Хүмүүс яагаад бие биеэ үзэн яддаг вэ?
Хүмүүс яагаад бие биеэ тэгтлээ их үзэн яддаг юм бол? Учрыг нь мэдэхийн тулд үзэн ядалт гэж юу болох, яагаад ийм сэтгэл төрдөг, хэрхэн тархдагийг ойлгох хэрэгтэй.
Үзэн ядалт гэж юу вэ?
Хэн нэгэн хүнд эсвэл хэсэг бүлэг хүнд туйлын дургүй байх, өширхөн хорсохыг үзэн ядалт гэнэ. Үзэн яддаг хүн сэтгэлдээ байнга уур хорсол тээж явдаг.
ҮЗЭН ЯДАХ СЭТГЭЛ ЯАГААД ТӨРДӨГ ВЭ?
Янз бүрийн шалтгаан байдаг. Хүнийг хийсэн үйлдлээс нь болж үзэн ядах нь байдаг ч, гол төлөв, ямар хүн гэдгээс нь болж үзэн яддаг. Ингэхдээ муу юм хийдэг, аюултай, хэзээ ч засаршгүй, асуудал үүсгэдэг, дорд гаралтай гэж буруу дүгнэдэг байж болох юм. Нөгөөтээгүүр, бусдыг үзэн яддаг хүмүүс өөрсдөө урьд нь хүчирхийлэл, шударга бус явдлын золиос болж байсан юм уу, эсвэл дайсагнах үзлийг дэвэргэдэг ямар нэгэн явдлаас болж хохирсон байх магадлалтай.
ҮЗЭН ЯДАЛТ ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ?
Тухайн хүнтэй нүүр тулж уулзаагүй мөртлөө үзэн ядах нь бий. Жишээлбэл, хайрлаж хүндэлдэг дотнын хүмүүсийнхээ өрөөсгөл үзэлд өөрийн мэдэлгүй автчихдаг. Ийнхүү нэг гэр бүл эсвэл нийгэм дэх хэсэг бүлэг хүмүүс адилхан үзэл бодолтой болсноор үзэн ядалт амархан тархдаг.
Үзэн ядалт яагаад ийм их байдаг вэ, яаж тархдаг вэ гэдгийг мэдэж авлаа. Гэхдээ бид үзэн ядахаа бүрмөсөн болихын тулд үзэн ядалт юунаас эхтэйг мэдэж авах нь зүйтэй. Энэ тухай Библид тайлбарласан байдаг.
ҮЗЭН ЯДАЛТ ЮУНААС ЭХТЭЙ ВЭ?
ЭХ ҮНДСИЙГ НЬ ХҮН ТАВИАГҮЙ. Нэг тэнгэрийн элч Бурханд тэрсэлж Сатан Диавол гэгдэх болсон үеэс үзэн ядалт эхэлсэн. «Диавол Бурхны талаар худал хэлсэн тэр үеэс алуурчин болсон». «Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учраас» уур хилэн, өс хонзонг дэвэргэсээр байна (Ёохан 8:44; 1 Ёохан 3:11, 12). Библид түүнийг харгис хэрцгий, үлэмж их уур хилэнтэй гэж бичсэн байдаг (Иов 2:7; Илчлэл 12:9, 12, 17).
ТӨГС БУС ХҮН ҮЗЭН ЯДАХ ХАНДЛАГАТАЙ. Анхны хүн Адам Сатаныг дагаж нүгэл үйлдсэн. Үүнээс болж бүх хүн нүгэл, төгс бус байдлыг өвлөн авсан (Ром 5:12). Адамын ууган хүү Каин дүү Абелаа үзэн ядсаны улмаас амийг нь хөнөөжээ (1 Ёохан 3:12). Хүн хэдий төгс бус ч бусдыг хайрлаж, өрөвддөг. Гэхдээ төрөлхийн нүгэлтэйгээсээ болоод аминч, атаархуу, бардам зан гаргадаг. Эдгээр нь үзэн ядалтыг төрүүлдэг (2 Тимот 3:1–5).
ҮЗЭН ЯДАЛТ ГААРЧ БАЙГААГИЙН УЧИР. Энэ ертөнц хорон муу хандлагыг дэвэргэдэг учраас үзэн ядалт гаарч байна. Бусдын үзэл бодлыг үл хүндэтгэх, алагчлах, хэл амаар доромжлох, дээрэлхэх, эвдэн сүйтгэх явдал газар авч байгаа нь «бүх ертөнц хорон муу нэгний [Сатан Диаволын] эрхшээлд байдагтай» холбоотой (1 Ёохан 5:19).
Библид үзэн ядалт юунаас эхтэйг тайлбарлаад зогсохгүй, хэрхэн ангижрахыг хэлж өгдөг.