Skip to content

Гарчиг руу орох

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Би үхлээс айдаг байсан

Би үхлээс айдаг байсан
  • ТӨРСӨН ОН: 1964

  • УЛС: АНГЛИ

  • ӨМНӨ НЬ: ДУРААРАА ЗАНТАЙ, ӨСВӨР НАСАНДАА ЭЭЖ БОЛСОН

ӨМНӨХ АМЬДРАЛ

Би Английн Лондон хотын хүн ам шигүү суурьшсан Паддингтон гэдэг газар төрсөн. Ээж, гурван эгчийн хамт амьдардаг байлаа. Аав маань архи их уудаг болохоор гэртээ хааяа л ирдэг байв.

Бага байхад ээж маань орой болгон хамт залбирдаг байсан. Надад ганцхан «Дуулал» номыг л бичсэн жижигхэн Библи байсан юм. Түүндээ ая оруулаад дуулдаг байлаа. Би өөр нэг номоос «Амьдрал нэг л өдөр байхгүй болно» гэж уншсан юм. Тэгээд ирээдүйн тухай шөнөжингөө бодон нойр хулжчихдаг байв. «Амьдрал ингээд л дуусах ёсгүй дээ. Би ер нь юуны төлөө амьдарч байгаа юм бол?» гэж бодон үхэхээс айдаг байсан.

Би далдын хүчний тухай их сонирхдог болов. Аймшгийн кино үздэг, үхэгсэдтэй ярихыг оролдож ангийн найзуудтайгаа оршуулгын газар очдог байв. Сэтгэл хөдөлгөдөг ч аймаар байсан.

Би аравхан настайгаасаа дураараа дургиж эхэлсэн. Тамхи татаж эхлээд удалгүй донтсон. Дараа нь бүр хар тамхинд орсон. 11 нас хүрээд архи ууж үзэв. Архины амтанд дургүй ч гэсэн согтох сайхан байв. Бас дуу хөгжим, бүжигт дуртай байлаа. Тиймээс сав л хийвэл үдэшлэг, шөнийн клубт очдог байв. Би гэрээсээ шөнөөр сэмхэн гарч, үүрээр ирдэг байв. Маргааш нь ядраад хичээлээ тасалдаг байлаа. Хичээлдээ явахаараа завсарлагаанаар голдуу архи уудаг байв.

Би сургуулиа маш муу дүнтэй төгссөн. Дур зоргоороо авирладаг байдлаас минь болоод, ээж уурлаж сэтгэл нь их гонсойдог байв. Тэгээд ээжтэйгээ муудалцаж, гэрээсээ явсан юм. Тэр үед би найз залуу Тонигийнд амьдарч байв. Тони хэрэг төвөгт холбогддог, хар тамхи худалддаг, зодоонч гэдгээрээ цуутай байв. Удалгүй би жирэмсэн болж, 16-хан настайдаа хүүгээ төрүүлэв.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

Орон нутгийн захиргаанаас гаргаж өгсөн ганц бие ээжүүдэд зориулсан нийтийн байрны нэг өрөөнд амьдарч байхдаа, Еховагийн Гэрчүүдтэй анх удаа уулзсан юм. Тэнд хоёр Гэрч эмэгтэй, залуу ээжүүдтэй уулзахаар тогтмол ирдэг байв. Нэг өдөр би тэдний ярианд оролцсон юм. Гэрчүүдийг худлаа ярьдаг гэж батлахыг оролдов. Гэвч тэд асуулт болгонд минь Библиэс тодорхой, тайван хариулж байсан. Тэдний сайхан сэтгэл, эелдэг боловсон занд нь сэтгэл татагдсан юм. Тэгээд л тэдэнтэй Библийн хичээл хийхээр болсон доо.

Библиэс сурсан зүйл амьдралыг маань удалгүй өөрчилсөн юм. Би бага байхаасаа л үхэхээс айдаг байв. Харин одоо, нас барагсад амилах тухай Есүсийн сургаалыг мэддэг болсон (Иохан 5:28, 29). Бас Бурхан надад санаа тавьж байгааг мэдэрсэн (1 Петр 5:7). Ялангуяа Иеремиа 29:11-т «Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэсэн үг зүрх сэтгэлийн гүнд хүрсэн. Диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай гэдэгт итгэдэг болсон (Дуулал 37:29).

Еховагийн Гэрчүүд намайг чин сэтгэлээсээ хайрлаж байсан. Цуглаанд нь анх очиход, тэд халуун дотноор угтаж, бүгд найрсаг харьцаж байв (Иохан 13:34, 35). Сүмийнхнээс шал өөр. Гэрчүүд над шиг хүнийг тоогоод дотносон нөхөрлөсөн. Тэд надад цаг заваа зориулж, анхааран халамжилж, тусалж дэмждэг байсан. Надад яг л хайраар бялхсан нэгэн том гэр бүлийн гишүүн болсон юм шиг санагдсан.

Библи судлаад би Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээнд нийцэхийн тулд өөрчлөгдөх хэрэгтэйгээ ойлгосон. Тамхинаас гарахад амаргүй байв. Бас миний сонсдог зарим хөгжим хар тамхи татах хүслийг өөгшүүлдгийг мэдээд, өөр дуу хөгжим сонсдог болсон. Үдэшлэг, шөнийн клубт очихлоор архи согттолоо уумаар санагддаг учраас тийшээ явахаа болив. Надад сайнаар нөлөөлөх найз нөхдийг хайдаг байлаа (Сургаалт үгс 13:20).

Тэгж байтал, Тони бас Еховагийн Гэрчүүдтэй Библи судалдаг болов. Гэрчүүд түүний асуултуудад Библиэс хариулж байсан учраас үнэнийг олсон гэдэгтээ итгэдэг болсон. Тэгээд тэр маань их юмаа өөрчилсөн. Зодоонч найзуудаасаа холбоогоо тасалж, гэмт хэрэг хийхээ, хар тамхи татахаа болилоо. Бид хоёр Еховагийн таалалд бүрэн нийцье гэсэндээ, ёс журамгүй амьдралаа орхиж, хүүгээ эцэг эхийн хайр халамжаар дутаалгүй өсгөх хэрэгтэйгээ ойлгосон юм. Тэгээд 1982 онд гэр бүл болсон.

«Ирээдүйн тухай, үхлийн тухай шөнөжингөө бодож санаагаа чилээхээ больсон»

Би «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» a сэтгүүлээс амьдралаа өөрчилсөн хүмүүсийн намтар түүхийг уншиж судалдаг байлаа. Надад маш их урам зориг өгсөн. Бууж өгөлгүй хичээгээд л байя гэж шийдсэн. Тусламж гуйн Еховад залбирдаг байв. Тони бид хоёр 1982 оны 7-р сард баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО

Ехова Бурхантай найз болсон тулдаа өнөөдөр би амьд байна. Хүнд хэцүү үед Тони бид хоёрт Ехова тусалж дэмжиж байлаа. Тийм үед бид Еховад найдаж сурсан. Гэр бүлийг маань тэжээж тэтгэж байгааг ойлгосон юм (Дуулал 55:22).

Би хүү охин хоёртоо Еховаг мэдэхэд нь тусалсандаа баярладаг. Ач зээ нар маань бас Бурхныг мэдэн өсөж байгааг харах хэчнээн сайхан гээч.

Ирээдүйн тухай, үхлийн тухай шөнөжингөө бодож санаагаа чилээхээ больсон. Нөхөр бид хоёр долоо хоног бүр янз бүрийн хуралд зочлон ах дүүсээ урамшуулдаг. Тэдэнтэйгээ хамт, Есүст итгэдгээ үйл хэргээрээ харуулбал мөнх амийг олж авна гэж хүмүүст зааж явна даа.

a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.