Skip to content

Гарчиг руу орох

Еховад үнэнчээ батлаарай

Еховад үнэнчээ батлаарай

«ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай» (1 САМ. 20:42).

ДУУ: 43, 31

1, 2. Анддаа үнэнч байх талаар Ионатан ямар гайхалтай жишээ үзүүлсэн бэ?

АВАРГА биет Голиаттай тулалдсан Давид хүүгийн эр зоригийг Ионатан биширсэн нь лавтай. Давид Ионатаны эцэг, Израилийн хаан Саулын өмнө «филист хүний толгойг гартаа бариад» зогсож байлаа (1 Сам. 17:57). Давидад Бурхан тусалсан гэдэгт Ионатан огтхон ч эргэлзсэнгүй. Түүнээс хойш Ионатан Давид хоёр дотны андууд болжээ. «Ионатан Давидыг өөрийн адил хайрласан тул Давидтай гэрээ байгуулав» (1 Сам. 18:1–3). Ионатан гэрээгээ сахиж Давидад насан туршдаа үнэнч байсан юм.

2 Ехова Саулын дараах хаанаар Ионатаныг биш, Давидыг сонгожээ. Гэлээ ч Ионатан Давидад үнэнч хэвээрээ байсан. Саул Давидыг алахаар эрж хайдаг. Тэр үед Ионатан андынхаа төлөө санаа нь зовсон. Иудейн цөлд, Хорешт байсан Давидыг зоригжуулахаар очдог. Тэгээд Еховад найдах хэрэгтэйг нь сануулан «Бүү айгтун. ... Чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно» гэж хэлдэг (1 Сам. 23:16, 17).

3. Ионатаны хувьд хамгийн чухал зүйл юу байсан бэ? Бид үүнийг хаанаас мэддэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

3 Ер нь бид үнэнч хүмүүсийг биширдэг. Гэхдээ Ионатаныг зөвхөн Давидад үнэнч байсных нь төлөө биширвэл учир дутагдалтай. Ионатан Давидыг ямар учраас өрсөлдөгчөө гэж үзэлгүй, найзаа гэж үзсэн бэ? Өөрийнх нь эрх ашгаас илүү чухал юм түүнд байжээ. Ионатан Еховад цаг ямагт найдаж явахыг Давидад захидаг шүү дээ. Тэгэхлээр Бурханд үнэнч байхыг амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж үздэг байжээ. Давидад үнэнч байсны гол шалтгаан нь Еховад үнэнч байсантай холбоотой. «ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай» гэсэн тангаргаасаа хэн хэн нь няцаагүй (1 Сам. 20:42).

4. а) Хэнд үнэнч байвал жинхэнэ ёсоор жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Бид бас гэр бүл, найз нөхөд, итгэл нэгтнүүддээ үнэнч байх учиртай. Гэхдээ хамгийн түрүүнд хэнд үнэнч байх ёстой вэ? Амь өгсөн Бурхандаа үнэнч байх ёстой! (Илч. 4:11). Бурханд үнэнч байдаг бол жинхэнэ баяр баясгаланг эдэлж, сэтгэл хангалуун амьдардаг. Үүний тулд хүнд хэцүү үед ч Бурхнаасаа зуурах шаардлагатай. Дараах дөрвөн тохиолдолд Ионатаны жишээг хэрхэн дагаж болохыг энэ өгүүллээр ярилцъя. 1) Тухайн хүн эрх мэдэлтэй ч хүндэтгэл хүлээх зохисгүй мэт санагдсан үед, 2) хэнд үнэнч байхаа шийдэхэд хүрвэл, 3) итгэл нэгтэн маань биднийг буруу ойлгох юм уу шударга бус хандвал, 4) хувийн эрх ашиг хөндөгдвөл Еховад үнэнчээ хэрхэн батлах вэ?

ЭРХ МЭДЭЛТЭЙ Ч ХҮНДЭТГЭЛ ХҮЛЭЭХ ЗОХИСГҮЙ МЭТ САНАГДВАЛ

5. Саул хааны үед Бурханд үнэнч байхад израильчуудад яагаад амаргүй байсан бэ?

5 Ехова Ионатаны эцэг Саулыг хаан болгон тосолсон билээ. Гэвч Саул дуулгаваргүй болсны улмаас Бурхан түүнийг «хаан байлгахаас татгалзжээ» (1 Сам. 15:17–23). Саулыг хаан ширээнээс нь шууд зайлуулаагүй учир харьяат албатууд болон хааны шадар хүмүүс нэг хэсэгтээ зовжээ. «ЭЗЭНий сэнтийд заларсан» хаан нь буруу замаар явж байсан болохоор Бурханд үнэнч байхад тэдэнд амаргүй байлаа (Ш.дээд 29:23).

6. Ионатан Еховад үнэнч байсан нь ямар үйл явдлаас харагддаг вэ?

6 Саул дуулгаваргүй болсон ч түүний хүү Ионатан Еховад үнэнч байв (1 Сам. 13:13, 14). Зөнч Самуел: «Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй» гэжээ (1 Сам. 12:22). Ионатан үүнд итгэж байсан нь 30 000 тэрэгтэй Филистийн цэргүүдийг Израиль руу довтлохоор ирэхэд тодорхой харагдсан. Саул 600-хан цэрэгтэй байв. Мөн Саул Ионатан хоёроос бусад нь зэвсэггүй байлаа. Гэсэн ч Ионатан зэвсэг баригчтайгаа хоёулхнаа Филистийн цэргийн анги руу очжээ. Тэгээд «Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй» гэж хэлсэн. Тэр хоёр, дайсны талын 20 хүнийг алжээ. Дараа нь «газар хөдөлснөөс болж агуу их айдас [филистчүүдийг] нөмрөв». Филистчүүд учраа олохгүй сандарсандаа бие биеэ хөнөөжээ. Ионатан Еховад итгэж байсан учраас ийнхүү ялалт байгуулсан (1 Сам. 13:5, 15, 22; 14:1, 2, 6, 14, 15, 20).

7. Ионатан эцэгтээ хэрхэн ханддаг байсан бэ?

7 Саул Еховагаас улам хөндийрч байсан ч Ионатан эцэгтээ аль болохоор захирагддаг байв. Үүний нэг жишээ нь эцэгтэйгээ хамт Бурхны ард түмний төлөө тулалдсан явдал юм (1 Сам. 31:1, 2).

8, 9. Эрх мэдэлтэй хүмүүсийг хүндэлдэг бол Бурханд үнэнч байгаагийн шинж гэхийн учир юу вэ?

8 Бид бас Ионатаны адилаар, эрх мэдэлтнүүдэд боломжийнхоо хэрээр захирагддаг бол Еховад үнэнч байгаа хэрэг юм. Захирах эрх мэдлийг Ехова тэдэнд өгсөн. Тэднийг хүндлэхийг биднээс хүсдэг (Ром 13:1, 2-ыг уншина уу). Тийм учраас эрх мэдэл бүхий хүн шударга бус юм хийдэг, хүндэтгэл хүлээх зохисгүй байлаа ч хүндэтгэлтэй хандах учиртай. Ингэдэг бол Еховад үнэнчээ баталж байна гэсэн үг (1 Кор. 11:3; Евр. 13:17).

Еховад үнэнчээ батлах нэг арга нь Гэрч биш ханиа хүндлэх юм (9-р догол мөрийг үзнэ үү)

9 Өмнөд Африкт амьдардаг Ольга  [1] өөрт нь хэчнээн хэцүү байсан ч нөхөртөө захирагдан Бурханд үнэнчээ баталсан юм. Нөхөр нь түүнийг Еховагийн Гэрч болсноос нь хойш олон жил зовоожээ. Хэл амаар доромжилж, дуугаа хурааж, хүүхдүүдээ аваад сална гэж сүрдүүлдэг байв. Гэвч Ольга «бузар мууг бузар муугаар» хариулсангүй. Нөхөртөө хоол ундыг нь хийх, хувцсыг нь угаах, аав ээжид нь санаа тавих зэргээр сайн эхнэр байх гэж чадах бүхнээ хийжээ (Ром 12:17). Нөхрийгөө гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах гэвэл аль болохоор хамт явахыг хичээдэг байв. Нэг удаа нөхөр нь аавынхаа оршуулгад оролцохоор өөр хот руу явах болжээ. Ольга ч аялалд гарахад бэлдэж бүгдийг жин тан болгов. Тэгээд оршуулгын арга хэмжээ дуустал сүмийн үүдэнд нөхрийгөө хүлээсэн байна. Ольга тэвчээртэй байж, хүндэтгэлтэй ханддаг байсан учраас нөхөр нь олон жилийн дараа зөөлөрчээ. Одоо цуглаандаа явахыг эхнэртээ сануулж, Хаанчлалын танхимд хүргэж өгдөг болсноор үл барам хааяа цуглаанд очдог болсон гэнэ (1 Петр 3:1).

ХЭНД ҮНЭНЧ БАЙХАА ШИЙДЭХЭД ХҮРВЭЛ

10. Хэнд үнэнч байх вэ гэдэг асуудал тулгарахад Ионатан яасан бэ?

10 Саул Давидыг алахаар шийджээ. Үүнээс болоод Ионатан хэнд нь үнэнч байх вэ гэдэг хэцүү асуудалтай тулгарав. Давидад ч, эцэгтээ ч үнэнч байхыг хүсжээ. Бурхан Саултай биш, харин Давидтай хамт байгааг Ионатан мэдэж байлаа. Тийм болохоор Давидад үнэнч байхаар шийджээ. Ингээд Давидыг нууж, Саулд түүний талаар сайнаар ярьсан (1 Самуел 19:1–6-г уншина уу).

11, 12. Бурханд хайртай бол үнэнч байж чадна гэхийн учир юу вэ?

11 Аалис гэдэг австрали эмэгтэй хэнд үнэнч байхаа шийдэхэд хүрчээ. Библийн хичээл заалгадаг болсноосоо хойш сурч мэдсэн зүйлээ гэрийнхэндээ ярьдаг болов. Хэсэг хугацааны дараа Крисмас баяр тэмдэглэхгүйгээ аав ээждээ хэлж, шалтгааныг нь тайлбарлав. Гэрийнхэн нь их л гонсгор хүлээж авчээ. Харин яваандаа уурлаж бухимдан Аалист хатуу ширүүн хандах болов. Гэр бүлээсээ урвасан гэж бодож л дээ. Аалис: «Сүүлдээ ээж намайг хүүхдээ гэж үзэхээ больсон. Энэ нь надад хүнд цохилт болсон. Гэрийнхэндээ дэндүү хайртай байсан болохоор үнэхээр их гомдсон. Гэлээ ч гэсэн би Ехова Есүс хоёрыг эхлээд хайрлахаар эргэлт буцалтгүй шийдэж, дараагийнх нь чуулган дээр баптисм хүртсэн» гэж ярьсан юм (Мат. 10:37).

12 Бид болгоомжтой байхгүй бол Еховад үнэнч байхаасаа илүү, спорт, сургууль эсвэл улс орноо чухалд үздэг болох аюултай. Жишээ нь Хенри гэдэг залуу шатар тоглох дуртай байв. Сургуулиас зохиодог шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлэхийг хүсдэг байжээ. «Яваандаа сургуульдаа үнэнч байхыг Бурханд үнэнч байхаас илүүд үздэг боллоо. Хагас бүтэн сайн болгонд бэлтгэл хийдэг болохоор цуглаанд явах, дэлгэрүүлэх завгүй болсон. Тийм учраас би шатрын багаасаа гарсан» гэж Хенри ярьжээ (Мат. 6:33).

13. Бурханд үнэнч байвал гэр бүлийн маргааныг хэрхэн шийдэх вэ?

13 Дотны хүмүүсийнхээ хэн хэнд нь үнэнч байх гэхлээр төвөгтэй асуудал тулгарах нь бий. Кен гэдэг эрэгтэй ингэж ярьсан юм. «Би настай ээж дээрээ байнга очих юм сан, хааяа гэртээ байлгах юм сан гэж боддог байв. Гэтэл ээж эхнэр хоёр маань таардаггүй байлаа. Эхэндээ хоёулангийнх нь аргыг олох амаргүй байсан. Нэгэнд нь таалагдахаар нөгөөд нь таалагдахгүй. Ийм тохиолдолд эхлээд эхнэртээ үнэнч байх ёстойгоо ухаарсан. Ингээд би эхнэрээ гомдоохгүйгээр асуудлыг шийдэж сурсан». Эцэст нь Кен бэрээ хүндлэх хэрэгтэйн учрыг ээждээ хэлж, хадам ээжтэйгээ аятайхан харьцах ёстойн учрыг эхнэртээ тайлбарласан байна (Эхлэл 2:24; 1 Коринт 13:4, 5-ыг уншина уу).

ИТГЭЛ НЭГТЭН МААНЬ БУРУУ ОЙЛГОХ ЮМ УУ ШУДАРГА БУС ХАНДВАЛ

14. Саул Ионатанд шударга бус хандсан нь юунаас харагддаг вэ?

14 Хариуцлагатай үүрэг хүлээдэг итгэл нэгтэн маань шударга бус хандвал Еховад үнэнч эсэх маань соригдож мэдэх юм. Яг ийм асуудал Ионатанд тулгарчээ. Эцэг Саул нь Бурхны тосолсон хаан байсан атлаа Давидтай нөхөрлөдгийнх нь учрыг ойлгоогүй. Тийм болохоор Давидад туслах гэхэд нь уурлаж, олон хүний өмнө хүүгээ доромжилжээ. Тэглээ гээд Ионатан эцгээ хүндлэхээ болиогүй. Үүний зэрэгцээ Еховад болон Израилийн ирээдүйн хаан Давидад үнэнч байсан (1 Сам. 20:30–41).

15. Итгэл нэгтэн маань шударга бус хандвал яах хэрэгтэй вэ?

15 Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс бусдад хандахдаа шударга байхыг хичээдэг. Гэхдээ төгс бус учраас итгэл нэгтнүүдээ ямар нэг зүйл хийхэд нь яагаад гэдгийг ойлгож чадахгүй байх нь бий (1 Сам. 1:13–17). Хэрэв таныг буруу ойлгох юм уу шударга бус хандвал Еховад үнэнч хэвээрээ байгаарай.

ХУВИЙН ЭРХ АШИГ ХӨНДӨГДВӨЛ

16. Бурханд үнэнч, хувиа хичээдэггүй маань ямар үед тодорхой харагдах вэ?

16 Саул Ионатанд хаан ширээгээ залгамжлуулахыг хүсжээ (1 Сам. 20:31). Харин Ионатан Еховад үнэнч байсан учраас аминч үзэлд автаагүй. Давидтай анд бололцож, амлалтаа биелүүлсэн. Ер нь Еховаг хайрладаг, түүнд үнэнч хүн «өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй» (Дуу. 15:4). Бид Бурханд үнэнч, Библийн зарчмыг баримталдаг учраас амласандаа заавал хүрэх ёстой. Жишээ нь, ажил хэргийн гэрээ байгууллаа гэж бодъё. Гэтэл гэрээгээ сахихад бодсоноос ч илүү хэцүү болбол яах вэ? Амласнаасаа няцаж болохгүй. Тэгвэл ханьтайгаа таарч тохирохоо боливол яах вэ? Еховаг хайрладаг хүн тийм үед ч ханьдаа үнэнч байна (Малахи 2:13–16-г уншина уу).

Ажлын гэрээгээ сахидаг бол Бурханд үнэнч, Библийн зарчмыг баримталдгийн шинж (16-р догол мөрийг үзнэ үү)

17. Энэ өгүүллээс та юу ойлгосон бэ?

17 Бурханд үнэнч байсан Ионатаны жишээг эргэцүүлэн бодохлоор дуурайх хүсэл өөрийн эрхгүй төрж байгаа биз дээ? Итгэл нэгтнүүд маань таагүй хандлаа ч тэдэндээ үнэнч байцгаая. Хэчнээн хэцүү үед ч Еховадаа үнэнч байж «зүрхийг [нь] баярлуулъя». Ингэвэл бид өөрсдөө ч баяр хөөртэй, сэтгэл тэнэгэр явна (Сур. 27:11). Ехова бидний сайн сайхны төлөө бүхнийг хийж, цаг ямагт санаа тавина гэдэгт итгэлтэй байцгаая. Давидын үед амьдарч байсан үнэнч болон үнэнч бус хүмүүсийн жишээг дараагийн өгүүллээр ярилцаж, тэднээс сургамж авцгаая.

^ [1] (9-р догол мөр) Зарим нэрийг өөрчлөв.