Skip to content

Гарчиг руу орох

Есүс Петрийн хадам ээж дээр очиж, түүнийг эдгээсэн (Матай 8:14, 15; Марк 1:29–31)

Христийн шавь нар гэрлэхгүй байх ёстой юу?

Христийн шавь нар гэрлэхгүй байх ёстой юу?

ДЭЛХИЙ ДАХИНД буй шашны тухайлбал, Ромын католик, үнэн алдартан, буддын болон бусад шашны удирдагчид, лам хуврагууд гэрлэдэггүй. Саяхан шашны олон урсгалын лам нар садар самуун явдалд орооцолдсон тухай шуугиан дэгдсэн. Тийм учраас гэрлэхгүй байх энэ зан заншлыг саяхан бий болсон гэж олон хүн үздэг.

Үүнээс үүдээд Христийн дагалдагчид гэрлэхгүй байх ёстой юу гэсэн асуулт урган гарч байна. Хариуг нь мэдэхийн тулд энэхүү зан заншил хэрхэн үүсэж хөгжсөнийг, энэ талаар Бурхан юу гэж үздэгийг мэдэж авъя.

ГЭРЛЭХГҮЙ БАЙХ ЁС — ШАШНЫ ТҮҮХЭНД

2006 онд Пап лам XVI Бенедикт, Ромын күрид (пап ламыг дэмждэг хороод) хандан гэрлэхийг цээрлэх ёс нь «элч нарын амьдарч байсан үеэс одоог хүртэл уламжилж ирсэн» хэмээжээ.

Гэхдээ I зууны Христийн дагалдагчид гэрлэхийг цээрлэх ёсыг даган мөрдөж байгаагүй. Тэр үед амьдарч байсан элч Паул, итгэл нэгтнүүддээ хууран мэхлэх, «гэр бүл болохыг хориглох» хүмүүсээс хол байхыг захисан (1 Тимот 4:1–3).

Хожим нь Ромын католик гэгдэх болсон «Христийн» сүмүүдэд II зуунд, гэрлэхийг цээрлэх явдал дэлгэрчээ. Ингэж дэлгэрсэн нь «Ромын эзэнт гүрний үед бэлгийн харьцаанаас татгалзах шинэ хандлага үүссэнтэй давхацдаг» хэмээн нэгэн номд тэмдэглэсэн байна (Celibacy and Religious Traditions).

Дараа дараагийн зуунд, лам хуврагууд гэрлэх ёсгүй гэсэн үзлийг сүмийн зөвлөл болон гэгээн эцгүүд дэмжиж байсан. Лам хуврагууд бэлгийн харьцаанд орох нь байж боломгүй бузар явдал гэж тэд үздэг байв. Гэхдээ Британника нэвтэрхий тольд «X зууны сүүлчээр олон лам, хамбууд эхнэртэй байжээ» хэмээн тэмдэглэсэн байдаг.

Ромд 1123 он, мөн 1139 онд болсон Латераны зөвлөлөөр лам хуврагуудын гэрлэлтийг хориглосон. Ромын католик сүм одоо ч гэсэн албан ёсоор ийм байр суурь баримталдаг. Гэрлэсэн лам хуврагууд үр хүүхдүүддээ сүмийн эд хөрөнгийг өвлүүлдэг байсан учраас энэ арга хэмжээг авснаар сүм эрх мэдэл, орлогоо хадгалж үлдсэн.

ГЭРЛЭХГҮЙ БАЙХЫГ БУРХАН ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?

Гэрлэхгүй байхыг Бурхан юу гэж үздэгийг Библиэс тодорхой ойлгож болно. Есүс «тэнгэрийн хаанчлалын төлөө» өөр шиг нь гэрлэхгүй байхаар шийдсэн хүмүүсийн тухай хэлсэн байдаг (Матай 19:12). Элч Паул ч мөн адил, «сайн мэдээний төлөө» ганц бие байхаар шийдсэн шавь нарын тухай бичсэн (1 Коринт 7:37, 38; 9:23).

Гэхдээ Есүс Паул хоёрын хэн хэн нь Бурхны үйлчлэгчийг ганц бие байх ёстой гэж тушаагаагүй. Есүс ганц бие байхыг бэлэг гэж хэлсэн. Гэхдээ бүх дагалдагч нь ийм бэлэгтэй байх албагүй. Элч Паул огт гэрлээгүй хүмүүсийн тухайд «Эзэний тушаал надад байхгүй. Харин ... саналаа хэлье» хэмээн ний нуугүй хэлжээ (Матай 19:11; 1 Коринт 7:25).

Түүнээс гадна, I зуунд амьдарч байсан олон шавь гэрлэсэн байжээ. Жишээ нь элч Петр эхнэртэй байсан (Матай 8:14; Марк 1:29–31; 1 Коринт 9:5). Тухайн үед Ромын нийгэмд садар самуун явдал гаарч байжээ. Тиймээс хурлын ахлагч гэрлэсэн бол «нэг эхнэрийн нөхөр», хүүхдүүдээ «сайн захирдаг» байх ёстой гэж элч Паул бичжээ (1 Тимот 3:2, 4).

Тэгвэл гэрлэсэн мөртлөө бэлгийн харьцаанд орохгүй байх тухай Библид юу гэж байдаг вэ? Гэрлэсэн хосын бэлгийн харьцааны талаар «нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг» мөн «нэг нэгнээсээ хагацахаа зогсоох» ёстой гэж байдаг (1 Коринт 7:3–5). Тэгэхлээр гэрлэхгүй байх нь Бурхны үйлчлэгчдийн сахидаг ёс ч биш, Бурхны тавьдаг шаардлага ч биш.

САЙН МЭДЭЭНИЙ ТӨЛӨӨ

Гэрлэхгүй байхыг шаарддаггүй юм бол Есүс Паул хоёр ганц бие байх тухай яагаад сайнаар ярьсан бэ? Сайн мэдээг хүргэх боломж ганц бие хүмүүст илүү гардаг. Тэд гэрлэсэн хүмүүст тулгардаг бэрхшээлээс ангид байдаг учраас дэлгэрүүлэх ажилд өөрсдийгөө бүрэн дайчилдаг (1 Коринт 7:32–35).

Дэйвид гэдэг залуу Мехико хотод цалин сайтай ажил хийдэг байв. Гэвч тэрбээр Библийн үнэнийг хүмүүст заахаар Коста-Рикагийн хөдөө нутагт нүүн очихоор болжээ. Ийм шийдвэр гаргахад нь ганц бие байсан нь тус болсон болов уу? Дэйвид: «Тэгэлгүй яах вэ» гээд цааш нь «шинэ орчин, шинэ соёлд дасах хэцүү. Гэхдээ ганцхан өөрийгөө л аваад явдаг болохоор надад арай амар байсан» хэмээн ярьсан юм.

Ганц бие бүсгүй Клаудиа, дэлгэрүүлэгч хэрэгтэй газар нүүн очсон байна. Тэрбээр: «Би Бурхандаа үйлчлээд баяр хөөртэй байдаг. Бурхан надад хэчнээн их санаа тавьж байгааг мэдрээд улам дотно болсон» гэжээ.

«Гэрлэсэн ч бай, үгүй ч бай, Еховад хамгийн сайныгаа өгдөг бол жаргалтай»—Клаудиа

Ганц бие байх нь дарамт биш ээ. Клаудиа: «Гэрлэсэн ч бай, үгүй ч бай, Еховад хамгийн сайныгаа өгдөг бол жаргалтай» гэж бас хэлжээ (Дуулал 119:1, 2).