Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 2

ДУУ 3 «Бурхан бол хайр»

Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлан хүндлээрэй

Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлан хүндлээрэй

«Нөхрүүд ээ, ... эхнэрээ хүндэлж бай» (1 ПЕТР 3:7).

ГОЛ САНАА

Нөхрүүд эхнэрээ хайрлан хүндэлдгээ үг, үйлдлээрээ хэрхэн харуулах вэ?

1. Ехова гэрлэлт гэдэг бэлэг өгсний нэг шалтгаан юу вэ?

 ЕХОВА «жаргалтай Бурхан» бөгөөд биднийг ч аз жаргалтай байгаасай гэж хүсдэг (1 Тим. 1:11). Тэрбээр олон бэлэг өгдөг учраас бид амьдралдаа сэтгэл хангалуун байдаг (Яак. 1:17). Тэдгээрийн нэг нь гэрлэлт юм. Эрэгтэй, эмэгтэй хүн нэг нэгнээ хайрлаж, хүндлэхээ тангараглан гэрлэдэг. Тангаргаасаа няцдаггүй бол хэн хэн нь аз жаргалаар бялхана (Сур. 5:18).

2. Өнөөдөр олон хүн эхнэртээ хэрхэн ханддаг вэ?

2 Гэрлэсэн олон хос хуримынхаа өдөр юу гэж тангарагласнаа мартдаг нь харамсалтай. Тиймээс ч аз жаргалгүй байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын саяхны нэг тайланд тэмдэглэснээр олон хүн эхнэрээ үг, үйлдлээрээ хохироож, сэтгэл санаагаар унагадаг. Ийм нөхрүүд олны нүдэн дээр эхнэрээ хүндэлж байгаа мэт харагддаг ч гэртээ өөр байдаг. Мөн порно үздэг нөхрөөсөө болж хайр халамжаар дутаж, зовж шаналдаг эхнэр цөөнгүй.

3. Зарим хүн эхнэртээ яагаад муугаар ханддаг вэ?

3 Зарим хүн эхнэрээ яагаад ингэж зовоодог вэ? Ээжид нь харгис ширүүн ханддаг аавтай байсан эрчүүд ханьдаа ингэж хандахыг ердийн л зүйл гэж үздэг ажээ. Жинхэнэ эр хүн эхнэрээ захирч, гарын аясаар байлгах ёстой гэсэн ахуй соёлынхоо нөлөөнд автсан хүн ч бий. Мөн уураа барих зэргээр сэтгэл хөдлөлөө хянаж сураагүй нөхрүүд ч байдаг. Түүнчлэн зарим нь порно үзсээр байгаад эмэгтэй хүн болон сексийн талаар гаж үзэлтэй болжээ. Үүгээр зогсохгүй КОВИД-19 цар тахлын үеэр нөхрүүд эхнэрээ хүчирхийлэх нь улам бүр ихэссэнийг олон мэргэжилтэн дурджээ. Гэхдээ ямар ч шалтгаантай байсан нөхрүүд эхнэртээ муугаар хандах ёсгүй.

4. Христийн дагалдагч нөхрүүд юунаас сэрэмжлэх ёстой вэ? Яагаад?

4 Еховад үйлчилдэг нөхөр хүн энэ ертөнцийнхний буруу хандлагад автахаас сэрэмжлэх ёстой. a Яагаад? Учир нь бодол санаа ихэвчлэн үйлдэлд хүргэдэг. Элч Паул Ром дахь Христийн тослогдсон дагалдагчдад «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль» гэж сэрэмжлүүлжээ (Ром 12:1, 2). Үүнийг бичих үед Христийн дагалдагчдын хурал тэнд байгуулагдаад нэлээд хэдэн жил өнгөрсөн байв. Тэгсэн ч хурлын зарим хүн ертөнцийнхний ёс заншлыг дагаж, үзэл бодолд автсаар байсан нь Паулын үгнээс харагдаж байна. Тиймээс үзэл бодол, биеэ авч явах байдлаа өөрчлөхийг тэрбээр зөвлөсөн. Энэ нь Христийн өнөөгийн дагалдагч нөхрүүдэд ч хамаатай. Тэдний зарим нь ертөнцийн үзэл бодлын нөлөөнд автаж эхнэрээ үг, үйлдлээрээ хохироодог нь харамсалтай. Ехова эхнэртээ хэрхэн хандаасай гэж нөхрүүдээс хүсдэг вэ? Энэ өгүүллийн Библийн гол зүйлд хариулт нь бий.

5. 1 Петр 3:7-д бичсэнээр нөхөр хүн эхнэртээ хэрхэн хандах ёстой вэ?

5 1 Петр 3:7-г уншина. Ехова эхнэрээ хайрлаж хүндлэхийг нөхрүүдэд тушаадаг. Эхнэрээ хайрлан хүндэлдэг нөхөр хүн хайрын, сайхан сэтгэлээр ханддаг. Яаж? Энэ талаар тус өгүүллээр ярилцана. Харин эхлээд, эхнэртэйгээ хэрхэн харьцаж, хандаж болохгүйг ярилцъя.

ЭХНЭРЭЭ ҮЛ ХҮНДЭТГЭСЭН ҮГ ЯРИА, ҮЙЛДЛЭЭС ЗАЙЛСХИЙХ

6. Эхнэрээ зоддог эрчүүдийг Ехова хэрхэн үздэг вэ? (Колосай 3:19).

6 Зодох. Ехова харгис хэрцгий хэнийг ч үзэн яддаг (Дуу. 11:5). Ялангуяа эхнэртээ хүч хэрэглэдэг хүнийг жигшдэг (Мал. 2:16; Колосай 3:19-ийг уншина). Уг өгүүллийн Библийн гол зүйл 1 Петр 3:7-д бичсэнээр эхнэртээ сайнаар ханддаггүй хүн Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгах аюултай. Ехова бүр залбирлыг нь ч сонсохгүй болж мэднэ.

7. Эфэс 4:31, 32-т бичсэнээр эхнэртэйгээ харьцахдаа юунаас зайлсхийх ёстой вэ? (Бас «Үгийн тайлбар»-ыг үзээрэй).

7 Үг хэлээр доромжлох. Зарим нөхөр уурлан ханиа үг хэлээр дайрч доромжлон, сэтгэлийг нь шархлуулдаг. Харин Ехова уурлан хилэгнэх, хэрэлдэн маргах, доромжлон гутаахыг үзэн яддаг (Эфэс 4:31, 32-ыг уншина). b Хүмүүсийн хажууд ч, хоёулхнаа байхдаа ч эхнэртэйгээ яаж ярьж байгааг Ехова чих тавин сонсдог. Харгис ширүүн харьцдаг нөхөр хүн эхнэртэйгээ төдийгүй Еховатай ч тогтоосон харьцаагаа бусниулна (Яак. 1:26).

8. Порно үзэхийг Ехова юу гэж үздэг вэ? Яагаад?

8 Порно үзэх. Ехова үүнийг хэрхэн үздэг вэ? Жигшдэг. Тиймээс нөхөр хүн бузар булай зураг үзээд байвал Еховатай тогтоосон харьцаагаа бусниулж байна, эхнэрээ дорд үзэж байна гэсэн үг. c Ехова үйлдлээрээ төдийгүй бодол санаандаа ч эхнэртээ үнэнч байхыг нөхрүүдээс хүсдэг. Есүсийн хэлснээр өөр эмэгтэйг тачаадан хардаг хүн «бодол санаандаа» аль хэдийн түүнтэй завхайрсан хэрэг ажээ (Мат. 5:28, 29). d

9. Эр эмийн харилцаанд орохдоо хүсээгүй юмыг нь эхнэрээсээ шаардахыг Ехова яагаад жигшдэг вэ?

9 Эр эмийн харилцаанд орохдоо эхнэрээсээ хүсээгүй юмыг нь шаардах. Бэлгийн харилцаанд орохдоо түрэмгий хандах юм уу мөс чанарыг нь өвтгөх юм хийлгэх гэж эхнэрээ албаддаг нөхрүүд бий. Ехова ийм хүйтэн хөндий, хувиа хичээсэн харьцааг жигшдэг. Харин эхнэрээ хайрлаж, сайхан сэтгэлээр хандаж, мөс чанарыг нь хүндлээсэй гэж хүсдэг (Эф. 5:28, 29). Хэрэв Христийн дагалдагч эрэгтэй хүсээгүй юмыг нь эхнэрээсээ шаарддаг юм уу порно үздэг болчихсон бол яах вэ? Хэрхэн өөрийгөө өөрчлөх вэ?

ҮЛ ХҮНДЭТГЭХ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ НЬ

10. Есүсийн жишээ нөхрүүдэд яагаад тустай вэ?

10 Нөхрүүд хандлагаа өөрчлөхийн тулд яах вэ? Есүсийг дуурайх хэрэгтэй. Есүс гэрлэж байгаагүй ч шавь нартаа хэрхэн хандаж байсан нь нөхрүүдэд эхнэртээ хэрхэн хандахын үлгэр жишээ болдог (Эф. 5:25). Жишээлбэл, Есүс элч нартайгаа хэрхэн харьцаж, хандаж байснаас юу сурах вэ?

11. Есүс элч нартаа хэрхэн ханддаг байсан бэ?

11 Есүс элч нартаа эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй ханддаг байсан. Хэзээ ч харгис ширүүн харьцаж байгаагүй. Хэдийгээр эрх мэдэлтэй ч үүгээрээ далайлган тэднийгээ айлган сүрдүүлээгүй. Харин даруу байж тэдэндээ үйлчилсэн (Ёох. 13:12–17). Шавь нартаа «Надаас суралц. Учир нь би дөлгөөн, даруу. Та нар сэргэх болно» гэж хэлсэн (Мат. 11:28–30). Тэрбээр дөлгөөн хүн байсныг анхаараарай. Ийм байх нь сул доройн шинж биш. Харин ч өөрийгөө захирч чаддаг гэсэн үг. Хүмүүс өдөөн хатгахад ч Есүс тайван байж, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байсан.

12. Есүс бусадтай хэрхэн харьцдаг байсан бэ?

12 Есүс бусдыг тайвшруулж, урамшуулан зоригжуулдаг байсан. Тэрбээр дагалдагчидтайгаа харьцахдаа хатуу ширүүн үг хэлж байгаагүй (Лук 8:47, 48). Тэр бүү хэл эсэргүүцэгчид доромжилж, өдөөн хатгахад «хариуд нь доромжлоогүй» (1 Петр 2:21–23). Зарим үед ширүүн үгээр хариулахын оронд дуугүй байсан (Мат. 27:12–14). Христийн дагалдагч нөхрүүдэд сургамжтай ямар сайхан жишээ вэ!

13. Матай 19:4–6-д бичсэнээр нөхөр хүн хэрхэн «эхнэртэйгээ нийлдэг» вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Есүс нөхрүүдэд эхнэртээ үргэлж үнэнч байхыг заасан. Тэрбээр Эцгийнхээ хэлсэн үгийг эш татаж нөхөр хүн «эхнэртэйгээ нийлэх» ёстой гэжээ (Матай 19:4–6-г уншина). «Нийлэх» гэдэг грек үгийг үгчлэн орчуулбал «наах, цавуудах» гэсэн утгатай. Тиймээс эхнэр нөхрийн холбоо нь нийлүүлээд наачихсан мэт салшгүй, бат байх ёстой. Энэ холбоог салгах гэвэл хэн хэн нь хохирно. Эхнэртэйгээ дотно хүн порног ямар ч хэлбэрээр хэзээ ч үзэхгүй. Тэрбээр «хоосон юмсыг харахаас» нүдээ шууд буруулна (Дуу. 119:37). Энэ нь эхнэрээсээ өөр эмэгтэйг тачаадан харахгүй гэж нүдтэйгээ гэрээ хийсэнтэй адил юм (Иов 31:1).

Эхнэртээ үнэнч нөхрүүд порно үздэггүй (13-р догол мөрийг үзээрэй) f


14. Еховатай болон эхнэртэйгээ сайн харьцаатай болохын тулд нөхөр хүн ямар алхмууд хийх ёстой вэ?

14 Ханьдаа гар хүрдэг юм уу хэл амаар доромжилдог эр хүн Еховатай болон эхнэртэйгээ сайн харьцаатай болохын тулд дараах алхмуудыг хийх ёстой. Нэгдүгээрт, ханиа үл хүндэлдгээ хүлээн зөвшөөрөх. Еховагийн хараанаас нуугдах юм гэж үгүй шүү дээ (Дуу. 44:21; Ном. 12:14; Евр. 4:13). Хоёрдугаарт, эхнэрээ дайрч довтлохоо больж, биеэ авч явах байдлаа өөрчлөх (Сур. 28:13). Гуравдугаарт, эхнэрээсээ болон Еховагаас уучлахыг чин сэтгэлээсээ гуйх (Үйлс 3:19). Мөн Еховад өөрчлөгдөх хүсэлтэйгээ хэлэхээс гадна бодол санаа, үг хэл, үйл хэргээ хянахад туслахыг гуйх учиртай (Дуу. 51:10–12; 2 Кор. 10:5; Флп. 2:13). Дөрөвдүгээрт, залбирсныхаа дагуу хүчирхийлэл, доромжлолын ямар ч хэлбэрийг үзэн яддаг болохын тулд чадах бүхнээ хийх (Дуу. 97:10). Тавдугаарт, хурлынхаа хайр халамжтай хоньчдоос цаг алдалгүй тусламж хүсэх (Яак. 5:14–16). Зургаадугаарт, цаашид ийм байдал гаргахгүйн тулд юунаас зайлсхийхээ бичиж төлөвлөх. Порно үздэг нөхрүүд ч дээрх алхмуудыг хийх ёстой. Биеэ зөв авч явах гэж хичээж байгаа танд Ехова тусална (Дуу. 37:5). Гэхдээ эхнэрээ хохироох үг хэл, үйлдлээ болиод зогсохгүй хүндэлж сурах ёстой. Яаж?

ЭХНЭРЭЭ ХЭРХЭН ХАЙРЛАН ХҮНДЛЭХ ВЭ?

15. Эхнэртээ хайртайгаа хэрхэн мэдрүүлэх вэ?

15 Хайртайгаа мэдрүүлээрэй. Жаргалтай хосуудын зарим нь өдөр бүр ямар нэг юм хийж эхнэртээ хэчнээн их хайртайгаа мэдрүүлдэг (1 Ёох. 3:18). Халуун дотноор тэврэх, гарыг нь атгах зэрэг ялихгүй гэмээр үйлдлээр хайр халамжаа илэрхийлдэг нөхрүүд байдаг. «Чамайгаа санаж байна», «Юу хийж байна?» гэх зэрэг мессеж бас илгээдэг. Бас үе үе сэтгэл дулаацуулам үгтэй ил захидал бэлэглэдэг. Ийнхүү эхнэрээ хүндэлдгээ ч харуулна, гэр бүлийн харьцаагаа ч батжуулна.

16. Эхнэрээ яагаад магтах ёстой вэ?

16 Эрхэм хүн гэдгийг нь хэлж байгаарай. Эхнэрээ хайрлан хүндэлдэг хүн урмын үг хэлж, яагаад эрхэм хүн болохыг нь ойлгуулдаг. Ингэх нэг арга нь өөрийнх нь төлөө хийж байгаа бүхний төлөө эхнэртээ үргэлж талархах юм (Кол. 3:15). Чин сэтгэлээсээ магтвал эхнэрийнх нь сэтгэл баясаж, аюулгүй байгаагаа, хайрлуулж, хүндлүүлдгээ мэдэрнэ (Сур. 31:28).

17. Эхнэрээ хэрхэн хүндлэх вэ?

17 Эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй байгаарай. Эхнэрээ хайрладаг эр хүн түүнтэйгээ энхрий дотно байж, түүнийгээ Бурхны өгсөн үнэлж баршгүй бэлэг гэж үздэг (Сур. 18:22; 31:10). Тиймээс үргэлж, бүр дотно харилцаанд орохдоо ч эелдэг зөөлөн байж, хүндэтгэлтэй ханддаг. Эхнэрээ эвгүй байдалд оруулах юм уу мөс чанарыг нь өвтгөх юм хийлгэх гэж шаарддаггүй. e Өөрөө ч Еховагийн өмнө цэвэр мөс чанартай байхыг хичээнэ (Үйлс 24:16).

18. Нөхрүүд яахаар шийдэх ёстой вэ? (Бас  «Хүндэтгэл хүлээсэн нөхөр байхад тустай 4 зөвлөгөө» гэсэн хавсралтыг үзээрэй).

18 Нөхрүүд ээ, та нар амьдралын бүх хүрээнд эхнэрээ хайрлан хүндлэхийг хичээж байгааг тань Ехова харж, өндөр үнэлдэгт итгээрэй. Эхнэрийнхээ сэтгэлийг шархлуулах бүхнээс зайлсхийж, эелдэг зөөлөн, сайхан сэтгэлээр хандаж, хүндэтгэж байхаар шийдээрэй. Ингэснээр түүнийгээ хайрлаж, эрхэмд үздэгээ мэдрүүлнэ. Эхнэрээ хайрлан хүндэлдэг хүн хамгийн чухал харьцаа буюу Еховатай тогтоосон харьцаагаа хамгаална (Дуу. 25:14).

ДУУ 36 Бурхан хамтад нь нийлүүлсэн

a Нөхрүүд «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2024 оны 1-р сарын дугаарт гарсан «Та эмэгтэйчүүдэд Ехова шиг ханддаг уу?» өгүүллийг уншаарай.

b ҮГИЙН ТАЙЛБАР: «Доромжлон гутаах» гэдэгт бусдыг дорд үзэн нэр хоч өгөх, хайр найргүй шүүмжлэх багтдаг. Мөн ад шоо үзэж, хорон үг хэлэх юм уу хэл амаар дайрах ордог.

c «JW Library» эсвэл jw.org сайтаас «Порно гэр бүлийг сүйрүүлдэг» өгүүллийг уншаарай.

d Нөхөр нь порно үздэг бол «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2023 оны 8-р сарын дугаарт буй «Хань тань порно үздэг бол яах вэ?» өгүүлэл тустай.

e Эхнэр нөхөр хоёрын бэлгийн харилцааны талаар юу нь цэвэр, юу нь цэвэр бус болохыг Библид нарийвчлан бичээгүй. Христийн дагалдагч хос Еховаг алдаршуулах, нэг нэгнээ баярлуулах, мөс чанар өвдөхөөргүй шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь, хосууд хувийн ийм асуудлаа бусдад ярьж санаа оноог нь асуух шаардлагагүй.

f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ажлынхан нь порно сэтгүүл үзүүлэх гээд Гэрч залууг дуудаж байна.