1 Бэрхшээлээс хол байхад тусалдаг
Библи Бурхны удирдлагаар бичигдсэн ном учраас «заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай» (2 Тимот 3:16). Үнэхээр тийм гэж үү? Библийн мэргэн зөвлөгөөг дагавал том асуудалд ордоггүйг харуулсан жишээ үзье.
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ
Өмнөх өгүүлэлд дурдсан София зовлонгоосоо болоод архинд орж байгаагаа анзаарчээ. Архи дарсыг тохируулж уухыг Библид буруушаадаггүй боловч «Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь» гэж бичсэн байдаг (Сургаалт үгс 23:20). Хэтрүүлж ууснаас болж хүн эрүүл мэндээрээ хохирдог, бусадтай эв түнжингүй болдог. Бас жил бүр олон хүн нас бардаг. Библийн зөвлөгөөг дагавал ийм аюулаас хол явна.
София Библийн зөвлөгөөг анхаарчээ. Тэрээр: «Миний зовлонг архи дарс нимгэлэхгүй гэдгийг ойлгосон. Филиппой 4:6, 7-д байдаг “Юунд ч бүү санаа зов. Харин ... Бурханд ... хүсэлтээ хэлж бай” гэсэн зөвлөгөөг би дагасан юм. Орой болгон янз бүрийн бодол толгойд орж ирэхлээр сэтгэл түгшдэг. Тэгээд Еховад залбирдаг. Уур, гомдол, гуниг зовлон гээд бодож санаж байгаа бүхнээ хэлж залбирдаг. Бас илүү өөдрөг байх арга зам зааж өгөөч гэж гуйдаг. Өглөө сэрэхэд хамаг муухай бодлоосоо салчихсан байдаг. Өөдрөг байхад туслахыг гуйн байнга залбирдгийн ачаар алдсанаа биш, харин одоо байгаагаа анхаардаг болсон. Би дахиж архи уухгүй. Миний олсон амар тайван надад маш их үнэтэй. Би алдмааргүй байна» хэмээн ярьжээ.
САДАР САМУУН ЯВДЛААС ХОЛ БАЙХ
Садар самуун явдлаас болж хүн сэтгэлийн зовлонд унаж, цөхрөнгөө бардаг. Библийн зарчмыг эргэцүүлж боддог бол садар самуун явдалд хүргэдэг бүхнээс, тухайлбал сээтэн хаях, порно үзэхээс хол байна. Сээмюэл гэдэг залуу: «Сээтгэнэх ёстой амархан. Надад тийм ч их таалагдаагүй охин надад сайн байгаад байдаг. Тэгэхээр нь сээтгэнэмээр санагддаг» гэж ярьсан юм. Түүнийг зүгээр байхад нь хүртэл сээтгэнэлээ гэж зарим хүн зэмлэдэг байжээ. Сүүлдээ Сээмюэл зориуд сээтгэнэдэг болжээ. Энэ зуршлаасаа болоод их шаналдаг байв. Тэрээр: «Надад их хэцүү байсан. Би өөрийгөө л боддог болчихсон» гэж хэлжээ.
Сээмюэл jw.org саитад нийтлэгдсэн охид хөвгүүдэд зориулсан өгүүллийг уншжээ. Тэгээд Сургаалт үгс 20:11-ийн «Өөрийнхөө үйлсээрээ ба хандлага нь ариун болон зөв байвал залуу хүн өөрийгөө харуулдаг» гэдэг үгийг бодсон байна. Тус болсон болов уу? Сээтгэнэх нь цэвэр ариун явдал биш гэдгийг Сээмюэл ойлгосон байна. Тэрээр: «Сээтгэнүүр хүн сайн хань болж чадахгүйг ойлгосон юм. Би гэрлэчихээд өөр эмэгтэйтэй сээтгэнээд байвал эхнэрт маань ямар санагдах бол гэж боддог болсон. Сээтгэнэх амархан гэдэг нь зөв зүйл гэсэн үг биш. Харин ч аюултай» гэж хэлжээ. Сээмюэл өөрчлөгджээ. Сээтгэнэхгүй байх нь садар самуун явдлаас хол байхад нь тус болсон байна.
Антоонё үүнээс ч том аюулд ороод байжээ. Порно үзэх донтой байв. Эхнэртээ маш их хайртай мөртлөө энэ муухай зуршлаасаа салж чаддаггүй байжээ. Тэрээр 1 Петр 5:8 үнэхээр тус болсон гэж хэлжээ. Тэнд «Ухаалаг, сэрэмжтэй бай! Та нарын дайсан Диавол хэн нэгнийг залгихаар хайж байгаа архирах арслан мэт гэтэж явдаг» гэж байдаг. Антоонё: «Порно материал хаа сайгүй байдаг. Бас ухаан санаанаас арилдаггүй. Хорхой хүргэм энэ зүйлийн цаана хэн байдгийг 1 Петр 5:8 ойлгуулсан юм. Тэр муухай дүр зураг харагдангуут Диаволынх гэдгийг санаж сурах хэрэгтэй байлаа. Ухаалаг, сэрэмжтэй байж, бодол санаа, зүрх сэтгэл, гэр бүл рүү минь довтолдог дайсантай тэмцэхэд Ехова л тусалж чадна» гэжээ. Антоонё шаардлагатай тусламж авч, муу зуршлаасаа салжээ. Үүнийхээ ачаар бүр айхтар аюулаас хол байж чадсан.
Тийм ээ, ноцтой аюулаас хол байхад Библи үнэхээр тусалдаг. Тэгвэл аль хэдийн асуудалд орчихсон, шийдэгдэхгүй удаад байвал яах вэ? Хэцүү асуудлыг шийдэхэд Библи хэрхэн тусалдгийг авч үзье.
Зарим бэрхшээлээс хол байхад Библийн зөвлөгөө тус болдог