Skip to content

Гарчиг руу орох

Зурхай, мэргэ төлгө ирээдүйг үнэхээр хэлдэг үү?

Зурхай, мэргэ төлгө ирээдүйг үнэхээр хэлдэг үү?

ЗУРХАЙ

Зурхай бол од, сар, гараг эрхэс хүмүүсийн амьдралд их нөлөөлдөг гэж үздэг номлол юм. Хүнийг төрөхөд гараг эрхэс хаана байрласнаас шалтгаалж хувь заяа, зан чанар нь шийдэгддэг гэж зурхайчид үздэг.

Зурхай нь эртний Вавилоноос гарал үүсэлтэй бөгөөд одоо ч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр байна. 2012 онд АНУ-д хийсэн судалгаанаас үзвэл, судалгаанд оролцогсдын гуравны нэг нь зурхайг «шинжлэх ухааны нэг төрөл», 10 хувь нь «үнэхээр шинжлэх ухаан» гэж үзсэн дүн гарчээ. Зурхай үнэхээр шинжлэх ухааны үндэстэй юү? Тийм биш гэдгийн шалтгааныг одоо авч үзье.

  •   Гараг эрхэст зурхайчдын хэлдэг шиг хүмүүст нөлөөлөх ямар ч хүч байхгүй.

  •   Зурхайчдын зөн совин бүх хүнд тохирохоор нийтлэг байдаг.

  •   Гараг эрхэс дэлхийг тойрдог гэсэн эртний итгэл үнэмшил дээр үндэслээд зурхай зурдаг. Үнэндээ бол гараг эрхэс нарыг тойрдог.

  •   Зурхайчид нэг хүний талаар шал өөр өөр юм хэлж таамагладаг.

  •   Зурхай хүмүүсийг төрсөн сар, өдрөөр нь 12 одын ордод хуваадаг. Олон зууны турш сансар огторгуй дахь дэлхийн байрлал өөрчлөгдсөөр байгаа учраас төрсөн сар, өдөр одны ордтой тохирохоо больсон.

Хүний зан чанар оддын ордтой нь холбоотой гэдэг. Гэхдээ нэг өдөр төрсөн хүмүүс адилхан зан чанартай байдаггүй. Төрсөн өдөр хүний зан чанартай ямар ч хамаагүй. Зурхайчид хүмүүсийг байгаагаар нь хүлээж авахын оронд оддын ордынх нь дагуу зан байдал, ааш авирыг нь тодорхойлдог. Энэ нь хүмүүсийг гадуурхаж байгаа хэрэг биш үү?

МЭРГЭ ТӨЛГӨ

Эрт үеэс хүмүүс мэргэч төлгөчөөс зөвлөгөө авдаг байсан. Зарим мэргэч төлгөч тахиа тариа будааг хэрхэн тоншиж байгаа, хүн амьтны гэдэс дотор ямар байгааг ажигладаг. Зарим нь цай, кофены шаараар мэргэлдэг. Өнөө үед мэргэч төлгөчид хөзөр, чулуу, шоо гэх зэргээр хүний ирээдүйг мэдэхийг оролддог. Мэргэ төлгөөр үнэхээр хүний ирээдүйг мэдэх боломжтой юу? Тэгэх боломжгүй гэхийн учрыг авч үзье.

Мэргэч төлгөчдийн хэлдэг юм хоорондоо хэр таардаг вэ? Янз бүрийн аргаар мэргэлэхэд өөр өөр үр дүн гардаг. Яг ижилхэн аргаар мэргэлсэн ч өөр байх нь бий. Жишээ нь нэг хүн яг ижилхэн хөзрөөр мэргэлүүлж ирээдүйгээ мэдэх гээд хоёр мэргэч төлгөчид хандсан гэж бодъё. Хариу нь яг ижилхэн байх ёстой. Гэхдээ ер нь тийм байдаггүй.

Мэргэч төлгөчид үнэндээ ямар аргаар, ямар сэдлээр мэргэлдэг вэ? Зарим хүний хэлснээр хөзөр, чулуу бол зүгээр нэг хэрэгсэл юм. Мэргэч төлгөчид хөзөр, чулууг харж байгаад биш, тухайн хүний ямар хариу үйлдэл үзүүлэхийг хараад мэргэлдэг. Жишээ нь чадварлаг мэргэч төлгөчид хүнээс жирийн асуулт асуугаад үг яриа, үйл хөдлөлийг нь анхааралтай ажиглана. Тэгээд тухайн хүний санамсаргүй өгсөн мэдээлэлд үндэслэн нөхцөл байдлыг гартаа авна. Ийнхүү хүмүүсийн итгэлийг олохын зэрэгцээ тэднээс асар их хэмжээний мөнгө салгах боломж бүрддэг.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

Зурхай юм уу мэргэ төлгө хүний хувь заяа урьдаас тодорхойлогдсон байдаг гэдэгт үндэслэдэг. Үнэхээр тийм үү? Библид хүн юунд итгэж, юу хийхээ сонгох чадвартай бөгөөд тэр сонголт ирээдүйд маань нөлөөлнө гэж байдаг (Иошуа 24:15).

Бурхныг шүтдэг хүмүүст зурхай, мэргэ төлгөөс зайлсхийх ёстой бас нэг шалтгаан бий. Бурхан бүх төрлийн мэргэ төлгөнд дургүй. Библид «Та нарын дунд ... мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин, хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг. Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм» гэж байдаг (Дэд хууль 18:10–12).