2 Бэрхшээлийг давахад тусалдаг
Зарим асуудал шийдэгдэхгүй явсаар олон жил болдог. Биднийг огт анзаараагүй байхад үүссэн байх нь ч бий. Шийдэгдэхгүй хүнд асуудлаас гарах арга замыг Библи зааж өгдөг. Хэдэн жишээ дурдъя.
ХЭТ ИХ САНАА ЗОВОХ
Роузи: «Би дандаа асуудлыг хэтрүүлж бодон, зовж шаналдаг байсан» гэж хэлжээ. Библийн ямар үг тус болсон бэ? Матай 6:34-д байдаг «Тиймээс маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» гэдэг үгийг боджээ. Маргаашийг бодож санаа зовохгүй байхад Есүсийн хэлсэн энэ үг Роузид тус болжээ. Тэрээр: «Надад өнөөдөртөө санаа зовох юм зөндөө байна. Маргааш болох, бүр болохгүй ч байж магадгүй юмны төлөө санаа зовохыг оруулахгүйгээр шүү дээ» гэж ярьсан юм.
Яасмин юманд хэт их санаа зовдог байв. Тэрээр: «Би заримдаа хэд хэдэн өдөр уйлаад орой нь унтаж чаддаггүй байсан. Таагүй юм бодогдоод л байдаг» гэж ярьсан юм. Библийн ямар үг тус болсон бэ? 1 Петр 5:7-д «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» гэж бий. Яасмин: «Би асуудлаа Еховад хэлж залбирдаг болсон юм. Хүнд ачаагаа аваад хаясан юм шиг санагдсан. Хааяа бас таагүй юм бодогдоно л доо. Гэхдээ би тийм үед яахаа мэддэг болсон» гэжээ.
ЧУХАЛ ЮМЫГ ХОЙШЛУУЛАХ
Исабээла гэдэг бүсгүй: «Юмыг хойшлуулдаг зан удамшдаг гэж би боддог. Аав маань яг тийм хүн байсан юм. Би хийх ёстой чухал юмаа хойш нь тавиад зүгээр л зурагт үздэг байсан. Энэ их муу зуршил. Үүнээс болоод хүн стресст ордог. Бас ажилдаа тааруу болдог» гэж ярьсан юм. Тэрээр 2 Тимот 2:15-д байдаг «Бурхнаар магтуулдаг, ичих юмгүй ажилчин ... байхын тулд чадах бүхнээ хий» гэсэн зарчмыг эргэцүүлэн боджээ. Исабээла: «Ажлаа хойшлуулдаг гэдгээсээ болоод би Еховагийн өмнө нүүр улаймааргүй байна» гэжээ. Тэрээр эрс өөрчлөгджээ.
Кээлси: «Би хийх ёстой ажлаа дандаа эцэст нь тултал хойшлуулдаг байсан. Сандарч тэвдэнэ, нойр хүрэхгүй, бүр уйлдаг байсан. Огт сайн юм болоогүй» гэж ярьсан юм. Тэрээр Сургаалт үгс 13:16-д байдаг «Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг бол мунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг» гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлжээ. Энэ зүйлийг эргэцүүлэн бодоод нэг зүйлийг ойлгосон байна. «Юмаа төлөвлөж, хийнэ гэснээрээ хийдэг л байх хэрэгтэй. Би хийх юмаа тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээд ширээн дээрээ тавьдаг. Ингэхлээр юмыг хойш тавихаа больдог юм билээ» гэж тэрээр хэлсэн юм.
ГАНЦААРДАХ
Көөрстэн: «Нөхөр маань намайг, бас дөрвөн жаахан хүүхдээ хаяад явсан» гэжээ. Библийн ямар зүйл түүнд сэтгэлийн дэм болсон бэ? Сургаалт үгс 17:17-д «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж байдаг. Көөрстэн өөртэй нь адилхан Еховаг хайрладаг найз нөхдөөсөө тусламж хүсжээ. «Найзууд маань надад эрвийх дэрвийхээрээ тусалсан. Зарим маань гурван ч удаа ирж манайхыг нүүлгэлцсэн. Нэг нь надад ажил олж өгсөн. Найзууд минь дандаа тусалдаг» гэж ярьсан юм.
Түрүүчийн өгүүлэлд гарсан София бас ганцаардаж байв. Тэрээр: «Надаас бусад нь бүгдээрээ элэг бүтэн, би л ганцаараа байгаа юм шиг санагдаж билээ» гэжээ. Библийн Дуулал 68:6-д байдаг «Бурхан ганцаардагчид зориулан гэрийг бий болгодог» гэсэн үг түүний сэтгэлийг сэргээжээ. София: «Энд зөвхөн гэр оронтой болох тухай яриагүй. Харин Еховаг хайрладаг, бие биеэ гэсэн хүмүүсийн дунд жинхэнэ амар тайван байдгийг би ойлгосон. Бурхан ийм гэр орныг бий болгодог. Би Еховатай дотно болж байж л тийм хүмүүстэй дотносон нөхөрлөнө. Үүнийг надад Дуулал 37:4 дэх “ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө” гэсэн үг ойлгуулсан юм» гэжээ.
София: «Ехова бол хамгийн сайн Найз. Тийм учраас би Еховатай улам дотносон нөхөрлөхийг хүссэн юм. Тэгээд Еховаг хайрладаг найзуудтайгаа хийх зүйлээ жагсааж бичлээ. Би бусдын мууг биш, сайныг олж хардаг болсон» хэмээн ярьсан юм.
Еховагийн Гэрчүүд бусдын л адил алддаг. Асуудал бэрхшээл тэднийг тойрдоггүй. Гэхдээ Библиэр заалгадаг учраас бусдад туслах чин хүсэлтэй байдаг. Ийм найзтай байх үнэхээр сайхан. Тэгвэл хууч өвчин туссан, үхэл хагацал үзсэн үед Библи биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?
Библийн зарчмыг хэрэгжүүлж сайн найз нөхөдтэй болоорой