Алагчлал—Та халдвар авсан уу?
Алагчлах үзлийг вирустай зүйрлэж болно. Ийм үзэл эзнээ хохироодог. Бас хүн энэ үзлээр өвчилснөө анзаардаггүй.
Арьс өнгө, овог аймаг, хэл соёлоос нь болж хүмүүс бие биеэ ялгаварлан гадуурхдаг. Мөн итгэл үнэмшил, хүйс, нийгмийн давхаргаар нь хүнийг ялгаварладаг. Зарим нь хүнийг нас, боловсрол, хөгжлийн бэрхшээл, төрх байдлаар нь дүгнэдэг. Гэвч үүнийгээ ялгаварлан гадуурхаж байна гэж боддоггүй.
Та алагчлах үзлийн халдвар авсан юм биш биз? Бусдын ийм үзэлтэйг анзаардаг хэрнээ өөрийгөө ийм үзэлтэй гэж боддоггүй байж болох юм. Бид бүгд ямар нэг хэмжээгээр ийм үзэлд автсан байдаг нь үнэн. Нэг бүлэг хүний тухай таагүй үзэлтэй бол «тэндхийн хүнтэй ярихдаа өөрөөр харьцдаг. Ийм зан гаргаснаа өөрсдөө ч мэддэггүй» гэж нийгэм судлаач, профессор Дэйвид Уиллиамс хэлжээ.
Жишээ нь Балканы хойгт амьдардаг Ёвицагийн нутагт жижиг үндэстэн ястнууд байдаг аж. Тэрбээр: «Тэдний дунд сайн хүн байдаг гэж би боддоггүй. Бусдыг ингэж ялгаварладаг гэдгээ би өөрөө ч мэдээгүй. “Гэхдээ бүгд л ингэж ярьдаг шүү дээ” гэж бодоод өнгөрсөн» гэж хүлээн зөвшөөрчээ.
Төр засгууд арьс өнгөөр ялгаварлах болон алагчлах үзлийн бусад хэлбэрийн эсрэг хууль гаргадаг. Гэвч энэ үзэл арилахгүй байна. Яагаад? Тэдгээр хууль нь хүний үйлдлийг л хорьж хязгаарладаг. Хүний үзэл бодол, мэдрэмжийг хянаж чаддаггүй. Гэтэл алагчлах үзэл хүний бодол санаа, зүрх сэтгэлээс гардаг. Энэ үзлийн эсрэг тэмцээд үр дүн гарах болов уу? Энэ үзэл «эмчлэгдэх» болов уу?
Зүрх сэтгэл, бодол санаандаа бугласан алагчлах үзэлтэй тэмцэхэд олон хүнд тус болсон 5 зарчмыг дараа дараагийн өгүүллээр авч үзье.