Skip to content

Гарчиг руу орох

Хүнд өвчин тусахад

Хүнд өвчин тусахад

«Уушги, бүдүүн гэдэсний хорт хавдартай гэдгээ мэдээд үхлийн ял сонссон юм шиг л болсон. Эмчид үзүүлж ирчихээд бодлоо. Ийм юм болно гэж даанч санасангүй. Арга чарга хайдаг л байх даа»​—71 настай Линда

«Би нэг хүнд өвчтэй юм. Тэрнээс болж нүүрний маань зүүн талын мэдрэл дагаж их өвддөг. Заримдаа тэсэхийн аргагүй өвддөг болохоор сэтгэл их хямардаг. Ганцаардаад, бүр амиа хорлочихъё гэж бодох үе бишгүй л байсан»​—49 настай Элиз

ТА ӨӨРӨӨ эсвэл хайртай хүн тань амь насанд аюултай өвчтэй гэж оношлогдсон бол сэтгэл түгших нь мэдээжийн хэрэг. Өвчтэй байх хэцүү. Дээр нь сэтгэлийн түгшүүр бүр нэрмээс болдог. Эмчлэх ямар ямар арга байгааг эмч танилцуулахад бүр их айж түгшинэ. Эмчилгээ үйлчилгээ авахад хэцүү, үнэтэй, дээр нь хүчтэй эмийн гаж нөлөө гэж бий. Сэтгэл санаа түгшиж, шаналах нь хүнд өвчнийг улам даамжруулдаг.

Ийм үед хаашаа хандах вэ? Бурханд залбирч, Библид байдаг найдвар төрүүлэм зүйлүүдийг уншвал асар их тайвширдаг болохыг олон хүн биеэрээ үзжээ. Бас гэр бүлийнхэн, найз нөхдийн тус дэм, хайр халамжийг дурдахгүй өнгөрч болохгүй.

ХЭРХЭН ДАВДАГ ВЭ?

«Бурханд итгэж найдаарай. Тэгвэл өвчинтэйгөө тэмцэхэд чинь Бурхан тусална» гэж 58 настай Роберт зөвлөж байна. Еховад залбирч сэтгэл санаагаа ний нуугүй хэлээрэй. Агуу хүчийг нь гуйгаарай. Гэр бүлийнхнийхээ санааг зовоолгүй өөдрөг, тайван байхад туслахыг гуйгаарай.

«Гэр бүлийнхний үзүүлдэг сэтгэл санааны дэмжлэг, тусламж үнэлж баршгүй. Өдөртөө үгүй ядаж нэг нь над руу залгаж биеийг минь асуудаг. Хол ойрын найз нөхөд маань надад их урам өгдөг. Тэднийхээ дэмээр бууж өгөхгүй байх хүч тэнхээтэй болдог» гэж Роберт хэлжээ.

Хэрвээ та найз нөхдөө эргэж очихоор зэхэж байгаа бол Линдагийн хэлснийг сонсоход илүүдэхгүй биз. Тэрээр: «Өвчтэй хүн хуучин шигээ байхыг хүсдэг болохоор өвчнийхөө тухай тэр бүр ярих гээд байдаггүй. Болж өгвөл тэдэнтэй өдөр тутмын, жирийн юм яриарай» гэжээ.

Бурхны Үгээс тайвшрал авахаас гадна, гэр бүл, найз нөхдийнхөө хайр халамж, тус дэмийг авбал, хүнд өвчтэй тэмцэж байгаа хэдий ч итгэл найдвараа алдалгүй, амьдралын сайн сайхныг амсаж мэдэрнэ.