Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

Чанга яригчтай машин олны танил болсон нь

Чанга яригчтай машин олны танил болсон нь

«Бразилд Эзний үйлчлэлд зориулсан чанга яригчтай машин ганцхан байлаа. Тэр машин “Харуулын цамхгийн чанга яригчтай машин” гэдгээрээ олон сая хүний танил болсон»—Натанел Юүл, 1938 он.

ДЭЛГЭРҮҮЛЭХ ажлын явц 1930-аад оны эхээр Бразилд харьцангуй удаан байлаа. Харин 1935 онд Натанел Юүл, түүний эхнэр Моод Юүл дэлгэрүүлэх ажлыг хариуцаж байсан Жозеф Рутерфордод захидал бичжээ. Эхлэгчээр үйлчилдэг, Хаанчлалын үйл хэрэгт сайн дураараа оролцдог байсан тэд «хаана ч очиход бэлэн» гэдгээ захидалдаа дурджээ.

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод амьдардаг, инженер мэргэжилтэй Натанел тэр үед 62-той, тэтгэвэртээ гарсан байлаа. Хуралдаа үйлчлэлийн удирдагчаар үйлчилдэг, дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулдаг, дуу чимээний төхөөрөмж ашиглан сайн мэдээ түгээдэг байжээ. Ингээд шинэ томилолт авав. Өргөн уудам нутагтай, олон үндэстнээс бүрдсэн Бразил улсад салбарын үйлчлэгчээр томилогдлоо. Хуримтлуулсан туршлага, Еховаг гэсэн сэтгэл нь тэр үед их хэрэг болжээ.

Натанел Моод хоёр Антоню Андради гэдэг байнгын эхлэгчтэй хамт 1936 онд Бразилд ирэхдээ 35 пянз тоглуулагч болон чанга яригчтай машин авчиржээ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд 5-д ордог Бразилд тухайн үед 60 хүрэхгүй дэлгэрүүлэгч байсан ч эдгээр хэрэгслийн ачаар хэдхэн жилийн дотор олон сая хүнд сайн мэдээ хүргэсэн юм.

Натанел Моод хоёрыг ирснээс хойш сарын дараа Сан Паулу хотод анхны чуулган зохиогджээ. Моодыг чанга яригчтай машинаа унаад илтгэлийн тухай зар тараасны дараа 110 хүн ирсэн байна! Дэлгэрүүлэгчид чуулганы хөтөлбөрийг сонсоод сайн мэдээг улам идэвхтэй тунхаглах урам зориг нь бадарчээ. Тэд ном хэвлэл, гэрчлэлийн хуудас тараах аргыг заалгаж, мөн англи, герман, унгар, польш, испани, хожим нь португал хэлээр гарсан илтгэлийн бичлэгийг пянз тоглуулагчаар хэрхэн тоглуулахыг мэдэж авсан.

Чанга яригчтай энэ машин Бразил даяар сайн мэдээг түгээсэн

1937 онд Сан Паулу, Рио де Жанейро, Куритиба хотод болсон чуулган дээр, идэвхтэй дэлгэрүүлэхийг уриалжээ. Чуулганд оролцогчдыг айлаар дэлгэрүүлэхэд чанга яригчтай машин дагалдан явж байлаа. Тэр үед залуухан бүсгүй байсан Жүзе Магловски: «Биднийг ном хэвлэлээ тавиур дээр өрөөд машиныхаа чанга яригчаар бичлэгээ тавихлаар хүмүүс сонирхоод гэрээсээ гараад ирнэ. Тэгэхлээр нь бид тэр хүмүүстэй ярилцаж байлаа» хэмээн бичжээ.

Хүмүүс голын эрэг дээр наранд ээн хэвтэж байхад, дэлгэрүүлэгчид баптисм хүртэж байлаа. Энэ үеэр сайн мэдээ дэлгэрүүлэх сайхан боломж олдсон юм. Баптисм хүртэгчдэд зориулсан Рутерфорд ахын илтгэл чанга яригчтай машинаас цуурайтаж байв. Сониуч хүмүүс машиныг бүчин авч, илтгэлийг португал орчуулгатай сонсжээ. Дараа нь польшоор дуулсан Хаанчлалын дууны аянд дэлгэрүүлэгчид баптисм хүртсэн. Гэрчүүд тэр дууг янз янзын хэлээр даган дуулж байв. «Пентекостын өдөр хүн бүр өөрийнхөө хэлээр хэрхэн ойлгож байсныг энэ явдал сануулсан» хэмээн 1938 оны «Жил тутмын ном»-д бичжээ.

Уг чуулганаас хойш Гэрчүүд ням гараг бүр чанга яригчтай машинаараа явж хүмүүст илтгэл сонсгодог болов. Сан Паулу болон зэргэлдээх хотуудын төвд байдаг цэцэрлэгт хүрээлэн, орон сууц, үйлдвэр хавиар явж олон хүний сонорыг мялаажээ. Сан Паулугаас баруун хойд зүгт 97 километрт байдаг уяман өвчтөнүүдийн тосгонд сар бүр очиж хөтөлбөр сонсгодог байв. 3 000 хүнтэй тэр тосгон яваандаа нэг хуралтай болсон. Дэлгэрүүлэгчид өвчиндөө шаналж байсан ч уяман өвчтөнүүдийн өөр тосгонд очиж Библийн мэдээ дэлгэрүүлдэг байжээ.

Португал хэлээрх бичлэгүүд 1938 оны сүүлээр гарсан. Католикчуудын тэмдэглэдэг «Талийгаачдыг Дурсах» өдрөөр чанга яригчтай машин оршуулгын газраар явж «Нас барагсад хаана байдаг вэ?», «Ехова», «Эд баялаг» гэсэн илтгэлүүдийг 40 000 гаруй хүнд сонсгожээ.

Уурлан хорссон санваартнууд чанга яригчтай машиныг дуугүй болгохыг албан тушаалтнуудаас шаардаж байлаа. Моод эгчийн ярьснаар нэг удаа бөөн хүн нутгийн санваартны турхиралтаар хүрч ирээд машиныг бүчээд авчээ. Тэгтэл хотын захирагч цагдаагийн даргатай хамт ирж хөтөлбөрийг бүгдийг нь сонсоод хэвлэл авсан байна. Ингээд тэр өдөр үймээн гаралгүй өнгөрчээ. Энэ мэтээр эсэргүүцэлтэй тулгарч байсан ч 1939 оныг «Агуу Бурхандаа үйлчилж, нэрийг нь тунхаглахад хамгийн сайн цаг» байсан гэж 1940 оны «Жил тутмын ном»-д бичжээ.

«Харуулын цамхгийн чанга яригчтай машин» Бразилд ирснээр Хаанчлалын тухай сайн мэдээ сая сая хүнд хүрсэн юм. Дэлгэрүүлэх ажилд асар их өөрчлөлт авчирсан энэ машиныг 1941 онд зарсан ч Бразил даяар сайн мэдээ тунхаглах ажлыг Еховагийн олон сая Гэрч үргэлжлүүлж байна (Бразил дахь манай архиваас).