Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Үр бүтээлтэй үйлчлэхэд минь Ехова тусалдаг

Үр бүтээлтэй үйлчлэхэд минь Ехова тусалдаг

Би дайнд яваагүйгээсээ болоод шоронд сууж байсныгаа тэр цэргийн даргад хэлэв. Тэгээд «Та намайг дахиад шоронд суулгах гэж байна уу?» гэж асуулаа. АНУ-ын зэвсэгт хүчнээс цэргийн албанд татах тушаал хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ.

БИ 1926 онд АНУ-ын Охайо мужийн Крүксвил хотод төрсөн. Эцэг эх маань шүтлэггүй хүмүүс байсан ч сүмд явахыг найман хүүхдэдээ зөвлөдөг байв. Би Методист сүмд явдаг боллоо. Намайг 14-тэй байхад номлогч нь шагнаж билээ. Бүтэн жилийн турш ням гараг алгасалгүй сүмд явсан болохоор тэр л дээ.

Маргарет Уолкер эгч (зүүнээс хоёр дахь) надад үнэнийг заасан

Яг тэр үеэр манай хөрш айлын Маргарет Уолкер гэдэг Еховагийн Гэрч эмэгтэй ээж дээр ирж Библийн тухай ярилцдаг болов. Нэг удаа би тэдний яриаг сонсохоор хамт суулаа. Тэгтэл ээж намайг хичээл үймүүлнэ гэж бодоод гадаа гар гэв. Харин би яриаг нь сонсоод л байлаа. Маргарет эгч дахиад хоёр удаа ирснийхээ дараа «Бурхны нэр хэн бэ, чи мэдэх үү?» гэж надаас асуув. «Бурхан гэж бүгд л мэднэ шүү дээ» гэж намайг хариулахад «Библиэ авч ирээд Дуулал 83:18-ыг үз дээ» гэлээ. Би ч хэлснээр нь хийж, Бурхны нэрийг Ехова гэж мэдмэгцээ гадагш гүйн гарч найзууд дээрээ очоод «Орой гэртээ очоод Дуулал 83:18-аас Бурхны нэрийг үзээрэй» гэв. Шууд л дэлгэрүүлж эхэлсэн байгаа биз?

Би Библи судлаад 1941 онд баптисм хүртсэн. Удалгүй хурлын ном судлалын удирдагчаар томилогдов. Ээж эгч дүү нараа цуглаанд очихыг ятгалаа. Тэгтэл миний удирддаг ном судлалын цуглаанд бүгдээрээ явдаг болов. Харин аав сонирхдоггүй байлаа.

ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН НЬ

Би хуралдаа илүү хариуцлагатай үүрэг хүлээх болж, номын тавиураа байгууллагын ном хэвлэлээр дүүргэв. Нэг удаа аав номуудыг минь заагаад «Чи энэ новшнуудаа манай гэрээс гаргаад өөрөө бас яв» гэлээ. Би гэрээсээ явж Охайогийн Зейнесвилийн ойролцоо амьдрах болов. Гэлээ ч ээж эгч дүү нараа зоригжуулахын тулд ирэн очин байлаа.

Аав маань ээжийг цуглаанд явуулахгүйг хичээнэ. Заримдаа ээжийг явж байхад нь араас нь очоод гэр лүүгээ аваад ирнэ. Тэгэхлээр нь ээж нөгөө хаалгаар гараад цуглаандаа явдаг байлаа. Би ээждээ «Битгий санаа зов. Аав ядраад таныг мөшгөхөө болино» гэдэг байв. Яваандаа аав бууж өгөөд ээжид саад болохоо болив. Ээж маань ч цуглаандаа тайван явдаг болсон.

Дэлгэрүүлэгчийн сургууль 1943 оноос эхэлж, би даалгавар биелүүлдэг болов. Даалгавраа биелүүлсний дараа зөвлөгөө авна. Үүний дүнд ярих чадвар маань сайжирсан.

ДАЙНЫ ҮЕЭР ТӨВИЙГ САХИСАН НЬ

Тэр үед дэлхийн ІІ дайн болж байлаа. 1944 онд надад цэргийн алба хаах тушаал ирэв. Би Охайо мужийн Коламбус хотод байдаг Форт Хейс гэдэг цэрэг татлагын комисст очоод эрүүл мэндийн үзлэгт орж, анкет бөглөлөө. Бас цэрэг болохгүй гэдгээ албаны хүмүүст хэлэв. Тэд намайг явуулчихав. Гэтэл хэд хоногийн дараа нэг дарга манайд ирээд «Корвин Робисон, би таныг баривчлахаар ирлээ» гэдэг юм байна.

Хоёр 7 хоногийн дараа шүүгч: «Болдог сон бол чамд насаар чинь хорих ял оноомоор байна. Хэлэх юм байна уу?» гэхэд нь би: «Эрхэм шүүгч ээ, та намайг номлогчтой адилтгаж болно. Айл бүрийн босго бол миний индэр. Би олон хүнд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг» гэж хариулав. Тэр шүүгч тангарагтны шүүхэд хандан «Та нар энэ залууг номлогч уу, үгүй юү гэдгийг шийдэх гэж суугаагүй. Харин цэрэгт явахаас татгалзсан болохоор нь шүүж байна» гэлээ. Цаг хагас ч болоогүй байтал тангарагтны шүүхийнхэн гаргасан шийдвэрээ барьсаар орж ирэв. Намайг Кентаки мужийн Ашланд дахь засан хүмүүжүүлэхэд таван жил хорихоор болжээ.

НАМАЙГ ШОРОНД БАЙХАД ЕХОВА ХАМГААЛСАН

Би Охайо мужийн Коламбус дахь шоронд эхний хоёр 7 хоногийг өнгөрөөсөн юм. Эхний өдрөө Еховад залбирч «Би шоронгийн өрөөнд таван жил байж чадахгүй. Юу хийхээ ч мэдэхгүй байна» гэлээ.

Маргааш нь харгалзагчид намайг өрөөнөөс гаргав. Би өргөн мөртэй, өндөр хоригдол руу очиж, хоёулаа цонхоор юм харан зогслоо. Тэр надаас «Чи ямар хэргээр орсон юм бэ, Пагдгар аа?» гэж асуухад нь «Би Еховагийн Гэрч» гэж хариулав. Тэгтэл тэр: «Тийм үү? Тэгээд чи яагаад энд байгаа юм бэ?» гэхлээр нь «Еховагийн Гэрчүүд дайнд явж хүн алдаггүй юм» гэлээ. «Чамайг хүн алахгүй болохоор чинь шоронд хийсэн байх нь ээ? Гэтэл бусад хүнийг хүн алдаг болохоор нь шоронд хийдэг. Ийм юм байж болох уу даа?» гэж асуулаа. «Харин тийм» гэж би хариулав.

Дараа нь тэр: «Би өөр шоронд 15 жил байхдаа танай хэвлэлийг уншдаг байсан» гэв. Би дотроо «Ехова, энэ хүнийг миний талд оруулж өгөөч» гэж залбирлаа. Яг тэгтэл Пол гэдэг тэр хүн: «Энэ залуусын хэн нь ч байсан, чамд гар хүрэх л юм бол хэлээрэй. Би хашраагаад өгнө» гэдэг байгаа. Тэнд байх хугацаанд тэр хэсгийн 50 хоригдол надад ямар ч муу юм хийгээгүй.

Төвийг сахидгаасаа болж хоригдсон Гэрчүүдийн дунд би байна. Кентаки муж, Ашланд хот

Шоронгийн удирдлагууд намайг Ашланд руу шилжүүлэв. Тэнд төлөвшсөн ах нар хоригдож байлаа. Еховатайгаа үргэлж дотно байхад тэд болон бусад хүн надад тусалсан. Долоо хоногийн Библи унших хуваарь гарган биднийг уншигчаар томилов. Бид цуглаануудад зориулан асуулт, хариулт бэлддэг байлаа. Тэнд бас дэлгэрүүлэх хэсэг хариуцсан ахлагч томилогдсон байв. Манай өрөөнүүд их том. Ханыг нь дагуулаад ор эгнүүлээд тавьчихсан. Нөгөө ахлагч надад «Робисон, тэр тэр ор чиний хэсэг шүү. Хүн ирвэл дэлгэрүүлээрэй. Явахаас нь өмнө дэлгэрүүлсэн байгаарай» гэдэг байв. Ингэж л бид зохион байгуулалттайгаар дэлгэрүүлдэг байлаа.

ШОРОНГООС ГАРААД

Дэлхийн ІІ дайн 1945 онд дууссан боловч би шоронд байсаар байв. Ээж эгч дүү нартаа л их санаа зовж байлаа. Яагаад гэвэл аав надад «Чи далд орчихвол бусдынх нь учрыг олох амархан» гэж хэлсэн юм. Суллагдсаныхаа дараа нэг зүйлийг мэдээд их баярлаж билээ. Аав хэчнээн эсэргүүцсэн ч манайхнаас долоо нь цуглаанд явдаг байсан бөгөөд нэг эмэгтэй дүү маань баптисм хүртчихсэн байлаа.

Еховад 1913 оноос үйлчилж эхэлсэн Димитриус Папажорж гэдэг тослогдсон ахтай дэлгэрүүлэх замдаа

Солонгосын дайн 1950 онд эхлэв. Форт Хейсээс дахиад л зарлан ирэв. Миний авьяас чадварыг шалгасны дараа нэг дарга: «Чи бусдаасаа хамгийн өндөр үнэлгээ авлаа» гэв. Би: «Ямар сайн юм бэ. Гэхдээ би цэрэгт явахгүй» гээд 2 Тимот 2:3-ыг иш татан «Би аль хэдийн Христийн цэрэг болчихсон» гэж хэллээ. Нөгөө дарга удаан дуугүй байснаа «Чи явж болно» гэв.

Удалгүй Охайо мужийн Цинциннатид чуулган боллоо. Би тэр үеэр бетелчин болох хүсэлтэй хүмүүст зориулсан уулзалтад суув. Хаанчлалын төлөө хамаг чадлаараа зүтгэх хүсэлтэй эрчүүд Бетелд хэрэгтэй байгааг Милтон Хеншел ах хэллээ. Би Бетелийн анкет бөглөж өгөв. Ингээд 1954 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл Брүүклиний Бетелд үйлчилж байна.

Бетелийн ажил мундахгүй их. Хэвлэх үйлдвэр болон оффисын байрны бойлерын машинчаар хэдэн жил ажилласнаас гадна цоож түгжээ засдаг байв. Бас Нью-Йорк дахь Чуулганы танхимуудад ажилласан.

Брүүклиний Бетелд байдаг оффисын барилгын бойлер хариуцаж байхдаа

Өглөөний мөргөлд суух, Бетелийн гэр бүлээрээ «Харуулын цамхаг» судлах, хурлынхантай хамт дэлгэрүүлэх гээд Бетелийн амьдралд би их дуртай. Энэ бүхэн Еховагийн Гэрч айл бүрийн хийдэг, бас хийж хэвших ёстой зүйлүүд шүү дээ. Эцэг эх, хүүхдүүд өдөр тутмын зүйлийг хамт хэлэлцэж, Гэр бүлийн хичээл тогтмол хийж, цуглаанд идэвхтэй оролцож, сайн мэдээ дэлгэрүүлдэг бол хүн бүр Еховатай дотно байна.

Би Бетелд ч, хуралдаа ч олон найз нөхөдтэй болсон. Тослогдсон, тэнгэрийн шагналаа авсан найзууд ч бий, тослогдоогүй нь ч бий. Гэхдээ бүгд л төгс бус хүмүүс. Хэрэв би найзтайгаа муудалцлаа гэхэд эвлэрэхийг л хичээдэг. Матай 5:23, 24-ийг санаад асуудлаа яаж шийдэхээ боддог. Уучлалт гуйх амархан биш ч уучлаарай гэж хэлсний дараа асуудал маань шийдэгдэхгүй яваад байх нь тун ховор шүү.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН МИНЬ ҮР ДҮН

Нас ахиад айлаар дэлгэрүүлэхэд хэцүү болжээ. Гэлээ ч би бууж өгөөгүй. Хятад хэл жаахан сурч байгаа болохоор гудамжаар яваа хятад хүмүүс дээр очиж ярилцдаг юм. Зарим өглөө 30–40 сэтгүүл тараана гээч.

Нью-Йоркийн Брүүклинд хятад хүмүүст дэлгэрүүлж байгаа нь

Бүр Хятадад давтан уулзалт хийсэн гээд бод доо! Нэг өдөр жимсний сурталчилгаа тарааж явсан аятайхан охин над руу хараад инээмсэглэв. Би бас инээмсэглээд «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл хятад хэлээр авах уу гэлээ. Нөгөө охин ч сэтгүүлүүдийг аваад өөрийгөө Кейти гэж танилцуулав. Түүнээс хойш Кейти намайг харах болгондоо ирж ярилцдаг боллоо. Би жимс, ногооны нэрийг англиар юу гэж хэлдгийг зааж өгч, охин ч намайг дуурайгаад давтдаг байв. Бас Библийн зүйлүүдийг тайлбарлаж өгсөнд «Библийн сургаал» ном авлаа. Гэтэл хэдэн 7 хоногийн дараа нөгөө охин маань алга болчихов.

Хэдэн сарын дараа сурталчилгааны хуудас тарааж явсан өөр нэг охин надаас сэтгүүл авлаа. Дараагийнх нь 7 хоногт нөгөө охин надад гар утсаа өгөөд «Та Хятад руу ярь даа» гэлээ. «Би Хятадад нэг ч хүн танихгүй шүү дээ» гэсэнд ятгасаар байгаад намайг яриулахаар болов. Би ч: «Байна уу? Робисон байна» гэлээ. Утасны цаанаас «Робби, би Кейти байна. Би Хятадад буцаад ирчихсэн» гэдэг байгаа. «Хятад аа?» гэж намайг асуухад Кейти: «Тийм ээ, Робби. Танд утас өгсөн охин миний дүү байгаа юм. Та надад олон сайхан юм заасан шигээ түүнд бас зааж өгөөч» гэв. Тэгэхлээр нь би: «Кейти, би чадах бүхнээ хийнэ ээ. Хаана байгаагаа мэдэгдсэнд баярлалаа» гэлээ. Түүний дараахан би Кейтигийн дүүтэй сүүлчийн удаа ярилцсан. Энэ хоёр охин хаана ч очсон Еховагийн тухай илүү их зүйлийг мэдэж авна гэдэгт би эргэлздэггүй.

Ехова Бурхандаа үйлчлээд 73 жил болжээ. Шоронд байхдаа би Еховагийнхаа ачаар төвийг сахих байр сууриасаа няцаагүйдээ баярлаж явдаг. Түүнээс гадна аав хэчнээн эсэргүүцсэн ч намайг бууж өгөхгүй байгааг эгч дүү нар маань хараад зориг орсон гэж ярьдаг юм. Ээж, эгч болон таван дүү маань баптисм хүртсэн. Аав маань яваандаа зөөлөрсөн. Нас барахаасаа өмнө цуглаанд очдог болсон.

Бурхан гэр бүлийн маань хүмүүсийг, найз нөхдийг маань шинэ ертөнцөд амилуулах байх гэж би боддог. Хайртай хүмүүстэйгээ хамт Еховадаа үүрд үйлчлэх хэчнээн сайхан байх бол оо! *

^ д/м 32 Еховагийн үнэнч үйлчлэгч Корвин Робисон ах энэ өгүүллийг хэвлэлтэд бэлтгэж байхад нас барсан.