Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | БУРХНЫ ӨГЧ БУЙ ХОСГҮЙ БЭЛЭГТА АВАХ УУ?

Бурхны өгч буй хосгүй бэлэг—Үнэ цэнтэй гэхийн учир юу вэ?

Бурхны өгч буй хосгүй бэлэг—Үнэ цэнтэй гэхийн учир юу вэ?

Дөрвөн зүйлээс хамаарч болох юм. 1) хэн, 2) яагаад, 3) юугаа золиосолж, 4) яг хэрэгтэй зүйл өгсөн эсэхээс хамаардаг. Бурхны өгч буй хосгүй бэлэг болох золиосыг илүү өндөр үнэлдэг болоход эдгээрийг бодох нь ач тустай.

ХЭН ӨГСӨН БЭ?

Эрх мэдэлтэй эсвэл их хүндтэй хүний өгсөн бэлэг үнэ цэнтэй байдаг. Аав ээж, ах дүүгийн эсвэл дотны найзын маань өгсөн бэлэг үнэтэй биш байж болох ч эрхэм нандин байдаг. Өмнөх өгүүлэлд дурдсан Жорданы бэлэг ийм учиртай. Тэгвэл золиос гэдэг бэлгийн тухай юу хэлж болох вэ?

Нэгдүгээрт, «Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм» гэж Библид байдаг (1 Иохан 4:9). Үнэхээр үнэ цэнтэй бэлэг гэдгийг энэ зүйл батлан харуулдаг. Бурхнаас илүү эрх мэдэлтэй хэн ч байхгүй. Дуулалч, Еховаг «Та л ганцаараа бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» хэмээжээ (Дуулал 83:18). Хамгийн дээд Нэгнээс бэлэг авч байна гээд бод доо!

Хоёрдугаарт, Бурхан бол «бидний Эцэг» (Исаиа 63:16). Энэ нь юу гэсэн үг вэ? Бурхан амь өгөөд зогсохгүй, халамжит эцгийн адилаар бидэнд санаа тавьдаг. Эрт үед Бурхан үйлчлэгчдэдээ буюу ефраимчуудад ингэж хэлжээ. «Ефраим Миний хайрт хүү мөн үү? ... Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ» (Иеремиа 31:20). Бурхан өнөөгийн үйлчлэгчдэдээ бас ингэж ханддаг. Тэрбээр Төгс хүчит Бүтээгч, халамжит Эцэг, үнэнч анд нөхөр юм. Тэгэхлээр түүний өгсөн бэлэг үнэ цэнтэй биш гэж үү?

ЯАГААД ӨГСӨН БЭ?

Зарим бэлэг ёсыг бодож биш, чин сэтгэлээсээ өгсөн учраас үнэ цэнтэй байдаг. Бусдыг гэсэн чин сэтгэлтэй хүн хариу харж бэлэг өгдөггүй.

Бурхан биднийг хайрласан учраас хайртай Хүүгээ бидэнд өгсөн. Энэ талаар Библид «Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм» гээд цааш нь «үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм» гэж байдаг (1 Иохан 4:9). Бурхан үүнийг албадлагаар хийсэн үү? Үгүй ээ! Бурхан «Христ Есүс доторх золилтоор дамжуулан» бидэнд «нигүүлслээ» үзүүлсэн (Ром 3:24).

Бурхны өгсөн бэлгийг «нигүүлслийн» илрэл гэж хэлж болохын учир юу вэ? Библид «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» хэмээн тайлбарласан байдаг (Ром 5:8). Хүчин мөхөс, нүгэлт хүн төрөлхтнийг гэсэн хайрандаа хөтлөгдөн Бурхан агуу үйлс бүтээжээ. Үүнийг бид өөрсдөө хэзээ ч олж авч чадахгүй. Мөн буцаан төлж чадахгүй. Бурхны өгсөн энэ бэлэг хамгийн агуу хайрын илрэл юм.

ЮУГАА ЗОЛИОСОЛСОН БЭ?

Эрхэм хайртай зүйлээ золиосолж өгсөн хүний бэлэг үнэ цэнтэй байдаг. Хүн үнэ цэнтэй зүйлээ, танд чин сэтгэлээсээ зориулбал та түүнийг нь нандигнахгүй гэж үү?

Бурхан «цорын ганц Хүүгээ өгсөн» (Иохан 3:16). Биднийг Бурхнаас илүү хайрлаж чадах нэгэн байхгүй. Есүс, Бурхны хажууд олон тэрбум жил байж орчлон ертөнцийг бүтээлцэн «түүний ... баяр бахдал байсан» (Сургаалт үгс 8:30). Есүс бол Бурхны «хайрт Хүү», «үл үзэгдэгч Бурханы дүр» юм (Колоссай 1:13–15). Ехова Есүс хоёр шиг дотно бодгаль байхгүй биз ээ.

Гэхдээ Бурхан «Хүүгээ» биднээс харамлаагүй (Ром 8:32). Ехова хамгийн сайныгаа өгчээ. Үүнээс илүү үнэтэй бэлэг байхгүй.

ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ НЬ

Зайлшгүй хэрэгтэй, бас цагаа олж өгсөн зүйл үнэ цэнтэй байдаг. Жишээ нь, таны амь нас дээсэн дөрөөн дээр байжээ гэж бодъё. Эмчилгээ хийлгэх гэсэн боловч та төлбөрийг нь дийлэхгүй байлаа. Гэтэл нэгэн сайхан сэтгэлтэй хүн төлбөрийг тань хийхээр боллоо. Тэр хүнд талархаад баршгүй нь лавтай. Бэлэг нь үнэ цэнтэй биш гэж үү?

«Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно» (1 Коринт 15:22). Адамын үр удам болох бид бүгд «үхдэг». Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө өвчин эмгэг, үхлийн хүлээснээс чөлөөлөгдөн Бурхантай эвлэрч, гэм нүглээс ангид байх ямар ч аргагүй. Мөхөс хүмүүс бид өөрөө өөрсдийгөө «амьдруулж» чадахгүй. Библид «Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй ... түүнийг мөнхөд төлж баршгүй» гэж байдаг (Дуулал 49:7, 8). Золиосын үнэ цэнийг төлөх ямар ч чадваргүй бидэнд хэн нэгний тусламж заавал хэрэгтэй.

Ехова агуу хайрандаа хөтлөгдөн, Есүсээр дамжуулан биднийг аврах арга хэмжээ авсан. Тиймээс «бүгд амьдруулагдах болно». Үүнд золиос ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? «Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ» (1 Иохан 1:7; 5:13). Тийм ээ, хүн төрөлхтний төлөө Есүс цусаа асгаруулсан гэдэгт итгэвэл нүглээ уучлуулж, мөнх амьдрах үүд хаалга бидэнд нээгдэнэ. Тэгвэл золиос нас барсан ойр дотны маань хүмүүст ач тусаа өгөх болов уу? «Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр [Есүсээр] иржээ» (1 Коринт 15:21). a

Есүсийн золиос бол, хамгийн дээд эрх мэдэлтэй Ехова Бурхны агуу хайрандаа хөтлөгдөн өгсөн хосгүй бэлэг юм. Ийм агуу бэлэг өгсөн түүн шиг нэгэн байна гэж үү? Нүгэл үхлийн боолчлолд байгаа бидэнд түүний өгсөн бэлгээс илүү хэрэгтэй зүйл байх уу? Золиосын үнэ цэнтэй дүйцэх бэлэг нэгээхэн ч байхгүй.

 

a Нас барсан хүмүүсийг амилуулах Бурхны санаа зорилгын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 7-р бүлгийг үзэх юм уу, www.pr418.com/mn саитад зочлоорой.