СТРЕССГҮЙ АМЬДАРЪЯ
Стресст орсон бол яах вэ?
Стрессээ намдаахын тулд эрүүл мэндээ, бусадтай яаж харьцдагаа, зорилгоо, амьдралдаа юуг эн тэргүүнд тавьдгаа бодох хэрэгтэй. Энэ өгүүллээр стрессийг намдааж, тэр бүү хэл, стрессээс ангижрахад тустай зөвлөгөөг авч үзнэ.
Өнөөдрөөрөө амьдрахыг хичээгээрэй
«Маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ» (МАТАЙ 6:34).
Юу гэж ойлгох вэ? Өдөр тутмын юманд санаа зовохгүй амьдарна гэж байхгүй. Гэхдээ өнөөдрийн зовлон дээрээ маргаашийн зовлонг нэмэх хэрэггүй. Өнөөдрөөрөө л амьдрахыг хичээгээрэй.
-
Стресстэй байвал санаа зовж эхэлдэг. Тиймээс нэгдүгээрт, зарим үед өөрийн эрхгүй стресст ордог нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Хүч хүрэхгүй юмаа бодож, санаа зовох нь улам стресстүүлдэг. Хоёрдугаарт, болоогүй юмыг урьдаас бодож, санаа зовлоо гээд юуг ч өөрчилж чадахгүй. Өөрчилж чадахгүй юм бишгүй бий гэдгийг ойлгохыг хичээгээрэй.
Уян хатан байгаарай
«Дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн ... зөрж гөждөггүй» (ЯАКОВ 3:17).
Юу гэж ойлгох вэ? Перфекционист буюу төгс рүү тэмүүлэгч байх гэсний хэрэггүй. Өөрөөсөө болон бусдаас ихийг шаардах хэрэггүй.
-
Уян хатан, даруу байж, өөрийнхөө ч, бусдын ч хэр чадлыг ойлгоорой. Ингэвэл та өөрөө ч, эргэн тойрныхон тань ч стресст орох нь багасахаас гадна, хэн хэнд нь амар, асуудал багатай байна. Инээж хошигнодог байгаарай. Таатай биш үед ч инээж чаддаг бол уур уцааргүй, өөдрөг байна.
Юунаас болоод стресст ордгоо мэдээрэй
«Ухаантай хүмүүн уужим дотортой» (СУРГААЛТ ҮГС 17:27).
Юу гэж ойлгох вэ? Сөрөг сэтгэл мэдрэмжтэй явах нь юмыг саруул ухаанаар бодож цэгнэхэд саад болдог. Тиймээс тайван байхыг хичээгээрэй.
-
Юунаас болоод стресстдэгээ олж тогтоогоод стресст орохлоороо яадгаа анзаараарай. Жишээ нь, стресст орсон үед юу бодогддог, ямар санагддаг, ямар зан авир гаргадгаа бичиж тэмдэглэсэн ч болно. Стресст орсон үед яадгаа мэдэх нь стрессийг давахад тустай. Стресст оруулдаг зүйлийг багасгахыг бодоорой. Ингэх нь боломжгүй санагдвал нөлөөг нь багасгахыг бодоорой. Жишээ нь ажлаа яаж хийвэл дээр вэ, цагаа яаж хуваарилах вэ гэдгээ бодоорой.
-
Өөр өнцгөөс харахыг хичээгээрэй. Таныг стресстүүлдэг зүйл бусдын хувьд тийм ч сүртэй юм биш байж болох юм. Юмыг яаж харахаас их юм шалтгаална. Дараах гурван аргыг хэрэглээд үзээрэй.
-
Юмыг муу талаас нь бүү бодоорой. Дараалалд зогсож байтал таны урдуур хүн дайрч орлоо гэж бодъё. Тэр хүнийг ямар бүдүүлэг юм бэ гэж бодвол таны дургүй хүрэх байх. Эергээр бодож яагаад болохгүй гэж?
-
Тухайн нөхцөл байдлын сайн талыг нь олж хараарай. Эмчид үзүүлэх, онгоцонд суух гээд хүлээж байх зуураа юм унших, хийж амжаагүй ажлаа амжуулах, э-мэйл бичих зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрөөвөл стресстэх нь багасна.
-
Юмыг өргөн хүрээнд хараарай. «Энэ асуудал маргааш эсвэл 7 хоногийн дараа ч хэвээрээ байх уу?» гэсэн асуултыг бодоорой. Жижиг асуудал том асуудал хоёрыг ялгаж сураарай.
-
Эмх цэгцтэй байхыг хичээгээрэй
«Бүх юм зохистой, эмх замбараатай байг» (1 КОРИНТ 14:40).
Юу гэж ойлгох вэ? Өдөр тутамдаа эмх цэгцтэй байхыг хичээгээрэй.
-
Бид бүгд тодорхой хэмжээгээр эмх цэгцтэй байхыг хүсдэг. Хийх ёстой ажлаа хийлгүй хойшлуулаад байвал эмх замбараа нь алдагдана, бүр стресст оруулж мэднэ. Дараах хоёр аргыг хэрэглээд үзээрэй.
-
Биелүүлж болох хуваарь гаргаад баримтлаарай.
-
Ямар хандлагаас болоод ажлаа хойшлуулдгаа олж мэдээд түүнийгээ засаарай.
-
Ажил амьдралаа зохицуулаарай
«Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр» (НОМЛОГЧИЙН ҮГС 4:6).
Юу гэж ойлгох вэ? Ажлын хэнээтнүүд «хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөснийхөө» үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Яагаад гэвэл цаг зав, хүч хүрэхгүй үе байдаг.
-
Ажил, мөнгөний талаар зөв үзэлтэй байгаарай. Их мөнгөтэй байлаа гээд илүү аз жаргалтай, стресс багатай амьдарна гэж байх уу? Харин ч эсрэгээрээ эргэдэг. «Баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй» гэж Номлогчийн үгс 5:12-т бичсэн байдаг. Орлогоосоо давж их мөнгө битгий үрээрэй.
-
Амрах цаг гаргаарай. Хийх дуртай зүйлээ хийвэл стресс намддаг. Гэхдээ зүгээр л зурагт үзээд суувал стрессийг намдаах нь юу л бол.
-
Электрон хэрэгслийг ухаалаг хэрэглээрэй. Э-мэйлээ байнга шалгах, олон нийтийн сүлжээний сайтаар хэсэхээс зайлсхий. Болж өгвөл ажлын бус цагаар ажилтай холбоотой э-мэйлийг шалгахгүй байгаарай.
Эрүүл мэндээ анхаараарай
«Биеийн дасгал нь ... тустай» (1 ТИМОТ 4:8).
Юу гэж ойлгох вэ? Дасгал тогтмол хийдэг бол бие эрүүл байна.
-
Эрүүл дадал зуршилтай болоорой. Биеийн дасгал хөдөлгөөн сэтгэл санаанд сайнаар нөлөөлнө, бие стресст хариу үйлдэл үзүүлэх чадвар сайжирна. Шим тэжээлтэй хоол идээрэй. Хоол идэхгүй явахаас зайлсхийгээрэй. Сайн амраарай.
-
Тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, архи дарс уух гэх мэтээр стрессийг буруу аргаар тайлахаас зайлсхийгээрэй. Эдгээр нь хожим хойно таны эрүүл мэнд, хөлсөө дуслуулан байж олсон мөнгийг үгүй хийдэг учир улам л стресст оруулна.
-
Их стресст орсон бол эмчид хандаарай. Мэргэжлийн хүнээс тусламж авахаас цааргалах хэрэггүй.
Илүү чухал зүйлээ тодорхойлоорой
«Илүү чухал юмыг магадал» (ФИЛИППОЙ 1:10).
Юу гэж ойлгох вэ? Чухал зүйлээ тодорхойлоорой.
-
Хийх ажлаа чухлаас нь эхлээд жагсааж бичээрэй. Ингэвэл илүү чухал ажлаа анхаарна. Алийг нь яаралтай хийх, алийг нь хүнд даалгах, алийг нь хийх хэрэггүй вэ гэдгийг шийдэхэд тустай.
-
7 хоногийн турш цагаа юунд зарцуулж байгаагаа бичиж тэмдэглээрэй. Цагаа илүү зөв зарцуулахын тулд яах ёстойгоо бодоорой. Хийх ажлаа зохицуулаад сурчихвал стресстэх нь бага байна.
-
Амсхийх цаг гаргаарай. Жаахан завсарлах нь таныг сэргээж, стрессийг багасгана.
Бусдаас дэмжлэг аваарай
«Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол эелдэг үг түүнийг баярлуулдаг» (СУРГААЛТ ҮГС 12:25).
Юу гэж ойлгох вэ? Бусдын хэлсэн эелдэг үг таны сэтгэлийг сэргээнэ.
-
Өөрийг тань ойлгох хүнд зовлон бэрхшээлээ яриарай. Тийм хүн танд тулгараад байгаа асуудлыг өөр өнцгөөс харж, бас гарах арга замыг ч зааж өгч болох юм. Ийнхүү ачаагаа хөнгөлбөл таны сэтгэл амрах биз ээ.
-
Тусламж гуй. Ажлаа хэн нэгэнд даалгаарай.
-
Хэрэв та хамт ажилладаг хүнээсээ болоод стресстээд байвал тухайн байдлаас гарах арга зам хайгаарай. Жишээ нь тэр хүнээс болоод танд ямар байгааг эвтэйхэн хэлээрэй (Сургаалт үгс 17:27). Хэрэв энэ аргыг туршаад бүтэлгүйтвэл тэр хүнтэй хамт байх цагаа багасгаарай.
Бурхныг танин мэдээрэй
«Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» (МАТАЙ 5:3).
Юу гэж ойлгох вэ? Хүмүүс бидэнд хоол хүнс, хувцас хунар, орон байраас илүү хэрэгтэй зүйл бий. Энэ нь Бурхны тухай мэдэх юм. Жаргалтай байя гэвэл Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарлаж, тэр хэрэгцээгээ хангах ёстой.
-
Залбирал их тустай. Бурхан «бүх зовнилоо надад даатга» гэж хэлдэг. «Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 Петр 5:7). Залбирч сайн сайхан зүйлийг бодож эргэцүүлбэл сэтгэл санаа тайван байдаг (Филиппой 4:6, 7).
-
Бурхантай дотно болгох ном сэтгүүл уншаарай. Энэ сэтгүүлд гарч байгаа зарчмуудыг Бурхны тухай өгүүлдэг Библиэс авсан. Эдгээр нь «саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахихад» тустай (Сургаалт үгс 3:21). Библийг уншаад үзээрэй. «Сургаалт үгс» номоос эхэлж уншвал сонирхолтой байх биз ээ.