Удахгүй биелэх зөгнөлүүд
Есүсийн зөгнөснөөр Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байна (Матай 24:14). «Даниел» номд Хаант төрийг Бурхны засгийн газар гэдэг. Уг номын 2-р бүлэгт эртний Вавилоноос эхлээд өнөөг хүртэл дэлхийг эзэлсэн хаант улсууд буюу засгийн газрууд ээлж дараалан гарч ирнэ хэмээн зөгнөжээ. Дараа нь юу болох тухай 44-р зүйлд ийнхүү зөгнөсөн байдаг.
«Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм».
Энэхүү болон бусад зөгнөлд Бурхны Хаант төр хүний засгийн газруудыг халж, хүн төрөлхтнийг дэлхий дээр амар тайван, айх аюулгүй амьдруулна гэж гардаг. Бурхны Хаант төр захирах үед амьдрал ямар байх вэ? Тун удахгүй биелэх гайхамшигтай сайхан зөгнөлийн заримыг авч үзье.
-
ДАЙН ДАЖИН ГАРАХГҮЙ
Дуулал 46:9: «[Бурхан] дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг».
Хүмүүс хүч хөдөлмөр, авьяас чадвараа нэгнийгээ хөнөөж устгах, зэр зэвсэг бүтээхэд биш, хүний сайн сайхны төлөө зориулна гээд бод доо! Бурхны Хаант төр захирах үед яг ийм болно.
-
ӨВДӨЖ ЗОВОХГҮЙ
Исаиа 33:24: «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй».
Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин гээд ямар ч өвчин зовлонгүй нийгмийг та төсөөл дөө. Эмнэлэг, эмийн сангийн хэрэг огт байхгүй. Ирээдүйд дэлхийн оршин суугчид цоо эрүүл болно.
-
ХООЛ ХҮНС ХОМСДОХГҮЙ
Дуулал 72:16: «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай».
Газар дэлхий үр шимээ өгч, хүн бүр хангалттай хоол хүнстэй байна. Хэн ч өлсөж, шим тэжээлийн дутагдалд орохгүй.
-
ҮХЭЛ ХАГАЦАЛ ҮЗЭХГҮЙ
Илчлэл 21:4: «Бурхан тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо».
Хүнийг бүтээсэн хайр халамжит Ехова Бурхан биднийг диваажин болсон дэлхийд үүрд аз жаргалтай амьдруулна гэж амладаг.
«ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ БУРХАН»
Та дээрхийг их л сайхан мөрөөдөл байна даа гэж бодож байна уу? Хүний хүсдэг л амьдралыг бичсэн гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Гэхдээ мөнх амьдарна гэдэг боломжгүй биз дээ гэж боддог. Тийм амьдралыг хэн ч биеэрээ үзээгүй учраас тэгж бодох нь ч аргагүй юм.
Хүн төрөлхтөн нүгэл, үхэлд боолчлогдож, зовлон зүдгүүрт нухлагдсан энэ амьдралдаа дассан. Амьдралд зайлшгүй байх ёстой л гэж боддог. Гэхдээ Ехова Бурхан хүнийг ингэж амьдрахаар бүтээгээгүй.
Бурхны амласан бүхэн үнэхээр биелэх үү? Тэрбээр: «Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй» гэж батлан хэлсэн (Исаиа 55:11).
Библид Еховаг «худал хэлдэггүй Бурхан» гээд ийм гайхамшигтай ирээдүйг амладаг гэж бичсэн байдаг (Тит 1:2). Тийм болохоор та «Хүн диваажин болсон дэлхий дээр үнэхээр мөнх амьдрах боломжтой юу? Ингэхийн тулд бид яах ёстой вэ?» гэж асуух байх. Дараа дараагийн өгүүллээс энэ хоёр асуултын хариуг мэдэж аваарай.