Skip to content

Гарчиг руу орох

Ехова түүнийг «Миний найз» гэсэн

Ехова түүнийг «Миний найз» гэсэн

«Миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!» (ИС. 41:8).

ДУУ: 51, 22

1, 2. а) Хүмүүс Бурхны найз болох боломжтойг хаанаас мэдэж болох вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

ХҮН төрсөн цагаасаа эхлэн үхэн үхтэлээ хайраар тэтгүүлж амьдардаг. Хайрлаж, хайрлуулахыг хүн бүхэн хүсдэг. Энд зөвхөн эр эмийн хоорондох хайрыг хэлээгүй. Үерхэл нөхөрлөл, харилцаа холбоо бол хүмүүс бидний нэг чухал хэрэгцээ юм. Хайр хайрын дотроос хамгийн чухал нь Еховагийн хайр билээ. Гэхдээ тэнгэрт байдаг, Төгс хүчит Бурхантай дотносон нөхөрлөх боломжтой гэдэгт олон хүн итгэж чаддаггүй. Харин бид үүнд бүрэн дүүрэн итгэдэг.

2 Төгс бус ч гэлээ Бурхны анд найз байсан хүмүүсийн жишээ Библид бий. Тэдний талаар эргэцүүлэн бодвол бид бас Бурхантай дотносон нөхөрлөх боломжтой. Хүний тавьж болох хамгийн чухал зорилго нь Бурхантай дотносох юм. Энэ талаар Абрахам гайхалтай жишээ үзүүлжээ (Иаков 2:23-ыг уншина уу). Абрахам Еховатай тийм дотно болсны учир юу вэ? Гол нууц нь итгэл юм. Библид түүнийг «Итгэдэг бүх хүний эцэг» гэжээ (Ром 4:11). Абрахам итгэлтэй байсныхаа үрээр Бурхантай хэрхэн дотносон нөхөрлөснийг ярилцъя. Дараах асуултыг дор бүрнээ бодоцгооё. «Абрахам шиг бат итгэлтэй болж, Еховатай улам дотносохын тулд би юу хийх вэ?».

ЕХОВАТАЙ НАЙЗ БОЛСОН НЬ

3, 4. а) Итгэлийг нь шалгасан ямар хүнд сорилт Абрахамд тулгарсан бэ? б) Абрахам Исаакийг тахил болгоход ямар учраас бэлэн байсан бэ?

3 Сэтгэл нь түгшсэн нэгэн буурал, уул өөд арай ядан мацна. Амьдралдаа хийж буй хамгийн хүнд аялал нь бололтой. Нас дээр гарч, чадал тэнхээ нь харьсандаа ийнхүү зүдрэн яваа биш ажээ. Абрахам 125 настай ч урьдынх шигээ эрч хүчтэй хэвээрээ байлаа. [1] Араас нь мод үүрээд гэлдэрч яваа 25-тай залуу бол түүний хүү Исаак. Абрахам гал асаахад хэрэгтэй зүйлс болон хутга авчээ. Хүүгээ тахил болгон өргөхийг Ехова түүнээс хүссэн юм (Эх. 22:1–8).

4 Энэ бол Абрахамын итгэлийг шалгасан хамгийн хүнд сорилт юм. Ийм хатуу шаардлага тавьдаг ямар харгис Бурхан бэ гэж хэлдэг хүмүүс бий. Абрахам хүүдээ хайргүй болохоороо Еховагийн хэлснийг сохроор дагасан гэж хэлэх хүмүүс ч байдаг. Тэд итгэлгүй бөгөөд жинхэнэ итгэл гэж юу болохыг ойлгодоггүй учраас ингэж хэлдэг (1 Кор. 2:14–16). Абрахам Еховаг сохроор дагасан юм биш, харин жинхэнэ итгэлтэй хүн байлаа. Тэнгэрийн Эцэг Ехова үнэнч үйлчлэгчдээрээ мөнхийн зовлонд унагах зүйл хэзээ ч хийлгэхгүйг итгэлийн нүдээрээ харжээ. Дуулгавартай байвал Ехова Есүс хоёр ивээхийг ч мэдэж байв. Ийм их итгэлтэй болсны учир юу юм бол? Мэдлэгтэй, туршлагатай байсан учраас тэр юм.

5. Абрахам Еховагийн талаар яаж мэдсэн бэ? Энэ мэдлэг нь түүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

5 Мэдлэг. Абрахам хиймэл шүтээнээр дүүрсэн Халдеин Ур хотод төрж өссөн хэдий ч Еховатай танилцжээ. Эцэг Тера нь хиймэл шүтээн шүтдэг хүн байсан атал түүнд ийм боломж яаж олдов оо? (Иош. 24:2). Энэ талаар Библид тодорхой бичээгүй ч Абрахамыг Ноагийн хүү Шемийн ес дэх үеийн хүн гэжээ. Шем бат итгэлтэй хүн байсан. Абрахамыг 150 орчим настай байхад Шем нас баржээ. Абрахам Еховагийн талаар Шемээс мэдэж авсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Шем гэр бүлийнхэндээ Еховагийн талаар ярьдаг байсан байж таарна. Ямар ч атугай, сурч мэдсэн зүйл нь Абрахамын зүрх сэтгэлд хүрч Ехова Бурхныг хайрладаг болсон. Тэгээд бат итгэлтэй болжээ.

6, 7. Абрахамын итгэлийг бэхжүүлсэн ямар явдал тохиолдсон бэ?

6 Туршлага. Абрахам Еховад бат итгэдэг болсны өөр нэг шалтгаан юу вэ? Ер нь толгойд төрсөн бодол сэтгэл зүрхийг хөндөж, улмаар үйл хэргээр илэрдэг гэж хүмүүс ярьдаг. Бурхны тухай мэдлэг сэтгэлд нь гүн шингэсэн учраас Абрахам Еховаг «тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан» хэмээн зүрхнийхээ угаас бишрэн хүндэлдэг болжээ (Эх. 14:22). Ийн хүндэтгэхийг Библид Бурхнаас «эмээх» гэдэг. Энэ нь Бурхантай дотносоход их чухал (Евр. 5:7; Дуу. 25:14). Абрахам Еховагаас эмээдэг байсан учраас үг тушаалыг нь дуртайяа дагадаг байжээ.

7 Насан өндөр болсон Абрахам Сара хоёрыг Ур хотоос явж, харийн нутагт нүүж очихыг Бурхан тушаажээ. Тэд үлдсэн амьдралаа майханд өнгөрөөх ёстой гэсэн үг байлаа. Янз бүрийн аюул тулгарахыг мэдэж байсан ч Абрахам Еховагийн тушаалыг биелүүлсэн. Дуулгавартай байсан учраас Ехова ивээж, хамгаалжээ. Нэг бус удаа үзэсгэлэнт эхнэр Сарагаа булаалгаж, өөрөө амиа алдах дөхсөн ч Ехова гайхамшгаар хамгаалсан (Эх. 12:10–20; 20:2–7, 10–12, 17, 18). Тэдгээр явдал Абрахамын итгэлийг бэхжүүлжээ.

8. Еховатай дотносохын тулд хаанаас мэдлэг, туршлага олж авах вэ?

8 Өнөө үед Еховатай дотносон нөхөрлөх боломжтой юу? Боломжтой. Бид Абрахамын адилаар Еховагийн тухай сурч мэдэх шаардлагатай. Хэрэгтэй бүх мэдлэг, мэргэн ухаан Библид бий. Бидний мэддэг зүйл Абрахамын мэдлэгтэй харьцуулшгүй их ээ (Дан. 12:4; Ром 11:33). Библи бол «тэнгэр газрын Эзэн» Еховагийн тухай мэдлэгээр дүүрэн эрдэнэсийн авдар юм. Хүн олж авсан мэдлэгийнхээ ачаар Еховаг хайрлаж, гүнээ хүндэтгэдэг болдог. Улмаар үг тушаалыг нь дуртайяа дагадаг болно. Дуулгавартай байвал Ехова ивээж, хамгаалдаг. Үүнийг биеэрээ мэдрэхийн хэрээр туршлага хуримтлагддаг. Ехова Бурхандаа бүх зүрхээрээ үйлчилбэл сэтгэл хангалуун, тайван амгалан, баяр баясгалантай болдог (Дуу. 34:8; Сур. 10:22). Еховагийн тухай хэдийчинээ их мэдэж ивээл хүртэнэ, нөхөрлөл маань төдийчинээ зузаарна.

НӨХӨРЛӨЛ ЗУЗААРСАН НЬ

9, 10. а) Нөхөрлөлөө зузаатгая гэвэл яах хэрэгтэй вэ? б) Абрахам Еховатай тогтоосон андын холбоогоо эрхэмлэдэг байсан нь юунаас харагддаг вэ?

9 Нөхөрлөлийг үнэт эрдэнэстэй адилтгаж болно (Сургаалт үгс 17:17-г уншина уу). Гэхдээ нөхөрлөл бол дэлгүүрээс худалдаж аваад хаа нэгтээ тавьж тоосонд даруулдаг амьгүй зүйл биш ээ. Үүнийг цэцэг шиг амьд зүйл гэж үзэх хэрэгтэй. Цэцгийг сайхан ургуулахын тулд байнга арчилж тордон, усалж тэжээдэг шүү дээ. Абрахам Еховатай тогтоосон андын холбоогоо үнэлж эрхэмлэн, хайрлан хамгаалдаг байв. Яаж?

10 Бурхнаас эмээж, үг тушаалыг нь биелүүлдэг байсан. Одоо боллоо гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэр бүл, зарц шивэгчнээ аваад Канаан руу нүүж явахдаа том жижиг ямар ч шийдвэр гаргасан Еховагаар удирдуулж байсан. Исаакийг төрөхөөс нэг жилийн өмнө, Абрахамыг 99 настай байхад Ехова: «Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой» хэмээн тушаажээ. Абрахам гайхаад, гомдол мэдүүлсэн үү? Үгүй. Бурханд найдаж, хий гэснийг нь «яг тэр өдөртөө» хийсэн (Эх. 17:10–14, 23).

11. Содом Гоморраг устгана гэж дуулаад Абрахам яагаад санаа зовсон бэ? Ехова түүнд юу ойлгуулсан бэ?

11 Абрахам ялихгүй гэмээр зүйл дээр ч Еховад дуулгавартай байсан учраас нөхөрлөл нь зузаарсаар байв. Юу бодож санаж байгаагаа чөлөөтэй хэлдэг, ярвигтай асуудал тулгарсан үед тусламж гуйдаг байсан. Жишээлбэл, Содом Гоморраг Бурхан устгах гэж байгааг мэдээд айдаг. Яагаад? Зөв шударга хүмүүс бузар муу хүмүүстэй хамт устгагдах вий гэж боджээ. Бас Содомд амьдардаг ач дүү Лотынхондоо санаа зовсон биз ээ. Еховаг «газар дэлхийн Шүүгч» хэмээн итгэж байсан учраас бодлоо эвтэйхэн хэлсэн. Ехова ч найздаа тэвчээртэй хандаж, энэрэнгүй Бурхан болохоо мэдүүлжээ. Ямар ч үед, хүмүүсийг шийтгэхдээ ч зүрх сэтгэлийг нь харж, зөв шударга хүн байвал авардаг гэдгээ ойлгуулсан (Эх. 18:22–33).

12, 13. а) Мэдлэг, туршлага нь Абрахамд хожим нь хэрхэн хэрэг болсон бэ? б) Абрахам Еховад бүрэн итгэж байсан нь юунаас харагддаг вэ?

12 Хуримтлуулсан мэдлэг туршлага нь нөхөрлөлөө зузаатгахад Абрахамд үнэхээр тус болжээ. Хожим нь Ехова түүнд хүү Исаакаа тахил болгон өргө гэсэн тушаал өгдөг. Энэ амаргүй даалгаврыг биелүүлэх болоход Абрахам тэнгэрийн Андынхаа тухай бодож олон сайхан зан чанарыг нь санасан биз ээ. Мориа уул өөд арай ядан өгсөж яваа тэр дүр зургийг эргэн саная. Ехова гэнэт өөрчлөгдөөд харгис хэрцгий болчихжээ гэж Абрахам бодсон уу? Огтхон ч үгүй! Яагаад ингэж хэлж болох вэ?

13 Хамт ирсэн зарц нараа орхиод ууланд гарахын өмнө Абрахам: «Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ» гэж хэлсэн (Эх. 22:5). Үүнийг юу гэж ойлгох вэ? Исаакийг тахил болгоно гэдгээ мэдсээр байж хамт буцаж ирнэ гэж худлаа хэлсэн хэрэг үү? Үгүй. «Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн» гэж Библид бичжээ (Еврей 11:19-ийг уншина уу). Өөрөө ч, эхнэр Сара нь ч өтөлж, хүүхэдтэй болох боломжгүй болсон ч нөхөн үржих чадварыг нь Ехова сэргээснийг мэдэж байлаа (Евр. 11:11, 12, 18). Еховад боломжгүй юм нэг ч байхгүйг Абрахам ухаарчээ. Тийм учраас энэ хүнд өдөр юу ч тохиолдсон Ехова хайртай хүүг нь амилуулж, амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт бүрэн итгэж байсан. Абрахамыг «Итгэдэг бүх хүний эцэг» гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш юм.

14. Еховад үйлчлэхэд танд ямар бэрхшээл тулгардаг вэ? Абрахамаас юу сурах вэ?

14 Ехова бидэнд хүүхдээ тахил болгон өргө гэж тушаадаггүй. Гэхдээ дуулгавартай байхыг биднээс хүсдэг. Биелүүлэхэд хэцүү, яагаад биелүүлэх ёстойгоо ойлгохгүй байлаа ч үг тушаалыг нь сахиасай гэж хүсдэг. Ийм үе танд байсан уу? Зарим хүнд дэлгэрүүлэх ажил амаргүй санагддаг. Танихгүй хүнд сайн мэдээ хүргэнэ гэдэг ичимхий хүний хувьд тун ч ярвигтай даалгавар. Өөр зарим нь ажил, сургууль дээрээ бусдаас ялгарахаас айдаг (Ег. 23:2; 1 Тес. 2:2). Хэр чадлаасаа хэтэрсэн даалгавар аваад өөрийгөө Мориа уул руу арай ядан мацаж яваа Абрахамтай адилтгамаар үе танд байсан уу? Тийм үед итгэл зоригийн гайхамшигтай жишээ үлдээсэн Абрахамыг санаарай. Еховагийн үнэнч үйлчлэгчдийн талаар эргэцүүлэн бодохлоор тэднийг дуурайж, Еховатай улам дотносох хүсэл төрдөг (Евр. 12:1, 2).

НӨХӨРЛӨЛИЙН ҮР ШИМ

15. Еховагийн үг тушаалыг биелүүлсэндээ Абрахам хэзээ ч харамсаж байгаагүй гэж дүгнэхийн учир юу вэ?

15 Еховагийн үг тушаалыг биелүүлсэндээ харамсах үе Абрахамд байсан болов уу? Библид «Абрахам өндөр насыг наслаад нас баржээ. Тэрээр урт удаан сэтгэл хангалуун амьдарсан билээ» гэж бичжээ (Эх. 25:8, ШЕ). Абрахам хэрхэн амьдарснаа 175 насны өндөрлөгөөс эргэн хараад сэтгэл хангалуун байсан. Яагаад гэвэл Ехова Бурхантай дотносон нөхөрлөхийг амьдралынхаа гол чиг шугам болгож иржээ. «Урт удаан сэтгэл хангалуун амьдарсан» гэдэг нь шинэ ертөнцөд амьдрахыг хүсээгүй гэсэн үг биш юм.

16. Абрахам диваажинд юуг мэдээд баярлах вэ?

16 «Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм» гэж Библид бичжээ (Евр. 11:10). Хот буюу Бурхны Хаанчлал дэлхийг захирахыг нэг л өдөр нүдээрээ үзнэ гэдэгт Абрахам итгэж байсан. Тийм ээ, Абрахам заавал үзнэ! Диваажин дэлхийд амьдарч, Еховатай улам дотносоод хэчнээн жаргалтай байх бол оо! Еховагийн үйлчлэгчид итгэлийнх нь жишээг хэдэн мянган жил дагаж ирснийг мэдээд сэтгэл нь ямар их хөдлөх бол оо! Мориа ууланд өргөх гэж байсан тахил нь агуу зүйлийг бэлгэдэж байсныг диваажинд амилаад мэднэ (Евр. 11:19). Ганц хүүгээ тахил болгон өргөхөөр бэлдэж байхдаа ямар их шаналж байсныг нь олон сая хүн уншаад Есүс Христийг золиос болгон өгсөн Еховагийн сэтгэлийг ойлгосныг мэднэ (Иох. 3:16). Түүхэн дэх хамгийн агуу хайрын илрэл болсон золиосыг улам бүр үнэлж эрхэмлэхэд Абрахамын үзүүлсэн жишээ тустай.

17. Та яахаар шийдсэн бэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Итгэлийн жишээ болсон Абрахамыг дуурайхыг дор бүрнээ хичээцгээе. Еховагийн тухай илүү ихийг мэдэж, үг тушаалыг нь дагахлаар Ехова ивээж, хамгаалдаг. Энэ хэрээр мэдлэг, туршлага маань нэмэгдэнэ (Еврей 6:10–12-ыг уншина уу). Ехова бидний үүрдийн Анд байх болтугай! Бурхантай дотносон нөхөрлөсөн гурван хүний жишээг дараагийн өгүүллээр ярилцъя.

^ [1] (3-р догол мөр) Өмнө нь энэ эрэгтэйг Абрам, эхнэрийг нь Сараи гэдэг байжээ. Хожим нь Ехова тэдний нэрийг Абрахам, Сара болгон өөрчилжээ. Энэ өгүүлэлд Абрахам, Сара гэдэг нэрээр нь бичсэн.