Skip to content

Гарчиг руу орох

Ирээдүйг мэдэх гэсэн оролдлого

Ирээдүйг мэдэх гэсэн оролдлого

Та өөрийнхөө болон гэр бүлийнхээ ирээдүйг ямар байх бол гэж бодож байсан уу? Баян тансаг байх уу, ядуу хоосон байх уу? Сайхан гэр бүлтэй болох уу, насаараа ганцаараа явах уу? Урт наслах уу, богино наслах уу? Хүмүүс олон мянган жил ийм асуултын талаар бодож ирсэн.

Өнөөдөр судлаачид дэлхийн ерөнхий чиг хандлагыг судалж үзээд ирээдүй ямар байх талаар таамаглал дэвшүүлдэг. Зарим нь хэлсэн ёсоор нь болсон, зарим нь болоогүй. Бүр эсрэгээрээ эргэсэн нь ч бий. Жишээ нь утасгүй цахилгаан холбоог зохиосон Гульелмо Маркони 1912 онд «Утасгүй эрин үе ирж дайныг зогсооно» гэсэн таамаг дэвшүүлж байжээ. Бас 1962 онд дуу бичлэгийн Декка компанийн нэгэн төлөөлөгч гитар тоглодог хамтлаг моодноос гарна гэж үзээд Битлз хамтлагыг юман чинээ тоогоогүй гэдэг.

Олон хүн далдын хүчээр ирээдүйгээ мэдэх гэж оролддог. Зарим нь зурхайч дээр очно. Эсвэл сонин сэтгүүл дээр байнга гардаг зурхайг сонирхож үздэг. Нөгөө зарим нь ирээдүйг маань хэлж өгнө гэж итгээд хөзөр, тоо, алганы хээгээр мэргэлдэг мэргэч төлгөч юм уу зөн билэгтэн дээр очдог.

Эрт цагт ч хүмүүс ирээдүйгээ мэдэх гэж бурхны үгийг дамжуулдаг гэгддэг зөнчдөд ханддаг байжээ. Жишээ нь Лидийн Кроесус хаан Персийн Кирийг ялах эсэхээ мэдэх гэж Грекийн Делфид байдаг зөнч руу их хэмжээний өргөл барьц явуулжээ. Киртэй тулалдвал нэгэн их гүрэн устана гэж зөнч хэлдэг. Кроесус ялна гэж итгээд дайтдаг ч өөрийнх нь их гүрэн устаж үгүй болдог.

Зөнчөөс асуусны хэрэг гарсангүй. Энэ зөгнөл аль тал нь ялахыг тодорхой хэлээгүй юм. Тодорхойгүй юманд итгэснийхээ гайгаар Кроесус бүхнээ алджээ. Тэгвэл өнөөгийн хүмүүсийн дунд түгээмэл байдаг ирээдүйг мэдэх гэсэн арга үүнээс илүү үр дүнтэй байдаг болов уу?