Skip to content

Гарчиг руу орох

АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ

Ууч сэтгэл

Ууч сэтгэл

«ДОРОМЖИЛЖ, ХАШГИЧИХЫГ БИ ХҮҮХЭД БАЙХДАА ЗӨНДӨӨ ИХ СОНССОН» гэж Патриша гэдэг эмэгтэй хэлсэн юм. Тэрээр цааш нь «Би хүнийг уучилж сураагүй. Том болсон ч гэсэн хүнийг уучилдаггүй, хүнд гомдвол гомдлоо мартдаггүй. Унтаж ч чаддаггүй» гэжээ. Уурлаж, гомдоллоод байвал хүн жаргалтай, эрүүл энх аж төрж чадахгүй. Уучилж чаддаггүй хүн ...

  • уур гомдлоосоо болоод бусадтай нийлдэггүй, зожиг болдог

  • гомдомтгой, санаа зовомтгой болно, гүн депресст орно

  • хүний алдаа дутагдлыг их анхаардаг учраас амьдралын сайн сайхныг олж хардаггүй

  • зөв юм хийх ёстой ч тэгээгүйдээ харамсдаг

  • асар их стресстэй байдаг. Үүнээсээ болоод толгой өвдөх, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, артрит тусдаг *

УУЧИЛНА ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ? Өөрийг нь хохироосон хүнийг уучлах, уурлаж гомдоллохгүй, өс хонзон санахгүй байх гэсэн утгатай. Гэхдээ муу үйлийг өөгшүүлэх юм уу, юу ч болоогүй юм шиг тоохгүй байна гэсэн үг биш. Тухайн хүнийг хайрлаж, эвтэй, сайн харьцаатай байхыг хүсэн сайтар бодож байгаад уучилна гэсэн үг.

Ууч сэтгэлийн цаана бас хүнийг ойлгох сэтгэл байдаг. Хүн заримдаа хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй юм хийчихдэгийг ууч сэтгэлтэй хүн ойлгодог (Ром 3:23). Энэ тухай Библид «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай» гэж бичсэн байдаг (Колосай 3:13).

Ууч сэтгэл бол «эв нэгдлийн төгс холбоос» хайрын илрэл юм (Колосай 3:14). Мааё эмнэлгийн (Mayo Clinic) вэб саитыг үзвэл ууч сэтгэлтэй хүн ...

  • өөрийг нь хохироосон хүнийг ойлгож, өрөвдөн сайн харьцаатай байдаг

  • оюун санаа эрүүл, Бурхантай дотно байдаг

  • санаа зовох зүйл, стресс багатай байдаг, хүнд өс санадаггүй

  • сэтгэл гутралд орох нь бага байдаг

ӨӨРИЙГӨӨ УУЧИЛ. «Өөрийгөө уучилна гэдэг хамгийн хэцүү байж болох юм. Гэхдээ бодол санаагаа, биеэ эрүүл байя гэвэл энэ нь маш чухал» гэж нэгэн сэтгүүлд бичжээ («Disability & Rehabilitation»). Тэгвэл өөрийгөө уучлахын тулд яах хэрэгтэй вэ?

  • Бүхнийг төгс төгөлдөр хийж чадна гэж бүү бод. Бид бүгд л алддаг шүү дээ (Номлогчийн үгс 7:20)

  • Алдаан дээрээсээ суралц. Тэгдэг бол дахиж алдаа гаргахгүй

  • Өөртөө тэвчээртэй ханд. Сул тал, дадал зуршил амархан арилдаггүй (Эфэс 4:23, 24).

  • Найз нөхдөө зөв сонго. Урамшуулан зоригжуулдаг, өөдрөг, сайхан сэтгэлтэй, бас өөрийн тань талаар шударгаар хэлдэг хүмүүстэй нөхөрлөөрэй (Сургаалт үгс 13:20)

  • Буруугаа хүлээж, даруй уучлалт гуй. Бусадтай эвтэй бол сэтгэл санаа амар тайван байна (Матай 5:23, 24)

БИБЛИЙН ЗАРЧИМ ҮНЭХЭЭР ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГДӨГ

Өгүүллийн эхэнд дурдсан Патриша бусдыг уучилж сурчээ. Тэрээр: «Амьдралыг минь баллаж байсан уур уцаараас би салсан. Би өөрийгөө ч, өрөөлийг ч зовоохоо больсон. Бурхан хүнийг хайрлаж, хүнд сайн сайхныг хүсдэгийг Библийн зарчмаас ойлгосон» гэж ярьсан юм.

Роон гэдэг нэгэн эрэгтэй: «Би хүний бодол, үйл хэргийг хянаж чадахгүй. Гэхдээ өөрийнхийгөө бол чадна. Амар тайван байя гэвэл, гомдохгүй байх хэрэгтэй. Гомдсон хүн тайван байж чаддаггүйг ойлгодог болсон юм. Одоо миний сэтгэл тайван байна» гэж хэлжээ.

^ д/м 8 Эх сурвалж: Mayo Clinic and Johns Hopkins Medicine websites and the journal Social Psychiatry and Psychiatric Epidemiology