ЯАВАЛ ҮЗЭН ЯДАХАА БОЛИХ ВЭ?
2 | Битгий өшөө аваарай
Библийн зарчим:
«Хэнд ч мууг муугаар бүү хариул. ... Боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй бай. ... Бүү өшөө ав. ... Учир нь “«Би өшөө авна. Би хариуг нь барина» хэмээн Ехова айлддаг” гэж бичсэн байдаг» (РОМ 12:17–19).
Ямар утгатай вэ?
Хэн нэг хүн бидэнд муу юм хийвэл уур хүрэх нь зүйн хэрэг. Тэглээ гээд өшөө авахыг Бурхан сайшаадаггүй. Харин удахгүй шударга бус явдлыг бүрмөсөн арилгахаа амласан учраас тэвчээртэйгээр хүлээхийг уриалдаг (Дуулал 37:7, 10).
Яах нь зүйтэй вэ?
Төгс бус хүн өшөө аваад сайн юманд хүрэхгүй. Үзэн ядалт улам л даамжирна. Тийм учраас хэн нэгэн хүн таныг гомдоох юм уу хохироовол битгий хариугаа аваарай. Биеэ барьж, эелдэг байхыг хичээгээрэй. Заримдаа зүгээр орхичих нь зовлон багатай байдаг (Сургаалт үгс 19:11). Нөгөөтээгүүр, хэрэг явдлыг мэдэгдэх шаардлагатай тохиолдол гардаг. Жишээ нь, та гэмт хэргийн золиос боллоо гэхэд цагдаад юм уу холбогдох байгууллагад мэдэгдсэн нь дээр.
Өшөө авбал өөрийгөө л зовооно
Асуудлыг тайвнаар шийдэх боломжгүй юм шиг санагдвал яах вэ? Эсвэл чадах бүхнээ хийсэн ч шийдэгдэхгүй бол яах вэ? Тэглээ ч битгий өшөө аваарай. Өшөө авах тусам бие биеэ улам л үзэн ядна. Тэрний оронд таслан зогсоогоорой. Бурханд найдаж, Бурхны заасан аргаар асуудлаа шийдэж сураарай. «Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө» (Дуулал 37:3–5).