НАМТАР
«Би хэзээ ч ганцаардаагүй»
ХАЙРТАЙ хүн нас барах, шинэ газарт нүүж очих, бас гав ганцаараа байхаар өөрийн эрхгүй ганцаардах сэтгэл төрдөг. Би энэ бүхнийг өөрийн биеэр туулсан. Гэхдээ одоо бодоход би үнэндээ хэзээ ч ганцаардаагүй. Учрыг нь ярьж өгье.
ЭЦЭГ ЭХИЙН МИНЬ ҮЛГЭР ЖИШЭЭ
Аав ээж хоёр маань сүсэгтэй католик шашинтан байсан. Харин Бурхны нэрийг Ехова гэдгийг Библиэс мэдсэний дараа хоёулаа идэвх зүтгэлтэй Гэрч болсон. Мужаан байсан аав минь Есүсийн модон сийлбэр хийдэг байснаа больж, харин гэрийнхээ 1 давхрыг цуглааны танхим болгон засаж янзалсан. Манайх Филиппиний нийслэл Манилагийн ойролцоо Сан Хуан дэл Монтед байдаг байв.
Би 1952 онд төрсөн. Аав ээж хоёр Еховагийн тухай 4 ах, 3 эгчид минь заасан шигээ надад ч заасан. Намайг арай том болоход Библиэс өдөр бүр нэг бүлэг уншиж байхыг аав захисан бөгөөд байгууллагын янз бүрийн хэвлэлээс хамт судалдаг байв. Мөн үе үе явуулын хариуцагч болон салбарын төлөөлөгчдийг гэртээ байлгана. Иймээс тэдний яриаг сонсон бид баяр хөөрөөр бялхаж, их урамшаад дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавих хүсэлтэй болсон.
Еховад үнэнч эцэг эхээсээ би их юм сурсан. Хайртай ээж минь өвчний улмаас нас барсны дараа аав бид хоёр 1971 оноос эхлэгчээр үйлчилж эхлэв. Гэтэл 1973 онд намайг 20-той байхад аав минь бас өнгөрсөн. Аав ээжээсээ хагацаад ганцаардаж их зовж байлаа. Харин Библид бичсэн «бат үндэстэй, баараггүй биелэх» найдвар түшиг тулгуур болж намайг сэтгэлээр хэтэрхий их унахгүй, өөдрөг, Еховатай дотно байлгасан (Евр. 6:19). Аавыг өнгөрөөд удаагүй байхад намайг Палаван мужийн Корон гэдэг алслагдсан аралд тусгай эхлэгчээр томилов.
ОЛОН ХЭЦҮҮ ДААЛГАВАР ГАНЦААРАА БИЕЛҮҮЛСЭН МИНЬ
21-тэйдээ Коронд нүүж очлоо. Хотын хүүхэд болохоор байр нь тог, усгүй, бас гудамжинд машин, мотоцикл бараг явдаггүйг хараад их гайхсан. Хэдийгээр тэнд цөөн хэдхэн Гэрч байсан ч надтай хамт эхлэгчээр үйлчлэх хүнгүй учраас заримдаа ганцаархнаа
дэлгэрүүлэх шаардлагатай болно. Эхний сард би гэрийнхэн, найз нөхдөө их санасан. Одод түгсэн тэнгэрийг ширтэн нулимс дуслуулах үе ч байв. Энд үйлчлэхээ больж гэр лүүгээ буцмаар санагдсан.Ийн ганцаардахаараа би Еховад сэтгэлээ уудалдаг байлаа. Бас Библи болон байгууллагын хэвлэлээс уншсан урамтай санаануудаа боддог байв. Голдуу Дуулал 19:14 санаанд орно. Еховагийн үйл хэрэг, зан чанар зэрэг таалагддаг зүйлийнх нь тухай эргэцүүлэн бодвол тэрбээр «миний хад болон миний Аврагч» болдгийг ойлгосон. «Харуулын цамхаг» сэтгүүлд гарсан «Та хэзээ ч ганцаараа биш шүү» a өгүүлэл надад их тус болсон. Бүр дахин дахин уншсан. Ийм үед Еховатай хоёулаа байгаа юм шиг санагдсан бөгөөд залбирах, судлах, эргэцүүлэх сайхан боломж бүрдсэн.
Коронд нүүж ирээд удаагүй байхдаа ахлагчаар томилогдов. Хурлынхаа ганц ахлагч тул Дэлгэрүүлэгчийн сургууль, дэлгэрүүлэх ажлын цуглаан, ном судлал болон «Харуулын цамхаг» судлалыг хөтөлдөг болов. Мөн долоо хоног бүр илтгэл тавина. Тиймээс ганцаардах ч завгүй болсон!
Коронд идэвхтэй дэлгэрүүлдэг байсны үрээр Библийн зарим суралцагч маань баптисм хүртсэн. Гэхдээ бэрхшээл бас тулгарна. Заримдаа хоног төөрүүлэх газраа ч мэдэхгүй, хагас өдөр явж дэлгэрүүлэх хэсэгтээ очно. Мөн манай хэсэгт олон жижиг арал багтдаг тул далайн шуурга дэгдсэн үед ч моторт завиар явна. Би чинь огт сэлж чаддаггүй шүү дээ! Ямар ч бэрхшээл тулгарсан Ехова хамгаалж, дэмждэгийг мэдэрсэн. Ехова дараа өгөх гэж байгаа илүү хэцүү даалгавар биелүүлэхэд намайг бэлдэж байсныг хожим нь би ойлгож билээ.
ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ
1978 онд намайг Австралиас хойд зүгт орших Папуа Шинэ Гвинейд томилсон. Уулархаг энэ улсын нутаг дэвсгэрийн хэмжээ нь Испанитай бараг адил. Хүн ам нь 3 сая орчим боловч 800 гаруй хэлээр ярьдгийг мэдээд гайхаж орхив. Харин ихэнх хүн ток-писин гэдэг Меланезын пижин хэлээр ярьдаг нь сайн хэрэг байсан.
Намайг нийслэл хот Порт-Морсбийн англи хэлний хуралд түр хугацаагаар томиллоо. Гэхдээ дараа нь ток-писин хэлний хуралд томилогдож, хэлний сургалтад суув. Сурснаа дэлгэрүүлэх ажилдаа хэрэгжүүлсээр хэлээ хурдан сурсан. Нэг их удалгүй ток-писин хэлээр илтгэл тавьдаг болов. Папуа Шинэ Гвинейд ирээд нэг жил ч болоогүй намайг хэд хэдэн томоохон мужуудын ток-писин хэлний хурлуудын дүүрэг хариуцагчаар томилоход хэчнээн их гайхсан гээч!
Хурлууд нь хоорондоо хол зайтай тул дүүргийн чуулган олныг зохион байгуулах шаардлагатай байсан бөгөөд их хол зам туулдаг байв. Өөр улс оронд, өөр ёс заншилтай, хүмүүс нь өөр хэлээр ярьдаг ийм газар ирээд анхандаа бас ганцаардсан. Уул толгод ихтэй, зам харгуй нь бартаатай газраар явах боломжгүй байсан учраас би бараг долоо хоног бүр онгоцоор нисэж очно.
Ганц мотортой яйжганасан жижиг онгоцоор өөр зорчигчгүй ганцаархнаа нисэх үе ч байв. Ийнхүү нисэхэд урьд нь завиар явж байсан шиг аймаар санагддаг байсан!Цөөхөн хүн л утастай байсан тул хурлынхантайгаа захиагаар харьцдаг байв. Ихэнхдээ захианаасаа өмнө би түрүүлж оччихоод Еховагийн Гэрчүүд хаана амьдардгийг нутгийнхнаас асуудаг байлаа. Харин ийнхүү очих болгонд тэд хайрын, сайхан сэтгэлээр угтан авдаг. Би ч хүчин чармайлт гаргасандаа баярладаг байв. Бас бүхий л талаар Еховагийн тусламжийг мэдэрч, түүнтэй улам их дотноссон.
Бугенвиль гэдэг аралд ирээд анх цуглаанд очиход нэг хос инээмсэглэн над руу дөхөж ирээд «Та бид нарыг санаж байна уу?» гэж асуув. Порт-Морсбид анх очихдоо тэдэнд дэлгэрүүлснээ санасан. Тухайн үед тэр хоёртой Библийн хичээл хийж эхлээд дараа нь нутгийн Гэрчүүдэд шилжүүлсэн. Харин одоо бол тэд баптисм хүртчихсэн ажээ! Папуа Шинэ Гвинейд 3 жил үйлчлэхэд хүртсэн олон ивээлийн нэг энэ юм.
ЗАВГҮЙ ГЭР БҮЛ
1978 онд Коронаас явахынхаа өмнөхөн Еховаг, хүмүүсийг гэсэн сэтгэлтэй, нүдэнд дулаахан Адел гэдэг Гэрч бүсгүйтэй танилцсан. Тэрбээр Самуэл, Шэрли гэдэг 2 хүүхдээ өсгөхийн сацуу байнгын эхлэгчээр үйлчилдэг байв. Бас хажуугаар нь настай эхийгээ асарна. Би 1981 оны 5-р сард Филиппинд буцаж очин Аделтай гэрлэсэн. Дараа нь бид байнгын эхлэгчээр үйлчилж, гэр бүлийнхэндээ хамтдаа санаа тавих болов.
Гэр бүлтэй байсан ч намайг 1983 онд Палаван мужийн Линапакан аралд дахин тусгай эхлэгчээр томиллоо. Алслагдсан, Гэрч байхгүй тэр газарт бид гэр бүлээрээ нүүж очоод бараг 1 жил өнгөрч байхад Аделын минь ээж нас барсан. Дэлгэрүүлээд завгүй байсан маань уй гашуугаа давахад тус болсон. Цуглаанд ирсэн маш олон хүнтэй Библийн хичээл эхэлсэн тул танхим хэрэгтэй байлаа. Тиймээс бид өөрсдөө танхимаа барьсан. Энд ирээд 3-хан жилийн дараа гэхэд Дурсах цуглаанд 110 хүн ирсэн. Бид маш их баярласан. Манайхыг эндээс нүүснээс хойш тэдний дундаас олон хүн баптисм хүртжээ.
1986 онд намайг Кулион гэдэг аралд томилсон. Хэдэн жилийн дараа Адел ч тусгай эхлэгч болов. Арлын хэсэг газарт уяман өвчтэй хүмүүс амьдардаг байсан. Тэд өвчнөөс улбаатай согогтой тул эхэндээ бид сандарсан. Гэхдээ эмчлүүлээд бараг халдваргүй болсныг нь нутгийн дэлгэрүүлэгчид тайлбарласан. Нэг Гэрч эмэгтэйн гэрт болдог цуглаанд ийм өвчтэй зарим хүн ирдэг байв. Удалгүй бид ч дассан. Бурхан болон хүмүүст шоовдорлогдсон мэт санагдсан тэдэнд Библийн найдварын тухай ярих нь үнэхээр сайхан байсан. Маш хүнд өвчин туссан тэд ирээдүйд цоо эрүүл болно гэдгээ мэдээд аз жаргалаар бялхаж байгааг Лук 5:12, 13).
харах ямар гоё байсан гээч! (Хүүхдүүд маань эндхийн амьдралд хэрхэн дассан бэ? Адел бид хоёр Коронд амьдардаг Гэрч хоёр бүсгүйг Самуэл Шэрли нартай найз болоосой гэсэндээ Кулионд нүүж ирэхийг санал болгосон. Хүүхдүүд маань тэдэнтэй хамтдаа үр дүнтэй дэлгэрүүлдэг байв. Тэр дөрөв олон хүүхэдтэй Библийн хичээл эхэлсэн бөгөөд тэдгээр хүүхдийн аав ээжтэй нь Адел бид хоёр хичээл хийдэг болсон. Бүр 11 гэр бүлтэй хичээл хийж байсан удаатай. Ахиц гаргасан олон суралцагчтай болж, удалгүй энд хурал бий болсон!
Эхэндээ би томилогдсон хэсгийнхээ ганц ахлагч байв. 8 дэлгэрүүлэгчтэй Кулион болон 9 дэлгэрүүлэгчтэй Марили тосгон дахь цуглааныг долоо хоног бүр тус тусад нь удирдахыг салбараас даалгасан. Марили тосгонд хүрэхийн тулд 3 цаг завиар явна. Цуглааны дараа бид гэр бүлээрээ уул толгод ихтэй газраар олон цаг явган явж Халси гэдэг тосгон дахь Библийн суралцагчидтайгаа хичээл хийдэг байв.
Марилид ч, Халсид ч олон хүн үнэнийг хүлээж авсан тул аль алинд нь хожим нь цуглааны танхим барьсан. Линапакантай адилаар ах дүүс болон сонирхогчид ихэнх барилгын материалаа өөрсдөө хангаж, танхим барих ажилд сайн дураараа оролцсон. Марили дахь танхим 200 хүний багтаамжтай бөгөөд бүр олон хүн багтахаар томсгох боломжтой байв. Тиймээс тэнд чуулган ч зохион байгуулдаг болсон.
УЙ ГАШУУ, ГАНЦААРДАЛ, ДАХИН БАЯР БАЯСГАЛАН
Хүүхдүүд маань насанд хүрч, Адел бид хоёр 1993 оноос Филиппинд дүүргийн ажил хийх болов. Хожим нь 2000 онд би Үйлчлэл дээшлүүлэх сургуульд багшлах бэлтгэл хангахын тулд тус сургуульд сурахаар болсон. Өөрийгөө чадахгүй байх гэж бодсон ч Адел надад урам зориг өгсөн (Флп. 4:13). Тэрбээр өмнө нь өвчтэй байхдаа Еховагийн тусламжаар даалгавраа биелүүлдэг байжээ. Энэ туршлагадаа үндэслэн, багшлах ажлыг хийх хүчийг Ехова өгнө гэдгийг сануулсан юм.
2006 онд намайг багшилж байхад Адел минь Паркинсоны өвчин туссан нь оношлогдов. Бид үнэхээр шоконд орсон! Би ажлаа болиод түүнийгээ асаръя гэхэд «Сайн эмч л олчих, цааш нь Ехова болгоно» гэж билээ. Тэгээд 6 жилийн турш Адел нэг ч удаа гомдоллохгүйгээр Еховад үйлчилсэн. Явж чадахгүй болсон ч тэргэнцэр дээр суугаад дэлгэрүүлж, бараг ярьж чадахаа больсон ч цуглаан дээр ганц хоёр үгээр хариулдаг байв. Тэвчээртэй байхын гайхалтай жишээ үзүүлсэн түүнд минь 2013 онд насан эцэс болтол нь талархлын зурвас ирдэг байсан. Үнэнч, хайртай эхнэр Аделтайгаа би 30 жил хамт амьдарсан. Тиймээс түүнийгээ нас барахад дахин уй гашууд автаж, ганцаардаж эхэлсэн.
Адел минь намайг даалгавраа биелүүлсээр байхыг хүссэн. Би ч хэлснийх нь дагуу байсан. Үргэлж завгүй үйлчилж ганцаардлаа давсан. Манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон улс орнуудын тагалог хэлний хурлуудад 2014 оноос 2017 онд эргэлт хийхээр томилогдлоо. Дараа нь мөн Тайвань, АНУ, Канад дахь тагалог хэлний хурлуудад эргэлт хийсэн. 2019 онд Энэтхэг болон Тайландад Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд багшлав. Энэ бүх даалгаврыг биелүүлээд би үнэхээр баяртай байсан. Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийж байхдаа би хамгийн жаргалтай байдаг.
ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГЭЭР ХЭЗЭЭ Ч ДУТААГҮЙ
Би даалгавар авах болгондоо шинэ ах дүүстэйгээ танилцаж, дотносон нөхөрлөдөг тул тэднээсээ салах амаргүй санагддаг. Ийм үед Еховад бүрэн найдаж сурсан. Түүний байнгын тусламж дэмжлэгийн ачаар ямар ч өөрчлөлтөд дасан зохицож чаддаг. Өнөөдөр би Филиппинд тусгай эхлэгчээр үйлчилж байна. Манай хурлынхан яг нэг гэр бүлийн гишүүд шиг намайг дэмжиж, санаа тавьдаг учраас их жаргалтай байгаа. Мөн бат итгэлтэй ээжийгээ дуурайдаг Самуэл Шэрли хоёроороо би маш их бахархдаг (3 Ёох. 4).
Тийм ээ, аймшигтай өвчнөөс болж хайртай эхнэр минь зовж, нас барах зэрэг олон зовлон, бэрхшээлийг туулж үзлээ. Мөн шинэ газар нутагт дасан зохицох шаардлага гардаг байсан. Гэхдээ Ехова «хүн бүрд ойр байдгийг» би мэдэрсэн (Үйлс 17:27). Ехова үйлчлэгчдэдээ, бүр алслагдсан газарт ч түшиг тулгуур болж, хүч тэнхээ өгдөг. Түүний мутар «богино» биш ээ (Ис. 59:1). Бүхий л амьдралын турш хажууд минь байсан миний Хад Еховадаа маш их талархдаг. Үнэндээ би хэзээ ч ганцаардаагүй.
a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1972 оны 9-р сарын 1-ний дугаарын 521–527-р хуудсыг уншаарай (англи).