АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ
Итгэл найдвар
«Та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгий[г] бус, сайн сайхныг [би төлөвлөж байна]» (Иеремиа 29:11).
«БУРХАНТАЙ ДОТНО БАЙХАД ИТГЭЛ НАЙДВАР АМИН ЧУХАЛ» гэж нэгэн номонд бичжээ («Hope in the Age of Anxiety»). Мөн уг номонд «Энэ нь айсан, нийгмээс хөндийрсөн, аргаа барсан үед хамгийн сайн эм болдог» гэжээ.
Итгэл найдвартай байхыг Библи уриалдаг, бас хуурамч зүйлд найдахаас сэрэмжлүүлдэг. Дуулал 146:3-д «Ноёдод бүү итгэ, авралгүй хүний хүүд ч бүү итгэ» гэсэн байдаг. Хүнд найдсанаас, амлалтаа биелүүлэх чадалтай Бүтээгчдээ найдах нь ухаалаг хэрэг юм. Тэрээр бидэнд юү гэж амласан бэ? Дараахыг авч үзье:
МУУ МУУХАЙ ЯВДАЛ БАЙХГҮЙ БОЛНО; ЗӨВ ХҮМҮҮС ҮҮРД АМАР ТАЙВАН АМЬДАРНА: «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ... Харин даруу хүн газар нутгийг өвлөж, Элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:10, 11). Дуулал 37:29-т: «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэсэн байдаг.
ДАЙН ДАЖИН ҮГҮЙ БОЛНО: «[Ехова] дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг» (Дуулал 46:9).
ӨВЧИН ЭМГЭГ, ГАЙ ЗОВЛОН, ҮХЭЛ ХАГАЦАЛ БАЙХГҮЙ БОЛНО: «Бурхны асар хүмүүсийн дунд байна! ... Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» (Илчлэл 21:3, 4).
ХООЛ ХҮНС ЭЛБЭГ ДЭЛБЭГ БАЙНА: «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай» (Дуулал 72:16).
ХҮН ТӨРӨЛХТНИЙГ ЗАХИРАХ НЭГ ЗАСГИЙН ГАЗАР—ХРИСТИЙН ХААНТ ТӨР: «[Есүс Христэд] эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм» (Даниел 7:14).
Эдгээр амлалтад яагаад итгэж болох вэ? Есүс хаан болоод юү хийхээ дэлхий дээр байхдаа олон нийтэд харуулсан. Тэрээр өвчтэй хүнийг эдгээж, ядуу хүнийг хооллож, нас барсан хүнийг хүртэл амилуулж байсан. Хамгийн гол нь, тэрээр хүмүүсийг хамтдаа амар тайван, эв найртай, мөнх амьдрахад тустай сургаал зааж байлаа. Мөн өнөөгийн нийгмийн эцсийн өдрүүдэд юу болохыг зөгнөн хэлсэн.
ТАЙВАН ЦАГИЙН ӨМНӨХ ХЭЦҮҮ ЦАГ
Эцсийн өдрүүд амар тайван биш, хүнд хэцүү байна гэж Есүс зөгнөн хэлсэн! «Энэ тогтолцооны төгсгөлийн үеийн» шинж тэмдэгт олон улсыг хамарсан дайн, хоол хүнсний хомсдол, тахал, газар хөдлөлт багтдаг (Матай 24:3, 7; Лук 21:10, 11; Илчлэл 6:3–8). «Ёс бус явдал ихсэх учир ихэнх хүний хайр хөрнө» гэж бас хэлсэн (Матай 24:12).
Хүмүүсийн хайр үнэхээр хөрч байгаа нь олон зүйлээс харагддаг. Библи бичигчдийн нэг нь энэ талаар тодорхой зөгнөсөн байдаг. 2 Тимот 3:1–5-д «Эцсийн өдрүүдэд» хүмүүс аминч, мөнгөнд дуртай, зугаацаж цэнгэхийг л боддог болно гэсэн байдаг. Бас бардам зантай, хэрцгий, биеэ хянадаггүй болно. Гэр бүлийн хүмүүс бие биеэ хайрладаггүй, хүүхдүүд эцэг эхдээ дуулгаваргүй болно. Сүсэгтэй хүний дүр эсгэн, сүсэг бишрэлийнхээ дагуу амьдрахгүй гэж байдаг.
Ингэж хэцүү байгаа нь энэ нийгэм төгсгөл рүүгээ ойртсоны шинж юм. Бас Хаант төр захирах тайван цаг ойрхон байгааг харуулдаг. Эцсийн өдрүүдийн талаар Есүс: «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж батлан хэлсэн (Матай 24:14).
Энэхүү сайн мэдээ нь мууг үйлдэгчдэд сануулга болж, зөвийг үйлдэгчдийн хувьд ивээл хүртэх цаг ойрхон байгаагийн баталгаа болдог. Ямар ямар ивээл хүртэх юм бол? Илүү ихийг мэдмээр байна уу? Сэтгүүлийн арын хуудсыг үзнэ үү.