хэрэггүй. Харин яаралгүй уншиж, Ехова Есүс хоёрыг хайрлах өөр ямар шалтгаан байгааг анхаараарай. Бас мэдэж авснаа бусадтай хуваалцаарай.

14. Золиос болон өөр сэдвээр шинэ юм мэдэж авах гэж судлах нь яагаад тустай вэ? (Дуулал 119:97). (Бас зургийг үзээрэй).

14 Та үнэнийг мэдээд олон жил болсон бол мэддэг сэдвээр, тухайлбал Бурхны шударга зан, хайр, золиосны тухай шинээр мэдэж авах өөр юм байгаа гэж үү хэмээн бодож магадгүй. Үнэндээ аль ч сэдвээр бүгдийг нь мэдэж авах боломжгүй. Тэгвэл яах вэ? Байгууллагын арвин их мэдээлэл бүхий ном хэвлэлийг бүрэн ашиглаарай. Ойлгохгүй юм гарвал судлаарай. Тэгээд судалснаа, бас Ехова, түүний Хүү болон таныг гэсэн тэдний хайрын тухай мэдэж авснаа өдрийн турш эргэцүүлэн бодоорой (Дуулал 119:97-г уншина).

Бид үнэнийг мэдээд олон жил болсон ч золиосонд улам бүр талархдаг болох боломжтой (14-р догол мөрийг үзээрэй)


15. Библиэс шинэ юм мэдэж авахын тулд хичээсээр байх нь яагаад чухал вэ?

15 Унших юм уу судлах болгондоо шинэ эсвэл сэтгэл хөдөлгөм зүйл олж чадаагүй бол сэтгэлээр бүү унаарай. Таныг алт хайж байгаа хүнтэй зүйрлэж болох юм. Алтны өчүүхэн хэлтэрхий олохын тулд маш олон цаг, өдөр зарцуулдаг. Алтны үнэ цэнг сайн ойлгодог тул цөхөрдөггүй. Харин Библиэс мэдэж авсан шинэ зүйл болгон алтнаас ч үнэтэй! (Дуу. 119:127; Сур. 8:10). Тиймээс тэвчээртэй байж, хуваарийнхаа дагуу Библиэ уншсаар байгаарай (Дуу. 1:2).

16. Ехова Есүс хоёрыг хэрхэн дуурайх вэ?

16 Судалж байхдаа мэдэж авснаа хэрхэн ажил хэрэг болгохыг бодоорой. Жишээлбэл хүмүүсийг ялгаварлахгүй байж шударга зантай Еховаг дуурайгаарай. Хүнд хэцүү үед ч Еховагийн хүслийг биелүүлж, итгэл нэгтнүүддээ тусалж Эцгээ, хүмүүсийг хайрладаг Есүсийг дуурайгаарай. Мөн Еховагийн өгсөн үнэлж баршгүй бэлгийг авах боломжийг бусдад олгохын тулд дэлгэрүүлж Есүсийг дуурайгаарай.

17. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Золиосны тухай шинэ юм мэдэх тусам Ехова Есүс хоёрыг улам их хайрлана. Тэд ч биднийг бүр их хайрлана (Ёох. 14:21; Яак. 4:8). Тиймээс байгууллагаараа дамжуулан Еховагийн өгдөг бүхнийг судалж золиосны талаар сурч мэдсээр байцгаая. Дараагийн өгүүллээр золиосноос ямар ач тус хүртэх болон хайрын сэтгэлтэй Еховад хэрхэн талархахыг ярилцана.

ДУУ 50 Хайрын Бурхныг дууриая

a Эфэс 1:10-т Паулын хэлсэн «тэнгэр дэх юмсыг» цуглуулна гэдэг нь Матай 24:31 болон Марк 13:27-д Есүсийн дурдсан «сонгосон хүмүүсийг» цуглуулахаас өөр юм. Есүстэй хамт захирах хүмүүсийг сонгож агуу хүчээр тослох тэр цаг үеийн тухай Паул ярьсан бол агуу их гамшгийн үеэр дэлхий дэх тослогдогсдыг цуглуулж тэнгэрт аваачих цаг хугацааны тухай Есүс ярьсан.