Skip to content

Гарчиг руу орох

Библи ба бидний ирээдүй

Библи ба бидний ирээдүй

ДАРААХЫГ ТӨСӨӨЛ ДӨӨ. Та харанхуй гудамжаар алхаж явна. Гэсэн ч та сайн тусдаг гар чийдэндээ найдан нэг л сэтгэл тэнэгэр явна. Чийдэнгээ доош нь тусгавал яг хөл доорх зам тод харагдана. Харин урагш нь болговол холын зам харагдана.

Библи зарим талаараа энэ гар чийдэнтэй адилхан. Өнөөгийн баталгаагүй нийгэмд өдөр тутмын бэрхшээлийг давахад Библи тус болдгийг өмнөх өгүүллээр авч үзсэн. Мөн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах зам руу хөтөлж алс ирээдүйгээ гэгээлгээр харахад тусалдаг. (Дуулал 119:105). Яаж тэр вэ?

Библи 1 амьдралын утга учрыг ойлгуулж, 2 Бүтээгчтэйгээ үүрд мөнх нөхөрлөхийг зааж ирээдүйг маань улам гэрэл гэгээтэй болгодог. Ингэж хэлэхийн учрыг авч үзье.

1 АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ ОЙЛГОХ НЬ

Библийг найдвартай зөвлөгөө өгдөг, өөрийгөө хөгжүүлэх ном төдийхнөөр үзэх нь учир дутагдалтай. Ер нь хүн хувийн асуудлаа биш, илүү чухал зүйлийг анхаарсан цагт аз жаргалтай болдгийг Библи хэлж өгдөг. Чухам тэгж байж л амьдрал илүү утга учиртай болдог.

Жишээ нь, «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж Библид байдаг (Үйлс 20:35). Та хэн нэгэнд хэрэгтэй зүйлээр нь тусалж байсан уу? Эсвэл найзыгаа сэтгэлээ уудлан ярихад нь чих тавин сонсож байсан уу? Бусдад тусалж сайн үйл хийсэндээ та сэтгэл өег байгаагүй гэж үү?

Бид хариу харалгүй өгөхдөө л их жаргалтай байдаг. Нэгэн зохиолч: «Хариу харалгүй өглөө гээд хоосон хоцрохгүй. Харин шан харамж авна гэж бодож өгвөл юү ч үгүй хоцорч мэднэ шүү» гэж хэлжээ. Хариу барьж чадахгүй хүнд тусалбал бид ивээл хүртэнэ. Сайхан сэтгэлийн үйлс хийхэд өөрт нь зээлүүлж байна гэж үздэг Бүтээгчтэйгээ гар нийлэн ажиллах боломж бидэнд бий (Сургаалт үгс 19:17). Дутагдаж гачигдаж байгаа хүний төлөө хийсэн зүйлийг Бурхан өндөр үнэлдэг. Тэрээр буцааж төлөх буюу биднийг диваажин дэлхийд мөнх амьдруулна. Энэ бол үнэхээр сайхан найдвар юм (Дуулал 37:29; Лук 14:12–14). *

Түүнээс гадна, жинхэнэ Бурхан Еховаг шүтвэл үнэхээр утга учиртай амьдарна. Бурхнаа магтан алдаршуулж, бишрэн хүндэлж, дуулгавартай байгаарай гэж Библи уриалдаг (Номлогчийн үгс 12:13; Илчлэл 4:11). Ингэвэл бид агуу үйл хийх буюу Бүтээгчдээ хамгийн сайнаа өгнө. Ехова: «Мэргэн байж, зүрхийг минь баярлуул» гэж бидэнд хэлдэг (Сургаалт үгс 27:11). Библид байдаг зарчмыг баримтлан ухаалаг шийдвэр гаргавал хайр халамжаар дүүрэн тэнгэрийн Эцэг маань баярлана гээд бод доо! Бурхан хүнийг гэсэн сэтгэлтэй учраас зөвлөгөөг нь хэрэгжүүлээд сайн сайхан яваасай гэж хүсдэг (Исаиа 48:17, 18). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзнийг шүтэж, түүнийг баярлуулж явах шиг утга учиртай амьдрал хаа байх вэ?

2 БҮТЭЭГЧТЭЙГЭЭ НӨХӨРЛӨХ НЬ

Библид Бүтээгчтэйгээ нөхөрлөхийг уриалж «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж бичсэн байдаг (Яаков 4:8). Төгс хүчит Бүтээгчтэй анд нөхөр болно гэхлээр танд боломжгүй юм шиг санагдаж магадгүй. Гэвч Бурхныг «эрэн хайж, оло[хыг]» Библи уриалдаг. Бас «Үнэндээ Бурхан хүн бүрд ойр байдаг» гэж батлан хэлдэг (Үйлс 17:27). Библийн зөвлөгөөг дагаж Бурхантай дотносон нөхөрлөвөл ирээдүй гэрэл гэгээтэй болно. Ингэж хэлэхийн учир юү вэ?

Дараахыг бодож үзээрэй: Хүн яаж ч хичээгээд үхэл хэмээх хөнөөлт дайснаас зугтаж чаддаггүй (1 Коринт 15:26). Харин Бурхан бол үүрд оршигч. Тэрээр анд нөхрөө бас үүрд мөнх амьдраасай гэж хүсдэг. Библид Еховагийн хүслийг илэрхийлж «Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!» хэмээсэн байдаг (Дуулал 22:26).

Бурхантай хэрхэн дотносон нөхөрлөх вэ? Үг нь болох Библийг судлах хэрэгтэй (Ёохан 17:3; 2 Тимот 3:16). Библийг ойлгохын тулд Бурхнаас мэргэн ухааныг нь гуйгаарай. Шаргуу гуйвал танд заавал өгнө * (Яаков 1:5). Сурснаа хэрэгжүүлбэл Бурхны Үг одоо ч, ирээдүйд ч бидний «хөл дэх дэнлүү, ... зам дахь гэрэл» болно (Дуулал 119:105).

^ д/м 8 Диваажин дэлхийд мөнх амьдруулна гэсэн Бурхны амлалтын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номны 3-р бүлгийг үзээрэй.

^ д/м 13 Еховагийн Гэрчүүд Библи үнэ төлбөргүй заадаг. Энэ талаар «Библийн хичээл яаж хийдэг вэ?» гэсэн видеог jw.org саитаас үзээрэй. Хайх гэсэн хэсэгт видеоны нэрийг бичиж оруулаарай.

Бурхан бол үүрд оршигч. Тэрээр анд нөхрөө бас үүрд мөнх амьдраасай гэж хүсдэг.