Амьд биес юу өгүүлдэг вэ?
Манай дэлхий дээр үй түмээрээ хөлхөн хөдөлж, өсөн үрждэг амьд биес дүүрэн оршдог. Амьд байгаль үзэсгэлэнт дэлхийг маань чимдэг. Өнөөдөр хүн төрөлхтөн амьд биесийн тухай урьд хожид байгаагүйгээр ихийг мэддэг болсон. Тэгвэл амьдрал хэрхэн үүссэн бэ? Дараах зүйлийг бодоцгооё.
Эсийн бүтэц Бүтээгч байдгийг харуулдаг. Эсийг «амьдралын тоосго» гэж нэрлэдэг. Бас эс нь амьдралыг тэтгэх, нөхөн сэргээх маш нарийн төвөгтэй хэдэн мянган ажил үүргийг гүйцэтгэдэг учраас бяцхан үйлдвэр гэж хэлж болох юм. Жишээ нь, нэг эст бичил биетэн буюу талхны хөрөнгийг аваад үзье. Хөрөнгөний эс нь хүний биеийн эстэй харьцуулахад энгийн юм шиг боловч гайхалтай нарийн бүтэцтэй. Эмх цэгцтэй ДНХ бүхий бөөмтэй. Эс бүр молекулыг ангилах, тээвэрлэх, өөрчлөх зэрэг организмыг амьд байлгахад зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг явуулдаг. Хөрөнгөний эсэд гаднаас шим тэжээл орохоо болиход химийн нарийн урвал явагдаж үйл ажиллагаа нь удааширч унтаа байдалд шилждэг. Ийнхүү идэвхгүй болсон талхны хөрөнгийг удаан хадгалсан ч амьд байж чаддаг бөгөөд исгэх шинж чанараа алддаггүй.
Эрдэмтэд хүний биеийн эсийг нарийн мэдэх гэж хөрөнгөний эсийг олон жилийн турш уйгагүй судалжээ. Гэвч судалж мэдэх зүйл дуусаагүй. Шведийн Чалмерсын Технологийн их сургуулийн профессор Росс Кинг: «Хамгийн энгийн бичил биетэн болох хөрөнгөний эс ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхийн тулд шаардлагатай туршилтуудыг бүгдийг нь хийе гэхлээр даанч биологичдын тоо хүрэлцдэггүй» гэж хэлжээ.
Та юу гэж бодож байна вэ? Эгэл биетэн хүртэл гайхалтай нарийн бүтэцтэй байдаг нь Бүтээгч байдгийн нотолгоо биш гэж үү? Бүтээгчгүйгээр бий болох боломжтой юу?
Амьд биес зөвхөн амьд биесээс л үүснэ. ДНХ нь нуклеотид хэмээх молекулуудаас бүрддэг. Хүний эс бүрд 3,2 тэрбум нуклеотид байдаг. Эдгээр химийн нэгдэл нь тусгай кодыг үүсгэдэг бөгөөд эсүүд тэр кодын дагуу фермент, уургийг үйлдвэрлэдэг.
Нуклеотидын хамгийн энгийн хэлхээ ч хар аяндаа зөв холбогдох боломж 1:10150 (1-ийн ард 150 тэг)-тэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл аяндаа зөв холбогдох боломж байхгүй.
Өнөөг хүртэл нэг ч эрдэмтэн амьгүй биеэс амьд бие бий болгож чадаагүй.
Хүн бусад амьтнаас онцгой. Олон төрлийн амьд биесээс хүн л амьдралын сайхныг мэдрэх чадвартай. Хүн л бүтээж туурвидаг, бие биетэйгээ харьцдаг, сэтгэл мэдрэмжээ илэрхийлдэг. Олон төрлийн амт, үнэр, дуу чимээ, өнгийг ялгаж, гоё сайхан зүйлсээс сэтгэлийн таашаал авдаг. Мөн ирээдүйгээ төлөвлөж, амьдралын утга учрыг хайдаг.
Та юу гэж бодож байна вэ? Амьд үлдэж, үр удмаа үлдээхэд хэрэгтэй учраас л хүнд ийм чадвар хөгжсөн үү? Эсвэл Бүтээгч амийг бэлэглэсэн гэдгийг дээрх чадварууд баталж байна уу?