Үзэн ядалт үүрд үгүй болно!
Бид өөрсдийнхөө зүрх сэтгэлд байгаа үзэн ядалтыг уг үндсээр нь тасдан хаяж болох ч бусдын хандлага, үйлдлийг хянаж чадахгүй. Гэм зэмгүй хүмүүс үзэн ядалтын золиос болсоор байна. Энэ асуудлыг хэн бүрмөсөн шийдэх вэ?
Өнөөдөр жирийн үзэгдэл болсон эцэс төгсгөлгүй үзэн ядалтыг зөвхөн Ехова Бурхан л үүрд устгаж чадна. Бурхны энэ амлалтыг Библид тодорхой бичсэн байдаг (Сургаалт үгс 20:22).
БУРХАН ҮЗЭН ЯДАЛТЫН ШАЛТГААНЫГ ҮГҮЙ ХИЙНЭ
-
1. САТАН ДИАВОЛ. Хаа сайгүй тархсан үзэн ядалтын цаана тэрслүү тэнгэрийн элч Сатан Диавол байдаг. Сатаныг болон нөлөөнд нь автаж үзэн ядалтыг дэвэргэдэг бүхнийг Бурхан устгана (Дуулал 37:38; Ром 16:20).
-
2. САТАНЫ БУЗАР МУУ ЕРТӨНЦ. Бурхан бүх бузар мууг, тэр дундаа авлигад идэгдсэн улс төрчид, үзэн ядалтыг өдөөж буй шашны удирдагчдыг устгана. Мөн хүмүүсийг мөлждөг, сувдаг шунахай, завхран гажуудсан худалдааны тогтолцоог үгүй хийнэ (2 Петр 3:13).
-
3. ХҮМҮҮНИЙ ТӨГС БУС БАЙДАЛ. Хүн төрөлхтөн төгс бус байдлыг өвлөн авсан гэж Библид бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, буруу юм бодох, үйлдэх төрөлхийн хандлагатай (Ром 5:12). Зүрх сэтгэлдээ бусдыг үзэн ядаж, түүнийгээ илэрхийлэх нь тэрхүү нүгэлт хандлагын нэг илрэл юм. Энэ бүх муу хандлагаасаа салахад Бурхан бидэнд тусална. Тэр үед үзэн ядалт үүрд ул мөргүй алга болно (Исаиа 54:13).
ҮЗЭН ЯДАЛТ ҮГҮЙ БОЛНО ГЭСЭН АМЛАЛТ БИБЛИД БИЙ
-
1. ШУДАРГА БУС ЯВДЛЫН ЗОЛИОС БОЛОХГҮЙ. Бурхны Хаант төр дэлхийг захирахад шударга ёс үүрд ноёлно (Даниел 2:44). Алагчлах, бусдын үзэл бодлыг үл хүндэтгэх явдал үгүй болно. Бидний амсаж буй шударга бус бүхнийг Бурхан арилгана (Лук 18:7).
-
2. АМАР АМГАЛАН АМЬДАРНА. Дайн, хүчирхийллээс болж нэг ч хүн зовохгүй (Дуулал 46:9). Дэлхий дээр зөвхөн амар тайвныг эрхэмлэдэг хүмүүс амьдрах учраас айх аюулгүй болно (Дуулал 72:7).
-
3. ТӨГС САЙХАН ОРЧИНД ҮҮРД ЖАРГАНА. Хүмүүс бие биеэ жинхэнэ ёсоор хайрладаг болно (Матай 22:39). Бас таагүй бодол, дурсамжаас болж гуньж гутрахгүй (Исаиа 65:17). Үзэн ядалт байхгүй болох тэр цагт хүн төрөлхтөн «элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:11).
Та ийм сайхан газар амьдармаар байна уу? Одоо ч гэсэн олон хүн Библийн зарчмыг хэрэгжүүлж, үзэн ядахаа болиход суралцаж байна (Дуулал 37:8). Тэд бол дэлхий дахинд байгаа олон сая Еховагийн Гэрчүүд юм. Хэдийгээр тэд өөр хэл соёл, үндэс угсаатай ч нэг гэр бүл шиг бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй байдаг (Исаиа 2:2–4).
Еховагийн Гэрчүүд шударга бус явдлыг хэрхэн даван туулах аргыг мэдэж авсан бөгөөд үүнийгээ бусадтай дуртайяа хуваалцдаг. Тантай ч бас хуваалцахад бэлэн. Та бүх хүнтэй, тэр байтугай, танд талархдаггүй эсвэл бүр таныг үзэн яддаг хүнтэй ч эелдэг харьцах боломжтой. Ингэснээр бусдыг үзэн ядахаа больж, хайрладаг болно, илүү аз жаргалтай амьдарна. Түүнээс гадна, үзэн ядалтыг үүрд үгүй хийх Бурхны Хаант төрийн удирдлага дор амьдрахын тулд одоо юу хийх хэрэгтэйг мэдэж авна (Дуулал 37:29).