АЗ ЖАРГАЛД ХҮРГЭХ ЗАМ
Хайр
ХҮМҮҮС БИДЭНД ХАЙР ЧУХАЛ. Амраг хос, айл гэр, анд найзуудыг хайргүйгээр төсөөлөхөд бэрх. Жаргалтай, сэтгэл санаагаар тайван байя гэвэл хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл хайр гэж чухам юүг хэлдэг вэ?
Энд ганцхан янаг амрагийн хайрын тухай ярих гэсэнгүй. Үүнээс агуу хайр байдаг. Хүн тийм хайранд хөтлөгдөн бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг, бусдын сайн сайхныг түрүүлж боддог. Ийм хайр Бурхны тогтоосон зарчимд тулгуурладаг. Энэ нь хүйтэн хөндий байна гэсэн үг биш юм.
Хайрыг ийнхүү уран яруу дүрсэлжээ. «Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. Атаархдаггүй, онгирдоггүй, бардамнадаггүй, зохисгүй авирладаггүй, амин хувиа боддоггүй, амархан уурладаггүй, гомдож явдаггүй. Муу юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг. Хайрладаг хүн бүх юманд тэвчээртэй ханддаг, ... бүх юманд найддаг, хэзээ ч бууж өгдөггүй. Хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Коринт 13:4–8).
Үнэхээр ч хайр «хэзээ ч дуусдаггүй». Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хайр илүү бат бөх болдог. Хайр хүнийг тэвчээртэй, ууч сэтгэлтэй болгодог учраас «эв нэгдлийн төгс холбоос юм» (Колосай 3:14). Тиймээс ийм хайраар бие биеэ хайрладаг хүмүүс төгс бус ч гэлээ жаргалтай, тайван байдаг. Жишээ болгон, эхнэр нөхөр хоёрын тухай авч үзье.
«ЭВ НЭГДЛИЙН ТӨГС ХОЛБООС»
Есүс Христ гэр бүлд онцгой ач тустай олон зарчим зааж өгсөн. Жишээ нь «Эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд нэг бие болно. ... Тиймээс Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж хэлжээ (Матай 19:5, 6). Эндээс дор хаяж, хоёр чухал зарчмыг ойлгож болно.
«НЭГ БИЕ БОЛНО». Гэрлэлт бол хүний нийгмийн хамгийн нягт холбоо юм. Энэ нандин холбоог бат бэх байлгадаг зүйл хайр юм. Тиймээс хайрын ачаар хүн ханьдаа үнэнч бус хандахгүй, өөр хүнтэй «нэг бие» болохгүй (1 Коринт 6:16; Еврей 13:4). Ханьдаа үнэнч бус хандвал итгэлийг нь алдана. Бас гэр бүлийн харилцаанд сэв сууна. Хүүхэд ч гэсэн сэтгэл санааны хохирол амсана. Хайр халамж дутуу, сэтгэл санаагаар тайван бус, гомдол тээж явдаг болно.
«БУРХАН НИЙЛҮҮЛСЭН». Гэрлэлт бол ариун холбоо. Үүнийг ойлгодог хосууд гэр бүлийн холбоогоо батжуулахыг хичээдэг. Асуудал бэрхшээл тулгарлаа ч салахыг урьтал болгодоггүй. Юу ч болсон бие биеэ хайрладаг. Ингэж хайрладаг хүн «бүх юманд тэвчээртэй хандан» асуудал бэрхшээлээ шийдэж, ханиа ойлгож, эвтэй байхыг үргэлж хичээнэ.
Эцэг эх нь амин хувиа бодолгүй бие биеэ хайрладаг бол хүүхдүүд жаргалтай байдаг. Жээсика гэдэг бүсгүй: «Аав ээж хоёр маань бие биеэ их хайрлаж, хүндэлдэг. Аавыг хүндэлж байгаа ээжийгээ хараад дуурайх хүсэл төрдөг» гэж хэлсэн юм.
Хайр бол Бурхны гол чанар. Библид «Бурхан бол хайр» гэж байдаг (1 Ёохан 4:8). Еховаг бас «жаргалтай Бурхан» гэсэн байдаг нь гайхах зүйл биш юм (1 Тимот 1:11). Хэрэв бид Бүтээгчийнхээ хайр гэх зэрэг сайхан зан чанарыг дуурайвал жаргалтай байна. «Хайрт хүүхдүүдийнх нь хувьд та нар Бурхныг дуурайж яваарай» гэж Эфэс 5:1, 2-т бичжээ.