АСУУДЛЫН ШАЛТГААН
Асуудлын шалтгааныг олох нь
Айх аюулгүй, амар жимэр амьдрахад саад болж байгаа энэ олон асуудлыг хүмүүс өөрсдөө шийдэж чадах болов уу? Асуудлыг бүрмөсөн шийдэхийн тулд гол шалтгааныг нь олох ёстой.
Нэг жишээ авъя. Томас өвчин тусаад нас баржээ. Яагаад нас барсан бэ? Томасыг нас барахынх нь өмнө хүлээж авсан эмнэлгийн эмч: «Өвчний анхны шинж тэмдэг илрэхэд хэн ч цаад шалтгааныг нь олж илрүүлэх гэж хичээгээгүй» гэж бичжээ. Томасыг анх үзсэн эмч нар ердөө өвчний шинж тэмдгийг намдаах эм өгөөд л явуулжээ.
Хүмүүс дэлхийн тулгамдсан асуудалд яг ингэж ханддаг юм биш биз? Жишээлбэл засгийн газрууд гэмт хэрэгтэй тэмцэх хууль гаргадаг, видео камер суулгадаг, цэрэг цагдаагийн хүчийг чангатгадаг. Ингэх нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгдөг ч цаад шалтгааныг шийдвэрлэдэггүй. Ер нь хүний хийсэн хэрэг хүсэл бодлоос урган гардаг.
Дэниел Өмнөд Америкийн эдийн засаг нь уруудан доройтсон нэгэн улсад амьдардаг. Тэрбээр: «Бид урьд нь зэвсэглэсэн дээрэмчдээс айхгүй, жирийн сайхан амьдарч байлаа. Гэтэл одоо тайван хот тосгон гэж байхгүй болсон. Эдийн засгийн уналтаас болж олон хүний жинхэнэ чанар танигдсан. Хүмүүс ямар их шунахай, бусдын амь нас, эд хөрөнгийг юман чинээ боддоггүй юм бэ!» гэж ярьжээ.
Нэгэн хүн Ойрх Дорнодод гарсан тэмцэл мөргөлдөөнөөс дүрвэн зугтжээ. Хожим нь Библи судалсан байна. Тэрбээр: «Манай нутгийн залууст гэрийнхэн нь, улс төр, шашныхан дайнд оролцож ардын баатар бол гэж хэлж захидаг. Сөргөлдөгч талынхан ч бас нэгэндээ тэгж хэлдэг. Үүнээс болоод удирдагчдад итгэх итгэл алдарсан» гэж ярьсан юм.
Мэргэн ухааны дээж болсон нэгэн номд ийнхүү өгүүлжээ.
-
«Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг» (Эхлэл 8:21).
-
«Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?» (Иеремиа 17:9).
-
«Хорон санаа, аллага, ... садар самуун, хулгай, худал үг ... зүрх сэтгэлээс гардаг» (Матай 15:19).
Бусдад гай тарьдаг муу хандлагыг хүн төрөлхтөн арилгаж чадаагүй л байна. Харин ч нийгэм улам доройтсоныг өмнөх өгүүлэлд дурдсан баримтууд гэрчилдэг (2 Тимот 3:1–5). Харилцаа холбоо сайжирч, хүмүүс хаанаас л бол хаанаас мэдээлэл авдаг болсон ч байдал огт сайжраагүй. Эх дэлхийгээ бид яагаад амар амгалан орчин болгож чадахгүй байна вэ? Бид хүч хүрэхгүй юмыг хүсэж мөрөөдөөд байна уу? Дэлхий даяараа амар тайван байна гэдэг бүтэшгүй зүйл үү?
БИД ОГТ БҮТЭШГҮЙ ЮМ МӨРӨӨДӨӨД БАЙНА УУ?
Хүмүүсийн зан чанар гэв гэнэт өөрчлөгдөөд бүгдээрээ сайхан зан чанартай боллоо ч дэлхий
маань амар амгалангийн орон болчихгүй ээ. Яагаад тэр вэ? Хүнд хүч хүрэхгүй юм гэж бий.«Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» гэсэн үнэн үг Библид бий (Иеремиа 10:23, ШЕ). Хүн угаасаа бие биеэ захирах мэдэлгүй! Энэ нь хүнд усанд юм уу сансарт амьдрах чадвар заяагаагүйтэй адилхан юм.
Дараахыг бодож үзээрэй. Хүмүүс ер нь яаж амьдрахаа, ямар зарчим баримтлахаа бусдаар заалгах дургүй. Үр хөндөлт, цаазаар авах ял, хүүхдийн хүмүүжлийн талаар үзэл бодлоо тулгахад хүмүүс дургүйцдэг. Энэ мэт асуудлаар санал зөрөлддөг. Библид гашуун ч гэсэн үнэн үг бичжээ. Хүнд нэгнийгээ захирах эрх байхгүй, тийм чадал ч байхгүй. Тэгвэл бид хэнээс заавар зөвлөгөө авах вэ?
Бүтээгчээсээ зөвлөгөө авах нь ухаалаг хэрэг. Бурхан биднийг мартаагүй, харин ч халамжлан анхаарч, Библийн хуудсаар дамжуулан мэргэн зөвлөгөө өгдөг. Библийг сайтар уншиж судалбал бид өөрсдийгөө илүү сайн мэдэж авна. Бас хүн төрөлхтөн яагаад зовдгийг, яагаад алдаагаа давтдагийг ойлгодог болно. Германы философич: «Хүмүүс, засгийн газрууд түүхээсээ ерөөсөө суралцдаггүй, сургамж авч явдал үйлээ засдаггүй» гэж бичжээ.
БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ АНХААРАХЫН АЧ ТУС
Библид «Мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг» гэж байдаг (Лук 7:35). Жишээ нь Дуулал 146:3-т «Ноёдод бүү итгэ, авралгүй хүний хүүд ч бүү итгэ» гэсэн мэргэн үг байдаг. Энэ үгийг анхаардаг хүн хоосон амлалтад итгэж найдахгүй. Хойд Америкийн гэмт хэрэг их гардаг нэг хотод амьдардаг Кеннет: «Олон улс төрч сайхан сайхан юм амладаг ч тэрнийгээ биелүүлж чаддаггүй. Библид тэдний талаар онож бичжээ» гэж хэлсэн байна.
Өгүүллийн эхэнд дурдсан Дэниел: «Хүн хүнээ захирч чадахгүй гэдэгт би өдрөөс өдөрт итгэх болсон. ... Дансандаа их мөнгөтэй, тэтгэврээ өндөр хувиар тогтоолголоо гээд сайхан амьдарна гэсэн баталгаа байхгүй. Ингэж бодсон олон хүний итгэл хөсөрдсөн» гэжээ.
Библи зөвхөн хоосон юманд итгэхээс сэрэмжлүүлдэг юм биш ээ. Бидэнд ирээдүйдээ итгэх итгэл найдвар төрүүлдгийг дараагийн өгүүллээр үзье.