Бурхныг таньж мэдэх
Эхний өгүүлэлд дурдсанчлан олон хүн Библийг ариун ном гэж үздэг. Тэд энэ номыг уншиж, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлээд Бурхантай илүү дотно болж, амьдралынхаа утга учрыг олдог.
Библийг үзвэл, Бурхныг таньж мэдэхийг нэг ёсондоо амьдралын зарчим гэж хэлж болно (Юуда 18, 19). Бурхныг мэддэггүй, Бурхнаар удирдуулдаггүй хүн өөрийнхөөрөө амьдардаг бол Бурхныг мэдсэн хүн тогтоосон хэм хэмжээг нь баримталж амьдардаг (Эфэс 5:1).
НАЙДВАР
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хэрэв чи бэрх цагт урам хугарсан байваас хүч тэнхээ чинь сул аж» (Сургаалт үгс 24:10, ШЕ).
ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Урам хугарсан үед бэрхшээлийг даван туулах хүч тамиргүй болдог. Эсрэгээрээ, найдан хүлээх юмтай байвал урагшлах тэнхээтэй байна. Тулгарч буй бэрхшээлийг түр зуурынх гэж бодвол сэтгэл тайвширдаг. Бэрхшээл зовлон үзэх дандаа муу байдаггүй.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Ирээдүйгээ өөдрөгөөр харахыг хичээгээрэй. Ингэх вий, тэгэх вий гэж бодон санаа зовох юм уу, төгс сайхан орчин бүрдэхийг хүлээхийн оронд зорилгодоо хүрэх алхам хийгээрэй. Хааяа санамсаргүй юм тохиолддог нь үнэн (Номлогчийн үгс 9:11). Гэхдээ амьдрал бидний бодсоноос сайнаар эргэх нь бий. Тийм болохоор, Библид газар тариалантай холбоотой зүйрлэл ашиглан ингэж хэлсэн байдаг. «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» (Номлогчийн үгс 11:6).
АМЬДРАЛЫН ЧУХАЛ АСУУЛТЫН ХАРИУ
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Надад ухаарлыг хайрлаач. ... Таны үг ... үнэн» (Дуулал 119:144, 160).
ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Бараг хүн болгоны бодож явдаг асуултын хариу Библид байдаг. Жишээ нь дараах асуултуудын хариу бий.
-
Хүн яаж бий болсон бэ?
-
Амьдралын утга учир юу вэ?
-
Хүн үхээд яадаг вэ?
-
Үхээд л бүх юм дуусдаг уу?
Олон сая хүн дээрх болон бусад асуултын хариуг Библиэс олж аваад сайхан амьдарч байна.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Та бас Библид юу гэж байдгийг нягталж үзээрэй. Еховагийн Гэрчүүдээр Библи заалгаарай. Манай jw.org сайт руу орох юм уу, олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явуулдаг цуглаанд ирээрэй.
БИБЛИЙН БУСАД ЗАРЧИМ
БУРХНЫ ТУХАЙ МЭДЭХ ХЭРЭГТЭЙГЭЭ ОЙЛГООРОЙ.
«Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» (МАТАЙ 5:3).
БИБЛИЙН БУРХНЫ ТУХАЙ ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭЖ АВААРАЙ.
«[Бурхныг] эрэн хайж, ол ... Үнэндээ Бурхан хүн бүрд ойр байдаг» (ҮЙЛС 17:27).
БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДГИЙГ УНШИЖ ЭРГЭЦҮҮЛЖ БОДООРОЙ.
«Харин тэрээр ЭЗЭНий [Еховагийн, ШЕ] * хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. ... Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» (ДУУЛАЛ 1:2, 3).
^ д/м 23 Библийн эх бичигт Бурхны нэрийг Ехова гэсэн байдаг.